Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01035

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01035

Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, Ариг банкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, Жалханцхутаг Дамдинбазарын гудамж, 52-р байрны 101 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн хорио цээрийн албанд байцаагч ажилтай, регистр УС74082139, Лут овогтой Оюуны Лутбаяр,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 52-р байр 101 тотод оршин суух, “Хөсөг трейд” ХХК-ний ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ажилтай,  регистр ФМ78100921, Монгол овогтой Амаржаргалын Ариунсайн нарт холбогдох 28 236 891.76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч А.Ариунсайн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Лутбаяр, А.Ариунсайн нар нь 2014 оны 10-р сарын 08-ны өдөр Ариг банктай 14/141 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 15 000 000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 42% хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийг графикийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан. Гэвч зээлийг төлөх талаар санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд 14/141 тоот зээлийн гэрээний 4.2.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараар үндсэн зээл 14 999 410.88 төгрөг, зээлийн хүү 11 822 843.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 404 137.85 төгрөг, нотариатын зардал 10 500 төгрөг нийт 28 236 891.76 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд О.Лутбаяр, А.Ариунсайн нарын барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг,  19-р хороо, 4-р хороолол, 52-р байр, 101 тоотод байрлалтай, Ү-2205006382 дугаартай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Лутбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Лутбаяр нь 2014.10.08-нд Ариг банктай гэрээ байгуулж 15 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. О.Лутбаяр нь зээлийг ашиглах хугацаанд 3 349 000 төгрөгийн хүү төлсөн байна. Зээлдүүлэгч нь гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй байхад буюу 2015.04.08-ны өдөр нэг талын санаачилгаар гэрээний 4.2-г баримтлан гэрээг цуцалсан. Үүгээр талуудын хувьд гэрээ дуусгавар болж Иргэний хуулийн 205-р зүйлд зааснаар талуудын дунд өгсөн авснаа буцааж бие биедээ өгөх харилцаа үүсч, урьд байгуулсан зээлийн эрх зүйн харилцаа үргэлжлэх боломжгүй болсон. Иймд О.Лутбаяр нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон үүргийг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Зээлдэгч нь үндсэн зээл 15 000 000 төгрөг, 6 сарын хүү 3 150 000 төгрөг бүгд 18 150 000 төгрөг төлөхөөс зээлийн хүүд 3 349 000 төлсөн. Үүнийг хасч тооцвол 14 801 000 төгрөг төлөх үүрэгтэй. Банк гэрээгээ цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд 2017.01.04-нд дахин нэхэмжлэл гаргаж 28 236 891 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлээс 13 435 891 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 18 150 000 төгрөгийг О.Лутбаяраас гаргуулж Ариг банкинд олгохоор шийдэж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Ариунсайн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг аваад бид ББСБ-ын төлбөрт 5 000 000 төгрөгийг төлж, бусад мөнгийг нөхрийн эгчид өгсөн. Манай байр 3 хүний нэр дээр байдаг, гэрчилгээнээс эгчийн нэрийг хасуулах гэж мөнгө өгсөн. Тэр үед Ариг банк хурдан шуурхай зээл гаргадаг байсан. Зээлээ  төлж байгаад сүүлдээ төлж чадахгүй болсон. Банк гэрээгээ цуцалсан байхад 28 236 891 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ариг банк нь О.Лутбаяр, А.Ариунсайн нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, 28 236 891.76 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 27 991 200 төгрөгийн нэхэмжлэл, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэлээ. 

 

Ариг банк нь О.Лутбаяр, А.Ариунсайн нартай 2014 оны 10-р сарын 08-ны өдөр 14/141 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн  Ү-2205006382 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 52-р байр, 101 тоот 3 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ.  Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. /хх-6-14/

 

Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 15 000 000 төгрөгийг 2014 оны 10-р сарын 08-ны өдөр зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 15 000 000 төгрөг, 24 сарын хүү 12 600 000 төгрөг нийт 27 600 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Харин зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 11-р сарын 21-нд 742 200 төгрөг, 2014 оны 12-р сарын 24-нд 300 000 төгрөг, 2015 оны 02-р сарын 03-нд 752 880 төгрөг, 2015 оны 3-р сарын 13-нд 400 000 төгрөг, 2015 оны 05-р сарын 12-нд 550 000 төгрөг, 2015 оны 5-р сарын 16-нд 404 000 төгрөг, 2015 оны 5-р сарын 19-нд 200 000 төгрөг нийт 3 349 000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримтаар /хх 38-44/ тогтоогдсон байх ба бусад зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нь гэрээний 2-р зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл, зээлийн хүүг буцаан төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 4-р зүйлийн 4.2.2-т зааснаар гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлахаар тохирчээ. 

 

Гэрээний 4-р зүйлийн 4.2.2-т зааснаар гэрээг цуцлах нь хугацаанаас өмнө гэрээг цуцлах үндэслэл болохоос гадна талуудын хооронд байгуулсан 14/141 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10-р сарын 08-ны өдөр дууссан байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардахгүй, харин гэрээний үүргийг шаардсан гэж үзнэ.

 

Зээлдэгч нь үндсэн зээл 15 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 12 600 000-3 349 000= 9 251 000 төгрөг, хэтэрсэн хугацааны 3 сарын хүү 1 575 000 төгрөг, гэрээний 1.9-д тохирсноор нэмэгдүүлсэн хүү 2 165 200 төгрөг нийт 27 991 200 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах үүрэгтэй бөгөөд эх баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардалд 10 500 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагч О.Лутбаяр, А.Амарсайн нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй нь барьцааны гэрээгээр барьцаалуулсан хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэл болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                             ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны Лутбаяр, Амаржаргалын Амарсайн нараас 27 991 200 /хорин долоон сая есөн зуун ерэн нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Ариг банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 245 691 /хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар О.Лутбаяр, А.Ариунсайн нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн  Ү-2205006382 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 52-р байр, 101 тоот 3 өрөө дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 134  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 297 906 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун зургаа/ төгрөг гаргуулж Ариг банкинд олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

                     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА