Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 965

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Л.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.Ц*******,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ч.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х, иргэдийн төлөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц*******, түүний өмгөөлөгч Г.Д******* нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:“ Өвөрхангай аймгийн ******* сумын Б*******ийн 6 дугаар багийн иргэн Ц.Ц******* нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдээр “*******” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын МҮ******* тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна. Уг шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар Ашигт малтмалын газрын даргад өргөдөл гаргасан боловч энэ шийдвэрүүдийг илт хууль бус актад тооцох үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. 

Дээрх актууд нь илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцогдох дараах үндэслэл байна гэж үзэж байна. Үүнд: 

Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын 1******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр “Баясгоулд” ХХК-д олгосон бөгөөд уг шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэргийн шүүхээс гаргаж байсан. 

“*******” ХХК-ийн эзэмшиж байсан МҮ-13713 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар дуусгавар болсон зөвшөөрөл юм. “*******” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх авахдаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин, сумын тусгай хэрэгцээнд авч, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргасан талбайтай давхцуулсан болох нь шүүхээр тогтоогдсон.

Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг дарга 2010 оны 109 дүгээр захирамжаар Б*******ийн голын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг 1000 метрээр тогтоосон бөгөөд уг захирамж, мөн Б*******ийн голын савыг сумын тусгай хэрэгцээт газраар тогтоосон ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа.

Иймд олон хүчин төгөлдөр тогтоол, шийдвэрүүд байсаар байхад гарсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг эрх зүйн үндэслэлгүй, холбогдох хуулийг зөрчсөн учраас илт хууль бусад тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

Эдгээр актууд гарснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Б*******ийн голын онцгой хамгаалалтын бүс дотор буюу голын эргээс 6-8 метрийн зайд ашигт малтмалын олборлолт хийж, голын гольдролыг эвдэж, урсцыг нь багасгаж, байгалийн тэнцлийг асар ихээр алдагдуулсаар байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхтэй гэж заасан байдаг. Эгэл жирийн малчин би Б*******ийн голын сав дагуу мал маллаж, голын уснаас ууж ундаалж байдаг иргэн билээ. Хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчсөн ашигт малтмалын олборлолтоос Б*******ийн голын сав газарт асар их бохирдол үүсч, байгалийн тэнцэл ихээр алдагдаж, жирийн иргэн миний “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрх ихээр зөрчигдсөөр байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ч.А нар шүүх болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт Б*******ийн гол-1 нэртэй 351 гектар талбайд 6*******, 1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбайгаас онцгой эрхээр 1******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д олгосон.

“*******” ХХК-ийн 6*******, 1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбайг хамарсан газар нутгийг Өвөрхангай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй, тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авсан боловч Кадастрын бүртгэлийн системд тусгай хэрэгцээнээс хасагдсан тэмдэглэгээ авагдсан байна. 

“*******” ХХК нь 1******* тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр 1******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Кадастрын хэлтсийн даргад даалгасан ба уг шийдвэрийг биелүүлж, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр 1******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн.

Эрх нь сэргээгдсэн 1******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь эх хувиараа 201315000340 дугаартай эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан тул буцаан өгөх боломжгүй талаар Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 893 тоот албан бичигт дурдсан байдаг. “*******” ХХК-ийн хүсэлтийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр 1******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр 18764А тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон.

Уг маргаж буй лицензийн талбайтай холбоотой асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан актыг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Гагцхүү сэргээхдээ ашиглалтын зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх гэж бичсэн нь техникийн алдаа гэж үзэж байна. Нөгөөтээгүүр уг маргаантай холбоотой гомдол гаргах хуулийн хугацаа дууссан тул иргэн Ц.Ц*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн захирал С.Бумангэрэл,түүний өмгөөлөгч Д.Х нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй байна. 

“*******” ХХК нь Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг, Өлтийн дэнж нэртэй газарт хайгуул хийх 1******* тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс, мөн сумын Б******* нэртэй газарт 6******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2003 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс тус тус эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл манай тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан талбайг Өвөрхангай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01, 08/02 дугаар тогтоолуудаар “орон нутгийн тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэсэн. “Баясргоулд” ХХК нь Өвөрхангай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэрүүдийг хүндэтгэж, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөн олговор авах хүсэлтээ Өвөрхангай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга нарт тавьсан боловч нөхөн олговрыг олгоогүй.

2007 оноос 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан нөхөн олговрыг ямар хугацаанд олгохыг уг хуульд тодорхой заагаагүйн улмаас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллага нь нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байсан билээ. 

УИХ-аас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нөхөн олговрыг тусгай хэрэгцээнд авснаас хойш 1 жилийн дотор олгохоор хуульчилсны дагуу манай компани ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргаас шаардахад тус орон нутгийн байгууллага нь нөхөн олговор олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож, нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар заасан. 

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “*******” ХХК-ийн эзэмших хайгуулын 1*******, 6******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговрыг төлөөгүй байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг тус тус зөрчсөн байсан тул “*******” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Өвөрхангай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөн олговрыг манай компанид олгоогүй, цаашид ч олгох хөрөнгө, мөнгө байсан учир Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах эрх хуулийн дагуу үүссэн гэж үзсэн бөгөөд Өвөрхангай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нөхөн олговор төлөхгүй, харин дээрх хуулийн заалтын дагуу “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээхэд татгалзахгүй талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн.

Захиргааны хэргийн шүүх маргааныг хянаад 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэр хүчинтэй байгаа үед уг шийдвэрийг биелүүлж гарсан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүд нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь маргаан бүхий актыг агуулга, бичвэрийн хувьд ямар алдаа гаргасан, бусдын эрх ашиг, хууль ёсны сонирхлыг хэрхэн зөрчсөн зэрэг илт хүчин төгөлдөр бусад тооцох ямар үндэслэл байгааг тодорхойлж чадахгүй байна. 

Уг шийдвэрүүд нь нэхэмжлэгч Ц.Ц*******ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар нэхэмжлэлдээ болон өмнөх шүүх хуралдаануудад тайлбарлаагүй, ямар эрхээ сэргээлгэх гэж байгаагаа өөрөө тодорхойлж чадаагүй, үүнийгээ шүүхэд нотолж чадахгүй байна.Харин түүний маргаж байгаа тайлбараас үзвэл тэрээр зөвхөн “*******” ХХК-ийн сумандаа үйл ажиллагаа явуулахыг өөрөө болон зарим иргэд эсэргүүцэж байгаа талаар тайлбарлаж байгаа нь эрхээ сэргээлгэх эрх зүйн маргаан биш, харин тэрээр иргэний хувиар төрийн бодлогыг зөвтгүүлэхээр шаардлага гаргаж, тэмцэл явуулж байгаа гэж ойлгогдож байна.

Ц.Ц******* нь ******* сумын иргэдийг төлөөлөх эрх бүхий этгээд биш атлаа нэхэмжлэлдээ 100 гаруй иргэдийг төлөөлөн эсэргүүцэл илэрхийлж байгаа гэх боловч тэдгээр иргэд гарын үсгээ цуглуулж өгөөгүй. Тэдгээр иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг шүүхэд тавьдаггүй, зөвхөн энэ хүн шүүхээр явж байгаа. Энэ нь цаанаа явцуу ашиг сонирхол байна гэж үзэж байна. Иймд тул илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол шууд хөндөгдсөн гэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц******* нь тус шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нь  “... тус сумын нутаг дэвсгэр болох Б*******ийн голд “*******” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээн олгосон шийдвэрүүд нь эрх зүйн үндэслэлгүй, холбогдох хууль, тогтоомж зөрчсөн ... Эдгээр акт гарснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Б*******ийн голын онцгой хамгаалалтын бүс дотор буюу голын эргээс 6-8 метрийн зайд ашигт малтмалын олборлолт хийж, голын гольдролыг эвдэж, урсцыг нь багасган, иргэн миний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж байна” гэж, хариуцагч нь “...уг маргаж байгаа тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, тус газрын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” хэмээн маргажээ. 

Нэг:  “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Анх “*******” ХХК нь Өвөрхангай аймгийн ******* сумын нутагт  “Б*******ийн гол” нэртэй газарт 2003 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 6*******,  “Өлтийн баруун дэнж” нэртэй газарт 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаад дээрх 2 тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хэсэгчлэн авсан 350.6 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч, 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст өргөдөл гаргасан байна. Улмаар дээрх өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр анх “*******” ХХК-д Өвөрхангай аймгийн ******* сумын Б*******ийн гол-1 нэртэй уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаар тусгай зөвшөөрлийг олгожээ.

Улмаар Өвөрхангай аймгийн ******* сумын иргэн П.Загарзүсэм нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд дээрх шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх бөгөөд  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр  “Ашигт малтмал, газрын тосны хэрэг  эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэр нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн” байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 75 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын газрын /хуучин нэрээр/ даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дугаартай шийдвэрийг илт хууль бусад тооцсоныг бүртгэжээ.  

Үүний дараа  “*******” ХХК нь  тус шүүхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Өөрийн эзэмшиж байсан 1******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий 351 га талбай дээр үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. 

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай” 334 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн “*******” ХХК-д Өвөрхангай аймгийн ******* сумын Б*******ийн гол-1 нэртэй уурхайн эдэлбэрт өмнө нь олгосон  ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болсонд тооцсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-т “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага, түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно”, 13.3-т “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ” гэж тус тус хуульчилжээ. Дээрх хуулиудаар тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн тооцох, тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уг зөвшөөрлийг сэргээх зохицуулалттай  байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “*******” ХХК-д Өвөрхангай аймгийн ******* сумын Б*******ийн гол-1 нэртэй уурхайн эдэлбэрт 1******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг  олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр “илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн” байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Илт бус  захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд түүнийг захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэггүй юм. Гэтэл хариуцагч  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх эрх хэмжээ холбогдох хууль, тогтоомжоор өөрт олгогдоогүй, түүнчлэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэсэн хуулийн ерөнхий заалтыг гол үндэслэлээ болгон, “*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн шийдвэрийг гаргасан нь түүнийг хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзнэ. Учир нь нарийвчилсан зохицуулалттай  Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээх зохицуулалт тусгагдаагүй байгаагийн зэрэгцээ мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох зохицуулалттай байна.

Түүнчлэн  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой ажиллагаанд нэгдсэн хяналт тавих  чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл  хариуцагч нь “*******” ХХК-д Өвөрхангай аймгийн ******* сумын Б*******ийн гол-1 нэртэй уурхайн эдэлбэрт олгосон 1******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн 2 шийдвэр байхад эдгээрийн харилцан уялдаа, хамаарлыг нягтлахгүйгээр “*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн нь илт  хууль бус болжээ.

Иймд хариуцагчийн “ ...уг маргаж байгаа тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн” гэх тайлбар үндэслэлгүй юм. 

2. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, ...мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг ойлгоно”,  22 дугаар зүйлийн  22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд ...ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс ...тогтооно” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “сум өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно”, 28 дугаар зүйлийн 3-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтооно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “орон нутгийн тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно”, 26 дугаар зүйлийн 26.3.4-т  “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээнд авсан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана” гэж,  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ... усны сан бүхий газрын хамгаалалтын бүс бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Өвөрхангай аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаанаар сумын газар нутгаас “Сум, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” асуудлыг хэлэлцэж, 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01, 08/02 дугаар тогтоолуудыг гаргасан байна. 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолоор “сумын нутаг дэвсгэрээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй /2007 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар “Эрэл” ХХК-ийн Өвөр өлтийн бүлэг орд, Өвөр бүрэгтэйн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бусад/ газрыг бүхэлд нь сумын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж, тусгай хэрэгцээнд байлгах хугацааг 15 жилээр тогтоож байжээ. Мөн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/02 дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрээс эх аван урсдаг “Онги”, “Таац” голуудын эх ундарга, усны ай сав газрыг бүхэлд нь сум, орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэж байжээ. Мөн Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг /булаг, шандыг 300 метр, гол горхийг 1000 метр/ тогтоож байжээ.

Дээрх маргааны үйл баримтуудаас үзэхэд “*******” ХХК-д сэргээн олгосон 1******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 351 гектар талбай нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр Өвөрхангай аймгийн ******* сумын тусгай хэрэгцээнд авагдсан, тусгай хэрэгцээнд байлгах хугацааг 15 жилийн хугацаагаар тогтоосон, түүнчлэн “Онги”, “Таац” голуудын эх ундарга, усны ай сав газрыг (Б*******) бүхэлд нь сум, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, 2010 онд усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоосон  байх бөгөөд  уг захирамж, тогтоолууд  хүчин төгөлдөр байна. 

Түүнчлэн маргаан бүхий актаар сэргээн олгосон  1******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 350.91 гектар талбайд  Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дахь “усны сан бүхий газар” болох Б*******ийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн газар болон гол мөрний урсац бүрэлдэх эх багтаж орсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд “*******” ХХК нь маргаан бүхий акт гарсны дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн “усны сан бүхий газрын 50 метрийн онцгой хамгаалалтын бүсэд орсон талбай болон гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалтай” тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөл гаргаж, дээрх өргөдлийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 629 дүгээр шийдвэрээр “*******” ХХК-ийн МҮ******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Өвөрхангай аймгийн ******* сумын Б*******ийн гол-1 нэртэй 350.91 гектар ашиглалтын талбайгаас 223.47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 127.44 гектар талбайг МҮ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн /гэрчилгээний/ хавсралтад бичиж тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

Одоо “*******” ХХК нь МҮ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр 127.44 гектар талбайг эзэмшиж байгаа бөгөөд энэхүү талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, энэхүү талбайгаас 39.02 гектар талбай нь Б*******ийн голын  хамгаалалтын бүсийн хил буюу “усан сан бүхий газар”-тай давхцалтай болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 7/1790 дугаар албан бичиг , Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/6019 дүгээр албан бичиг , тусгай зөвшөөрлийн лавлагаа, кадастрын зураглал  зэргээр тус тус тогтоогдож байна. 

Маргааны үйл баримтуудаас дүгнэвэл “*******” ХХК-ийн одоогийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 127.44 гектар талбай /350.91 гектар ашиглалтын талбайгаас 223.47 гектар талбайг буцаан өгсөн/ нь Өвөрхангай аймгийн ******* сумын тусгай хэрэгцээний газар, усны сан бүхий газартай давхацсан байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь /тухайн үеийн нэрээр/ “тусгай хэрэгцээнд авсан газар, орон нутгийн хамгаалалтад авсан гол, усны сан бүхий газарт” (Б*******ийн гол) ашигт малтмал ашиглуулах тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-нд сэргээн олгосон нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд ... ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно”,  Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т заасан “...орон нутгийн тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал ашиглахыг хориглох”, 26 дугаар зүйлийн 26.3.4-т заасан “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал ашиглахыг ... хориглосон, тусгай хэрэгцээнд авсан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана”, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...усны сан бүхий газрын хамгаалалтын бүс бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус  зөрчсөн байна.

Иймд хариуцагч нь өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад “*******” ХХК-д Өвөрхангай аймгийн ******* сумын Б*******ийн гол-1 нэртэй уурхайн эдэлбэрт өмнө нь олгосон  ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн олгосон байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг илт  хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хоёр: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын  Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” 387 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 256 дугаар тушаалыг тус тус үндэслэн “*******” ХХК-д олгосон Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дахь Б*******ийн гол-1 нэртэй 350.91 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-13713 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр МҮ-18764 дугаар гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.

 Нэгэнт “*******” ХХК-д Өвөрхангай аймгийн ******* сумын Б*******ийн гол-1 нэртэй уурхайн эдэлбэрт өмнө нь олгосон  ашигт малтмалын ашиглалтын 1******* дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэр нь илт хууль бус болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “ашигт малтмал ашиглах эрх  олгогдсон баримт бичиг” болох  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,  хавсралтыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь илт  хууль бус гэж үзнэ.  

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-т зааснаар хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох бүрэн эрхтэй хэдий ч энэхүү бүрэн эрх нь хуулиар түүнд олгогдсон байх ёстой.

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.15-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол ...сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгох”-оор хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, цуцлагдсан тохиолдолд чөлөөлөгдсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор зохицуулжээ. Харин Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ямар тохиолдолд “нөхөн олгох” асуудлыг зохицуулаагүй байна.

“*******” ХХК нь МҮ-13713 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр шийдвэрлэгдсэн 2014 оны 979 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн 201315000340 дугаар эрүүгийн хэрэгт эх хувиар нотлох баримтаар авагдсан болох нь хариуцагчийн тайлбар, Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 893 дугаар албан бичгээр  тус тус тогтоогдож байна.

Иймд  дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад захиргааны акт гаргасан нь илт хууль бус болжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж зааснаас үзэхэд захиргааны актын улмаас тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.  

Нэхэмжлэгч Ц.Ц******* нь Б*******ийн нурууны өвөрт Б*******ийн голоос 6,8 км-т “Улаан нарийн” гэдэг газарт өвөлжиж, хаварждаг, хэдэн үеэрээ мал маллаж амьдарч байгаа нь Б******* багийн байнгын оршин суугч болох нь Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/202 дугаар албан бичгээр тогтоогдож байх ба ийнхүү хууль зөрчиж, Онги голын үндсэн цутгал голуудын нэг болох Б******* голын ай савын газарт хүний аж ахуйн ба инженерийн үйл ажиллагаа түүний дотор ашигт малтмалын олборлолт, ашиглалт явагдсанаас Онги гол тасарч, түүнээс нөөцөө авдаг нуур ширгэж, байгалийн тэнцэл алдагдаж, тухайн орон нутагт оршин суугчдын ундны ус, малын бэлчээр, усалгааны нөөц хомсдож, цаашид бүрмөсөн тасалдаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүйд хүрэхээр байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Ц.Ц*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Иймд гуравдагч этгээд “*******” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “ ... нэхэмжлэгч нь  нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.  

Дээрх үндэслэлүүдээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийн улмаас тухайн орон нутагт оршин сууж амьдрагч иргэн Ц.Ц*******ийн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” зөрчигдсөн байх тул дээрх маргаан бүхий захиргааны  актуудыг бүхэлд нь  илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, 26 дугаар зүйлийн 26.3.4, Гол,мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүд нь илт хууль бус болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.БАТСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                 Ц.МӨНХЗУЛ

                                                                                                 Л.ӨЛЗИЙСАЙХАН