Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1164

 

 

 

 

2018.08.14

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Номин,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Б.Акбөкөн,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Б-ын Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0045 50243 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч овогт Б-ын Б, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 3-28б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:АД89113010/,

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 10 минутын үед  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Пелхановын дээд сургуулийн баруун хойд талын замд “Райт финанс” ХХК-ний эзэмшлийн Тоёота приус маркийн 65-60 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд нь яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Дамбын эзэмшлийн Д.Нямбаярын жолоодож явсан Тоёота Фильтер маркийн 16-92 ХЭА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам дээр зогсож байсан явган зорчигч Б.Акбөкөний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Тоёота Королла Фиэлтэр маркийн 16-92 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.552.500 төгрөгийн шууд, 1.842.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү дохио өгөөд дараад ороход би хангалттай орж амжихаар байсан. Нямбаяр тэр үед ямар ч тоормослох арга хэмжээ аваагүй, үйлдэл хийгээгүй шууд хохирогчийг мөргөсөн. Тухайн үед би түүнийг илүү хурдтай явсан гэж хэлж байсан. Би тэр үед 20 км цагийн хурдтай явж байсан. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэрээсээ салсан өрх толгойлсон эцэг” гэв.

Хохирогч Б.Акбөкөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 5 дугаар сарын 23-нд Жуковын тэнд такси барих гээд байж байтал Булганхангайгийн машин 2 дугаар эгнээнд, Т.пилтер маркийн машин 1 дүгээр эгнээгээр ирж байгаад Булганхангайгийн приус нь урдуур нь дарж харагдаж байх шиг байсан. Гэтэл нөгөө машин нь намайг мөргөөд мод руу очиж зогссон. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход зүүн талын хөлийн шилбэ хугарсан байна гэсэн. Одоогоор хөлөө хадуулсан байгаа. Миний хувьд би өөрөө Монгол хэлний багш хийдэг. Тэр үед яг улсын шалгалт болсон байсан ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Өсгийгөө бас цоолуулаад хагалгаанд орсон. Одоо 3 сар болж байна энэ хугацаанд би Б болон дайрсан хүнээс ямар нэгэн хохирол төлбөр аваагүй. Харин Б-гийн өмнөөс материал бүрдүүлж байж даатгалаас 944.000 төгрөг авсан. Үүн дээр бас нэг тайлбар хийхэд би өөрөө хөөцөлдөж байж энэ мөнгийг олж авсан. Би Б-тай утсаар ярихаар надад мөнгө алга, чи өөрөө над руу залга, би нэгжгүй байна гэдэг. Одоо би банкны зээлтэй бас сэтгэл санаа маш их хэцүү байна. Одоо ажилдаа орох гэхээр хөл маань одоо болтол хавантай болохоор ажилдаа орох боломжгүй байгаа. Би маш их гомдолтой байна. Хохирол төлбөрт нийт 8.012.940 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч Б.Акбөкөн мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “… 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд би Пелхановын дээд сургуулийн баруун хойд талын зам дээрээс такси барих гээд замын 1-р эгнээ буюу хашлаганы хажууд зогсож байтал замын 1-р эгнээгээр баруунаасаа зүүн тийш чигтэй саарал өнгийн суудлын машин ирж байгаа харагдсан гэтэл гэнэт замын 2-р эгнээгээр саарал өнгийн Тоёота приус маркийн машин орж ирэнгүүтээ 1-р эгнээгээр явж байсан машин намайг мөргөснөөс болж би газар шидэгдэж унасан. Дараа нь би түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Миний зүүн хөл шилбээрээ хугарсан байгаа, миний зогсож байсан замын машины хөдөлгөөн сийрэг үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Би эрүүл мэндд ажил төрөл, сэтгэл санаагаараа хохирсон болохоор маш их гомдолтой байна. Эмчилгээний зардалд нийт 8.012.940 төгрөг баримтаар гарсан байгаа энэ хохирлыг жолоочоос нэхэмжилж байна. Хохирлоо гаргуулан авсан тохиолдолд ямар нэгэн санал гомдол алга байна...” гэх мэдүүлэг. /хх-25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6841 дугаартай дүгнэлт:

1.Б.Акбөкөний биед зүүн шаант ясны далд хугарал, тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх42-43/,

 

Замын Цагдаагийн албаны 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн №385 дугаартай дүгнэлт:

  1. Тоёота Приус маркийн 65-60 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 /Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ./-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Тоёота-Филтер маркийн 16-92 ХЭА улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодож явсан Д.Нямбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсарт, 2.6 Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө.
  3. /Орох хориотой тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно/.-гэсэн заалтыг зөрчсөн байх үнднэслэлтэй байна. Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зорчин явж явган зорчигчийг мөргөсөн нь Нийслэлийн засаг даргын 2012 оны “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах” тухай А/724 дүгээр захирамжийн заалтыг биелүүлээгүй байна. Уг захирамжаар авто замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус стандарын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг Энхтайвны өргөн чөлөөний тодорхой хэсгүүдэд зорчуулахаар заасан байдаг.” гэх дүгнэлт. /хх67-68/,

Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-8/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч фото зураг  /хх8-11/, Эд мөрийн баримт хураан авах тухай, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-19-20/, СиДи-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-21/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн №6841 дугаартай дүгнэлт /хх42-43/, өвчний түүх /хх-43-52/, хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан баримтууд /хх-85-126/, Тээврийн хэрэгслэлийн лавлагаа /хх-139, 141/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-143-150/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-164/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 10 минутын үед  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Пелхановын дээд сургуулийн баруун хойд талын замд “Райт финанс” ХХК-ний эзэмшлийн Тоёота приус маркийн 65-60 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд нь яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Дамбын эзэмшлийн Д.Нямбаярын жолоодож явсан Тоёота Фильтер маркийн 16-92 ХЭА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам дээр зогсож байсан явган зорчигч Б.Акбөкөний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Тоёота Королла Фиэлтэр маркийн 16-92 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.552.500 төгрөгийн шууд, 1.842.950 төгрөгийн нийт хохирол, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Акбөкөний:“… 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд би Пелхановын дээд сургуулийн баруун хойд талын зам дээрээс такси барих гээд замын 1-р эгнээ буюу хашлаганы хажууд зогсож байтал замын 1-р эгнээгээр баруунаасаа зүүн тийш чигтэй саарал өнгийн суудлын машин ирж байгаа харагдсан гэтэл гэнэт замын 2-р эгнээгээр саарал өнгийн Тоёота приус маркийн машин орж ирэнгүүтээ 1-р эгнээгээр явж байсан машин намайг мөргөснөөс болж би газар шидэгдэж унасан” гэсэн мэдүүлэг, тухайн осол болсон дүрс бичлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Акбөкөн нь гэм буруутэй этгээдээс хавтаст хэрэгт нотлох баримт бүхий нийт 8.012.940 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогчид даатгалаас олгогдсон 944.000 төгрөгийг хасч баримтаар учирсан хохиролоос 7.068.940 төгрөгийг гэм буруутай этгээд болох Б.Б-аас гаргуулж хохирогч Б.Акбөкөнд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хохирогч Б.Акбөкөн нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

Шүүгдэгч Б.Б-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй зэргийг  тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ч овогт Б-ын Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар эдлүүлэхгүй болохыг дурьдсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Б-г гэмт хэргийн хор уршигийг 1 жилийн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-гаас нийт 7.068.940 /долоон сая жаран найман мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Акбөкөнд олгосугай.
  7.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 
  8. Хохирогч Б.Акбөкөн нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР