Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00797

 

Б.Номинчимэг, Д.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00034 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 633 дугаар магадлалтай, 

Б.Номинчимэг, Д.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Номинчимэг, Д.Энхцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01161 дугаартай захирамжаар Б.Номинчимэг, Т.Чимэддорж нараас 33,756,473 төгрөгийг гаргуулж, Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний барьцаанд Д.Энхцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 218 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалан дээрх хөрөнгийг 54,150,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл уг байр нь супер засвар хийсэн зах зээлийн үнэ нь 90,000,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх ёстой. Хөрөнгийн үнэлгээний газар нь бидний хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж төлбөр төлөгч нар болон хөрөнгийг өмчлөгч нарыг мөн хохироож байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 218 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 54,150,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01161 дугаар захирамжаар Б.Номинчимэг, Т.Чимэддорж нараас 33,756,473 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 218 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012848 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Энхцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 218 тоот 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч болон өмчлөгчөөс хураасан эд хөрөнгийн үнийн санал авахад өмчлөгч Д.Энхцэцэг эд хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Б.Номинчимэг, Т.Чимэддорж нар үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 54,150,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00034 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012848 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 218 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 54,150,000 /тавин дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Номинчимэг, Д.Энхцэцэг нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 633 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 633 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2019 оны 12 сарын 12-ны өдөр товлож, уг хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хойшлуулж, 2019 оны 12 сарын 26-ны өдөр дараагийн шүүх хуралдаан товлосон. Уг хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гуравдагч этгээдээр төлбөр авагч Төрийн банкийг гуравдагч этгээдээр оролцуулах, шинжээч томилуулах, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Төлбөр авагч Төрийн банк нь үнэлгээг хийлгүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу үнэлгээ хийгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар төлбөр авагч Төрийн банкны хүсэлтийн дагуу үнэлгээ хийсэн, уг үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэл болно.

Нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан уг хүсэлт нь үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг нотлоход ач холбогдолтой. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгч авах хүсэлт гаргахад хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Дээрх шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 633 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Б.Номинчимэг, Д.Энхцэцэг нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.14-ний өдрийн 1161 дүгээр шүүгчийн захирамжаар Төрийн банкны зээлийн гэрээний үүрэгт 33,756,473 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Б.Номинчимэг, Т.Чимэддорж нар хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ. 

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шийдвэрт заасны дагуу барьцааны хөрөнгө болох Д.Энхцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 218 тоотын 1 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан байна.  

Түүнчлэн үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилсон ба 54,150,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нарт 2019.10.23-ны өдөр мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байна. Энэхүү ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК дүгнэлт гаргахдаа үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, өртгийн хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон, энэ тухайг үнэлгээний тайланд тодорхой тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т нийцжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ...Төрийн банкийг гуравдагч этгээдээр оролцуулах, шинжээч томилуулах, өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-г зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00034 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 633 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 70,2000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН