Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01228

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01228

 

 

 

Б.З -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00980 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.З -ын хариуцагч Л.О т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э -, хариуцагч Л.О , түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчээс хариуцагч Л.О т 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар бичгээр гэрээ байгуулахгүйгээр зээлдүүлсэн. Уг зээлийг хариуцагчийн ХААН банк ХХК дахь 5027564234 тоот дансанд зээл гэж гүйлгээний утгатай шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь зээлийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буцаан төлөх ёстой байтал үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хамтран ажиллах гэрээтэй холбоотой нотлох баримт байхгүй, хэрэв хамтран ажиллах гэрээг цуцалж байгаа бол талууд өгсөн, авсан зүйлээ буцаадаг боловч энэ бол тус тусдаа үүссэн харилцаа байсан, хариуцагч Л.О нь үсчинээр ажиллана гэсэн боловч нэг ч хүний үс засаагүй.

Нэхэмжлэгч Б.З -, хариуцагч Л.О , мөн Э.Урантуяа, Э.Энхбат нарын хооронд хамтран ажиллахаар харилцан тохирсон ч ашигтай ажилласан тохиолдолд нэхэмжлэгчийн хэлсэн цалинг олгохоор болсон. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хойд ажлаасаа гарсан нь дээр байх, удахгүй урагшаа очих юм чинь, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр маргаашнаас эхлээд хойд ажлаа өгье гэсэн байгаагаас дүгнэхэд хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үсчингээр ажиллаж, өмнөх ажлынх нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Б.З - төлж байсан байна.

Иймд хариуцагчаас 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.З -, Э.Э - нар нь надтай хамтран ажиллах санал тавьж, сарын цалин 1 500 000 төгрөг, үүнээс гадна миний 28 000 000 төгрөгийн банкны зээлийг төлж барагдуулах, намайг үйл ажиллагааны хөрөнгө оруулалт хийгээд яваарай гэж тохирсон.

Үүнээс хойш би бүх ажиллагаанд оролцож, 30 гаруй салонуудаар явж судалгаа хийж, гоо сайханчаар ямар хүн ажиллуулах, салоны дотоод зохион байгуулалт ямар байх талаар хоорондоо ярилцаж, БНХАУ руу явж тоног төхөөрөмж судалж, худалдан авалтыг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид цалин өгөхдөө барьцаалан зээлдүүлэх газрын нэрээр 12 000 000 төгрөгийг зээл гэж өгөөд буцааж нэхэмжилсэн.

Уг 14 000 000 төгрөгийг зээлж аваагүй, харин надад 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд миний болоод н.Энхболд, н.Орхонтуяа, Б.З - нарын хамтран эзэмшдэг Класси бьюти ХХК-д ажил гүйцэтгэсний хөлсөнд авсан, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.

Иймд Б.З -ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А.Отгонбаатараас 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.З -д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 228 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.О давж заалдах гомдолдоо: Би Б.З -аас зээл аваагүй. Намайг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс үсчин гоо сайхны салон байгуулах ажлыг хийлгэж ажлын хөлсөндөө миний 28 000 000 төгрөгийн зээлийг төлнө гэсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сард 14 000 000 төгрөг шилжүүлж өгсөн.

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үндэслэн А.Отгонбаатар нь гоо сайхны үйлчилгээ явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авчрах, байрны засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байсан гэж зөв дүгнэсэн атлаа энэхүү ажлын хөлсөнд авсан 14 000 000 төгрөгийг зээл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Б.З - нь надаар ажил хийлгээд нэг ч төгрөгийн цалин хөлс өгөөгүй гэдэг нь нотлогдсон байхад надад цалин хөлсөнд өгсөн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Б.З -ын ажлыг хийхийн оронд өөрийнхөө ажлыг хийсэн бол бусад байгууллагуудаас авсан 28 000 000 төгрөгийн зээлүүдээ бүрэн төлөх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.З - нь хариуцагч Л.О аас зээлийн гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Л.О , нэхэмжлэгч Б.З -аас 14 000 000 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргаагүй боловч уг мөнгийг гүйцэтгэсэн ажлын хөлсөд авсан гэж тайлбарлан, маргажээ.

Хэрэгт Б.З - нь Л.О аар хийж гүйцэтгүүлэх ажил, гүйцэтгэсэн ажлын хөлс, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаарх баримт авагдаагүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм. Иймээс нэхэмжлэгчээс шилжүүлсэн авсан 14 000 000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлс гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна.

Харин Б.З -, Л.О , Э.Энхбат, Э.Урантуяа нар үсчин, гоо сайхны үйлчилгээ, түр сургалт, гоо сайхны бүтээгдэхүүн худалдах борлуулах үйл ажиллагаа эрхлэн ашиг олох зорилгоор Класси бьюти ХХК-ийг байгуулсан, Л.О нь дээрх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятад Улсаас оруулж ирэх, гоо сайхны салон ажиллуулах ажлын байрны засвар үйлчилгээ болон ажилтан олох зэрэг ажлыг хариуцан ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэн зөв тогтоожээ. /хх-33, 45-160, 186-187/

Гэхдээ талууд хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлаар маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардаж, үндэслэлээ нотлохоор ХААН банкны мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд гарган өгчээ. Уг бичгийн баримтаас үзвэл Б.З - нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 000 000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр Б.З -аас Л.О т зээл гэсэн бичиглэл хийсэн байна. /хх-3/ Хариуцагч тал энэ баримтыг үгүйсгэж, мөнгийг ажлын хөлсөд авсан, зээл аваагүй гэх татгалзалын үндэслэлээ баримтаар нотлоогүйн улмаас анхан шатны шүүх түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж зөв дүгнэжээ.

Тэрээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн талууд зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүйтэй холбоотой үүссэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл, хариуцагчийн үүргийн зөрчлийн талаарх дүгнэлт нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 222 дугаар зүйлийн 222.1, 222.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД