Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 228

 

Б.Ат холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай                                                                      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 176 дугаар магадлалтай, Б.Ат холбогдох 1808052521368 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй,

1998 оны 11 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

2016 оны 3 дугаар сарын 3-нд 453 тоот прокурорын тогтоолоор бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

2019 оны 2 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн, Мөнхөт овогт Б.А нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 7 сар хорих ял шийтгэж, уг ял дээр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх 4 жил 7 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 11 сар 22 хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцож, шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Мд 5.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан, харилцан зөрүүтэй гэрчийн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй буюу үндэслэлийг заагаагүй, ...шүүгдэгч Б.А нь иргэн Б.Мгээс түүний хүүхэд болох Дашравжааг ХСИС-д оруулах зорилгоор 5 сая төгрөг авсныг шунахайн зорилготойгоор залилан мэхлэх замаар авсан хэмээн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

1.Иргэн Б.М нь Б.Ат холбогдуулан Цагдаагийн газарт “А гэдэг хүн сургуульд оруулж өгнө гэж 5 сая төгрөг авч залилан мэхэлсэн” агуулга бүхий гомдол гаргасан байна. Тухайн хэргийг шалгах явцад хохирогч Б.М нь хүү Дг ХСИС-д оруулахаар Ат хандсан гэж тайлбар мэдүүлэг гаргадаг боловч түүний хүү Д нь үнэхээр ерөнхий боловсрорлын сургууль төгссөн эсэх талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Д нь ерөнхий боловсролын сургууль төгссөн эсэх, элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн оноо авсан зэрэг холбогдох баримт бичиг хэрэгт авагдаагүй байх ба Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “Миний элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 500 орчим байсан байх, одоо сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Д нь элсэлтийн ерөнхий шалгалтын оноотой эсэх нь тодорхойгүй байна.

Дээрх баримт бичгээс шалтгаалан Д нь ХСИС-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/82 дугаар тушаалаар баталсан босго оноо /480-580/, өдөр, оройн нийт 21 мэргэжлээр суралцах болзол хангагдсан эсэх нөхцөл байдлыг тогтоох бөгөөд Дашравжаа нь сургуульд онооны хувьд элсэн орох боломж байсан эсэх нь А түүнийг хуурч мэхлэн залилан мэхлэх гэмт хэрэг байв уу, иргэд хоорондын биендээ ажил даалгасан, даалгаварын үүрэг үүсэх харилцаа байсан эсэхийг нягтлан шалгах үндэслэл болох юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Хохирогч Б.Мгийн хүү Б.Д нь ерөнхий боловсролын сургууль төгссөн эсэх, элсэлтийн ерөнхий шалгалт өгч босго оноо нь тэнцсэн эсэхийг шалгах нь шүүгдэгч Б.Аын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолгүй гэж үзэв” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу 16.1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлоогүй байхад дүгнэлт өгсөн явдал болно.

2.Мөн Б.Дгийн өгсөн: “...миний ээж ...хүүг минь оруулж өгвөл ... нэмж 10 сая төгрөг өгнө гэхээр нь би ээжид хэрэггүй гэсэн” гэх мэдүүлэг болон Б.Аын “... мөнгөө буцааж ав гэхэд үгүй, чи заавал оруулж өгнө гэж хэлсэн гээд мөнгөө авахгүй байсан...” гэх мэдүүлгээс үзвэл Б.А нь анхан болон давж заалдах шатны шүүхийн үзэж буй хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох санаа зорилгогүй байсныг илтгэдэг. Түүнчлэн Б.А Б.Мгээс авсан 5 сая төгрөгийг буцаан өгсөн нь Б.Аыг залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй байсныг тогтоодог. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Аыг “анхнаасаа хүүхдийг нь сургуульд оруулж өгөх санаа зорилго агуулаагүй... бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч Б.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов” гэж дүгнэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15.3-т заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах...” гэх хэм хэмжээний дагуу дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцсон.

3.Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч Г.Алтанцэцэг нь өмгөөлөгч М.Амарбаяр намайг гэрч Дгаас асуулт асуух явцад “...та байна ш дээ шинжлэн судлуулахдаа гэрчийн мэдүүлгийг тэмдэглүүлээгүй учраас иш татах үндэс байхгүй...” гэж өмгөөлөгч та шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шинжлэн судлана гэсэн баримтнаас өөр баримтыг дурдах эрхгүй гэж хууль буруу тайлбарлан өмгөөлөгч миний эрхэд халдан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд нотлох баримт шинжлэн судлах байр сууриа илэрхийлдэг илэрхийлэл нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад бусад нотлох баримтыг дурдаж болохгүй, түүнийг иш татах эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай журамласан бөгөөд 35.19 дүгээр зүйлд бичмэл нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах бие даасан ажиллагаа болон хуульчилсан. Шүүгчийн энэхүү шаардлага нь шүүхэд хэрэг хэлцэхэд буруу жишиг тогтоосон явдал буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн ба үйлдэл юм.

Өмгөөлөгчид хэлж буй шүүгчийн үг шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгагдаагүй байх ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны дуу-дүрс бичлэгээс зөрүүтэй тэмдэглэгдсэн байна. Мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй шүүх хуралдааны бичлэгийн хэсэг мөн адил анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаж тэмдэглэгдээгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

4.Б.А нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн Туулын гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийн талаар өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхэд гомдолдоо дурдсан боловч шүүхийн магадлалд “хэрэг шалгагдаж байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Хэдийгээр Б.А нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдож анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн боловч гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Аын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй хэргийг хамтатган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хэмжээг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан. Иймээс Б.А нь Б.Мгийн гомдолтой энэ хэрэгт 7 сарын хорих ял шүүхээс оногдуулсан бол одоо шүүхэд шилжсэн байгаа Туулын хэрэгт шүүхээс 3 жил хорих ял оногдуулвал эрх зүйн байдал нь дордох юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 176 дугаар магадлалыг хянаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А нь М.Дг Хууль сахиулах их сургуульд оруулах боломжгүй гэдгээ мэдсээр байж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон ба элсэлтийн шалгалтад тэнцсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байх шаардлагагүй юм.

Шүүх хуралдааны дуу-дүрс бичлэгтэй танилцахад шүүгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар гаргасан хүсэлтээс өөр нотлох баримтыг дахин судлах шаардлагагүй гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээж аваагүй, энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүй нь шийдвэрт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болоогүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх тухай талуудын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ат холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мтэй уулзаж “хүүхдийг чинь Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Б.Мгээс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг залилан авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 7 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд хохирогч Б.Мгийн хүү Б.Д нь Ерөнхий боловсролын сургууль төгсөж элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн эсэхийг шалгах нь шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй, бүрэн биш тэмдэглэгдсэн талаар өмгөөлөгчийн гомдолд дурдсан зүйлийг судалж үзэхэд дээрх зөрчил нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Аыг өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйгээс гадна анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 176 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Амарбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН