Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01476

 

 

 

 

 

2017 06 28

1476

 

 

 

 

 

Д.Түмэнхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/01202 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Түмэнхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ийст эжиа энержи ХХК, БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан /Woo Taekwang/ нарт холбогдох

 

Компанийн 1 526 ширхэг хувьцааны эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Түмэнхүүгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн "Ийст эжиа энержи" ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалд 1 сарын 2 000 ам.долларын- цалинтайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж ажилласан. Энэ хугацаанд миний бие тус компанийн Монгол улс дахь бүхий л үйл ажиллагааг удирдан чиглүүлж амжилттай ажилласан.

Компанийн үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Ү Тэ Гуантай тохиролцсоны дагуу "Ийст эжиа энержи" ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг эзэмшихээр болсон. Хувьцааг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хувьцаа бэлэглэх тухай гэрээ, Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус үйлдэж, нотариатоор гэрчлүүлэн шилжүүлж авсан. Улмаар улсын бүртгэлд бүртгүүлэлгүй хэсэг хугацаа өнгөрсөн болно.

Гэтэл 2016 оны 12 сард намайг "Ийст эжиа энержи" ХХК-иас халж, хамтран ажиллахгүй гэдгээ компанийн үүсгэн байгуулагч илэрхийлсэн. Миний бие тус компанийг үүсгэн байгуулсан цагаас нь ажиллаж өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулж үр шимд нь компанийн хувьцаа эзэмших эрхтэй бөгөөд "Ийст эжиа энержи" ХХК-ийн 1,526 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: "Ийст эжиа энержи" ХХК нь Улаанбаатар хотод 200 м.вт-ын цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж байна. Хариуцагчийн хэрэгжүүлж буй уг цахилгаан станц нь бензин, 1 дизель, керосинийг гаргасны дараа үлддэг мазут гэх түлшийг хэрэглэнэ. Иймд ОХУ-ын Газпром группээс "Мазут М100" түлшийг хямд үнээр нийлүүлэх шаардлага бий болсон. Энэ ажлыг гардан хийж гүйцэтгэх үүргийг тухайн үед "Ийст эжиа энержи" ХХК-ийи гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Түмэнхүүд даалгаж, тэрээр уг ажлыг хийж гүйцэтгэж чадвал компанийн хувьцаанаас 10 хувийн хувьцааг шилжүүлж өгөх саналыг манайд тавьсан. Түүний санлыг зөвшөөрч Д.Түмэнхүүтэй 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр компанийн 10 хувийн хувьцааг түүнд бэлэглэх гэрээ хийсэн. Ингэхдээ ажлаа хийж бүтээсний дараа албан ёсоор компанийн хувьцааг улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлнэ гэж тохиролцсон. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр Д.Түмэнхүү нь ОХУ-ын Москва хот руу нийт 3 удаа явсан ба ажлын зардалд 30 000 гаруй ам.доллар хэрэглэсэн. Нэхэмжлэгч ажлын үр дүнд ОХУ-ын Газпром группын холбогдох хүмүүстэй уулзсан, хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон гэж хэлсэн. Ингээд нэхэмжлэгчийн дагуулж ирсэн Газпром группийн ажилтан гэх ОХУ-ын иргэн, тухайн үеийн ашигт малтмалын газрын төрийн нарийн бичгийн дарга, сэтгүүлч нар оролцсон түлш нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч гэрээ хийх боломжгүй гэсэн хариу өгч, холбогдох боломжгүй байгаа зэргээс харахад тус санамж бичиг нь хуурамч зүйл байсан нь тодорхой болсон. Нэхэмжлэгч нь Газпром групптэй хийх гэрээний ажлыг хийгээгүйгээс гадна худал ярьж, хохирол учруулсан. Иймээс нэхэмжлэгчийг цаашид тус компанид ажиллуулах боломжгүй болсон учир цалингийн тооцоог хийж дуусгаад ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэгчийн амласан ОХУ-ын Газпром групптэй түлш нийлүүлэх гэрээ хийж чадаагүй тохиолдолд тус цахилгаан станцын төсөл их хэмжээний хохирол амсч эцэст нь манай компани хаалгаа барихад хүрч байна.

Ийм нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа нэхэмжлэгч ямар ч үнэ цэнэгүй мөн хүчинтэй хугацаа нь дууссан гэрээгээр далимдуулан манай компанийн 10 хувийн хувьцааг эзэмшихээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.4 дэх хэсэгт зааснаар Д.Түмэнхүүг "Ийст эжиа энержи" ХХК-ийн 1 841 ширхэг хувьцаа эзэмшигчээр тогтоож, улсын бүртгэлд холбогдох бүртгэлийг хийлгэхийг хувьцаа эзэмшигч, БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан /Woo Taekwang/, "Ийст эжиа энержи" ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Түмэнхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 250 143 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан /Woo Taekwang/, "Ийст эжиа энержи" ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 250 143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Түмэнхүүд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга давж заалдах гомдолдоо: Д.Түмэнхүүтэй 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нотариат орж компанийн хувьцааг түүнд бэлэглэх гэрээг хийсэн. Манай зүгээс бэлэглэгчийг гомдоосон ноцтой шалтгаан байгаа талаар тайлбартай дурдсан. Үүнийг тухайн үед байлцсан компаний ажилтан Ц.Хүдэрчулуун, Н.Баясгалан гэх гэрч нар гэрчлэх болно. Нэхэмжлэгч Д.Түмэнхүү нь илт худал зүйл хэлж ярьж бэлэглэгчийг гомдоосон тул бид хувьцаагаа түүнд шилжүүлэхээс татгалзаж улмаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Бид үүнийг анхан шатны шүүхэд тайлбарлаж хэлсээр байтал бэлэглэгч бэлгээсээ татгалзах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна.

Тус бэлэглэлийн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус бөгөөд Ийст эжиа энержи ХХК нь өөрөө монгол улсад бүртгэлтэй, хувьцааны үнэ, дүрмийн сан нь төгрөгөөр үнэлэгддэг компани юм. Гэтэл тухай үед хийсэн гэрээ нь ам.доллараар хийгдсэн байдаг. Энэ өөрөө нь Компанийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжыг зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл гэж үзнэ. Мөн Ийст эжиа энержи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга миний бие компанийг төлөөлөх эрхийг 2 хувьцаа эзэмшигчийн нэг болох Ү Тэ Гуан-аас авсан. Энэ нь Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлд заасантай харшилж байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Түмэнхүү нь хариуцагч Ийст эжиа энержи ХХК болон БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан /Woo Taekwang/-д холбогдуулан Ийст эжиа энержи ХХК-ийн 1526 ширхэг хувьцааны эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдол бүхий баримт хэрэгт авагдаагүйгээс давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Д.Түмэнхүү нь хариуцагч БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан нар хувьцаа бэлэглэх тухай болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж,

хувьцаа бэлэглэх гэрээгээр бэлэглэгч Ү Тэ Гуан нь гадаадын хөрөнгө оруулалттай Ийст эжиа энержи ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 10 ам.долларын үнэ бүхий 1526 ширхэг нийт 15 260 ам.долларын хувьцааг бэлэг хүлээн авагч Д.Түмэнхүүд бэлэглэж, түүний өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр,

компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэгч Ү Тэ Гуан нь Ийст эжиа энержи ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу өөрийн эзэмшлийн нэг бүр нь 10 ам.долларын үнэ бүхий 1560 ширхэг нийт 15 260 ам.долларын хувьцаа эзэмших эрхийг хувьцаа бэлэглэх гэрээг үндэслэн Д.Түмэнхүүд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэлд хариуцагч компанийн нийт хувьцааны 10 хувийн өмчлөгчөөр тогтоолгох гэж заасан боловч хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний алийг нь үндэслэн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй.

 

Хэргийн 56-59 дүгээр талд авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Ийст эжиа энержи ХХК-ийн дүрмээр тус компанийн үүсгэн байгуулагч нь БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан, Хё Мүн Ран нар нь тус бүр 151 728 ширхэг хувьцаа эзэмшиж байх ба нэхэмжлэгч тус компанийн 10 хувийн хувьцааг компанийн үүсгэн байгуулагч Ү Тэ Гуаны одоогийн эзэмшлийн 151 728 ширхэг хувьцааны 10 хувийн эзэмшигчээр тогтоолгох аль нь болохыг тодруулах шаардлагатай.

 

Хэрэв нэхэмжлэгч нь компанийн үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Ү Тэ Гуанд ногдох хувьцааны 10 хувийн хувьцааг эзэмших шаардлага гаргаж байгаа бол тухайн этгээдтэй гэрээ байгуулах үед хариуцагч БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан тус компанийн нийт хувьцааны хэдэн хувийг эзэмшиж байсан, тэрээр бусдад компанийн хувьцаа эзэмших эрхийг дангаар шилжүүлэх эрхтэй байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/01202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ийст эжиа энержи ХХК болон БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан нарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ