Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01226

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01226

 

 

 

З.М -нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00455 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.М , Я.Б нарын, хариуцагч Г.М -д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай, түүний өмгөөлөгчД.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26 дугаар байрыг буулгаж шинээр Флора таур нэртэй барилгын төслийн ажил хэрэгжүүлэх ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед Г.М -тай уулзаж Я.Б , З.М нарын хамтран өмчилдөг байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 74-22 тоот, 41.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Г.М -д арилжааны гэрээгээр шилжүүлэх, Г.М - уг байрыг барьцаалж 8 хувийн зээл авч барилгад хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцсон. Энэ тохиролцоог хийхдээ талууд дүр үзүүлэн арилжааны гэрээ байгуулсан боловч орон сууцыг шилжүүлж өгснөөс хойш 8 хувийн зээл авах асуудал бүтээгүй. З.М нь төслөө цааш хэрэгжүүлэх шаардлагатай учир 26 дугаар байрын 2, 9, 10 тоот байруудыг авахын тулд БНХАУ-ын иргэн Цао Жин Чуаны 160 000 000 төгрөгийн зээлийн өрийг дарж 100 000 000 төгрөгийн зээл авсан гэж гэрээ байгуулаад өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 14 дүгээр байр, 2в тоот, 2 өрөө орон сууцаа н.Солонго гэдэг хүний барьцаанд тавьсан. Ийм тохиролцооны дагуу дээрх 3 орон сууцуудыг З.М , Я.Б нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч арилжааны гэрээгээр өгөх гэж байгаа байр Г.М -гийн нэр дээр байсан учраас гэрээнүүдийг яаралтай хийхийн тулд 3 орон сууцыг Г.М -д шилжүүлсэн. Г.М - нь тухайн орон сууцуудыг нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгүүлнэ гэж тохиролцсон боловч энэ тохиролцоогоо биелүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байрны 2, 9, 10 тоот орон сууцуудыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.М - шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байрны 2 тоот, 9а тоот, 10 тоот орон сууцуудыг мэдэхгүй, нарийн ямар учиртайг нь ойлгоогүй, манай найз М.Бямбадорж намайг дуудаж энэ 3 орон сууцыг миний нэр дээр шилжүүлж авсан. Энэ байрны мөнгийг би өөрөө төлсөн гэж М.Бямбадорж хэлсэн, тийм учраас би мэдэхгүй М.Бямбадорж мэднэ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байрны Ү-2206000921, Ү-2206001331, Ү-2206003993 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 2 тоот, 9а тоот, 10 тоот байруудын өмчлөх эрхийг З.М , Я.Б нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.М -д даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Г.М -гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад шүүх хуралдааны зарыг албан ёсоор мэдэгдэж гарын үсэг зуруулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн мэтгэлцэх болон тэгш эрхийн зарчмыг хангалгүйгээр нэхэмжлэгчид илт давуу байдлыг үүсгэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүхийн харъяаллыг илт зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг маргаан үүсгэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13,14,15,20 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад болон нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч З.М , Я.Б нь хариуцагч Г.М -д холбогдуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар байр, Ү-2206000921, Ү-2206001331, Ү-2206003993 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 2 тоот, 9а тоот, 10 тоот орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн байна. Тодруулбал, хэргийн 160-161 дэх талд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас авагдсан байгаа хэдий ч хариуцагч Г.М -, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав нарт уг мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан үүргээ шүүх хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн...шүүх хуралдааны тов мэдэгдэж, гарын үсэг зуруулаагүй... гэх гомдол үндэслэлтэй.

Түүнчлэн хэргийн оролцогчдод хэргийн материалтай танилцуулснаас хойш нэмэгдэж ирсэн нотлох баримтуудыг шүүх хариуцагч талд танилцуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзнэ. /хх96/ Мөн шүүх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосны улмаас уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. /хх-165-166/

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД