Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00455

 


 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2020/00455 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ........тоотод оршин М  /РД: УЖ....../,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ............. тоотод оршин Б /РД:......./ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод, 1 дүгээр баг, Номт, ..... тоотод оршин суух, Ма  /РД:........../-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мө, нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч МӨ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.М ын хувьд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны ...... дугаар байрыг буулгаж шинээр Ф  нэртэй барилгын төслийн ажил хэрэгжүүлэх ажил хийж гүйцэтгэсэн. Энэ үед Ма тай уулзаж Б, М  нарын хамтран өмчилдөг байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......   тоот хаягт байрлах 41.5 мкв талбайтай 2 өрөө байрыг Ма  руу арилжааны гэрээгээр шилжүүлж өгөөд Ма  уг байрыг барьцаалж 8 хувийн зээл авч барилгад хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байдлаар тохиролцсон. Энэ тохиролцоо хийхдээ дүр үзүүлсэн арилжааны гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл тухайн байрыг Ма гийн өмчлөлд шилжүүлж оронд нь Ма гийн Toyota Tundra маркийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх гэсэн арилжааны гэрээг дүр үзүүлэн байгуулж тус өдөр улсын бүтгэлд бүртгүүлж Ма гийн өмчлөлд орон сууцаа шилжүүлж өгсөн. Орон сууцыг шилжүүлж өгснөөс хойш 8 хувийн зээл авах асуудал бүтээгүй. М ын хувьд тухайн төслөө цааш хэрэгжүүлэх шаардлагатай байсан, энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд .......   дугаар байрын өмчлөгч нарын эрхийг авах шаардлагатай байсан. Ийм учраас .......   дугаар байрын 2, 9, 10 тоот байруудыг өмчилдөг БНХАУ-ын иргэн Ц тай 3 байрны эрхийг авах талаар М  ярьж тохиролцсон. Энэ 3 байрыг авахын тулд өөрийнхөө өмчлөлийн Ма гийн нэр дээр бүртгэлтэй байгаа 2 өрөө байрыг өгч, БНХАУ-ын иргэн Ц ы О д 160,000,000 төгрөгийн зээлийн өрийг дарж 100,000,000 төгрөгийн зээл авсан гэж гэрээ байгуулаад үүнийг төлнө гэж үүрэг хүлээгээд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ......... тоот байршилтай 2 өрөө байраа Солонго гэдэг хүний барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулсан. Ийм тохиролцооны дагуу 3 байрыг М , Б нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч арилжааны гэрээгээр өгөх гэж байгаа байр Ма гийн нэр дээр байсан учраас гэрээнүүдийг яаралтай хийхийн тулд Ма д үүрэг өгч, энэ гэрээнүүдийг байгуулаад БНХАУ-ын иргэн Ц-гийн өмчлөлд байсан 3 байрыг өөрийнхөө өмчлөлд Ма  шилжүүлж авсан. Энэ тухай Ма  тайлбар гаргахдаа би энэ талаар сайн мэдэхгүй байна гэж хэлж байгаа нь энэ байдлыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг, Ма  тухайн байруудыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн буцаагаад нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгүүлнэ гэж тохиролцсон боловч энэ тохиролцоогоо биелүүлэхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хууль 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол тухайн эд хөрөнгийг шаардах эрхтэй гэж заасныг үндэслэж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, .......   дугаар байрын 2, 9, 10 тоот байрнуудыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Учир нь Ма гийн хувьд тухайн байрыг өмчлөх ямар нэгэн эрх байхгүй. Нэхэмжлэгч нар тухайн үед байруудыг өмчилж байсан БНХАУ-ын иргэн Цтай тохиролцсоны үндсэн дээр түүний өрийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдог. Өөрөөр хэлбэл 74-22 байр нэхэмжлэгч нарын өмчлөлд байсан нь арилжааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар нотлогдоно. Тухайн байр Ма гийн нэрээс Цаогийн нэр дээр шилжсэн байдал нь харагддаг. Мөн Цаогийн 160,000,000 төгрөгийг О д төлсөн болох нь О гийн мөнгө хүлээж авсан баримт, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс үүрэг дуусгавар болох тухай хэлцлийг хийсэн байдал, Цаогийн байр О гийн барьцаанд байсан болох нь, Солонготой хийсэн зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээд нь нэхэмжлэгч нар болох нь нотлогдож байна. Арилжааны гэрээний хувьд Toyota Tundra автомашиныг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлнэ гэж тохиролцсон боловч шилжээгүй байдал нь Авто тээврийн үндэсний төвөөс авсан тухайн автомашины лавлагаагаа нотлогддог. Ийм учраас арилжааны гэрээ хэрэгжээгүй. Анхнаасаа арилжих зорилготой гэрээ байгуулаагүй. Хөрөнгө оруулах зорилготой дүр үзүүлж байгуулж тухайн өөрийнхөө эд хөрөнгийг шилжүүлсэн байдал нь нотлогддог. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө шилжүүлсэн этгээдээс буцаагаад эд хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй. Тухайн эд хөрөнгө өөр эд хөрөнгөөр сольсон, одоо дээрх 3 орон сууц нураагдсан тул 3 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг хүссэн, Ма гаас нэр шилжүүлэхийг шаардах эрх үүсэж байна гэв.

 

Хариуцагч Г.Ма  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, .......   дугаар байрны 2 тоот, 9а тоот, 10 тоот байруудыг миний бие мэдэхгүй, нарийн ямар учиртайг нь ойлгоогүй, манай найз Б  намайг дуудаж энэ 3 байрыг миний нэр дээр шилжүүлж авсан, тэгээд энэ байрны мөнгийг би өөрөө төлсөн гэж Б  хэлсэн, тийм учраас би мэдэхгүй Б  мэднэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх З.М , Я.Б нарын гаргасан нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, .......   дугаар байрны 2 тоот, 9а тоот, 10 тоот байруудыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Г.Ма д холбогдуулан анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж дээрх байрнуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг хүссэн байна.

 

Хариуцагч 2019.05.08-ны нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа татгалзсан эсхүл зөвшөөрсөн тайлбараа ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх, энэ хугацаанд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй байхаар тус тус заасан ба хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй болно.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч З.М , Я.Б нар 2017.02.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээг Г.Ма тай байгуулсан, гэрээний зорилгыг өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 74 дүгээр байрны 22 тоот хаягт байрлах, 41.5 кв/м талбай бүхий 2 өрөө, ........... гэрчилгээний дугаартай, .......... улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг Б тал буюу Г.Ма гийн өмчлөлд, харин Б талын өмчлөлийн ToyotaTundra маркийн ......... улсын дугаартай ачааны автомашиныг А талын буюу өөрсдийн өмчлөлд харилцан шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж тодорхойлжээ.

Гэрээний 2-т гол нөхцөлүүдийг тохирсон байх бөгөөд А талын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 85,000,000 төгрөгөөр, Б талын өмчлөлийн ачааны автомашиныг 85,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, арилжиж буй хөрөнгийн хувьд үнийн зөрүү байхгүй гэж заасан байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаагаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............... тоот хаягт байрлах, 41.5 кв/м талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2017.01.30-ны байдлаар Я.Б бүртгэгдсэн байсан, харин 2017.02.10-ны өдөр арилжсан гэх үндэслэлээр өмчлөх эрхийг шилжүүлсэн, улмаар Г.Ма  өмчлөгч болсон байна.

Харин Авто тээврийн үндэсний төвийн 2019.06.21-ний өдрийн 435 дугаар лавлагаа, хавсаргасан баримт, өмнөх өмчлөгчдийн жагсаалтаас үзэхэд 2017.02.10-ны үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээг байгуулах үед Г.Ма гийн өмчлөлд байгаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд ToyotaTundra маркийн .......... улсын дугаартай ачааны автомашины одоогийн улсын дугаар нь .........., Г ХХК-ийн эзэмшилд байна.

Тухайн үед арилжааны гэрээний дагуу ачааны автомашин нэхэмжлэгч нарын нэр дээр шилжээгүй, дээрх гэрээний дагуу Г.Ма гийн нэр дээр орон сууцыг шилжүүлсэнээр банкны зээл авах, нэхэмжлэгч З.М ын санаачлан хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Арьс ширний .......   дугаар байрыг буулгаж шинээр орон сууц барих Ф  барилгын төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай болсон гэж нэхэмжлэгч нар тайлбарлажээ.

Иймд талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх бөгөөд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Тэрээр Г.Ма д банкны зээл олгогдоогүй, Ф  барилгын төсөл хэрэгжүүлэхийн тулд буулгагдаж байгаа .......   дугаар байрны өмчлөгчдийн 80-аас доошгүй хувийн саналыг авах авсан байх шаардлага үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч З.М , Я.Б нар нь Г.Ма гийн нэр дээр шилжүүлсэн өөрсдийн 2 өрөө орон сууцыг БНХАУ-ын иргэн Ц ы өмчлөлд байсан Арьс ширний .......   дугаар байрны 3 орон сууцаар солихоор болсон байна.

Нэхэмжлэгч нар нь БНХАУ-ын иргэн Ц тай харилцан тохиролцож, 2017.04.21-ний өдрийн орон сууцны арилжааны 4 гэрээг тус тус Г.Ма гийн нэрээр байгуулсан, дээрх гэрээнүүдийн дагуу иргэн Ц ы өмчлөлд байсан Хан-Уул дүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний .......   дугаар байрны 24 м/кв талбайтай 9а тоот, 28 м/кв талбайтай 2 тоот, 25 м/кв талбайтай 10 тоот сууцыг тус тус Г.Ма гийн нэр дээр шилжүүлсэн, харин Г.Ма гийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .............. тоот хаягт байрлах, 41.5 м/кв талбай бүхий 2 өрөө сууцыг Ц ы нэр дээр шилжүүлсэн, мөн арилжиж буй үл хөрөнгүүдийг тус тус 45,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн зөрүү байхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн албан тоот, хавсаргасан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний .......   дугаар байрны 9а тоот, 2 тоот, 10 тоот сууцнуудын ............ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд 2017.04.27-ны өдөр Г.Ма гийн нэр дээр, харин Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............. тоот хаягт байрлах, 41.5 м/кв талбай бүхий 2 өрөө сууцны ............. дугаар гэрчилгээ Ц ы нэр дээр тус тус олгогдсон байна.

Улмаар Ц  нь Б.О д 157,500,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хурамжид 945,450 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан, дээрх 3 сууцыг барьцаалсан байсан гэх бөгөөд З.М  нь 2017.04.21-нд 1.......  ,500,000 төгрөг, 945,450 төгрөг, 31,000 төгрөгийг тус тус байр худалдан авах гэсэн гүйлгээний утгатай Ц ы өмнөөс шилжүүлсэнээр үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл Б.О , Ц  нарын хооронд байгуулагдаж, дээрх 3 орон сууцыг барьцаанас чөлөөлсөн болох нь Б.О , З.М  нарын тодорхойлолт, мөнгө шилжүүлсэн баримт, үүрэг дуусгавар болсон хэлцэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснааар үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний .......   дугаар байрны 9а тоот, 2 тоот, 10 тоот сууцнуудын өмчлөх эрх З.М , Я.Б нарт шилжих, ............ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нэхэмжлэгч нарын нэр дээр олгогдох байжээ.

Хэрэгт авагдсан фото зураг, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Ф  барилгын ажил 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн, Арьс ширний .......   дугаар байр нураагдсан байх тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг хүссэн нэхэмжлэгч нарын шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний .......   дугаар байрны 9а тоот, 2 тоот, 10 тоот сууцнуудын өмчлөх эрхийг З.М , Я.Б нарт шилжүүлэн өгөхийг Г.Ма д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заажээ.

Хариуцагч Г.Ма  дээрх үйл баримтуудын талаар мэдэхгүй гэх бөгөөд өөрийн найз Б ийн хүссэнээр гэрээнд гарын үсэг зурсан гэдэг, 2019.06.25-ны өдрийн итгэмжлэлээр өөрийгөө төлөөлүүлж М эрхийг олгосон байх боловч төлөөлөгч нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т зааснаар эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, .......   дугаар байрны Ү-........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 2 тоот, 9а тоот, 10 тоот байруудын өмчлөх эрхийг З.М , Я.Б нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.Ма д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ