Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/00217

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр         Дугаар 101/ШШ2020/00217             Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0000 тоотод оршин суух, С.М /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0000 дүгээр корпусд байрлах Г и с Боловсрол сургалтын байгууллага /РД:0000/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О миний бие 1992 оноос хойш боловсролын салбарт ажиллаж байгаа бөгөөд 1988 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дунд сургуулийн бага ангийн багшийн анги, 1992 онд Улсын багшийн их сургуулийг түүх, нийгэм судлалын багш мэргэжлээр төгсөж улмаар 1998 онд Нийгмийн шинжлэх ухааны магистр зэрэг авсан. Монгол улсын засгийн газрын дэргэдэх Удирдлагын академид 2000-2002 онд тус тус суралцан төгсөн “Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулагч” мэргэжил давхар эзэмшсэн.

Багшлах эрхийг гэрчилгээг 2004 онд авсан бөгөөд улмаар 2014, 2019 онд тус тус ( “Үндэсний сургагч багш” болж БСШУСЯ- ны томилолтоор үндэсний сургалтын багт орон “Сургуулийн менежмент”-ийн сургалтын хөтөлбөрийг хөдөө орон нутаг нийслэлийн ЕБС-уудын захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтнуудад хэрэгжүүлсээр байна. 2010 онд НУДС-ийн “клиник профессор”-ын цол авч тус сургуулийн нийгмийн Е ажилтны ангийн оюутнуудад философи гүн ухаан, мэргэжил аргазүйн хичээл орж улмаар 2010-2014 онд нийт нийгмийн ажилтнаар төгсөж байгаа 5 оюутны бакалаврын дипломын ажлын удирдан хамгаалуулж байсан болно. 2002 онд ОХУ-д 7 хоног, 2012 онд 14 хоног, 2014 онд 2 сараар Япон улсад тус тус сурагчдыг амьдрах чадварт сургах арга зүй, хичээлээс гадуурх үйл ажиллагаа ба ёс суртахууны боловсролын чиглэлээр, 2015 онд Филиппин улсад төслийн менежментийн чиглэлээр тус тус мэргэшсэн.

Мөн 2000 оноос БСШУСЯ, ЭМЯ, Монгол улсын төрийн албаны зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, МУБИС, БХАН, Удирдлагын академийн БНУС-ын сургууль, Скаутын холбоо Хэвлэлийн хүрээлэн Боловсролын менежмент, аргазүйн институт гэх мэт байгууллагаас ЕБС-ын удирдлагууд /захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудад/-ыг мэргэшүүлэх сургалт семинаруудад тасралтгүй хамрагдаж сертификат холбогдох гэрчилгээг авсан ба 2015, 2017 онд нийгмийн ажилтан дотуур байрны багш нарт зориулсан мэргэшүүлэх сургалтын сургагч багшаар бэлтгэгдэн Баян-Өлгий Завхан аймгийн ЕБС-ийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш нарт сургалт явуулах сургалтын багт ажилласан.

Миний бие боловсролын байгууллагад өнөөдрийг хүртэл 28 жил тасралтгүй ажиллахдаа багшаар 8 жил, сургуулийн захирлаар 12 жил, БСШУС-ын яамны дэргэдэх цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багт баруун бүс хариуцсан багийн ахлагчаар 4 жил, сургалтын менежер, төслийн удирдагчаар тус бүр 1 жил, Г И сургуулийн нийгмийн ажилтнаар 2 жил тус тус ажиллаж байна.

1.2. Миний бие 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Г олон улсын дунд сургууль/ Хөдөлмөрийн гэрээнд бичигдсэн сургуулийн нэр/-ийг төлөөлж Ерөнхий менежер ажилтай Г.Цтай Хөдөлмөрийн гэрээг байгуулан тус сургуулийн Нийгмийн ажилтан, сургалтын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсэг “Ажлын байранд тавигдах шаардлага” хэсгийн Боловсрол гэх хэсэгт “Магистр болон түүнээс дээш”, Мэргэжил гэх хэсэгт “Багш, нийгмийн ажилтан” гэж тус тус заасан байгаа. Тэгэхлээр миний бие Нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Тушаалд дурдагдсан МХЕГ-ын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02-09- 754/196 тоот Улсын байцаагчийн зөвлөмжийн 5-д “Бага дунд боловсролын тухай хуулийн 12.6, 20.2.3 ,21.2, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтын 2.5, Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын , Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2009 оны 174/592 дугаар тушаалд заасны дагуу мэргэжлийн, багшлах эрхтэй багш, нийгмийн ажилтан ажиллуулах” гэжээ.

Улсын байцаагчийн энэхүү зөвлөмжид дурдсан “Бага дунд боловсролын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Ерөнхий боловсролын сургуульд захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, багш, нийгмийн ажилтан, бусад ажилтан ажиллана.”, 20 дугаар зүйлийн 20.2.3-т захирал нь “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх;” үүрэгтэй 21 дүгээр зүйлийн 21.2-т “ Багш нь багшлах эрхтэй байна”, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ын 2.5-д “Захирал сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангасан. мэргэжлийн ажилтныг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж. ажиллуулна гэж заасан байна.

МХЕГ-ын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01-09-051/216 дугаар Улсын ахлах байцаагчийн албан шаардлагын “5-д “...нийгмийн ажилтан мэргэжлийн бус байгаа нь Бага дунд боловсролын тухай тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 дахь заалт, НХХ-ын сайд, БСШУ-ны хамтарсан 2009 оны 172/592 тоот тушаалыг” гэж дурдаад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.0 заалтыг үндэслэн шаардах нь гээд 5-д Багш б\с мэргэжлийн багш нарыг сэтгэл судлал, заах аргын чиглэлээр мэргэшүүлэх 3 сараас дээш хугацааны сургалтад хамруулах. эсвэл хөрвөх сургалтад хамруулах1'’ гэдэг шаардлагыг өгсөн байна.

Г И сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагад “багш, нийгмийн ажилтан” хүн байхаар заасан бөгөөд дээр дурдсаны дагуу миний бие багш мэргэжлээр төгсөөд багшлах эрхээ 2002 онд авсан багш мэргэжилтэй ба нийгмийн ажилтанд шаардагдах чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан, Нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Түүнчлэн тушаалд дурдагдсан 2019 оны МХЕГ-ын ахлах байцаагчийн албан шаардлагын 5-д С.О намайг болон хэн нэгэн ажилтныг мэргэжлийн бус гэж Үзэн ажлаас халах талаар огт дурдагдаагүй харин ч ажилтнуудаа мэргэшүүлэх чиглэлийг өгч байсан.

Ажлаас халах тушаалд дурдсан шиг МХЕГ-ийн ямар нэг дүгнэлт гараагүй бөгөөд зөвхөн зөвлөмж, албан шаардлага л байгаа болно.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.” гэж тус тус заасан.

Түүнчлэн ямар нэг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын шийдвэр байхгүй, гараагүй болно.

2. Тушаалын үндэслэх хэсгийн талаар

Ажлаас чөлөөлөх тухай Захирлын 2019 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн Б/102 дугаар тушаалын үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/16 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.6” дугаар заалтыг үндэслэн тушаах нь” гээд “2019 оны 7 дугаар сарын 1-ны өдөр гардуулсан 01/247 тоот мэдэгдлийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 1-ны өдөр ажлаас халах” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1,40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэсэн хуулийн заалтыг баримталсныг харвал С.О надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1.2-т заасан үндэслэлээр халсан мэт харагдаж байна.

Гэтэл тушаалд үндэслэл болгож буй нөгөө нэг эрх зүйн баримт бичиг нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/16 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.6 бөгөөд энэхүү заалтад “Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан ажилтныг албан тушаал бууруулж ажиллуулж болно” гэсэн утгатай болно.

Намайг ажлаас халсан тушаалын 1-д ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нэг ч үг үсэг байхгүй. Миний бие ажил үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд хэрвээ хангалтгүй биелүүлсэн гэвэл энэ талаар [ажил олгогч нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаараа тушаалдаа дурдах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү дотоод журамд ажлаас халах бус тушаал бууруулахаар заасан | болно.

Ажлаас халах тушаалд үндэслэл болгож буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5-д заасан “Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан ажилтныг албан тушаал бууруулж ажиллуулж болно” гэх үндэслэлүүд нь өөрөө хоорондоо огт зохицохгүй, зөрчилдөж байна.

           2.1 Г И сургуулийн дэд захирлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/09 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хуваарийн 4-т бичигдсэний дагуу Нийгмийн ажилтан С.О миний бие 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдэлж байсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 “ээлжийн амралттай байгаа” ажил үүргээ гүйцэтгээгүй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах ёстой байхаар заасан атал амралтаа биеэр эдэлж байх хугацаанд ажлаас халсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан, хэрвээ намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болон 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үндэслэлээр 1 сарын өмнө мэдэгдэл өгч байгаа бол 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу тэтгэмж өгөх ёстой атал энэ талаар ажлаас халах тухай А/09 дугаар тушаалд огт дурдаагүй болно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг маань хязгаарласан, Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэж байхад хууль зөрчин үндэслэлгүйгээр ажлаас халсан Г И сургуулийн ерөнхий захирал Ц.Оын 2019 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгон Ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж өгнө үү.

Асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг маань буцаан сэргээж өгнө гэдэгт итгэж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халах тушаал эрх зүйн акт болохынхоо хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. Ажлаас халах тушаал, баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирох ёстой. 2019 оны 08 дугаар сарын 01-ны Б/102 тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг баримталсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалт нь хугацаа заасан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх эсхүл аж, ахуйн салбар татан буугдах юм бол 45 хоногийн өмнө мэдэгдэх гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх. Танайх ажлаас халах тушаал 40 дүгээр зүйлийн 40.5 барьсан буруу байна. 2019 оны 07 дугар сарын 03-ны өдрийн УДШ-ийн тогтоол байдаг.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүд авна. Та бүхний тайлбарлаад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан хийж байгаа ажилдаа мэргэжил ур, чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй гэж үзсэн бол мэргэжил, мэдлэг ур, чадварыг тогтоох комисс байгуулаад, комиссын албан ёсны шийдвэр гарсан байх юм бол нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг баримтлах байсан. Мэргэжлийн хяналтын шалгалтаар, мэдэгдлийн дагуу халсан гэсэн мэдэгдлийг үндэслэн халахгүй. Хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй, дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаанаар ажил олгогчоос мэргэжил, ур чадвар тэнцэхгүй гэх хөдөлмөрийн гэрээг цуцалдаггүй. Улсын дээд шүүхийн 33 дугаар тайлбар байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 мэргэжлийн комисс байгуулаад, комиссын дүгнэлт гарсан бол ажлаас халах тушаал нь хуульд нийцэх байсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан бол хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу ажлаас халсны тэтгэмж өгөх ёстой. Тушаалдаа тэтгэмжийг дурдах ёстой. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.6 яагаад ажил үүргээ хангалтгүй биелүүлээд ажилласан ажилтанг албан тушаал бууруулан ажиллуулж болно гэсэн хэрнээ ажлаас нэхэмжлэгчийг халсан. Г И сургуулийн тушаалын баримталсан зүйл заалт нь ажлаас халсан үндэслэлтэйгээ нийцээгүй байна. Танай гаргасан тушаал хууль бус тушаал байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь ажилтан ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажил албан тушаалыг нь хэвээр хадгална. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийг амралттай байхад нь түүнийг ажлаас халсан тушаал хууль зөрчсөн байна. Компанийн үүсгэн байгуулагч нь н.Отгонбаатар гэж байна. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Копанийн дүрэм, түүний үүсгэн байгуулахад үндэслэсэн бичиг баримт дээр үүсгэн байгуулагч нь тус сургуулийн захирал биш юм. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д компанийн дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүргтгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр н.Батсүх гэсэн хүн байгаа. н.Ц дээр шүүх сонин шийдвэр гаргасан. н.Батсүх захирлыг ажлаас халагдсан дээр маргаагүй учраас хувьцаа эзэмшигч нь н.Отгонбаатар мөн гэж үзсэн. Танай хөдөлмөрийн дотоод журмын 3.4-т захирал Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, дүрэм журмаар хүлээлгэсэн үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана. Энэ хүн тушаал гаргах ёстой. 102 тушаалыг Г И сургуулийн ерөнхий захирал гаргасан. Тус тушаал хууль бус байна. Компанийн тухай хуультай холбогдуулаад, тушаал гаргасан хүн буруу, гаргасан тушаал нь хууль, дүрэмдээ нийцээгүй үндэслэлгүй байна. Бага, дунд боловсролын тухай хуулийг яриад байсан. Багш бус мэргэжлийн багшийн сэтгэл судлал техникээр хангах мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжөөр тусгасан байна. Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т багшлах багшлах эрхтэй, мэргэжлийн нийгмийн ажлуулаарай гэсэн. Мөн зөвлөмж дээрээ ч гэсэн тэгсэн байна. Мэргэжлийн нийгмийн ажилтан гэрчилгээтэй. Г и сд ахдахаар мэдлэг, мэргэжилтэй тэнцээгүй гээд, ямар ч комиссын дүгнэлтгүйгээр зөвлөмжийг дагаад л ажлаас нь халсан байна. Ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

С.Оыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийлгүүлж өгөхийг хүсч байна гэв.

 

Хариуцагч Г И боловсрол сургалтын байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. С.О нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нийгмийн ажилтан гэх албанд тушаалд томилогдон ажиллаж байсан. Хууль бус тушаалаар мэргэжлийн бус хүнийг тухайн үеийн захирал н.Батсүх нь авч ажиллуулсан. 2019 оны 08 дугаар сарны 01-ний өдөр С.Оыг ажлаас чөлөөлсөн. С.О ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гээд шүүхэд нэхэмжлэл гаргасныг манай зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мэргэжлийн бус хүн ажиллуулсан гэж хяналтын ахлах байцаагчийн шаардлага зөвлөмж удаа дараа ирсэн. Энэ талаар өөрт нь албан бус байдлаар ярьж байсан. С.О нь түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй ба тус байгууллагын нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын шалгалтаар мэргэжлийн бус хүн ажиллуулж байна гээд анх 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр боловсролын хяналтын улсын байцаагч н.Н, н.О, н.О нарын бүрэлдэхүүнтэй ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд хяналтын хуудсаар 41,3 хувийн эрсдэлтэй дүгнэгдсэн. Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зөвлөмж хүргүүлсэн. Түүний 5 дахь хэсэгт нийгмийн ажилтан мэргэжлийн бус байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 21.3 заалтуудыг зөрчсөн байна. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Боловсрол шинжлэх ухааны сайдын  хамтарсан 2009 оны 170/592 тушаалыг зөрчсөн гэж үзээд, дээрх зөвлөмжийг өмнө нь хүлээн авсан байж ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Өмнөх захирал н.Б нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлж, мэргэжлийн хяналтаас хийсэн хяналт шалгалтын дагуу арга хэмжээ авахгүй нуун дарагдуулж, нэхэмжлэгчийг нийгмийн ажилтнаар ажиллуулж байсан байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Мэргэжлийн хяналтын боловсролын ахлах байцаагч дахин шалгалт явуулсан бөгөөд, мөн зөвлөмжийн 5 дахь хэсэгт нийгмийн ажилтан мэргэжлийн бус Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 заалтуудыг зөрчсөн байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон БШУ-ны сайдын хамтарсан 2009 оны 172/592 дугаар тушаалыг тус тус зөрчсөн байна гэжээ. Хугацаатай үүрэг даалгавар өгч 2019 оны 06 дугаар 26-ны өдрийн 216 тоот улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүлээн авч холбогдох зөрчлийг арилгаж ажиллах нь сургуулийн захиргааны үүрэг тул мэргэжлийн бус нийгмийн ажилтан ажиллуулсан гэх зөрчлийг арилгах зорилгоор С.Оыг түүний үндсэн мэргэжил болох түүх, нийгмийн багшаар ажиллах санал гаргасан боловч тухай орон тоо сул байгаагүй тул цаашид ийм төрлийн зөрчил гаргах эрсдэлтэй байгаа тул түүнийг ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн нийгмийн ажилтан авч ажиллуулж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд түүний бүрэн эрхийг заасан байдаг. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн албан шаардлагын 5 дахь хэсэгт багш бус мэргэжлийн багш нарыг сэтгэл судлал, заах арга зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамруулах шаардлага өгсөн. Багшлах эрхийн асуудлыг хөндсөн болохоос нийгмийн ажилтан мэргэшүүлэх шаардлага биш болно.

Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.3 ажил хавсран гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийг үндэслэн тухайн албан тушаалын үндсэн цалингийн 40 хувийн хөлсийг олгох захирлын тушаал гаргаж, түүнийг үндсэн ажлын зэрэгцээ спорт сургалтын төвийн эрхлэгчийн ажлыг хослон гүйцэтгүүлж байсан. Бие тамирын багш н.Ц нь дугуйлангийн төлбөр 216,000 төгрөгийг бэлнээр авсан дотоод аудитын шалгалтаар илэрсэн. С.О хавсран гүйцэтгэсэн ажлынхаа хүрээнд үүнд хяналт тавих үүрэгтэй. Мөн. н.Ц нь нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн байсан учраас тус үйлдлийг нуусан байсан гэж үзэж байна. Нийгмийн ажилтны бууруулах шатны ажилтан байхгүй тул ээлжийн амралт авсан. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.6-т ажлын байранд заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Нийгмийн ажилтны хувьд бууруулах албан тушаал байхгүй тул түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Нийгмийн ажилтан С.О нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт авсан. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т багш, ажилчдын ээлжийн амралтын хуваарийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуульд багш ажлын 33 хоног, захирал, эрхлэгч, арга зүйч, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан ажлын 15 хоног болон нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5, 79.6-д зааснаар ажилласан хугацааг харгалзан бусад нэмэгдэл олгоно. Ажилтны ээлжийн амралтын хугацаа ажлын 15 хоног нийт амралтын хугацаа нь 30 хоног байна гэж заасан. Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл болно. Хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шаардлагын хүрээнд мэргэжлийн бус ажилтан ажиллуулж байсан алдаа дутагдлаа холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г и с боловсрол сургалтын байгууллага Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу нэхэмжлэгчийг ажлаас халсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ерөнхий боловсролын “Г И” сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байжээ. /хх-ийн 51-52 дугаар тал/.

 

Улмаар нэхэмжлэгчийг ерөнхий захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн тус сургуульд 2018 он болон 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд МХЕГ-аас хийсэн шалгалтаар мэргэжлийн бус нийгмийн ажилтан ажиллуулж байна гэдэг дүгнэлт гарсан бөгөөд нийгмийн ажилтан С.О нь мэргэжлийн хувьд тухайн ажлын байранд тохирохгүй байгаа талаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан 01/247 тоот мэдэгдлийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлжээ /хх-7/.

 

Г И сургуулийн ерөнхий захирал Ц.О С.Оыг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тус сургуулийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Батсүхийг гүйцэтгэх захирлаар 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн байна. /хх-ийн 41/

 

Тус сургуулийн гүйцэтгэх захирал С.Батсүхийг өөрийнх нь хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, түүний ажлыг Н.Басан 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасны  дагуу С.Оыг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд Ц.О бус Н.Б байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байх бөгөөд ажил олгогч ажилтанг ажлаас чөлөөлөхдөө энэ хуулийн 40.5 дахь заалтыг удирдлага болгожээ.

 

С.Оыг Г и с ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтын аль заалтыг баримталсан эсэх нь тодорхойгүй, мөн түүнийг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд бус этгээд ажлаас чөлөөлсөн байна.

 

Эдгээр үндэслэлээр С.Оыг Г И сургуулийн /боловсрол сургалтын байгууллага/ нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан байна.

 

С.О 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралт олгосон боловч 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралтын олговор олгосон талаар талууд маргаагүй байна.

 

Иймд С.Оын ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5 сар ажлын 7 өдрийн нөхөх олговорыг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

С.Оын нэг сарын дундаж цалин хөлс 1,681,074 төгрөг байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацаа буюу 5 сар ажлын 7 өдрийн цалин хөлсөнд 8,952,693 төгрөгийг Г И сургуулиас /боловсрол сургалтын байгууллага/ гаргуулж түүнд олгох нь зүйтэй байна.

/1,681,074х5сар = 8,405,370 төгрөг, 1,681,074:21,5=78,189 ажлын нэг өдрийн дундаж цалин, 78,189 х 7 =547,323 төгрөг, 8,405,370+547,323=8,952,693 төгрөг/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар С.Оын Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Оыг хариуцагч ерөнхий боловсролын “Г и с” боловсрол сургалтын байгууллагын нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ерөнхий боловсролын “Г и с” боловсрол сургалтын байгуулагаас 8,952,693 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Оад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Оын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ерөнхий боловсролын “Г и с” боловсрол сургалтын байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ерөнхий боловсролын “Г и с” боловсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 228,393 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО