Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00572

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/00572

 

 

 

П.Г -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00033 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Г -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч П.Г - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00323 дугаартай шийдвэрээр Титэм өлзий констракшн ХХК, Бадди баавгай цэцэрлэг НҮТББ, П.Г -, П.Г - нараас 422 265 980 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл НШШГГ- барьцааны хөрөнгийг хүлээн авч шинжээч томилохдоо төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдээгүй үнэлгээний С.Э - ХХК, В.В - ХХК-уудыг томилсон. Шинжээч нар нь Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 10г байрны В1 давхар, 260 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 1 дүгээр давхар, 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 2 дугаар давхар, 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 4в тоот орон сууцыг 185 573 000 төгрөг, 4а тоот орон сууцыг 159 063 000 төгрөг, 5в тоот орон сууцыг 136 794 000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь илт хууль бус, хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн учир шинжээчийн үнэлгээнд гомдолтой байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар захирамжаар Титэм өлзий констракшн ХХК, Бадди баавгай цэцэрлэг НҮТББ, П.Г -, П.Г - нараас 422 075 980 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10г байрны В1, 1, 2 дугаар давхарт байрлах тус бүр 260 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 10Г байрны 4В, 4А, 5В тоот орон сууцыг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хураасан эд хөрөнгийн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нараас авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээч нь Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 10г байр, В1 давхар, 260 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201047316 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 1 дүгээр давхар, 260 м.кв талбайтай, Ү-2201047319 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 2 дугаар давхар тоот 260 м.кв талбайтай, Ү-2201047318 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, Ү-22010473120 дугаарт бүртгэлтэй, 4в тоот гурван өрөө орон сууцыг 185 573 000 төгрөг, Ү-2201047321 дугаарт бүртгэлтэй, 4а тоот, 2 өрөө орон сууцыг 159 063 000 төгрөг, Ү-2201047322 дугаарт бүртгэлтэй, 5в тоот орон сууцыг 136 794 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч П.Г -, П.Г -, Титэм өлзий констракшн ХХК, Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-д 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20682, 4/20657, 4/20658, 4/20655, 4/20656 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 10г байр, В1 давхар, 260 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201047316 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 1 дүгээр давхар, 260 м.кв талбайтай, Ү-2201047319 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 2 дугаар давхар тоот 260 м.кв талбайтай, Ү-2201047318 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, Ү-22010473120 дугаарт бүртгэлтэй, 4в тоот гурван өрөө орон сууцыг 185 573 000 төгрөг, Ү-2201047321 дугаарт бүртгэлтэй, 4а тоот, 2 өрөө орон сууцыг 159 063 000 төгрөг, Ү-2201047322 дугаарт бүртгэлтэй, 5в тоот орон сууцыг 136 794 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Г -ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Г - давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргасан гол үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэж дүгнэн нэхэмжлэлд дурдсан 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосонд гомдолтой байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь тус тусдаа онцлогтой, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааг тус тусдаа өөрөөр явагдсан, хөрөнгийн өмчлөгчид нь өөр өөр байхад тэднийг хооронд нь ялгаж салгаж зааглаж, хөрөнгө тус бүрийн онцлогийг харгалзан үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчмыг алдагдуулсан хэрэг болсноороо шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж чадсангүй гэж үзэж байна. Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хөрөнгө тус бүр дээр хэрхэн явагдсан, хөрөнгийн өмчлөгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг харгалзан үзэж чадаагүй нь ийнхүү давж заалдах гомдол гаргах шаардлагыг бий болгож байна. Түүнчлэн тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байхад нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн явдал нь ч шүүхийн шийдвэрийг эргэн харах нэг үндэслэл болно гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Г - нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00323 дугаар захирамжаар Титэм өлзий ХХК, П.Г -, Бадди баавгай цэцэрлэг Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид НҮТББ гэх/, П.Г - нар Голомт банк ХХК-тай эвлэрэн хэлэлцээд 422 075 980.76 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх 51-53/

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт бичигдсэн Гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ- нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны зүйл болох Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-ын өмчлөлд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18103/ гудамж, 10Г байрны В1 давхрын зоорийн 260 м.кв талбай, 1 давхарт байрлах 260 м.кв талбай бүхий орон сууц, 2 давхарт байрлах цэцэрлэгийн зориулалт бүхий 260 м.кв талбай зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд, П.Г -ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18103/ гудамж, 10Г байрны 4А, 4В, 5В тоотод байрлах орон сууцнуудыг /цаашид үл хөдлөх хөрөнгүүд гэх/ тус тус битүүмжилж, хураан авсан үйл баримтын хувьд талууд маргаангүй. Харин үнэлгээний талаарх гомдлоо хуулиар тогтоосон хугацаанд гаргасан эсэх, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч гомдлоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасныг шүүгч шүүхийн харъяалал зөрчсөн үндэслэлээр 12732 дугаартай захирамж гарган хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлд хамаарна. Улмаар нэхэмжлэгч шүүхэд дахин 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан учир мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 4/18458, 4/18459, 4/18460, 4/18470 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18103/ гудамж, 10Г байр, В1, 1, 2 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус бүр 780 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18103/ гудамж, 10Г байр 4А тоот орон сууцыг 360 000 000 төгрөг, 4В тоот орон сууцыг 420 000 000 төгрөг, 5В тоот орон сууцыг 309 600 000 төгрөгөөр худалдах үнийн саналыг тус тус ирүүлжээ. /хх-64-68/ Уг саналуудыг төлбөр авагч Голомт банк ХХК зөвшөөрөөгүй учир талуудыг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тохиролцоогүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 281, 284 дугаар тогтоолууд гарган шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Шинжээч С.Э - ХХК нь Бадди баавгай цэцэрлэг НҮТББ-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18103/ гудамж, 10Г байрны, В1 давхарт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201047316 дугаартай 260 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 371 800 000 төгрөг, 1 давхарт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201047319 дугаартай, 260 м.кв талбай, 2 давхарт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201047318 дугаартай 260 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус бүрийг 381 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 75, 107/

Шинжээч В.В - ХХК нь П.Г -ын өмчлөлд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18103/ гудамж, 10Г байрны, 4А тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201047321 дугаартай 120 м.кв орон сууцыг 159 063 000 төгрөг, 4В тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201047320 дугаартай, 140 м.кв талбай бүхий орон сууцыг 185 573 000 төгрөг, 5В тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2201047322 дугаартай, 103.2 м.кв талбай бүхий орон сууцыг 136 794 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх 150,168,190/ Дээрх шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан 4/20655, 4/20656, 4/20657, 4/20658 тоот мэдэгдэл, тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх210-219/

Нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан боловч үүнийгээ баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн хэрэгт авагдсан С.Э - ХХК, В.В - ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гарган, НШШГГ-т ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгүүдийн онцгой шинжүүдийг харгалзан үзээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч П.Г - нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж тайлбарлажээ. Хэргийн баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ханган, шүүгчийн 184/ШЗ2019/14215 дугаартай захирамж гарган шүүх хуралдааныг мөн сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна. Улмаар шүүх нэхэмжлэгч П.Г -ийн нэхэмжлэлд дурдсан утасны дугаарт шүүх хуралдааны тов мэдэгдэж, 3 удаа зурвас явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасанд нийцэх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Ч.ЦЭНД