Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/01330

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01528 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1438 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 600 000 төгрөг, хүүнд 14 200 000, нийт 14 800 000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “А” ХХК-ийн захирал н.Зулхүүтэй уулзаж, 1 давхарт 2 өрөө ажлын байр авахаар харилцан тохиролцож, маргааш нь буюу 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 45 600 000 төгрөгийг шилжүүлэн өгч, 2013 оны 12 дугаар сард байрныхаа түлхүүрийг авахаар үлдэгдэл 11 200 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. 2013 оны 12 сард н.Зулхүүтэй уулзахад барилгын каркас нь боссон, дотор засал дутуу байсан бөгөөд байр ашиглалтад орох арай болоогүй байна, та хавар 2 сард ирээрэй гэж хэлсэн. Би 2 сард очсон боловч 4 сард ирээрэй гэсэн, 4 сард очиход 6 сард ирээрэй гэсээр гэрээнд заасан хугацаа нь өнгөрсөн.

Ингээд 2014 оны 9 сард байрыг улсын комисс хүлээн аваагүй, цэвэр бохир ус нь өгөгдөөгүй байна гэх хариу өгсөн. 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрээгээ цуцалж, мөнгөө буцааж авахаар болсон. Би н.Зулхүүгээс мөнгөө буцааж авахдаа 0.25 хувийн хүү бодож авахаар тохиролцсон. Түүнээс хойш удаа дараа мөнгөө авахаар шаардсан боловч өгөхгүй байсан. 2015 оны 04 дүгээр сарын 12-нд н.Зулхүү манай нягтлан З.Ариунжаргалтай очиж уулз гэсний дагуу түүний охин З.Ариунжаргалтай уулзахад таны мөнгөний хүүг өгнө гээд гэрээнд бичилт хийсэн. Тэгээд 2016 оны 12 сард байраа хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байгаа учраас 7 сарын хүүг өгөхгүй гэж хэлээд гэрээний ард 7 сарын хүү өгөхгүйгээр 54 100 000 төгрөг өгнө гэж бичиж өгсөн. н.Зулхүүтэй уулзахад хүү бодож өгөх сараас 3.5 сарыг хасч тооцож, үлдэгдэл саруудын хүүг бодож өгье гэж хэлээд дахин гэрээний ард бичиг хийж өгсөн. Ингээд тохирсон ёсоор миний мөнгийг цувуулан өгсөөр сүүлд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нийт 45 000 000 төгрөг өгсөн. Харин н.Зулхүү надад өгөх ёстой мөнгөний хүү 14 200 000 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 600 000 төгрөг, нийт 14 800 000 төгрөг өгөөгүй өнөөдрийг хүргэсэн. Уг мөнгийг 2016 онд багтааж өгнө гэсэн боловч өгөөгүй.

Иймд хариуцагч “А” ХХК-иас 14 800 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.С- нь 2013 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “А” ХХК-тай 24 тоот барилга орон сууц барих захиалгын гэрээ байгуулж 45 600 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Байранд орсныхоо дараа үлдэгдэл 11 200 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон. Манай байгууллага нийт 8 байшинг барьж, ашиглалтад оруулсан. Урд өмнө нь захиалагчийг хохироож байсан зүйл байхгүй. Манай байгууллага хадгаламжийн үйл ажиллагаа явуулж, хүү тооцож өгдөг байгууллага биш. Хүү бодож өгөх гэрээний болон хуулийн үндэслэл байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10 дахь хэсэгт захиалагч тал гэрээгээ цуцалсан бол захиалагч талын төлсөн үнийн дүнгийн 20 хувийг суутгаж, үлдсэн мөнгийг эргүүлэн төлөх гэж заасан. Бид захиалагч талын төлсөн 45 600 000 төгрөгийн 20 хувь болох 9 000 000 төгрөгийг суутгаж, 36 600 000 төгрөгийг өгөх ёстой байсан ч манай байгууллага 9 000 000 төгрөгийг захиалагчаас аваагүй. Б.С- гуайд 45 000 000 төгрөгийг нь буцааж өгсөн.

Нэхэмжлэгчийн шаардлагаас хүүд нэхэмжилсэн 14 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 600 000 төгрөгийг 10 хоногийн дотор төлж барагдуулна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01528 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “А” ХХК-иас 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 18 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1438 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01528 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5” гэж, “600 000” гэснийг “7 700 000” гэж, “14 800 000” гэснийг “7 100 000” гэж 2 дахь заалтын “18 650” гэснийг “138 150” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагч байгууллагын нягтлан бодогч нь нэхэмжлэгчийн удаа дараа хүү төл гэж шаардаад байхаар нь арга буюу хүү төлнө гэсэн бичиг хийж өгсөн. Компанийн нягтлан бодогч нь компанийн удирдлагыг төлөөлж хэн нэгэнтэй мөнгөн төлбөрийн үүрэг хүлээхээр хэлцэл хийх эрхтэй субект биш юм. Мөн компанийн захирал Ц.Зулхүүгийн гаргаж өгсөн “3,5 сард нь хүү төлж 15 хоногийн дотор таны мөнгийг эргүүлэн төлнө” гэсэн бичиг нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт огт хамааралгүй юм. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчээс ямар нэгэн мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн гэрээ хэлэлцээр хийгээгүй, нягтлан бодогчийн бичиж өгсөн гар бичмэл нь талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх эрх зүйн үндэслэл байхгүй. Гэрээн дээр бичигдсэн нэг талын амлалт бүхий дээрх тэмдэглэлээр гэрээнд талууд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон, хариуцагч хүү төлөх үүргийг хууль буюу гэрээгээр хүлээсэн гэж үзэхгүй. Тодруулж хэлбэл “үндсэн гэрээ буюу барилга орон сууц захиалах” гэрээгээр хариуцагч хүү төлөх үүрэг хүлээхээр тохиролцоогүй, мөн гэрээ дуусгавар болсоноос хойш нэг талын өгсөн амлалт нь нөгөө талд шаардах эрх үүсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.С- нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзсан, яг энэ өдөр нь хариуцагч нь гэрээнээс татгалзаж байгаа саналыг хүлээн авч гэрээг дуусгавар болгосон байдаг. Гэтэл гэрээ дуусгавар болсоны дараа буюу 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн дуусгавар болсон гэрээнд тэмдэглэсэн бичилтийг үндэслэж хүү тооцож шийдвэрлэж байгаа нь гэрээний болон хуулийн үндэслэл байхгүй юм.

Нэмж хэлэхэд давж заалдах шатны шүүх хэдэн оны хэдэн сарын хэднээс эхлэн ямар хугацаагаар, хэдэн төгрөгөнд, хэдэн хувийн хүү тооцоолж, яаж гаргасан нь тодорхой бус байгаа ба шууд л хариуцагчийг төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнээд нэхэмжлэгчийн өөрөө зохиож гаргасан rap бичмэл тооцооллын 50 хувиар буюу 7 100 000 төгрөгийн хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн гэдэг ойлголт нь гэрээнд заагдсан хугацаанд барилгыг барьж дуусгаагүй байх хугацааг ойлгохоос биш гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байхад, талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсноос хойш нэхэмжлэгчийн захиалагчид буцааж өгсөн захиалгын мөнгөний буцаан олголтод огт хамааралгүй юм. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэг хэрэглэгдэхгүй байсан. Харин талуудын хооронд байгуулсан гэрээний 2-р зүйлийн 2.10 дахь хэсэгт “захиалагч тал гэрээгээ цуцалсан бол гүйцэтгэгч нь захиалагч талын төлсөн үнийн дүнгийн 20 хувийг суутгаж, үлдсэн мөнгийг эргүүлэн төлнө” гэж заасны дагуу манай байгууллагын зүгээс захиалагч талын төлсөн 45 600 000 төгрөгийн 20 хувь болох 9 000 000 төгрөгийг суутгаж авах ёстой байсан боловч Б. Сандаг гуайн насыг хүндлээд бид суутгаж аваагүй юм.

Иймд “Барилга орон сууц захиалах гэрээ”-ний дагуу хүлээх ёсгүй үүргийг хүлээлгэж хариуцагчаас хүү тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 1438 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, үндэслэлгүйгээр хүү тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 7 100 000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны үр дагаварт 14 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, хүү гаргуулах тухай шаардлагыг татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүүгийн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг хүү төлөх үүрэгтэй гэж үзжээ.

Зохигчид 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, хариуцагч “А” ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 29 дүгээр сургуулийн ард баригдаж буй 7 давхар орон сууцнаас 2 өрөө орон сууцыг 2013 оны 12 дугаар сард хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Б.С- нь 54 626 000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээжээ. Нэхэмжлэгч дээрх төлбөрөөс 45 600 000 төгрөгийг төлж, үлдэх 11 026 000 төгрөгийг орон сууцанд орохдоо төлөх байсан боловч ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.С- нь ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн хувьд 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэгч үүнийг зөвшөөрсөн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн 45 600 000 төгрөгийг буцаан төлөх, энэ үнийн дүнд хүү тооцох талаар хариуцагч “А” ХХК-ийн нягтлан бодогч, захирал нар нь баталгааны болон тооцооны баримт нэхэмжлэгчид өгч байжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч “А” ХХК-ийн мөнгөн хөрөнгө буцаан төлөх үүрэгт хүү тооцох нь талуудын тооцоо болон тохиролцоонд үндэслэгдсэн гэж үзсэнээс гадна хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасан шаардлагад хамааруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасан “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэх зохицуулалтыг давж заалдах шатны шүүх тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний тайлбарыг магадлалд тодорхой тусгасан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалд өөрчлөлт оруулах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1438 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН