Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/01438

 

 

 

 

2017 06 23

1438

 

Б.Сандагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01528 дугаар шийдвэртэй Б.Сандагийн нэхэмжлэлтэй хариуцагч Ариун-Очир ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 600 000 төгрөг, хүүд 14 200 000 төгрөг, нийт 14 800 000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сандаг, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Сандагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ариун-Очир ХХК-ийн захирал н.Зулхүүтэй уулзаж, 1 давхарт 2 өрөө ажлын байр авахаар харилцан тохиролцож, маргааш нь буюу 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 45 600 000 төгрөгийг шилжүүлэн өгч, 2013 оны 12 дугаар сард байрныхаа түлхүүрийг авахаар үлдэгдэл 11 200 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. 2013 оны 12 сард н.Зулхүүтэй уулзахад барилгын каркас нь боссон, дотор засал дутуу байсан бөгөөд байр ашиглалтад орох арай болоогүй байна, та хавар 2 сард ирээрэй гэж хэлсэн. Би 2 сард очсон боловч 4 сард ирээрэй гэсэн, 4 сард очиход 6 сард ирээрэй гэсээр гэрээнд заасан хугацаа нь өнгөрсөн. Ингээд 2014 оны 9 сард байрыг улсын комисс хүлээн аваагүй, цэвэр бохир ус нь өгөгдөөгүй байна гэх хариу өгсөн. 2015 оны 4 сарын 12-ны өдөр гэрээгээ цуцалж, мөнгөө буцааж авахаар болсон. Би н.Зулхүүгээс мөнгөө буцааж авахдаа 0.25 хувийн хүү бодож авахаар тохиролцсон. Түүнээс хойш удаа дараа мөнгөө авахаар шаардсан боловч өгөхгүй байсан. 2015 оны 4 сарын 12-нд н.Зулхүү манай нягтлан З.Ариунжаргалтай очиж уулз гэсний дагуу түүний охин З.Ариунжаргалтай уулзахад таны мөнгөний хүүг өгнө гээд гэрээнд бичилт хийсэн. Тэгээд 2016 оны 12 сард байраа хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байгаа учраас 7 сарын хүүг өгөхгүй гэж хэлээд гэрээний ард 7 сарын хүү өгөхгүйгээр 54 100 000 төгрөг өгнө гэж бичиж өгсөн. н.Зулхүүтэй уулзахад хүү бодож өгөх сараас 3.5 сарыг хасч тооцож, үлдэгдэл саруудын хүүг бодож өгье гэж хэлээд дахин гэрээний ард бичиг хийж өгсөн. Ингээд тохирсон ёсоор миний мөнгийг цувуулан өгсөөр сүүлд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нийт 45 000 000 төгрөг өгсөн. Харин н.Зулхүү надад өгөх ёстой мөнгөний хүү 14 200 000 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 600 000 төгрөг, нийт 14 800 000 төгрөг өгөөгүй өнөөдрийг хүргэсэн. Уг мөнгийг 2016 онд багтааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд хариуцагч Ариун-Очир ХХК-иас 14 800 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ариун-Очир ХХК-ийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Сандаг нь 2013 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ариун-Очир ХХК-тай 24 тоот барилга орон сууц барих захиалгын гэрээ байгуулж 45 600 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Байранд орсныхоо дараа үлдэгдэл 11 200 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон. Манай байгууллага нийт 8 байшинг барьж, ашиглалтад оруулсан. Урд өмнө нь захиалагчийг хохироож байсан зүйл байхгүй. Манай байгууллага хадгаламжийн үйл ажиллагаа явуулж, хүү тооцож өгдөг байгууллага биш. Хүү бодож өгөх гэрээний болон хуулийн үндэслэл байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10 дахь хэсэгт захиалагч тал гэрээгээ цуцалсан бол захиалагч талын төлсөн үнийн дүнгийн 20 хувийг суутгаж, үлдсэн мөнгийг эргүүлэн төлөх гэж заасан. Бид захиалагч талын төлсөн 45 600 000 төгрөгийн 20 хувь болох 9 000 000 төгрөгийг суутгаж, 36 600 000 төгрөгийг өгөх ёстой байсан ч манай байгууллага 9 000 000 төгрөгийг захиалагчаас аваагүй. Б.Сандаг гуайд 45 000 000 төгрөгийг нь буцааж өгсөн. Нэхэмжлэгчийн шаардлагаас хүүд нэхэмжилсэн 14 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 600 000 төгрөгийг 10 хоногийн дотор төлж барагдуулна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ариун-Очир ХХК-иас 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сандагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ариун-Очир ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 18 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сандагт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Сандаг давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагч тал зөрчсөн учраас Иргэний хуулийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу 45 600 000 төгрөгөө сарын 1.25 хувийн хүүтэй авах хүсэл зоригоо илэрхийлж, 2014 оны 09 сарын 01-ний өдөр 2 хувь өргөдөл бичиж, нэгийг хариуцагч талд өгсөн. Уг өргөдөлд 5 хоногийн хугацаа заасан боловч Ц.Зулхүү 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр таны саналыг хүлээж авлаа, мөнгөтэй болохоор сарын 1.25 хувийн хүүтэй өгье гэж хэлсэн.

Намайг 2013 оны 10 сард очиход миний захиалсан 5 тоот байранд Ц.Зулхүүгийн ээж, дүү нар орсон байсан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалагчийн 45 600 000 төгрөгийг 2013, 2014, 2015, 2016 онд ашигласан. Захирал Ц.Зулхүү нь нягтлантай тооцоо нийл гэхээр нь уулзахад нягтлан Ариунжаргал гэрээний 2 дахь хуудасны төлбөр төлөх нөхцлийн 5-д, мөн гэрээний 3 дахь хуудсанд төлбөр төлөх талаар өөрсдийн гараар бичиж, гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хариуцагч хүсэл зоригоо илэрхийсэн албан ёсны баримт гэж үзэж байна. энэ баримт нотолгоог шүүх амлалт төдий гэж үзвэл Ц.Зулхүү намайг залилан мэхэлж, цаг хожиж мөнгийг завших гэсэн санаархал байх. Хэрэв хариуцагч бичиг хийж өгөөгүй бол би цаг алдалгүй шүүхэд хандах байсан.

Би Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар бодит хохирол болон зайлшгүй олох байсан орлогоо хариуцагч талаас авах ёстой. Би Голомт болон Капитрон банкны хадгаламжийн хугацааг цуцалж, 45 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэв хадгаламжаа цуцлаагүй бол банкны хүү 23 300 000 төгрөгийн орлого олох байсан. Хариуцагч үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэсэн бол би өөр газар ажлын байр авахгүй байсан. Саруул хотхонд 157 700 000 төгрөг төлөхөөс 17 600 000 төгрөгөө төлөөгүйн улмаас байраа аваагүй байна. Энэ 2 байрны зөрүү үнэ 101 100 000 төгрөг болно. Захиалагч тал хохирч байхад хариуцагч 8 байр барьсан боловч хэлцлээсээ буцаж байгаад харамсаж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримттай хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Сандаг нь хариуцагч Ариун-Очир ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 600 000 төгрөг, хүү 14 200 000 төгрөг, нийт 14 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр барилга, орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ариун-Очир ХХК Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 29 дүгээр сургуулийн ард баригдаж буй 7 давхар орон сууцыг 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Б.Сандаг гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч буюу захиалагч нь гэрээний үүргээ биелүүлж 45 600 000 төгрөг төлсөн хэдий ч хариуцагч буюу гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул захиалагч Б.Сандаг нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс гэрээнээс татгалзах санал тавьсныг хариуцагч Ариун-Очир ХХК зөвшөөрсөн байна.

 

Хэргийн 5, 6 дугаар талд авагдсан барилга орон сууц захиалах гэрээнд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Ариун-Очир ХХК-ийн нягтлан бодогч З.Ариунжаргал нь 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 16.3 сарын хугацаанд сарын 1.25 хувийн хүү 9 291 000 төгрөг, нийт 54 891 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулна гэж, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр захирал Б.Зулхүү нь Б.Сандагтай ярилцаж өмнөх 7 сарын 50 хувь болон 3.5 сард нь хүү төлж, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 5-15 хоногт багтааж тохиролцсон төлбөрөө төлж дуусгана гэж тус тус бичсэн баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан төлөх талаар баталгаа өгч байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид гэрээнээс татгалзах талаар мэдгэдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэг үүсчээ.

 

Хариуцагч Ариун-Очир ХХК-ийн захирал Ц.Зулхүү нь хуульд заасны дагуу гэрээнээс татгалзсантай холбоотой мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгчид сарын 1.25 хувийн хүү төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн баримтад гарын үсгээ зурж байсан нь тогтоогдсон боловч үүргийг талуудын хооронд зээлийн гэрээний дагуу хүү төлөх тохиролцоо буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан тохиролцоо үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Харин эдгээр баримт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн мөнгөн төлбөрийн үүрэгт тохиросон хүү-ийн хэмжээг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ.

Нэхэмжлэгч хариуцагчаас буцаан авах эрхтэй мөнгөн хөрөнгөөс сар тутам 1.25 хувийн хүүгийн орлого олох боломжтой байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй боловч хариуцагч нь сард 1.25 хувийн хүү төлөх талаар нэхэмжлэгчид хүсэл зоригоо илэрхийлж, түүнийг нь нэхэмжлэгч хүлээн авч байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд уг хүүгийн тал хувь буюу сарын 0.6 хувиар нэхэмжлэгчид хариуцагч хүү өгөх нь мөнгөн төлбөрийн үүргийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой үүсэх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахдь хэсэгт заасан хариуцлага болж хэрэглэгдэх боломжтой.

 

Иймд хариуцагч Ариун-Очир ХХК нь нэхэмжлэгчид төлөх ёстой үндсэн мөнгөн төлбөрийн үүргийн үлдэгдэл 600 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүд 7 100 000 төгрөг, нийт 7 700 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсгийн заалтыг баримтлаагүй байгааг зөвтгөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцуулан, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01528 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5 гэж, 600 000 гэснийг 7 700 000 гэж, 14 800 000 гэснийг 7 100 000 гэж 2 дах заалтын 18 650 гэснийг 138 150 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ