Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/0184/з |
Дугаар | 145 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 145
Ч.Д-гийн нэхэмжлэлтэй,
СХД-ийн ЗД-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/297 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0816 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 79 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, гуравдагч этгээд Д.Ж-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү, гуравдагч этгээд В.Сайнхүү, Н.Одончимэг нарын өмгөөлөгч Д.Цолмон, Г.Хандмаа нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0816 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/297 дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг “илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий Ч.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 79 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Ч.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 79 дугаартай магадлалын “хянавал” хэсэгт “...газар эзэмших эрхийн гэрчилгээг, эсхүл газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох аль ч тохиолдолд тухайн газрын эзэмших эрх дуусгавар болох үр дагаварт хүргэх бөгөөд давж заалдах гомдолд “...Засаг даргын бүрэн эрхэд үл хамаарах асуудал болох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тэргүүтэй гарсан байгаа...” гэсэн ч хариуцагчийн хувьд дээрх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. “Харин энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох, тэр нь хуульд нийцсэн эсэх нь тусдаа асуудал...” гэж, “...2011 онд тухайн газрыг гуравдагч этгээд Д.Ж-д эзэмшүүлсэн болох нь холбогдох баримтаар тогтоогдсон талаар... анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл бүхий болжээ” гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан дүгнэлт гэж үзэж байна.
4. Учир нь, захирамж хуульд заасан үндэслэлгүй, утга агуулгын алдаатай гарсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл /Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/-д дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 тохиолдол, үндэслэлийг тусгайлан заасан.
5. Маргаж буй захиргааны акт болох Сойгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/297 дугаар захирамжийнхаа тэргүү хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" шийдвэр гэж бичигдсэн боловч “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан 7 тохиолдлын аль нэгийг хууль зүйн хувьд ч, үйл баримтын хувьд ч огт үндэслэл болгоогүй”, “Иргэдэд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар, бүртгэлийн талаар ямар нэгэн мэдээллийг тусгаагүй, утга агуулгын хувьд тэргүү хэсэгтээ бичигдсэн асуудлыг шийдвэрлээгүй”, “Захирамжийн тэргүү хэсэгт бичигдсэнээс өөр асуудлыг шийдвэрлэж” газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
6. Гэтэл шүүх хуульд үндэслэх зарчмыг зөрчиж гарсан дээрх байдлыг үнэлэхгүй орхигдуулж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу “гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй” тухай ерөнхий дүгнэлтийг өгөхдөө тухайн хуулийн зүйлд заасан 7 үндэслэл, тохиолдлын аль нэг нь бүрдсэн эсэх, ийм үндэслэл бүрдээгүй үед буюу иргэн Ч.Д-гийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүйг дүгнээгүй нь нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй.
7. Захиргааны уг акт “эрхийн гэрчилгээг хүчингүй болгох" тэргүүтэй гарсан атлаа, чухам ямар шалтгаанаар “эрхийг хүчингүй болгосон” болох нь тодорхой ойлгогдохгүй байгаан зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтаар тухайн үед хариуцагч Засаг дарга уг захирамжаа гаргахдаа ямар нэгэн үндэслэл болгох судалгааг хийсэн баримт илрээгүй, өмнө давхцал үүссэн гэсэн үндэслэл нь нотлогдоогүй нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар /2.3.8, 2.3.9/-т нийцэхгүйн зэрэгцээ эрх зүйн ердийн ухамсартай иргэн хүнд ойлгомжгүй, учир битүүлэг, утга агуулгын хувьд илэрхий алдаатай үйл ажиллагаа болсон.
8. Гуравдагч этгээд Д.Ж- нь хууль ёсоор газар “эзэмшиж” байгаагүй тухайд: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс “тухайн газрын иргэн Д.Ж-д эзэмшүүлсэн” гэсэн буруу дүгнэлтийг зөв хэмээн хэвээр үлдээхдээ, дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг орхигдуулж бодит бус дүгнэлт хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон “Кэй Жи Эл” ХХК-ийн гаргасан гэх кадастрын зураг нь Улсын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй, гуравдагч этгээдээс хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх буюу хүлээлгэн өгөх ажиллагааг хийж байгаагүй, Зургаас үзвэл, зөвхөн Ч.Д- нарын газартай давхцуулсан төдийгүй, уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй өөр этгээдийн эзэмшил газартай шууд давхцуулсан байдалтай үйлдэгдсэн нэгж талбарын зураг байгаа юм.
9. Гэтэл шүүх Газрын тухай хуулийн 3.1.3, 27.1, 27.3, 27.4, 34.2 түүнчлэн тухайн харилцааг тусгайлан зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт болох “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүйгээр, Кадастрын тухай хуулийн кадастрын мэдээллийг хадгалж, хөтөлж байх тухай ерөнхий заалтыг удирдлага болгон захиргааны байгууллага өөрөө кадастрыг хөтлөх үүрэгтэй байсан тул гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй гэсэн дүгнэлт өгсөн нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм.
10. Тодруулбал, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар иргэний өөрөө бүрдүүлж өгөхөөр зохицуулсан баримт бичгийг захиргаа бүрдүүлэх ёстой байсан гэж дүгнэсэн нь алдаа гэж үзэж байна. “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9.6-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-т дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө“ гэж тодорхой зохицуулсныг шүүх хэрэглээгүй, өөр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
11. Нэхэмжлэгч Ч.Д-гээс өмнө тухай газарт газар эзэмшиж байсан гэх Д.Ж- нь 2011 оны А/461 дүгээр захирамжаар, мөн түүний өмнөх гэгдэх 2002 оны Б/109 захирамжаар газар эзэмших гэрээ байгуулж байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй, нэгж талбарын дугааргүй, улсын бүртгэл, кадастрын нэгдсэн мэдээллийн санд эзэмшил газрын мэдээлэл бүртгэгдэж байгаагүй, энэ утгаараа, хууль ёсоор газар эзэмшиж байгаагүй байна.
12. Иймээс бусдын эзэмшил бүхий газартай давхацсан гэх үнэлэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
14. Нэхэмжлэгч Ч.Д-гээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/297 дугаар захирамжийн “Ч.Д-д холбогдох” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс “утга агуулгын илэрхий алдаатай, эрхэд халдах үндэслэл байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох аль нэг үндэслэл үүсээгүй, гуравдагч этгээд кадастрын зураггүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй учраас газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй” гэж маргажээ.
15. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/109 дүгээр захирамжаар Д.Ж-д 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “цагаан идээний цэгийн” үйлчилгээний зориулалтаар 0,006 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжаар Д.Ж-д эзэмшүүлсэн газрын байршил, зориулалтыг өөрчлөн “32 дугаар хороо, Мал бордоход” үйлчилгээний зориулалтаар 2500 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
16. Харин нэхэмжлэгч Ч.Д-д мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар 32 дугаар хороо, хайрхан 6-146в тоотын 535 мкв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байжээ.
17. Хариуцагчаас “бусдын газартай давхацсан“ гэх үндэслэлээр 2017 оны А/297 дугаар захирамжийг гаргаж, Ч.Д-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ тохиолдолд гуравдагч этгээд Д.Ж- нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд түрүүлж эзэмшсэн болох нь Д.Ж-, Д.Оюунцэцэг нарын 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гаргасан өргөдөл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн хувийн хэрэгт авагдсан баримтууд, маргаан бүхий газрын сансрын зургаар нотлогдож байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай Засаг даргын захирамж нийцсэн гэж үзнэ.
18. Тодруулбал, маргаан бүхий газарт бодитоор гуравдагч этгээд амьдарч байсан, нэхэмжлэгч тухайн газарт “давхцал” үүссэн талаар мэдсэн болох нь нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “2015-2017 оны хугацаанд амьдарч байхад хэрүүл маргаан болж хөөгдөөд явсан“ гэх тайлбараар тогтоогдож байна.
19. Нэхэмжлэгчийн “утга агуулгын илэрхий алдаатай, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тэргүүтэй гарсан атлаа, чухам ямар шалтгаанаар эрхийг хүчингүй болгосон болох нь тодорхой ойлгогдохгүй байгаа” гэх гомдлын тухайд; маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт биш, хэдийгээр “газар эзэмших эрхийг хүчингүй болгож” гэж захирамжид алдаатай бичсэн боловч захиргааны актын зорилго нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зорилготой бөгөөд ялимгүй “алдаатай” захиргааны актыг “илт хууль бус” гэж үзэх боломжгүй.
20. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдлыг нэрлэж заасан, энэ тохиолдолд хариуцагч Засаг даргын 2017 оны А/297 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглээгүй, харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг хэрэгжүүлсэн нь буруу биш тул нэхэмжлэгчийн “газрын эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдээгүй” гэх гомдол үндэслэлгүй.
21. Нэхэмжлэгчийн “мэдээллийн санд бүртгүүлээгүй учраас газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй” гэх гомдолд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй, учир нь энэ гомдол нь нэхэмжлэгчийн тодорхойлсон илт хууль бус захиргааны актын хүрээнд дүгнэгдэх боломжгүй, маргаан бүхий актын хүрээнд дүгнэгдэх ба нэхэмжлэгчээс “илт хууль бус захиргааны акт” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийнэ.
22. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0816 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ