Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00366

 

                                                         Т.Сарантунгалагийн нэхэмжлэлтэй,

                                                                   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 138/ШШ2016/01285 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 201/МА2017/00001 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Т.Сарантунгалаг

Хариуцагч : Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэг

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Т.Сарантунгалаг, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн даргад  Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие тус цэцэрлэгт 2013.9.9-нд ахлах тогоочоор ажилд орж, 2016.8.25-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Цэцэрлэгийн ахлах тогоочийн орон тоо нь байнгын ажлын байр бөгөөд одоо уг орон тоонд өөр хүн авч ажиллуулж байгаа болно. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил, дутагдал гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Ажлаас халсан тушаалд 2016.8.25-ны өдрөөс тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, 38.1.2-д заасан үндэслэлээр халсан байна. Ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016.8.25-нд 9 цагийн үед эрхлэгч рүү утсаар холбогдоод  нэг хоногийн чөлөө өгөхийг хүссэн. Гэтэл эрхлэгч чи надтай нэг баг болон ажиллаж чадаагүй учир чамайг туслах тогооч болгоно гэж хэлсэн. Тэгээд ажилдаа иртэл ажлаас халсан тухай тушаал өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалинг 8 дугаар сард ажиллаагүй учир 8 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон байсан. Одоо ажлаас халсан тушаал нь 2016.8.25-ны өдөр гарсан учир уг өдрөөс  олговорыг тооцоход  татгалзахгүй. Иймээс намайг хуучин ажилд минь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 1.477.888 төгрөгийг гаргуулан өгнө үү  гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, 38.1.2 дахь заалтуудыг үндэслэн Б/21 тоот тушаалаар тус цэцэрлэгт ахлах тогоочоор ажиллаж байсан Т.Сарантунгалагийг ажлаас нь чөлөөлсөн. Сангийн сайдын 2012.7.16-ны өдрийн 156 тоот тушаал, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар аймгийн хүүхдийн цэцэрлэгийн норм нормативийг тогтоосон байдаг. 10-н бүлэгтэй цэцэрлэгт тогоочийн байнгын орон тоо нь 3 байна гэж заасан байгаа. Т.Сарантунгалагийг ажилд авах үед 10 дугаар  цэцэрлэг нь 280 хүүхэд авахаас 360 хүүхэд авсан тул 4 дэх орон тоог байнгын бус,  гэрээг нь хугацаатай  байгуулж, дотооддоо зохион байгуулалт хийж авсан байгаа. Үүнийг байнгын ажлын байр гэж тайлбарлах үндэслэлгүй юм. Дээд шүүхийн тогтоолын  тайлбарт ажилтан, ажил олгогчийн санаачлагаар гэрээг хугацаатай хийж болохоор тодорхой заасан байгаа. Тэгэхээр ажил олгогч өөрөө санаачлаад ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой тогоочийн орон тоог нэмэгдүүлж ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэр, ахлах тогоочийн орон тоо бий болгосон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 138/ШШ2016/01285 дугаартай  шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Сарантунгалагийг Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагчаас 1.441.369 төгрөг гаргуулан Т.Сарантунгалагт олгож, нэхэмжлэлээс 36.519 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын болон бусад шимтгэлүүдийг төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрээр шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай  хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 38.012 төгрөг гаргуулж төсвийн орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 201/МА2017/00001 дугаартай магадлал гаргаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 17-ний өдрийн 138/ШШ2016/01285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч байгууллагын хөдөлмөрийн харилцааны асуудлыг дотоод журмаар хуульд нийцүүлэн нийт ажилтны хурлаар хэлэлцүүлэн баталсан байх бөгөөд уг журамд ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж 2 тал гарын зсэг зурж баталгаажуулсаар байтал шүүх илтэд нэг талыг барьж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус /иргэн өөрөө хүсээгүй байхад өмнөөс  нь ажилгүй байсан үеийн хугацаа, нэмэлт боломжуудыг нь шүүх хуралдаан дээр тайлбарлан өгөх замаар/ шийдвэрээ гаргасан, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өөрийн биеэр оролцох хүсэлтийг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэсэн /энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, дурдаагүй/ тооцооллыг илтэд алдаатай хийсэн гэх мэт урдаас үнэлчихсэн, дотооддоо гаргачихсан шийдвэр байсан гэх сэтгэгдлүүдийг төрүүлж байна. шүүх шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тооцооллын алдаа гаргасан тул тус гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Сарантунгалаг нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгт  холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэх шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Т.Сарантунгалагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б/21 дугаартай тушаалыг хариуцагч 2016 оны 8 сарын 25-ны өдөр  /хх 5, 41/ гаргасан  бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгч Дорнод аймгийн, Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахлах тогоочийн ажлаас халагдсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэв. 

Ажил олгогч  өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 –р буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж ажилтныг халсан боловч 2016 оны 8 сарын 25-ны өдийн Б/21 дугаар тушаалын үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Зохигчид нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь нотлогдоогүй, ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэнээс байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37  дугаар зүйлд нийцжээ. 

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 138/ШШ2016/01285 дугаар шийдвэр, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 201/МА2017/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ