Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01474

 

 

 

 

2017 06 28

1474

 

 

 

Н.Соёлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00818 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Соёлмаагийн хариуцагч Р.Одхүүд холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, нөхөн гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Соёлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Соёлмаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2000 онд Р.Одхүүтэй танилцаж, улмаар дотносон, хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын явцад 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү О.Сумьяабазар, О.Дамдинбазар /13 настай/ нар мэндэлсэн. Р.Одхүү бид хоёр зан байдлын хувьд таарамжгүй, хоорондоо үл ойлголцох болж улмаар 2008 оноос тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдүүд миний асрамжинд эрүүл энх өсөн бойжиж, сурч боловсорч байгаа. Иймд Р.Одхүүгээс хуулийн дагуу хүүхдүүдийн тэтгэлэгийг тогтоолгон гаргуулах, 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Р.Одхүү болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэгч Н.Соёлмаа 2008 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд хүү О.Дамдинбазар, О.Сумьяабазар нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч Р.Одхүү 2008 оноос 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хүү О.Дамдинбазар, О.Сумьяабазар нарыг өсгөх, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж ирсэн. Хүүхдүүдээ цаашид өсгөх, тэжээн тэтгэх, сурч боловсроход туслах үүргээ Р.Одхүү биелүүлж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Сумъяабазар, О.Дамдинбазар нарыг эх Н.Соёлмаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Сумъяабазар, О.Дамдинбазар нарыг 16 нас хүртэл, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Р.Одхүүгээр тэжээн тэтгүүлж, хүү О.Сумъяабазар, О.Дамдинбазар нарт 2008 оноос 2017 оны 1 сар хүртэл тэтгэлгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг сануулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Одхүүгээс 101 092  төгрөгийг улсын төсөвт нөхөн төлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Соёлмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлгийн чөлөөтэй байгаа шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, эмнэлгийн чөлөөний хуудсыг хавсаргаж өгсөн. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар шүүх хуралдаан хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаанаа бичгээр гаргасан хүсэлтдээ дурдсан байхад мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга намайг шүүх хуралдаанд биеэр оролцон, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, хариуцагчтай эвлэрэх, тайлбар, нотлох баримт гаргах хуульд заасан эрхийг хангаж өгөлгүй үндэслэлгүй шийдвэр гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 40 дүгээр зүйлийг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй тул хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Н.Соёлмаа нь хариуцагч Р.Одхүүд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, нөхөн гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2000 онд танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү О.Сумъяабазар, О.Дамдинбазар нарыг төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2008 оноос хойш тусдаа амьдарч, насанд хүрээгүй хүүхдүүд эх Н.Соёлмаагийн асрамжид байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Талууд хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргаж маргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь буруу, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг, эхийн өргөдлийг үндэслэн шүүх тогтооно гэснийг зөрчсөн байх тул шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй. Бүртгэлтэй гэр бүл цуцлагдах тохиолдолд хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэнд хариуцуулах талаар шүүх шийддэг.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээн тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд шүүх хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд ногдох тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тогтоосон байна.

 

Шүүх 13 нас 10 сартай хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож шийдвэрлэхдээ хуулийн дээрх зүйл заалтыг давхар баримталсан нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэснийг хасах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн 2008 оноос 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан ... тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан... тохоиолдолд тэтгэлгийг нөхөн төлүүлэхээр зохицуулсан бөгөөд хуульд заасан ийм нөхцөл байдал үүссэн гэх баримт байхгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт хавсаргаж өгсөн байхад хэргийг эзгүйд шийдвэрлэж, хуульд заасан эрхийг хангаагүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэргийн 35-36 дугаар талд авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмчийн гарын үсэг байхгүй, баталгаажуулсан тэмдэг дарагдаагүй, мөн уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн зүгээс тухайн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн 184/ШШ2017/00818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож,

2 дахь заалтын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэснийг хасч, тэжээн тэтгүүлсүгэй гэснийг тэжээн тэтгүүлж, хүү О.Сумъябазар, О.Дамдинбазар нарт 2008 оноос 2017 оны 01 сар хүртэл тэтгэлгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж, 7 дахь заалтыг 6 гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 100 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ