Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00364

 

                                                    Б.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч    П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Энх-Амгалан

Хариуцагч : Б.Галбадрах

Нэхэмжлэлийн шаардлага :   13.000.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Галбадрахтай харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сард өөрийн өмчлөлийн 21-03 ӨВА улсын дугаартай RIANA маркийн автомашиныг зээлийн барьцаанд тавьсан. Уг машиныг барьцаанд тавиад 3 сая төгрөг зээлсэн. Ямар нэгэн гэрээ хийгээгүй. Хүү өгөхөөр харилцан тохиролцоогүй ба би машинаа авахдаа торх барьж өгөхөөр харилцан тохирсон. Одоо миний машиныг цааш нь хүнд зарсан. Би машинаа авах гээд очиж байсан. Би энэ хүнд хөрөнгөө алдаж хохирсондоо гомдолтой байгаа бөгөөд би машинаа 2015 оны 4 дүгээр сард худалдаж авч байсан. Тэгэхдээ Жаргалант сумаас 14 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Машины бичиг баримт бүх юм Б.Галбадрахад байгаа. Би машинаа аваад сар гаран л хэрэглээд барьцаанд өгсөн. Одоо тэр машинаа сар гаран хэрэглээд хүний мөнгө удаасан гэж худалдаж авсан үнээсээ хасаад 13.000.000 төгрөг Б.Галбадрахаас нэхэмжилж байна гэжээ.

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан Б.Галбадрахаас 6.500.000 төгрөг гаргуулж Б.Энх-Амгаланд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Галбадрахаас 118.950 төгрөг гаргуулж Б.Энх-Амгаланд олгохоор  шийдвэрлэсэн байна. 

Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай магадлал гаргаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Энх-Амгалан нь  Өвөрхангай аймгийн иргэн А.Ганболдын 21-03 ӨВА улсын дугаартай автомашиныг тавьж мөнгө зээлж авчихаад олон удаа зээлж авсан мөнгийг өг гэж шаардаад өгөлгүй өдий хүрэхлээр нь уг авто машиныг нь бусдад зарсан юм. Б.Энх-Амгалан нь надаас барьцаанд тавьсан эвдэрхий, хуучин оны машинаа 13 сая төгрөгөөр нэхэмжилсэн байсныг шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн тайлбар гаргаснаар 6.500.000 төгрөг болгож уг мөнгийг  надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Б.Энх-Амгалан нь надад өгөх 3.800.000 төгрөгөө ч өгөөгүй хохироосоор байна.  Би өвчтэй бөгөөд бусдын асаргаанд байхад шүүх намайг төлөөлөх хүнийг ч хуралд оруулаагүйгээс гадна шүүгч намайг хэл амаар доромжилсон. Анхан шатны шүүх автомашины жинхэнэ өмчлөгч нь Б.Энх-Амгалан мөн эсэхийг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн амаар хэргийг шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ болон, автомашины техникийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ зэргийг нэхэмжлэгчээс шаардалгүй нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангалтгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Энх-Амгалан Б.Галбадрахаас 13.000.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...би өөрийн өмчлөлийн 21-03 ӨВА улсын дугаартай RIANA маркийн автомашиныг барьцаанд тавьж 3.000.000 төгрөг зээлсэн боловч хариуцагч  эд хөрөнгийг бусдад худалдсан байна... би зээлээ буцааж төлөөгүй удаасан учир автомашины үнэ 14.000.000 төгрөгөөс  1.000.000  төгрөгийг хасаж үлдэх мөнгийг шаардаж  байна...”  гэжээ. /хх 1/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан Б.Галбадрахаас 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгоно.

1. Шүүх хариуцагчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн боловч  Б.Галбадрах хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс шүүх хуралдааныг түүний эзгүйд хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцсэн байх тул энэ тухай  хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй. Харин, шүүх шийдвэр гаргахдаа “...хэрэгт байгаа бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх...” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийн заалтыг анхаараагүй нь буруу байна. Б.Энх-Амгалан 21-03 ӨВА улсын дугаартай RIANA маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэдгийг нотлох баримт  хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлд нийцээгүйгээс гадна энэ тухай үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ.

2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй боловч нэхэмжлэлийн хувийг гардуулах явцад Б.Энх-Амгалангийн шаардлагыг зөвшөөрөхгүй буюу барьцаанд тавьсан машины өмчлөгч нь нэхэмжлэгч биш гэдгийг /хх 17/ шүүхэд мэдэгдсэн байхад шүүх Б.Галбадрах нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. 

3. Л.Цогтбаяр нэхэмжлэгчийн төлөөлөгч биш байхад шүүх түүний хүсэлтээр Б.Энх-Амгалангийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилсөн нь /хх 32-33/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 34, 36 дугаар зүйлийг зөрчжээ. Л.Цогтбаяр нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч боловч Б.Энх-Амгаланг  бүрэн төлөөлөх эрхтэйг нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 118.050 төгрөгийг Б.Галбадрахад захирамжаар  буцааж олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ