Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 270

 

Т.Н, Ж.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Т.Н-ын өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Ж.Н-гийн өмгөөлөгч С.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  11 дүгээр сарын 01-ний өдрийн 1147 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  127 дугаар магадлалтай, Т.Н, Ж.Н нарт холбогдох хэргийг шүүгдэгч Т.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд

Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн тусгай шүүхийн 1987 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 14а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар 5 жил 6 сар, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн “А”-д зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн “А”-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялд багтааж шийдвэрлэсэн. Төв аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалаар Т.Н-ын эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 3 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан,

Нийслэлийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 10 жил, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил,  239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил тус тус хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг бүгд 16 жилийн хугацаагаар тогтоож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж сулласан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Т.Н-ын биечлэн эдлэх хорих ялыг бүгд 6 жилийн хугацаагаар тогтоосон. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 387 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Нын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус нийцүүлж түүний эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 1 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн Б овогт Т-н Н,

2. Монгол Улсын иргэн 1979 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Б овогт Ж-н Н нар нь

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчим Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жухай /Zhuhai/ хотод Монгол Улсын иргэн Д.Б-ыг түрээсийн байрандаа байхад нь   “I Phone 7 plus”, “Huawei P9 Plus”, “Huawei RNE ALOO”, “LG-G6”, “Samsung S2”, “Samsung S4” зэрэг 6 ширхэг гар утас, “Веаts studio-2” маркийн чихэвч, 20.000А, 10.000А повер банк 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 5.109.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Т.Н, Ж.Н нарыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жухай /Zhuhai/ хотод бүлэглэн “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-г 1 /нэг/ жил 10 /арван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Н-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Ж.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Н, Ж.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Н гаргасан гомдолдоо “Б овогт Т-н Н миний бие 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн нь үнэн болно. Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Миний бие өмнө 4 удаа ял шийтгүүлж байсан төрийн шүүхийн өгсөн шийтгэлийг биеэр эдэлж хугацаанаас өмнө суллагдаж байсан нь үнэн. Гэтэл миний хувийн байдлыг харж 20, 30 жилийн өмнөх процесс алдааг дүгнэж ял хөнгөдсөн гэж үзэж анхан шатны шүүхэд буцаасан. Үүнд гомдолтой байгаа тул Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жухай хотод түрээсийн байрандаа байж байхад Үржинханд гэх эмэгтэй ирж Макаод хулгай хийж байгаад баригдаж хар даруулчихлаа, одоо Монгол Улс руу явмаар байна гээд яриад сууж байтал Х гэх эмэгтэй Ү руу залгаад манайд ирээд М, С хоёр З ахтай хамт хулгай хийж байгаад Макаод баригдаад З ах зугтаагаад явчихсан гээд хоёр охин уйлаад орж ирж байсан. Бид цуг хоол унд идээд архи, пиво уугаад байж байтал Н, А гэх хоёр эмэгтэй орж ирж үргэлжлүүлэн архи уусан. Шөнө дунд хоёр цагийн үед бүгдээрээ шөнийн хоолны газар хоол идээд байж байтал Н гэх эмэгтэй Н ахаа Б гээд залуу энэ охидуудыг Монголоос энд хулгай хийлгэх гэж дагуулж ирсэн юм байна. Тэр залууг би танина урьд өмнө миний согтуу байх үед хувцсыг минь тайлаад утсаараа миний зургийг дараад хүмүүст явуулаад байна. Та надтай хамт яваад тэр бичлэгийг устгаад өгөөч гуйж байна гээд байхаар нь би хамт тэр түрээсийн байранд нь очоод Б-ыг тэр бичлэг устга, утас чинь хаана байна, гээд ороод ширээн дээр байсан утсыг автал Б наад утсан дээр чинь байхгүй гэсэн. Гэтэл Н гэх эмэгтэй наад утсаа битгий өгөөрэй, наадах чинь худлаа ярьж байгаа юм. Утсыг нь шалгаж байгаад өгнө шүү Н ахаа гэсэн. М, С нарийн хулгай хийж авсан утаснуудыг Н гэх эмэгтэй бичлэг устгаад аваарай гэж хэлээд бүгд хамт гарсан. Б ч хамт харсан. Өглөө нь Х, М нарын утаснуудыг өгсөн гэж байсан. Мөрдөн байцаалтын шатанд энэ хүмүүс хэл дамнан халаасны  хулгай хийдэг нь тогтоогдсон. Мөн хулгайн утас гэдэг нь нотлогдсон атлаа Б-ын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэж хүнд зүйл ангиар намайг яллаж байгаад гомдолтой байна. Энэ бүгдийг нотолж тогтоож өгнө үү. Тухайн үед би утсыг аваад бичлэгийг устгах зорилготой авсан нь үнэн. Батзул гэх залууг чи ээжтэй, эхнэртэй, охин хүүхэдтэй яаж байгаа юм гээд алгадаж цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Энэ тухайгаа би хүлээсэн. Тэр байранд ерөөсөө бичлэг устгах л яриа болсон. Тэрнээс Б-ыг дээрэмдэх зорилготой ороогүй. Энэ эмэгтэйчүүд халаасны хулгайгаар л амьдралаа залгуулдаг. Б-ын байрнаас бид эвлэрээд Ү гэх эмэгтэйн түрээсийн байранд очиж бүгдээрээ дахин архи уусан. Тэнд байсан нэг залуу надтай мууцалдахад Б-ын утас унасан. М гэх эмэгтэй аваад Б-д өгсөн. Би утсыг шалгаж амжаагүй. Ийм л асуудал болсон. Би үнэхээр тэр залууг дээрэмдэх зорилготой орсон бол тэд нартай ууж, идээд л хоорондоо эвлэрээд гадуур айл хэсээд явахгүй шүү дээ. Надад үнэхээр тийм бодол зорилго байгаагүй. Би өнөөдөр 93 настай ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч өмгөөлөгч хөлслөөд явж байна. Би дээрмийн гэмт хэрэг үйлдсэн бол анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын ялыг аваад явах байсан. Дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй болохоор 2 жил 6 сарын хорих ял ч надад хүнд байна. Иймд миний гаргасан гомдлыг хянаж үзээд мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н-ын өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “... Шүүгдэгчийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрхэн хэрэглэсэн эсэх, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт гаргуулахаар санал хэлсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Шүүгдэгч Т.Н нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй, бусдын нэр хүндтэй холбоотой асуудлууд байсан болохоор үйлдэгдсэн гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1147 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн дүгнэлтийн хувьд үндэслэлтэй. Санаа зорилго нь өөр хэдий ч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинж байгаа гэдгийг түүнд хэлж ойлгуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэл бий” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч С.Пүрэвдорж хэлсэн саналдаа “... Миний үйчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг дангаар төлсөн байгаа. Мөн 6 настай хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ч хэрэглээгүй байна. Мөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Нын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүрээнд анхан, давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос Т.Н, Ж.Н нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчим Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жухай /Zhuhai/ хотод Монгол Улсын иргэн Д.Б-ыг түрээсийн байрандаа байхад нь “I Phone 7 plus”, “Huawei P9 Plus”, “Huawei RNE ALOO”, “LG-G6”, “Samsung S2”, “Samsung S4” зэрэг 6 ширхэг гар утас, “Веаts studio-2” маркийн чихэвч, 20.000А, 10.000А повер банк 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 5.109.440 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял, Т.Н-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Гэтэл анхан шатны шүүх “... Т.Н нь хохирогч Д.Б-с гар утсыг хүч хэрэглэж аваагүй гэж, шүүгдэгч Ж.Н нь хохирогчоос авсан эд зүйлийг шалгачихаад буцааж өгөх санаатай байсан гэх агуулгаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэх боловч хохирогч Д.Б-аас эд хөрөнгийг нь авсан үйлдэл дээр маргаагүй учир шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлгүйг тэмдэглэж эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэв” гэсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн  шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н-гийн өмгөөлөгч С.Пүрэвдорж “... дээрмийн гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна”, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч О.Баяраа, Б.Мөнхгэрэл нарын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх байр суурьтай оролцсон байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүх урьдач нөхцөл /гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн/ бүрдсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 127 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН