Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 932

 

                                                       

 

 

 

 

 

 

                                                        Б.Бд холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1803004550243 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чимэдрэгзэн овгийн Баасанжамцын Б, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Пелхановын дээд сургуулийн баруун хойд талын замд “Райт финанс” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 65-60 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд нь яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэж заасныг зөрчсөний улмаас Б.Дамбын эзэмшлийн Д.Нямбаярын жолоодож явсан “Тоёота Фильтер” загварын 16-92 ХЭА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам дээр зогсож байсан явган зорчигч Б.Аий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “Тоёота Фильтер” загварын 16-92 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.552.500 төгрөгийн шууд, 1.842.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чимэдрэгзэн овогт Баасанжамцын Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар эдлүүлэхгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Бг гэмт хэргийн хор уршгийг 1 жилийн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Бгаас нийт 7.068.940 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1164 дүгээр шүүхийн шийдвэрийг хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Миний бие шүүхээс хохиролд гаргахаар шийдвэрлэсэн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд 1.552.500 төгрөгийн шууд хохирол, нийт 1.842.850 төгрөгийн хохирол учирсан гэж үйлдсэн байхад хохирогчоос нотлох баримтын шаардлага хангаагүй хохирлын баримтуудыг үндэслэн надаас 7.068.940 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хохирлын баримтуудыг дахин хянаж өгнө үү.

Миний бие үйлдсэн хэргээ хүлээж, чин санаанаасаа гэмшиж байна. Би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Учирсан хохирлыг давж давж заалдах шатны шүүхээс дахиж хянан тогтоосон дүнгээр төлж барагдуулахаа илэрхийлж байна. ...600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж, 300 цаг болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухайгаа дурдсан бөгөөд сая бас илэрхийлсэн. Хохиролд ойлгомжгүй зүйлс байна. Хохирогчийн нэхэмжилсэн 8.012.940 төгрөгийг бүхэлд нь гаргахаар анхан шатны шүүхээс даалгасан. Үүнээс даатгалаас 944.000 төгрөгийг гаргаж, үлдэгдэл 7.209.213 төгрөгийг гаргуулахаар даалгасан. Шүүгээд үзэхээр шууд хохиролд тооцохооргүй шорлог, пицца, жимс, тамхи, асаагуур зэрэг баримтуудыг хасахаар байна. Бас шатахууны зардлууд байна. Налайхаас авсан шатахууны зардлыг хасч тооцох хэрэгтэй. Ингээд шууд эмчилгээний эм, тарианы зардлын баримтыг тооцож үзэхээр 1.100.000 орчим төгрөгийн хохирол гардаг. Мөн цалин нэхэмжилдэг. Нийгмийн даатгалын дэвтэргүй, ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолтоос өөр баримтгүй учраас хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхойгүй байна. Бас асрагчийн зардал 1.440.000 төгрөг, 1.360.000 төгрөгийг ямар ч баримтгүйгээр гаргахаар даалгасан байна. Дээрээс нь хагалгааны хадаас, тэрэг, ор хоногийн мөнгө зэрэгт баримт байхгүй. Эдгээрийг баримтын үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй. Б.Дамбын машины хохирол болох 1.800.000 төгрөгийг даатгалаас барагдуулсан учраас Б.Дамба гомдол гаргаагүй.

Иймд миний тооцож үзсэнээр хохирлын үлдэгдэл 156.000 төгрөг болж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж, хохирол төлөхөө илэрхийлсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хохирол төлөхөө илэрхийлэх гэснийг хөнгөн ангилалд хуульчилж өгсөн. Иймд нийтэд тустай ажил хийлгэх 600 цагийг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирол дээр маргаантай гэж байна. Б.Б өөрөө материал бүрдүүлж, 944.000 төгрөгийг гаргуулахаар даатгалд хандаагүй. Эдгээр баримтуудыг хохирогч Б.А өөрөө прокурорын байгууллагаас хуулбарлан авч, эрүүл мэндийн даатгалд хандсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан.  Анхан шатны шүүх хохирлыг бүхэлд нь төлүүлэхээр шийдсэн нь үндэслэлтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Мөн хохирогчид төлөх төлбөрөө төлөөгүй. Иргэний хуульд “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол тухайн цалин хөлс болон олох ёстой орлогыг төлөх ёстой” гэж заасан байдаг учраас анхан шатны шүүхээс хохирогчид нэхэмжилсэн баримтын хүрээнд хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Пелхановын дээд сургуулийн баруун хойд талын замд “Райт финанс” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 65-60 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд нь яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэж заасныг зөрчсөний улмаас Б.Дамбын эзэмшлийн Д.Нямбаярын жолоодож явсан “Тоёота Фильтер” загварын 16-92 ХЭА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам дээр зогсож байсан явган зорчигч Б.Аий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “Тоёота Фильтер” загварын 16-92 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.552.500 төгрөгийн шууд, нийт 1.842.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Аий “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд би “Пелханов”-ын сургуулийн баруун хойд талын зам дээрээс такси барих гээд замын 1 дүгээр эгнээ буюу хашлаганы хажууд зогсож байтал замын 1 дүгээр эгнээгээр баруунаасаа, зүүн тийш чигтэй саарал өнгийн суудлын машин ирж байгаа харагдсан. Гэтэл гэнэт замын 2 дугаар эгнээгээр саарал өнгийн “Тоёота Приус” загварын машин орж ирээд 1 дүгээр эгнээгээр явж байсан машин намайг мөргөснөөс болж би газар шидэгдэж унасан. Дараа нь би түргэний машинаар Гэмтлийн эмнэлэг явсан. Миний зүүн хөл шилбээрээ хугарсан байгаа, миний зогсож байсан газар замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Би эрүүл мэнд, ажил төрөл, сэтгэл санаагаараа хохирсон болохоор маш их гомдолтой байна. Эмчилгээний зардалд нийт 8.012.940 төгрөг баримтаар гарсан байгаа, энэ хохирлыг жолоочоос нэхэмжилж байна. Хохирлоо гаргуулан авсан тохиолдолд ямар нэгэн санал гомдол алга байна. ...” /хх-ийн 25-27/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Б.Аий биед зүүн шаант ясны далд хугарал, тавхайд шарх бүхий хүндэвтэр гэмтэл...” учирсан болохыг тогтоосон шинжээчийн 6841 тоот дүгнэлт /хх-ийн 42-43/,

Замын цагдаагийн албаны “Тоёота Приус” загварын 65-60 УНД улсын дугаартай тээврийн хэсэгслийг жолоодож явсан Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 /Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Тоёота Филтер загварын 16-92 ХЭА улсын дугаартай тээврийн хэсэгслийг жолоодож явсан Д.Нямбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт, 2.6 /Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө. Орох хориотой тээврийн хэрэгсэл тэмдэгээс цааш орохыг хориглоно./ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” болохыг тогтоосон 385 дугаар дүгнэлт /хх-ийн 67-68/,

Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх-ийн 8-11/, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бгийн “...600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж, 300 цаг болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд буюу Б.Бд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хувийн байдалд тохирчээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас нийт 7.068.940 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Пелхановын дээд сургуулийн баруун хойд талын замд “Райт финанс” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 65-60 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд нь яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэж заасныг зөрчсөний улмаас Б.Дамбын эзэмшлийн Д.Нямбаярын жолоодож явсан “Тоёота Фильтер” загварын 16-92 ХЭА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам дээр зогсож байсан явган зорчигч Б.Аий эрүүл мэндэд “зүүн шаант ясны далд хугарал, тавхайд шарх” бүхий хүндэвтэр гэмтэл учруулжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заажээ.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх нэг хүчин зүйл болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн нягтлаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Хавтас хэрэгт бараа худалдан авсан барааны баримт /нэмэгдсэн өртгийн албан татвар/-ууд /хх-ийн 86-101, 114-120/, нэр бүхий арилжааны банкуудын зарлагын баримтууд /хх-ийн 102-112, 121-123/, хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нэхэмжлэл /хх-ийн 85, 120/ зэрэг хохирлын баримтууд тус тус авагджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл гэмт хэрэг гарахаас өмнө бараа бүтээгдэхүүн худалдан авсан талаарх 24 дугаартай баримт /хх-ийн 92/, Skytel 91050552 дугаарын ярианы төлбөр төлсөн 20, 5, 8 дугаар баримтууд /хх-ийн 91, 115/, хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримтууд /Пицца, шорлог, жимс, ус гэх мэт/, мөн нэр бүхий арилжааны банкуудын ямар зорилгоор юу худалдан авсан эсэх нь тодорхойгүй зарлагын баримтууд, хэнд, ямар зорилгоор тодорхой төгрөгийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй мөнгөн шилжүүлэг /хх-ийн 93/ зэргээс үзэхэд уг баримтууд нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шууд хамаарал бүхий баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт хохирогчийн хэрэглэсэн гэх пицца, шорлог, жимс гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэх ёстой гэсэн эрх бүхий эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлт авагдаагүй байх тул дээр дурдсан нотлох баримтуудыг гэмт хэргийн шууд хохиролд тооцох боломжгүй.

 

Мөн хохирогч Б.А нь цалин нэг өдөрт 30.000 төгрөг, 15 хоногоор тооцож 450.000 төгрөг /хх-ийн 120/, нөхөр буюу сахиур хувиараа наймаа хийдэг, өдрийн орлого дунджаар 80.000 төгрөг байдаг, 18 хоногоор тооцож 1.440.000 төгрөгийг /хх-ийн 85/ тус тус нэхэмжилсэн байх бөгөөд хавтас хэрэгт “Эм Ай Ю” бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Д.Гэрэлмаагийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 80 дугаар тодорхойлолт авагджээ. /хх-ийн 124/

 

Хохирогч Б.Аийг хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг нотолсон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүнчлэн түүний нөхөр өдөрт 80.000 төгрөгийн орлого олдог байсан эсэхийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй байх тул дээр дурдсан баримтуудаар нэхэмжилсэн хохирлыг хохирлын хэмжээнээс тус тус хасч тооцох нь зүйтэй.

 

Эдгээр хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийвэл хохирогч Б.Ад гэмт хэргийн улмаас нийт 1.124.394 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд даатгалаас олгосон 944.000 төгрөгийг хасч, шүүгдэгч Б.Бгаас нийт 180.394 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Бг гэмт хэргийн хор уршгийг 1 жилийн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Гэвч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй тул шүүгдэгч Б.Бг гэмт хэргийн хор уршгийг 1 жилийн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...хохирлын баримтыг дахин нягталж өгнө үү...” гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: