Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 818

 

    2017 оны 04 сарын 06 өдөр

     Дугаар 184/ШШ2017/00818

          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаа

Нэхэмжлэгч: Есү овогтой Нэргүйгийн Соёлмаа /РД:УС78120108, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, өнөр хороолол, 30 дугаар байр, 3 тоотод оршин суудаг/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Боржигон овогтой Равдангийн Одхүү /РД:ШГ75051210, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон 104 дүгээр байр, 55 тоотод оршин суух/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нөхөн гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Соёлмаа, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Н.Соёлмаа миний бие 2000 онд Р.Одхүүтэй танилцаж, улмаар дотносон үерхэн, хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын явцад 2003-09-13-нд хүү Сумьяабазар /13 настай/ хүү О.Дамдинбазар /13 настай/ нар мэндэлсэн /ихэр/. Р.Одхүү бид хоёр зан араншингийн таарамжгүй байдал, хоорондоо үл ойлголцох болж улмаар 2008 оноос тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдүүд минь миний асрамжинд эрүүл энх өсөн бойжиж, сурч боловсорч байгаа.

            Иймд Р.Одхүүгээс хүүхдүүдийн хууль ёсны тэтгэлэгийг тогтоолгон гаргуулах,

            2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

           

Хариуцагч Р.Одхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “Нэхэмжлэгч Н.Соёлмаа 2008 оноос нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргах өдрийг хүртэл хугацаанд хүү О.Дамдинбазар, О.Сумьяабазар нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч Р.Одхүү 2008 оноос Н.Соёлмаагийн нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 10 -ны өдрийг хүртэл хугацаанд хүү О.Дамдинбазар. О.Сумьяабазар нарыг өсгөх тэжээн, тэтгэх үүргээ биелүүлж ирсэн. Хүүхдүүдээ цаашид өсгөх, тэжээн тэтгэх, сурч боловсроход туслах үүргээ Р.Одхүү биелүүлж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Соёлмаа нь хариуцагч Р.Одхүүд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 2000 онд Чех улсад ажиллаж байх үедээ танилцаж, 2003 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү О.Сумъяабазар /Г-1736/, О.Дамдинбазар /Г-1737/ нар /ихэр/ төрсөн болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж буй өрхийн эмчийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2008 оноос тусдаа амьдарч, хариуцагч Р.Одхүү нь 2009-2014 онд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хүү О.Сумъяабазар, О.Дамдинбазар нарыг эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч тал маргаагүй, хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгч Н.Соёлмаагийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйд нийцнэ.

Нэхэмжлэгч Н.Соёлмаа нь 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулахаар нэхэмжилсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 49 дүгээр зүйлд нийцэхгүй байх ба 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг тогтоосноос хойш тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь тогтоогдсон бол шүүх тэтгэлгийг нөхөн төлүүлэх боломжтой учир дурдсан хугацааны тэтгэлгийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Сумъяабазар, О.Дамдинбазар нарыг эх Н.Соёлмаагийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Сумъяабазар, О.Дамдинбазар нарыг 16 нас хүртэл, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Р.Одхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Хүү О.Сумъяабазар, О.Дамдинбазар нарт 2008 оноос 2017 оны 1 сар хүртэл тэтгэлгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй”, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг сануулсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Одхүүгээс 101.092  төгрөгийг улсын төсөвт нөхөн төлүүлсүгэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Соёлмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

                           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.МӨНХБҮРЭН