Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1240

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Д.Нямбат,

            хохирогч Б.М,

гэрч Б.Д,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-гийн Ат холбогдох 1808052521368 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны ... дугаар ... мянгатын гудамж, ... байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Д хотхоны ... тоотод түрээсийн байранд түр оршин сууж байсан,

Урьд нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн,

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 405 дугаар ангид ял эдэлж байгаа, М овогт Б-гийн А /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Мтэй уулзаж “хүүхдийг чинь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Драгон үйлчилгээний төвийн автомат машинаас Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлснийг авч, иргэн Б.Мг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б гэх залуу надруу яриад Хууль Сахиулах их сургуульд хүн оруулах боломж юу байна гэхээр нь би судлъя гэсэн. Тэгээд М эгчтэй утсаар ярьж, уулзаад тухайн өдөр над руу М эгч 2 сая төгрөг шилжүүлсэн ба нийт улсын яллагчийн дүгнэлтэд дурдсанаар 5 сая төгрөгийг цувуулж шилжүүлсэн. Би тухайн үед оноо хүрч байгаа талаар асуухад хүрч байгаа  гэсэн ч оноо аваагүй юм байна лээ. Би тэрийг дараа нь мэдсэн. М эгч цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан гэхээр нь уулзсан. Энэ хохирлыг нэн даруй төлөх боломжтой байсан ч өмнөх хэрэг дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан тул өөрийн эгч рүүгээ ярьж гэрээ хэлцэл байгуулаач гэсэн. Тэгээд гайгүй болсон байх гэж бодсон юм. Тэгээд энэ 10 сард төлөхөөр тохиролцсоны дагуу төлөөд дуусгасан байгаа. Би ХСИС-д ажиллаж байгаагүй, ажилладаггүй, Д хэрэв оноо хүрч байсан бол хандиваар орж болдог байсан юм. Гэтэл оноо нь хүрэхгүй байсан юм байна лээ. Би хохирогчоос мөнгө төгрөг авсан асуудал дээрээ маргахгүй. Харин залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Хүнд тусалчихъя гэж бодож байсан. Би сургуульд оруулах гэж хөөцөлдсөн, холбогдох хүмүүстэй уулзсан. Тэгээд бүтэхгүй байсан болохоор нь бүтэхгүй боломжгүй болсон талаар Дтай уулзаж хэлсэн. Би 3 сая төгрөг авсан байх үедээ бүтэхгүй юм байна, мөнгөө ав гэж хэлж байсан. О гэдэг хүнийг хохирогчийн дансыг аваад өг гэж хэлж байсан. Надад нэмж 10 сая төгрөг авъя гэж хэлсэн асуудал байхгүй. Харин надад өгье гэсэн асуудал яригдаж байсан. Би худлаа хэлээгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед үсчин О гэх хүнтэй ярилцаж байхад тэр надад хүүхдийг чинь сургуульд оруулаад өгчих хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд Б гэх хүнтэй яриад, Б нь А гэх хүний утсыг өгч холбогдсон. А надтай уулзаж байхдаа та бид 2 чинь Увсынх, нэг нутгийнх юм байна гэж ярихаар нь  би одоо бэлэн 3 сая төгрөг байна гэхэд өгчих гэсэн. Тэгээд 3 сая төгрөг охины данснаас шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараа залгахад А нь удахгүй бүтэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд  дараа ахиад залгахад одоо 1 хүнтэй уулзах гэж байна, мөнгө дутаад байна, нэмээд өгөх боломж байна уу гэхээр нь нэмж шилжүүлсэн. Тэгээд удахгүй бүтнэ, хүүхдээ бэлэн байлгаж байгаарай гэсэн. Тэгээд дараа нь хүү Дгийн хамт Зайсангийн тэнд нэг газар Атай очиж уулзахад ахиад 5 сая төгрөг нэмээд өгөх боломж байна уу, 1 хүнтэй  уулзах хэрэгтэй байна гэхээр нь би одоо надад тийм боломж байхгүй гэхэд 5 сая төгрөг нэмж  өгөхгүй юм бол бүтэхгүй юм байна, мөнгийг чинь буцааж өгье гэхээр нь би тэг тэг гээд салсан. Тэгээд таг болсон. Өөр лүү нь болон эхнэр лүү залгахад дуудаад авахгүй, холбогдохоо больсон. Тэгээд 2 сар орчим хүлээгээд аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. Надад хүүхдийг маань ХСИС-д оруулж өгнө гэж мөнгө авсан. Сүүлд уулзахдаа 10 сая төгрөг хэрэгтэй байна, ядаж 5 сая хэрэгтэй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний ЭЕШ-ийн дүн 500 орчим байсан байх, одоо сайн санахгүй байна. Би ХСИС-д орох гээд чадаагүй,  уг нь цагдаагийн ангид орох сонирхолтой байсан. Ат мөнгө өгснийг дараа нь мэдсэн, тухайн үед бол мэдээгүй. Ат 5 сая төгрөг өгсөн гэсэн. Намайг иргэний үнэмлэхийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээний хуулбар зэргийг аваад ирээрэй гэхээр нь өгсөн. Цагдаагийн анги нь 650-с дээш оноо шаарддаг, миний оноо хүрээгүй юм. А гэх хүн надад  ХСИС-ийн үндсэн анги нь 10 сараас хичээл нь эхэлдэг гэсэн. 2018 оны 10 дугаар сард Атай ээж бид 2-ыг уулзахад мөнгө хүрэхгүй байна гэсэн.Тэгээд хэдэн төгрөг дутаад байгааг асуухад тодорхой хариулт өгөөгүй. 10 сая төгрөг өг гэдэг асуудлыг А ярьсан байх, одоо санахгүй байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хавтаст хэргээс:

                  1. Хохирогч Б.Мгийн цагдаагийн байгууллагад хандаж 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл, өргөдлийн хамт ирүүлсэн Хаан банкны дансны хуулга баримт /хх-ийн 11-14х/,

 

2.Хохирогч Б.Мгийн өгсөн: “...А нь миний хүү Дг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө 5.000.000 төгрөг өг гэж хэлэхээр нь би 5.000.000 төгрөг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Энэ цагаас хойш тэр цагаас хүүхдийг минь сургууль соёлд оруулж өгөөгүй залилсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа юм. Гэтэл А алга болоод, хохирол мөнгийг минь төлөхгүй хаана юу хийж явж байгаа нь мэдэгдэхгүй байсан.

Миний хувьд Б-гийн А гэдэг хүнийг танихгүй. Энэ хүнтэй анх танилцах болсон шалтгаан бол О гэдэг үсчин эмэгтэйд хүүхдээ хууль сахиулах сургуульд оруулчих талаар ярьж байгаад Б гэдэг залуутай намайг холбуулаад тэгээд энэ хүнтэй холбогдоод сургуулийн талаар ярьсан. Тухайн үед А гэдэг хүнд 5.000.000 төгрөг өгье, миний хүүг хууль сахиулах сургуульд оруулаад өгчих гэж хэлсэн чинь болно гэж надад ярьсан. Ингээд би утсаар ярилцаж байгаад дараа нь би энэ хүнтэй Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн эцэс дээр анх уулзаад хүүхдийг сургуульд оруулах талаар ярилцаад бичиг баримтыг хуулбарлан өгсөн. Тухайн үед 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уулзсан.

Тэгээд ахиж утсаар яриад эгч нь мөнгөө олчихлоо дансаа гэж хэлээд дансыг нь аваад эхний ээлжинд буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний 15 цагт 2.000.000 төгрөг, 17 цагт 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хүүхдийн сургууль юу болж байна гэхэд А мөнгөө бэлдээ гэж надад хэлсэн. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд сургууль соёл юу болж байна болох нуу, бүтэх нүү гэж ярьж байгаад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Энэ цагаас хойш Атай утсаар яриад юу болж байна гэхээр болно, өнөө маргаашгүй болгож өгнөө, заримдаа хөдөө ажлаар явж байна, ирээд уулзана, барина гээд явж байсан. Тэгээд аргаа бараад 2018 оны 10 дугаар сард нэг газар буюу Зайсангийн ойролцоо нэг газар машинтай өөрийн хүү Дтай хамт очиж уулзсан. Тухайн үед чи миний хүүхдийг сургуульд оруулаад өгчих гэж хэлсэн чинь А хүүхдээ оруулах гэж байвал 10.000.000 төгрөгөө олж өг гэж ярьсан. Тэгээд сургуульд оруулах, оруулахгүй асуудал ярилцаж салаад хэсэг хугацааны дараа одоо мөнгөө авмаар байна гэхэд хэд хоног хүлээчих буцааж удахгүй мөнгийг чинь өгнөө гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөг өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад би хандсан юм. ...Миний хувьд хүүхдийнхээ сонирхоод байгаа Хууль сахиулах сургуульд оруулах зорилготой Ат 5.000.000 төгрөгийг өгсөн юм. Миний хувьд хүүхдийг минь сургуульд оруулж өгнө гэж худлаа хэлж 5.000.000 төгрөг авсан. Надаар болон хүүхдийн минь сэтгэл санаагаар тоглосонд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х, 19х, 78-79х/, 

3. Гэрч Б.Б-ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын дундуур байх миний төрсөн эцэг Бат-Өлзийгийн төрсөн дүү О /О/ миний ... дугаарын утас руу залгаад чи хууль сахиулах их сургуульд хүүхэд оруулж чадах уу? Чамд таньдаг хүн байна уу гэж асуухаар нь миний таньдаг найз байгаа А гэдэг юм яриад үз гэж хэлээд 91913110 дугаарын утсыг өгсөн. Ингээд энэ цагаас хойш юу болсон мэдэхгүй хэд хоногийн дараа О эгч манай найз А, М нар уулзсан гэж надад хэлсэн. Тэгээд би цааш юу болсон талаар мэдэхгүй дараа нь сураг сонсож байхад А мөнгө авсан гэж ярьсан хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын дундуур эхлээд Мягмарсайхан гэдэг эмэгтэй над руу залгаад хүүхэд юу болж байна, Атайгаа яриад өгөөч гэж хэлэхээр нь за гэж хэлээд Аын утас руу залгаад нөгөө хүүхэн чинь над руу залгаад мөнгө төгрөг нэхээд байна, хэдэн төгрөг авсан юм бэ гэхэд мөнгөний тоо хэлээгүй, мөнгө авсан байгаа гэж ярьсан. Тухайн үед мөнгийг нь яаралтай өг гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь ахиж А руу залгаад чи мөнгийг өг, над руу өглөө оройгүй залгаад байна гэж хэлсэн ба дахиад мөнгийг нь намайг авсан юм шиг залгаад байхаар нь Атайгаа та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Би мөнгө авч өгөөгүй, энэ асуудал О, А, М нарын хоорондох асуудал байх. Гэхдээ миний хувьд бол эгчтэй энэ хүнтэй яриад үз, таньдаг хүн байж магадгүй гэж хэлсэн юм. Өөр зүйлийн талаар мэдэхгүй. А гэдэг залуу ямар ажил хийдэг талаар мэдэхгүй. Анх танилцаад тагнуулд байдаг гэж ярьж байсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/,  

 4. Гэрч Л.Оийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сард надаас үсээ засуулдаг хүн буюу М Цагдаагийн академид таньдаг хүн байна уу надад 4.000.000 төгрөг бэлэн байна гэхээр нь за би хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд өөрийн төрсөн ахын хүүхэд болох Б-аас асуусан чинь нэг хүнтэй танилцуулсан. Ингээд тухайн үед тэр залууг А гэдэг гээд гар утсыг нь олж аваад Мд утсыг нь өгсөн. Тэгээд гар утсаар нь ярьж тэр хоёр хоорондоо холбогдсон байх, өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Миний хувьд мөнгө төгрөг өгч авалцаж байгааг бол хараагүй. Харин сүүлд М Ат мөнгө өгсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,

5. Гэрч Б.Дгийн өгсөн: “... А гэх хүн миний ээж Мд  ХСИС-д оруулж өгнө гэж ярьсан байдаг. Тэгээд ээж 5 сая төгрөг өгсөн. Тэр цагаас хойш намайг оруулж өгөөгүй,  мөнгө төгрөг авчхаад  хөөцөлдсөн асуудал  байхгүй хуурсан байх. Миний хувьд ээж, А  гэдэг хүнтэй юу ярьсан талаар мэдэхгүй.  Миний ээж хууль сахиулах их сургуульд хүүг минь оруулж өгвөл өгсөн 5.000.000 төгрөг дээрээ нэмж 10.000.000 төгрөг өгнө гэхээр нь би ээж хэрэггүй, энэ их мөнгийг хаанаас олж өгөх гээд байгаа юм, боль гэж хэлээд би татгалзсан асуудал байгаа. Тэгээд ээж бид хоёр Атай уулзаад буцаад явсан. Түүнээс хойш ээж нэмж мөнгө төгрөг өгөөгүй. ...бичиг баримт бол өгөөгүй, зөвхөн хуулбар бичиг баримт өгсөн байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82х/,

 6. Гэрч С.Б-гийн өгсөн: “...манай нөхөр надаар дамжуулаад 3.500.000 төгрөгийг урвуулж, цувуулж Мд өгүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84х/,

7. Шүүгдэгч Б.Аын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 41х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 43х, 45х, 88-97х/,  

8. Шүүгдэгч Б.Аын өгсөн:  “...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл би М гэдэг хүнийг залилсан асуудал байхгүй, хэрэв  залилсан бол хуурч мэхлэн мөнгийг нь өгөхгүй байх байсан. Би анх хөдөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд явж байхад миний таньдаг найз Б над руу залгаад хууль сахиулах сургуульд манай дүүг оруулаад өгөх боломж байна уу гэхээр нь хүнээс асууж үзье гэж хэлсэн чинь нэг хүн чам руу холбогдуулна гэж хэлсэн. Удаа ч үгүй нэг эмэгтэй хүн буюу М эгч над руу яриад эгч нь 5.000.000 төгрөг өгье яаж ийж байгаад миний хүүхдийг Хууль сахиулах сургуульд оруулж өг гэхээр нь хүнээс асууж өгье гэсэн чинь мөнгөө одоо ав урьдчилгааг нь өгье гээд эхлээд миний данс руу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ... дугаарын данс руу 2.000.000 төгрөг Золзаяа гэдэг хүний дансаар хийгээд, дараа нь ахиад 1.000.000 төгрөг хийсэн. Тэгээд байж байгаад над руу мөнгөө М эгч хийчхээд одоо юу болж байна, хөөцөлдөж байна уу гэхээр  нь би хөдөө явж байна хүнтэй нь уулзаж үзнэ болохгүй бол мөнгөө аваарай гээд ярьж хэлсэн. Гэтэл ахиад 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг миний данс руу хий гэж хэлээгүй байхад хийсэн. Тэгээд би чадахгүй юм шиг байна, надад зав чөлөө алгаа хүнтэй уулзах, та мөнгөө аваа гэхэд үгүй нэгэнт бүтээж өгнө гэж хэлсэн юм чинь ахиад миний данс руу 1.000.000 төгрөг хийгээд одоо 5.000.000 төгрөгийг чинь өгсөн юм чинь чи одоо миний хүүг сургуульд оруулж өг, мөн хэлсэн амандаа хүр, оруулчих юм бол ахиад нэмээд 10.000.000 төгрөг өгнө гээд намайг шахаад байсан. Би тэр үед ер нь болимоор байна мөнгөө ав гэхэд үгүй, чи заавал оруулж өгнө гэж хэлсэн гээд мөнгөө авахгүй байсан. Энэ цаг хугацаа хэсэг үргэлжлээд би хууль сахиулах их сургуульд таньдаг хүн байвал уулзаж үзэх талаар бодож байсан боловч олдоогүй, тухайн үед хөдөө хувийн ажлаар явж байсан болохоор мөнгө төгрөгийг нь ажилд хэрэглээд удахгүй өгнө гэж бодож байсан. Гэтэл нэг өдөр мөнгө байхгүй үед М эгч залгаад мөнгөө одоо авъя гэхээр нь надад мөнгө чинь алга. Тухайн үед авахгүй яасан юм бэ мөнгө төгрөгөө ав гэж байхад гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-77х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Мтэй уулзаж “хүүхдийг чинь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Мгээс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Б.Мгийн өгсөн: “...А нь миний хүү Дг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө 5.000.000 төгрөг гэхээр нь  эхний ээлжинд буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хүүхдийн сургууль юу болж байна гэхэд А мөнгөө бэлдээ гэхээр нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд сургууль соёл юу болж байна болох нуу, бүтэх нүү гэж ярьж байгаад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Энэ цагаас хойш Атай утсаар яриад юу болж байна гэхээр болно, өнөө маргаашгүй болгож өгнө, заримдаа хөдөө ажлаар явж байна, ирээд уулзана, барина гээд явж байсан. Тэгээд аргаа бараад 2018 оны 10 дугаар сард нэг газар буюу Зайсангийн ойролцоо нэг газар машинтай өөрийн хүү Дтай хамт очиж уулзсан чинь А мөнгө дутаад байна, хүүхдээ оруулах гэж байвал 10.000.000 төгрөгөө олж өг гэж ярьсан. Тэгээд сургуульд оруулах, оруулахгүй асуудал ярилцаж салаад хэсэг хугацааны дараа одоо мөнгөө авмаар байна гэхэд хэд хоног хүлээчих буцааж удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөг өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад би хандсан юм. Надаар болон хүүхдийн минь сэтгэл санаагаар тоглосонд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х, 19х, 78-79х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

         гэрч Б.Б-ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын дундуур байх миний төрсөн эцэг Бат-Өлзийгийн төрсөн дүү О  миний ... дугаарын утас руу залгаад чи хууль сахиулах их сургуульд хүүхэд оруулж чадах уу? Чамд таньдаг хүн байна уу гэж асуухаар нь миний таньдаг найз байгаа А гэдэг юм яриад үз гэж хэлээд 91913110 дугаарын утсыг өгсөн. Ингээд энэ цагаас хойш юу болсон мэдэхгүй хэд хоногийн дараа О эгч манай найз А, М нар уулзсан гэж надад хэлсэн. Сураг сонсож байхад А мөнгө авсан гэж ярьсан, хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй. А гэдэг залуу ямар ажил хийдэг талаар мэдэхгүй. Анх танилцаад тагнуулд байдаг гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/,  

                  гэрч Л.Оийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сард надаас үсээ засуулдаг хүн буюу М Цагдаагийн академид таньдаг хүн байна уу надад 4.000.000 төгрөг бэлэн байна гэхээр нь өөрийн төрсөн ахын хүүхэд болох Б-аас асуусан чинь нэг хүнтэй танилцуулсан, Мд утсыг нь өгсөн. Тэгээд гар утсаар нь ярьж тэр хоёр хоорондоо холбогдсон байх. Миний хувьд мөнгө төгрөг өгч авалцаж байгааг бол хараагүй. Харин сүүлд М Ат мөнгө өгсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,

                  гэрч Б.Дгийн өгсөн: “... А гэх хүн миний ээж Мд  ХСИС-д оруулж өгнө гэж 5 сая төгрөг авсан байсан. Тэр цагаас хойш намайг оруулж өгөөгүй,  мөнгө төгрөг авчхаад  хөөцөлдсөн асуудал  байхгүй хуурсан. Миний хувьд ээж, А  гэдэг хүнтэй юу ярьсан талаар мэдэхгүй.  Миний ээж хууль сахиулах их сургуульд хүүг минь оруулж өгвөл өгсөн 5.000.000 төгрөг дээрээ нэмж 10.000.000 төгрөг өгнө гэхээр нь би ээжид хэрэггүй, энэ их мөнгийг хаанаас олж өгөх гээд байгаа юм, боль гэж хэлээд би татгалзсан асуудал байгаа. Тэгээд ээж бид хоёр Атай уулзаад буцаад явсан. Түүнээс хойш ээж нэмж мөнгө төгрөг өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, нэг талаас хохирогч Б.М нь өөрийн хүүхэд болох Б.Дг ХСИС-д оруулах гэсэн хүсэл, санаа зорилго нь түүнийг бусдын арга заль мэхэнд автаж мөнгө өгөхөд хүргэсэн буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн, нөгөө талаас шүүгдэгч нь анхнаасаа хүүхдийг нь сургуульд оруулж өгөх санаа зорилго агуулаагүй, тэрбээр хохирогчийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн мөнгийг авч хэрэглэн хохирогчид хүүхдийг нь сургуульд оруулж өгнө, бүтэж байна, хүнтэй уулзах гээд явж байна гэх мэтээр худал хэлэн хуурч, зохиомол байдал үүсгэсэн байх тул шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Б.Аын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч Б.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Б.Мгээс мөнгө авсан нь үнэн. Гэхдээ хуурах санаа зорилго байгаагүй, залилан мэхлэх гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.Ат холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд цагаатгах байр сууринаас оролцоно” гэж байр сууриа илэрхийлж оролцсон тул тэдгээрийг гэм буруу дээр маргасан гэж үндэстэй ба хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлгүй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч Б.А нь тус хохирлыг барагдуулсан болох нь хохирлын мөнгө түр хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35-38х, 111х/ зэргээр тогтоогдсон тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг барагдуулсан гэж үзнэ.

Харин хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хохирол нэхэмжилсэн буюу тэрбээр “Б.Ат мөнгөө өгснөөс хойш буцааж авах гэж нааш цаашаа их явсан замын зардал болон сэтгэл санааны хямралд оруулсан зардлыг нэхэмжилнэ, гомдолтой байна” гэх тул хохирогч нь дээрх асуудлаа нотолсон баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн шүүгдэгч Б.Ааас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 1 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 7 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих ангид оногдуулсан ялыг эдлүүлэх, цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.Аын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Тэрбээр хохирлоо барагдуулсан байгаа тул түүнд торгуулийн ялыг оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г хэрэглэж тэнсэж өгнө үү ” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр зохицуулагдсан байх бөгөөд шүүгдэгч Б.Аын хувьд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулав. Учир нь,

шүүгдэгч Б.А нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс орлоготой эсэхийг илэрхийлсэн баримтгүй, мөн тэрбээр өмнөх шийтгэл тогтоолд дурдсанаар бусдад 45 сая төгрөгийн төлбөртэй байдлаар тусгагдсан, уг хохирол барагдуулсан тухай баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй, биелэгдэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ат энэ тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ял дээр, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлагыг хүлээлгээгүй үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үйлдэлтэй нь нэгтгэснээр хүчин төгөлдөр  шийдвэртэй  гэмт хэргийн зүйлчлэл хөнгөрөх, хүндрэх нөхцөл байдал илрээгүй тул дээрх байдлаар шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаар захирамжаар Б.Ат 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хх-ийн 106/ байх бөгөөд тэрбээр  тус өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 42 хоног цагдан хоригдсон, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хорих ялаас 10 сар 10 хоногийн хорих ялыг эдэлсэн байх тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан нийт ялаас /10сар 10хоног +42 хоног=/11 сар 22 хоногийг  хасаж, ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-гийн Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ат энэ тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ял дээр, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Аын цагдан хоригдсон 11/ арван нэг/ сар 22 /хорин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Ааас хохирогч Б.Мд  5.000.000 /таван сая/  төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь сэтгэл санааны хохирол, бусад зардлаа нотлох баримтдаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ