Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01225

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01225

 

 

 

Б.Х -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00712 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Х -ын, хариуцагч Т.Алтанхуягт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 130 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Алтанхуягтай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. Ингэхдээ барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 31 дүгээр гудамж, 5 тоотод байрлах 57.5 м.кв талбай бүхий, Ү-2201012107 тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-000219609 тоот гэрчилгээний дугаартай дэлгүүрийн зориулалттай барилга мөн тоотын 697.5 м.кв талбай бүхий Г-2201000842, ГД-000115597 гэрчилгээтэй газар, хувийн орон сууц, гарааш зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Энэ хугацаанд Т.Алтанхуяг нь зээлийн хүүнд 27 000 000 төгрөг төлсөн. Өөр ямар нэг эргэн төлөлт хийлгүйгээр 45 сар болсон. Иймд Т.Алтанхуягаас үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 80 000 000 төгрөг нийт 130 000 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Алтанхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Х -ын нэхэмжилсэн 130 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Х - нь 50 000 000 төгрөг биш 48 000 000 төгрөг зээлсэн. Талууд гэрээний хугацааг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусна гэж тохирсон бөгөөд гэрээний хугацааг сунгаагүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 48 000 000 төгрөг, хүүнд 5 760 000 төгрөг нийт 53 760 000 төгрөг төлөхөөс хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 29 450 000 төгрөгийг хасаж 24 320 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Алтанхуягаас 30 542 000 /гучин сая таван зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х -т олгож, нэхэмжлэлээс 99 458 000 /ерэн есөн сая дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Алтанхуяг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 31 дүгээр гудамж, 5 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013597 дугаарт бүртгэлтэй, 168 м.кв талбайтай хувийн сууц, гараж, Ү-2201012107 дугаар бүртгэлтэй, 57.5 м.кв талбайтай дэлгүүр, Г-2201000842 дугаарт бүртгэлтэй 697.5 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 380 860 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Д давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааны дагуу хариуцагчаас алданги нэхэмжлээгүй үндсэн зээлд 50 000 000 төгрөг болон зээлийн хүүнд 80 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ хугацаанд хариуцагч нь 29 458 000 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар бид гэрээгээр хүү харилцан тохиролцсон, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон тул зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээний 2 дахь хэсэгт заахдаа ....Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан.

Гэтэл шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бусдын мөнгийг зээлийн гэрээний нэрээр авч бүтэн 5 жил болоход өгөхгүй хохироож байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах гомдолдоо: Зээлийн гэрээний талууд гэрээг сунгаагүй, сунгасан тухай баримт хэрэгт авагдаагүй байхад гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 6 000 000 төгрөгийг хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 3 сар бөгөөд гэрээний дагуу хүлээн авсан 48 000 000 төгрөгөөс 3 сарын хүү тооцоход 5 760 000 төгрөг, нийт төлбөл зохих 53 760 000 төгрөг байна. Үүнээс зээлдэгчийн төлсөн 29 458 000 төгрөгийг хасаж 24 302 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байсан.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 24 302 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Х - нь хариуцагч Т.Алтанхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130 000 000 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Х - нь 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Т.Алтанхуяг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу мөнгийг, хүүгийн хамт буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. Улмаар мөн өдрөө Б.Х -, Т.Алтанхуягт 48 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээн авсан баталгаа, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ. /хх-91,32, 98-99/ Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь зээлийн үүргээ гүйцэд биелүүлээгүй буруутай үйлдэлд маргаагүй, харин зээлийн гэрээний хугацаа сунгасан эсэх, зээлийн хүү шаардах хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.

Зохигчид зээлийн гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна. Учир нь талууд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгаж, хариуцагч нь мөн өдөр зээлийн хүүд 2 000 000 төгрөг, 7, 8 дугаар сард зээлийн хүүд тус тус 2 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай бичгийн баримт үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх-31/ Уг баримт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэх тул талуудыг гэрээний хугацааг сунгаж, хүүгийн талаар бичгээр тохиролцсон гэж үзнэ. Иймд хариуцагч Т.Алтанхуяг нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 8 дугаар сарыг дуусталх хугацааны зээлийн хүүг төлөх үүрэгтэй учир гэрээний хугацааг сунгаагүй гэх татгалзал, гомдол үндэслэлгүй.

Харин уг хугацаанаас хойш зохигчид зээлийн гэрээний хугацааг сунгасан, хүү тохиролцсон талаарх бичгийн баримт үйлдээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.Х - 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүүг шаардах эрхгүй юм.

Анхан шатны шүүх хариуцагчийн үндсэн зээлийн дүнг 48 000 000 төгрөг гэж зөв дүгнэсэн боловч түүнд ногдох хүүг 2 000 000 төгрөгөөр тооцон тооцооллын алдаа гаргасныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөвтгөн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хариуцагч үндсэн зээл 48 000 000 төгрөг, хүүд 11 520 000 /48 000 000 х 4 %=1 920 000 төгрөг х 6 сар/ төгрөг, нийт 59 520 000 төлөх үүргээс 29 458 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Ч.Долгормаагийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Иймээс үлдэх үүрэг болох 30 062 000 төгрөгийг хариуцагч Т.Алтанхуягаас гаргуулж нэхэмжлэгч Б.Х -т олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Нэхэмжлэгч тал зээлийн хүүг 45 сарын хугацаагаар шаардаж буй үндэслэлээ гэрээний 2-т талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болохоор тохиролцсон гэж тайлбарладаг төдийгүй энэ нь давж заалдах гомдлын үндэслэл болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт гэрээний талууд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй тохиолдолд хүү шаардах эрхээ алдахаар заажээ. Хариуцагч Т.Алтанхуяг, нэхэмжлэгч Б.Х - нар нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг мөн оны 8 дугаар сарыг дуустал хугацаагаар сунгасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон тул энэ хугацааны хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ. Харин талуудын гэрээний 2 дахь заалт нь хариуцагчийн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсонд тооцох нөхцөлд хамаарахаас хүү шаардах эрхийн үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Талууд зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Т.Алтанхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 31 дүгээр гудамж, 05 тоот 168 м.кв талбай бүхий хувийн сууц, гарааш, тус хаягт байрлах 57.5 м.кв талбай бүхий дэлгүүр, 697.5 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх7-10/ Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр тул хариуцагч Т.Алтанхуяг зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээрх барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн хувийн сууц, гарааш, дэлгүүр, газар зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд зохигч талууд маргаагүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00712 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 30 542 000 /гучин сая таван зуун дөчин хоёр мянга / гэснийг 30 062 000 гэж, 99 458 000 /ерэн есөн сая дөрвөн зуун тавин найман мянга/ гэснийг 99 938 000 гэж, 3 дахь заалтын 380 860 гэснийг 308 260 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 807 950 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД