Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00611

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/00611

 

 

 

С.О -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00217 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.О -ын хариуцагч " Г.И " - сургууль боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О -, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У -, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О -, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.О - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.О - нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "Г " - олон улсын дунд сургууль/ Хөдөлмөрийн гэрээнд бичигдсэн сургуулийн нэр/-ийг төлөөлж Ерөнхий менежер ажилтай Г.Ц -тай хөдөлмөрийн гэрээг байгуулан тус сургуулийн нийгмийн ажилтан, сургалтын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагыг бүрэн хангаж байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02-09- 754/196 тоот Улсын байцаагчийн зөвлөмжийн 5-д мэргэжлийн, багшлах эрхтэй багш, нийгмийн ажилтан ажиллуулах, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01-09-051/216 дугаар Улсын ахлах байцаагчийн албан шаардлагын 5-д сэтгэл судлал, заах аргын чиглэлээр мэргэшүүлэх 3 сараас дээш хугацааны сургалт эсвэл хөрвөх сургалтад хамруулах гэдэг шаардлагыг өгсөн бөгөөд хэн нэгэн ажилтныг мэргэжлийн бус гэж үзэн ажлаас халах талаар огт дурдагдаагүй. Түүнчлэн ямар нэг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын шийдвэр гараагүй.

Захирлын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/102 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаас үзвэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр халсан мэт харагдаж байна. Гэтэл уг тушаалд үндэслэл болгож буй Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.6 заалт нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан ажилтныг албан тушаал бууруулж ажиллуулж болно гэсэн утгатай байхад тушаалын 1-д ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж байхгүй. " Г.И " - сургуулийн дэд захирлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/09 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралтаа эдэлж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчиж ажлаас халсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 1 сарын өмнө мэдэгдэл өгч байгаа бол мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж өгөх ёстой атал энэ талаар ажлаас халах тушаалд огт дурдаагүй болно. Иймд ажлаас халсан захирлын тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. С.О - нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нийгмийн ажилтан гэх албанд тушаалд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сарны 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шалгалтаар мэргэжлийн бус хүн ажиллуулж гээд ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг 41.3 хувийн эрсдэлтэй дүгнэсэн. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Мэргэжлийн хяналтын боловсролын ахлах байцаагч дахин шалгалт явуулж хугацаатай үүрэг даалгавар өгсөн. С.О -ыг түүний үндсэн мэргэжил болох түүх, нийгмийн багшаар ажиллах санал гаргасан боловч тухай орон тоо сул байгаагүй тул ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн нийгмийн ажилтан авч ажиллуулж байна. С.О - нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.3-т зааснаар ажил хавсран гүйцэтгэхдээ биеийн тамирын багш н.Цогбаясахын дугуйлангийн төлбөр 216 000 төгрөгийг бэлнээр авсан зөрчилд хяналт тавих үүргээ биелүүлээгүй учир ажлын байранд заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Нийгмийн ажилтны хувьд бууруулах албан тушаал байхгүй тул түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тэрээр 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ээлжийн амралт авсан болно. Хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шаардлагын хүрээнд мэргэжлийн бус ажилтан ажиллуулж байсан алдаа дутагдлаа холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.О -ыг хариуцагч ерөнхий боловсролын " Г.И " - сургууль боловсрол сургалтын байгууллагын нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ерөнхий боловсролын " Г.И " - сургууль боловсрол сургалтын байгууллагаас 8 952 693 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О -ад олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.О -ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ерөнхий боловсролын " Г.И " - сургууль боловсрол сургалтын байгууллагад даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ерөнхий боловсролын " Г.И " - сургууль боловсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 228 393 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О - давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагч талаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын лавлагааг өгч, эрүүл мэндийн даатгалын лавлагааг гаргаж өгөөгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.4 дэх хэсгийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжпэгч С.О - шүүх хуралдаанд болон нэхэмжлэлдээ 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралтаа эдэлж байсан гэж бичиж, хэлсэн мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох " Г.И " - сургуулийн дэд захирлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/09 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралтаар нотлогдож байхад шүүгч ажилгүй байсан хугацааг тодорхойлохдоо 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тодорхойлсон нь хууль зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, " Г.И " - сургууль боловсрол сургалтын байгууллагаас 8 952 693 төгрөг гаргуулах тухай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч С.О - нь хариуцагч " Г.И " - сургууль Боловсрол сургалтын байгууллага /цаашид БСБ гэх/-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтад хэн аль нь маргаангүй. Харин Б.Одмандахыг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, Б/102 дугаартай тушаалын агуулгаас үзвэл нэхэмжлэгч С.О -ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. Уг зүйлд ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан. Хариуцагч тал, нэхэмжлэгчтэй 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, түүнийг нийгмийн ажилтан, сургалтын төвийн эрхлэгчийн ажилд авсан болох нь нотлогдсон байна. /хх-9,10/ Уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх, мөн нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч " Г.И " - сургууль боловсрол сургалтын байгууллагыг нэхэмжлэгч С.О -ыг хууль бусаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч С.О - нь ажилд эгүүлэн тогтоолгож, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан " Г.И " - сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн Б/102 дугаартай тушаал, талуудын тайлбар зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгч С.О -ыг өмнө эрхэлж байсан нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу буруу халсан үеийн олговор олгохдоо нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг буруу тооцжээ. Хариуцагч байгууллагын захирлын тушаалаар нэхэмжлэгч С.О -ыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлж, энэ хугацааны цалин хөлс, олговроо авсан болох нь зохигчдын тайлбар, С.О -ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-19, 136-137/ Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ээлжийн амралт дууссан өдөр болох 2019 оны 8 дугаар сарын 23-наас шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 99 хоног гэж тооцон, уг хугацаанд ногдох олговорт 7 740 711 төгрөг / 78 189 төгрөг х 99 хоног/ олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй. Мөн шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч даалгахдаа дэвтэрт нь нөхөн бичилт хийх шаардлагыг орхигдуулснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2019/16178 дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч С.О -ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэлгэрэнгүй лавлагааг ирүүлэхийг нэхэмжлэгчид даалгажээ. /хх-101-102/ Уг захирамжийн дагуу эрүүл мэндийн даатгалын дэлгэрэнгүй лавлагааг нэхэмжлэгч шүүхэд гарган өгөөгүй байх боловч энэ баримт нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой бус байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 8 952 693 гэснийг 7 740 714 гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 46.1 гэсний дараа 46.2 гэж, нөхөн төлөхийг гэснийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 193 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД