Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 1285

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Цэнхэрийн 48 тоотод  оршин суух, /РД:СФ70061602/ Уриахад овогт Төмөрбаатарын Сарантунгалагийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймаг, Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгт холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай”  иргэний хэргийг 2016 оны 9 сарын 14-ний өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм

Нэхэмжлэгч Т.Сарантунгалаг, түүний өмгөөлөгч М.Энхтуяа

Хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийг төлөөлөн Д.Ганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Сарантунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие тус цэцэрлэгт 2013 оны 9 сарын 9-нд ахлах тогоочоор ажилд орж, 2016 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Цэцэрлэгийн ахлах тогоочийн орон тоо нь байнгын ажлын байр бөгөөд одоо уг орон тоонд өөр хүн авч ажиллуулж байгаа болно. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил, дутагдал гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Ажлаас халсан тушаалд 2016 оны 8 сарын 25-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан үндэслэлээр халсан байна. Ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байнгын ажлын байранд хугацаатай гэрээ хийчихээд түүнийгээ үндэслэн хөдөлмөрийн  гэрээ сунгахгүй эрх мэдлээ ашиглан ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 2016 оны 5 сарын 27-нд тайлангийн хурал дээр цэцэрлэгийн эрхлэгчийг хүүхдийн хоолны мөнгөөр гэртээ байнга хоол хийлгэдэг, мөн бөхийн өргөөний засварчдын хоолыг хүртэл хүүхдийн хоолны зардлаас гаргадаг талаар шүүмжилсэн. Гэтэл одоо намайг ажлаас халсан явдал нь тэр шүүмжлэлтэй холбоотой гэж бодож байна.

2016 оны 8 сарын 25-нд ажилд орох байсан боловч ажил явдал гараад Улаанбаатар хотод явж байсан. Тэгээд 9 цагийн үед эрхлэгч рүү утсаар холбогдоод ажил явдал гараад хоног хураах ажилтай байна, 1 дэх өдөр ажилдаа очно гээд  нэг хоногийн чөлөө өгөхийг хүссэн. Гэтэл эрхлэгч “чи надтай нэг баг болон ажиллаж чадаагүй учир чамайг туслах тогооч болгоно” гэж хэлсэн. Тэр үед сэтгэл санаа тайван бус тэгээд утсаар ярих зохимжгүй гээд өнгөрсөн. Тэгээд ажилдаа иртэл ажлаас халсан тухай тушаал өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалинг 8 дугаар сард ажиллаагүй учир 8 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон байсан. Одоо ажлаас халсан тушаал нь 2016 оны 8 сарын 25-ны өдөр гарсан учир уг өдрөөс тооцон гаргахад татгалзахгүй.

Иймээс намайг хуучин ажилд минь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг 1.477.888 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэв.

 

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 дугаар цэцэрлэг нь хөдөлмөрийн гэрээ дахин сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажилтантай хугацаагүй гэрээ байгуулна гэж заасан байдаг. Гэтэл уг байгууллага нь бүх ажилтантайгаа нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажилладаг юм байна.  Гэрээг хугацаатай байгуулдаг шалтгаан нь ажлын үр дүнг дүгнэх зорилготой гэж тайлбарладаг. Гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна.  Улсын дээд шүүхийн тогтоолд ямар нөхцөлд хугацаатай гэрээ байгуулах талаар тодорхой заасан. Хугацаатай гэрээ байгуулах болсон шалтгаан нөхцлийг тодорхой зааж өгсөн байх ёстой. Гэтэл 10 дугаар цэцэрлэг нь хөдөлмөрийн гэрээнд шалтгаан нөхцлийг тусгасан зүйл байхгүй байна. Байгууллагын дарга ажлаас халах шаардлага бий болсон тохиолдолд хөдөлмөрийн хуулинд нийцүүлэн халах ёстой. Ийм учраас Т.Сарантунгалагийг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн 12 сарын цалингийн дундажийг байгууллагаас гаргаж авсан цалингийн дундажаас нэг өдрийн ажлын цалинг тооцон ажилгүй байсан нийт 64 хоногт ажлын нэг өдрийн цалин болох 23090 төгрөгөөр үржүүлж гаргасан байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин 1.477.888 төгрөгийг гаргуулан өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийг төлөөлөн Д.Ганбаяр шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сарантуяа нь хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг үндэслэн Б/21 тоот тушаалаар тус цэцэрлэгт ахлах тогоочоор ажиллаж байсан Т.Сарантунгалагийг ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаагийн  учир нь аймгийн цэцэрлэг нь Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 07 сарын 16-ны өдрийн 156 тоот тушаалд Орон тооны жишиг тогтоох аргачлал, орон тооны норматив батлах тухай тушаалд сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.8-д заасан болон тушаалын 3-рт аймгийн хүүхдийн цэцэрлэгийн норм нормативийг тогтоосон байгаа. 10-н бүлэгтэй цэцэрлэгт тогоочийн байнгын орон тоо нь 3 байна гэж заасан байгаа. Сарантунгалагийг ажилд авах үед 10 дугаар  цэцэрлэг нь 280 хүүхэд авах ёстойгоос 360 хүүхэд болж хүүхдийн тоо ихсээд тэр утгаараа дөрөв дэх орон тоог байнгын бус хугацаатай гэрээ байгуулж, дотооддоо зохион байгуулалт хийж авсан байгаа. Үүнийг байнгын ажлын байр гэж тайлбарлах үндэслэлгүй юм. Дээд шүүхийн тогтоолын  тайлбарт ажилтан, ажил олгогчийн санаачлагаар гэрээг хугацаатай хийж болохоор тодорхой заасан байгаа. Тэгэхээр ажил олгогч өөрөө санаачлаад ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой тогоочийн орон тоог нэмэгдүүлж ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэр ахлах тогоочийн орон тоо бий болгосон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Сарантунгалаг нь 10 дугаар цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 64 хоногийн олговор 1.477.888  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ .

             

Хариуцагч  Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 сарын 25-ны  өдрийн Б/21 дугаартай “ажлаас чөлөөлөх“ тушаалаар тус цэцэрлэгийн ахлах тогоочоор ажиллаж байсан Т.Сарантунгалагийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2-д  зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

 

       Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нь  Т.Сарантунгалагийг хуульд заасан үндэслэлийн дагуу ажлаас халсан, түүний ажлын байр нь үндсэн ажлын байр бус гэрээгээр ажиллаж байсан гэрээний хугацаа дууссан учир ажилд нь эргүүлэн авч, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох боломжгүй гэсэн тайлбар гарган маргадаг.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахлах тогоочийн орон тоо нь үндсэн ажлын байр болох нь Хэрлэн сумын  10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 8 сарын 30-ны өдрийн “бүтэц, орон тоот батлах тухай” 27 дугаартай тушаал түүний 1-р хавсралтаар тогтоогдож байна.

Түүнчлэн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн “ахлах тогооч”-ийн орон тоон дээр одоо өөр хүн ажиллаж байгаа болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар давхар батлагдаж байна.

Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болохоор заасан боловч мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байх тул гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр Т.Сарантунгалагийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Мөн “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

1.”Хөдөлмөрийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүний урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговрыг ажилгүй байсан бүх хугацаанд тооцож олгох ёстой. Иймээс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацаа хамаарах учир нэхэмжлэгч  Т.Сарантунгалаг нь 2016 оны 9 сарын 25-ны өдрөөс 11 сарын 18-ны өдөр хүртэлх ажлын 61 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг  ажил олгогчоос гаргуулан авах эрхтэй.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч ажилгүй байсан 64 хоногийн олговор нэхэмжилсэн боловч 2016 оны 8 сард  ажлын 05 хоног, 9 сард  ажлын 22 хоног, 10 сард ажлын 21 хоног, 11 сард ажлын 13 хоног, нийт ажлын 61 хоногоор тооцон ажилгүй байсан хугацааны олговрыг олгох  үндэслэлтэй байна. 

 

“Хөдөлмөрийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд "урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор" олгохоор заасан бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд дундаж цалин хөлс тодорхойлох цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, бүх төрлийн олговрыг оруулж тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн шаардлага нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн 2016 оны 8 сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 сарын 18-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны олговрыг дараахь аргачлалаар тооцсон болно. 

Үүнд: Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгээс ирүүлсэн Т.Сарантунгалагийн цалингийн тодорхойлолтоос үзэхэд сүүлийн 1 жилд авсан цалин 6.096.434 төгрөгийг 12 сард /6.096.434:12/ хуваахад сард олгох дундаж цалин олговор 508036 төгрөг болно.  Сарын дундаж цалин 508036 төгрөгийг 21,5-д хуваахад  өдөрт  авах цалин олговор 23629 төгрөг болж байна.

Ажилгүй байсан 61 хоногийг 1 хоногийн дундаж цалин болох 23629 төгрөгөөр үржүүлэхэд ажилгүй хугацааны олговор 1.441.369 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 36519  төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна

 

2. Ажлаас буруу халсан тухай ажилтны нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан ажил олгогч болон ажилтнаас нийгмийн даатгал болон бусад  шимтгэлийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд  2016 оны 8 сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэлхи хугацааны нийгмийн даатгал, хүн амын орлогын татварын шимтгэлийг /ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1.441.369 төгрөгнөөс/ зохих ёсоор суутгаж  дэвтэрт нь сар дутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй байна.

Иймд Төмөрбаатарын Сарантунгалагийг Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 1.441.369 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох,   нийгмийн   даатгал,   эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг  олговроос нь суутган тооцож, бичилт хийхийг хариуцагч байгууллага болох Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгт үүрэг болгох нь  зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2,  116,  118,  160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

           

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төмөрбаатарын Сарантунгалагийг Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгээс  ажилгүй байсан  хугацааны олговор 1.441.369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Сарантунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36519 төгрөгийг хэрэгсэхгүй.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын болон бусад шимтгэлүүдийг төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүрээр шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

 

 4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 38012 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

 

5.  Монгол улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч түүний төлөөлөгч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол  гаргах  эрхтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ш. АЛТАНЦЭЦЭГ