Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/01555

 

 

 

 

 

2017 07 06

1555

 

 

Алтан-Эг ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01268 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Мөнхбатад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11 582 087 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насантогтох шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-ийн тайлбарт: Г.Мөнхбат 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөг, сард 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаанд буюу 2016 оны 05 сар хүртэл үндсэн зээлд 7 947 501 төгрөг, зээлийн хүүд 3 831 525 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24 445 төгрөг төлсөн. Зээлдэгч нь цайны газрыг бусдад түрээслэдэг бөгөөд зээлийг цайны газартаа засвар хийх зориулалтаар авсан. Одоо зээлийн үлдэгдэл 7 052 208 төгрөг, зээлийн хүү 3 772 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 756 968 төгрөгийг төлөөгүй байгаа тул 11 582 208 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Г.Мөнхбатын тайлбарт: 2016 оны 03 сараас зээлээ төлж чадаагүй нь эдийн засгийн хямралтай холбоотой, түрээслэгч нар түрээсээ өгч чадахгүй болсон. 2016 оны 10 сараас хүүхэд маань хүнд өвдөж, хүүхдээ сахиж, орлого тасарсан. Би зээл авсан тул төлнө. Миний амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзан, нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг гүйцэд төлөх боломжгүй байгааг харж үзнэ үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Г.Мөнхбатаас зээлийн гэрээний үүрэгт 11 106 926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 475 161 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 200 270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 192 661 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, анх удаа шүүх хурал зарласан боловч хариуцагч миний мэтгэлцэх эрхийг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Алтан-Эг ХХК зээлийн гэрээний үүрэгт 11 582 087 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Мөнхбат эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч тал 15 000 000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлдэн авч, үндсэн зээлээс 7 947 501 төгрөг, зээлийн хүүд 3 831 525 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 162 400 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дууссан, үндсэн зээлийн үлдэгдэл 7 052 499 төгрөгийг хүүгийн хамт төлөөгүй байгаа үйл баримт тогтоогджээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж үндсэн зээлд 7 052 499 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 3 514 030 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 540 397 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Зээлийн гэрээний 2.1.10, 5.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөхийн зэрэгцээ, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлөх үүрэг хүлээсэн байх тул зээлдүүлэгч уг үүргийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэх учир зээлийн хүүгийн 20 хувь буюу нэмэгдүүлсэн хүүд 702 806 төгрөгийг төлөхөөс гэрээний хугацаанд нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан мөнгөн дүнг хасч, нэмэгдүүлсэн хүүд нийт 540 397 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан, хуралдааны товыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим зөрчигдөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Алтан-Эг ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Мөнхбатад холбогдох 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 661 төгрөгийг улсын орлгогд үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ