Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/01556

 

 

 

 

 

2017 07 06

1556

 

 

Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01035 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Лутбаяр, А.Ариунсайнд холбогдох

 

28 236 891 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: О.Лутбаяр, А.Ариунсайн нар нь 2014 оны 10-р сарын 08-ны өдөр Ариг банктай 14/141 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 15 000 000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийг графикийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан. Гэвч зээлийг төлөх талаар санал, санаачлага гаргаагүй. Иймд 14/141 тоот зээлийн гэрээний 4.2.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 14 999 410.88 төгрөг, зээлийн хүү 11 822 843.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 404 137.85 төгрөг, нотариатын зардал 10 500 төгрөг нийт 28 236 891.76 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг,  19-р хороо, 4-р хороолол, 52-р байр, 101 тоотод байрлалтай, Ү-2205006382 дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Лутбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: О.Лутбаяр нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ариг банктай гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. О.Лутбаяр нь зээлийг ашиглах хугацаанд 3 349 000 төгрөгийн хүү төлсөн байна. Зээлдүүлэгч нь гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэг талын санаачилгаар гэрээний 4.2-г баримтлан цуцалсан. Үүгээр талуудын хувьд гэрээ дуусгавар болж Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар талуудын дунд өгсөн авснаа буцааж бие биедээ өгөх харилцаа үүсч, урьд байгуулсан зээлийн эрх зүйн харилцаа үргэлжлэх боломжгүй болсон. Иймд О.Лутбаяр нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон үүргийг гүйцэтгэх ёстой. Зээлдэгч нь үндсэн зээл 15 000 000 төгрөг, 6 сарын хүү 3 150 000 төгрөг нийт 18 150 000 төгрөг төлөхөөс зээлийн хүүд 3 349 000 төгрөг төлсөн. Үүнийг хасч тооцвол 14 801 000 төгрөг төлөх үүрэгтэй. Банк гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж 28 236 891 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлээс 13 435 891 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 18 150 000 төгрөгийг О.Лутбаяраас гаргуулж Ариг банкинд олгохоор шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Ариунсайны тайлбарт: Бид зээл аваад Банк бус санхүүгийн байгууллагын төлбөрт 5 000 000 төгрөг төлж, бусад мөнгийг нөхрийн эгчид өгсөн. Манай байр 3 хүний нэр дээр байдаг, гэрчилгээнээс эгчийн нэрийг хасуулах гэж мөнгө өгсөн. Тэр үед Ариг банк хурдан шуурхай зээл гаргадаг байсан. Зээлээ төлж байгаад сүүлдээ төлж чадахгүй болсон. Банк гэрээгээ цуцалсан байхад 28 236 891 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны Лутбаяр, Амаржаргалын Амарсайн нараас 27 991 200 /хорин долоон сая есөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Ариг банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 245 691 /хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар О.Лутбаяр, А.Ариунсайн нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн  Ү-2205006382 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 52-р байр, 101 тоот 3 өрөө дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 134  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 297 906 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун зургаа/ төгрөг гаргуулж Ариг банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Лутбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зээлдүүлэгч гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй байхад гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн зээлдэгч тал хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг дуусгавар болох хууль зүйн үр дагавар үүснэ. О.Лутбаяр нь гэрээ цуцлагдсанаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг төлөх үүрэгтэй. Гэтэл зээлдүүлэгч Ариг банк нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цуцлагдсан хэлцэлд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл үүрэг ногдуулан зээлдэгчээс 28 236 891 төгрөг нэхэмжилж үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүх зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг гэрээ цуцласан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс тооцон үлдэгдэл 18 150 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 10-р сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч тал 15 000 000 төгрөг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205006382 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 52-р байр, 101 тоот 3 өрөө сууц барьцаалж, хуваарийн дагуу зээл, хүүг төлж барагдуулах үүрэг хүлээсэн, гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 3 349 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн зээл 15 000 000 төгрөг, гэрээний хугацаанд төлөх ёстой 12 600 000 төгрөгийн хүүнээс хариуцагчаас төлсөн 3 349 000 төгрөгийг хасч 9 251 000 төгрөг, хэтэрсэн 3 сарын хугацааны хүү 1 575 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 165 200 төгрөг тус тус төлүүлж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгтэй нийцсэн байна.

Зээлийн гэрээний 1.6, 1.8, 1.9-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлөх үүрэг хүлээсэн байх ба зээлдүүлэгч уг үүргийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хариуцагчийн гэрээний болон хэтэрсэн хугацаанд төлөгдөх 10 826 000 төгрөгийн зээлийн хүүгийн 20 хувийг буюу 2 165 200 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд төлүүлэхээр тооцоолсон нь зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 10 500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл хуульд нийцсэн.

Талууд зээлийн гэрээг 2014 оны 10-р сарын 08-ны өдрөөс 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд дээрх хугацаанд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцласан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыггомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Лутбаяр, А.Ариунсайнд холбогдох 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч О.Лутбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 134 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

А.МӨНХЗУЛ