Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00165

 

                                  ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00980 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1228 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00980 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг үндэслэн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 14,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1228 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.6.08-ны өдрийн 1228 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу мөн хуулийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,,, надаас зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас ямар нэгэн зээл аваагүй, зээл авах ямар ч санаа зорилго болон шаардлага ч байгаагүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,, намайг 2018.04.20-оос Үсчин, гоо сайхны салон байгуулах ажлыг хийлгээд, ажлын хөлсөндөө миний өмнө нь авсан байсан 28,000,000 төгрөгийн зээлийг төлнө гээд ажлаа хийлгэсэн. 2018 оны 10 дугаар сард 14,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үндэслэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гоо сайхны үйлчилгээ явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хятад улсаас авчрах, байрны засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байсан байна гэж зөв дүгнэсэн. Тэгсэн атлаа энэхүү ажлын хөлсөнд надад өгсөн 14,000,000 төгрөгийг зээл авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь надаар ажил хийлгээд нэг ч төгрөгийн цалин хөлс өгөөгүй гэдэг нь нотлогдоод байхад цалин хөлсөнд надад өгсөн мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,д гаргуулж олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой.

4.2. Би ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын ажлыг хийхийн оронд тэр хугацаандаа өөрийнхөө ажлыг хийсэн бол бусад байгууллагуудаас авсан 28,000,000 төгрөгийн зээлүүдээ бүрэн төлөх боломжтой байсан. Хөлсийг бүрэн өгнө, салон байгуулсны дараа хувь өгч хамтран ажиллана гэж сайхан амлаж өөрийн ажлыг надаар хийлгээд, орчин үеийн бүрэн тоноглогдсон үсчин, гоо сайхны салоныг хүлээн авсан хойноо өмнө өгсөн амлалтуудаасаа буцаж ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь намайг хохироож байна. Үүнийг шүүх мэдсээр байж надад ажлын хөлсөнд өгсөн мөнгийг буцаагаад ,,,,,,,,,,,,,,,,,,,,д өгөхөөр шийдвэрлэж байгаа нь үнэхээр шударга бус, зальтай, хуурамч, жирийн мэргэжлийн хүний хөдөлмөрийг сорон мөлжигчийг өөгшүүлж байгаа нь хууль бус шийдвэр байсан. Давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэрийг хэвээр баталсан нь үндэслэлгүй. Шүүхүүд ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас надад 14,000,000 төгрөг шилжүүлэхдээ “Зээл” гэж бичсэн үгийг надад зээл олгосон гээд хэргийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэж байгаа нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” болно.

4.3. Учир нь “Зээл” гэсэн ганц үг нь дангаараа зээл олгосон гэдэг утгыг илэрхийлэхгүй бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ажлын хөлсөнд тохиролцсоны дагуу миний зээлийг төлөхөөр шилжүүлсэн учраас л зээл гэж бичсэн гэж ойлгосон. Ийнхүү зээл гэдэг утга нь шууд зээл олгосон гэж ойлгогдохгүй байхад шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан байхад шүүх энэхүү заалтыг хэрэглээгүй. Хэргийн нөхцөл байдлаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын ажлыг би хийж өгсөн, надад огт хөлс олгоогүй байдал нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, талуудын гаргасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7. Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,, Э.Энхболд нар нь надтай хамтран ажиллах санал тавьж, сарын цалин 1,500,000 төгрөг, үүнээс гадна миний 28,000,000 төгрөгийн банкны зээлийг төлж барагдуулахаар тохирч, намайг “үйл ажиллагааны хөрөнгө оруулалт” хийгээд яваарай гэсэн. Үүнээс хойш би бүх ажиллагаанд оролцож, 30 гаруй салонуудаар явж судалгаа хийж, гоо сайханчаар ямар хүн ажиллуулах, салоны дотоод зохион байгуулалт ямар байх талаар хоорондоо ярилцаж, БНХАУ руу явж тоног төхөөрөмж судалж, худалдан авалтыг хийсэн, уг 14,000,000 төгрөгийг би зээлж аваагүй, харин 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд миний болоод н.Энхболд, ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хамтран эзэмшдэг “Classic ,,,,,,,,,,” ХХК-д ажил гүйцэтгэсний хөлсөнд авсан, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй...” гэж маргаж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

8. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн татгалзлын талаар дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн дансны хуулгыг үндэслэн талуудын хооронд “зээлийн харилцаа үүссэн” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс талуудын хоорондын хамтын ажиллагаа, хуулийн этгээд үүсгэн байгуулсан талаар, мөн хариуцагчид амласан гэх цалин хөлс, ашиг орлогын хэмжээ, зээлийн төлбөрийг нь барагдуулах тухай амлалтыг огт үгүйсгээгүй байна.

9. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд зээлийн харилцаа үүссэн үү, эсхүл хуулийн этгээд байгуулж, хамтран ажиллах харилцаа үүссэн үү гэдэг үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ үндэслэлээр “шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

10. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1228 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 228,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ 

                              ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН