Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0407

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал С.О, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0318 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарын давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0318 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаар захирамжийн Б э С Э Ө ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн Засаг даргын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн а/527 дугаар захирамжийн А ХХК-ийн эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас А ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “...хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа дүүргийн Засаг даргаас санал авсан эсэх, дүүргийн Засаг дарга санал өгсөн эсэхийг шүүхээс болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчийн зүгээс асууж тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тайлбар гаргасан бөгөөд анхан шатны   шүүх   2010   оны   нийслэлийн   газар   зохион   байгуулалтын   төлөвлөгөөг батлахдаа холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан гэдэгт шүүх захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэнд буруу болсон байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрийн  буруутай үйлдлээс болж давхцал  үүссэн  эсэхийг анхан шатны шүүх дүгнэлт огт өгсөнгүй гэж үзэж байна. Учир нь: Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 9.6-д "... иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-т дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө..." гэж заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрх үүссэний дараа тухайн газрынхаа нэгж талбарын газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тогтоосон акт, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй байхад дүгнэлт хийхгүй төрийн захиргааны байгууллагыг буруутгасан нь буруу юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэсэн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 128/ШШ2018/0318 дугаар шийдвэр болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т заасан "...улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх хөтлөх" нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээ гэсэн нь Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Газрын тухай хуулийн 23.2.14 дэх заалт нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээ болохоос биш Дүүргийн Засаг даргад эрх хэмжээ олгосон үүрэг болгосон заалт биш юм. Дүүргийн Засаг дарга нь 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар "А" ХХК-д тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын хойд талд байрлах нэгж талбарын 133028/0136 дугаартай 20.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, улмаар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/301 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхийг сунгасан ба тухайн асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т "... 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч "А" ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд дүүргийн Газрын албанаас тухайн хүсэлтийг шийдвэрлэхээр судалж үзэхэд мэдээллийн санд Нийслэлийн Засаг даргын давхцуулан 2010 оны 88 дугаар захирамжаар "Б Э С Э Ө" ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Энэ нь Газрын тухай хуульд заасанчлан хуулийн дагуу шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын хугацаа сунгаагүй үйлдэл нь хууль зөрчөөгүй байхад давхцалтай байсан ч гэсэн газрын хугацааг нь сунгах ёстой мэт ойлгогдохоор анхан шатны шүүх шийдвэртээ тайлбарласан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31.3 "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчсөн байна. Эдгээрээс дүгнэвэл Анхан шатны шүүхийн шийдвэр нь зохих хэм хэмжээг зөв хэрэглээгүй түүнчлэн нэхэмжлэгч талд хэт үйлчилсэн шийдвэр гаргасан болох нь харагдаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “А” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын станцын хойд талд байрлах 20000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгож, улмаар дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/301 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нь дээрх газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болжээ.

Харин Нийслэлийн Засаг дарга 2010 оны 01 дүгээр сарын 28-ны 88 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Б Э С Э Ө” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 80 га газрыг эзэмшүүлэх эрх олгохдоо нэхэмжлэгч “А” ХХК-ийн ашиглах эрх бүхий 6465.5 м.кв газартай давхцуулан олгож, улмаар нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/527 дугаар захирамжаар гуравдагч этгээдийг дуудлага худалдааны анхны үнийг төлсөн гэх үндэслэлээр дээрх газрыг 40 жилийн хугацаагаар эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх бөгөөд анх түүнд газар эзэмшүүлсэн 88 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзаж буй үндэслэлээ  “...түүний эзэмшлийн 20000 м.кв газар нь Нийслэлийн газрын албаны мэдээллийн санд бүртгэлгүй бөгөөд гуравдагч этгээд “Б Э С Э Ө” ХХК-ийн газартай давхцалтай байна” гэж тайлбарласан, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд “Б Э С Э Ө” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан үндэслэлээ “...нэхэмжлэгч нь газар эзэмших эрх үүссэний дараа тухайн газрынхаа нэгж талбарын газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тогтоосон акт, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй, ийнхүү нэхэмжлэгчийг тухайн газрыг ашиглах, эзэмших эрхтэй гэдгийг мэдэх боломжгүй” гэж тайлбарлан маргажээ.

Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд “Б Э С Э Ө” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан 2010 оны 01 дүгээр сарын 28-ны 88 дугаар захирамж гарах үед нэхэмжлэгч “А” ХХК-ийн ашиглах эрх бүхий 20000 м.кв газрын нэгж талбар нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байх ёстой. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2/350 дугаар албан бичиг болон маргаан бүхий газрын сансарын зурган мэдээллээс харахад 2006 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18632301690118 дугаар бүхий 20000.3 м.кв газар нь эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн, 2009 оны 10 дугаар сараас 2011 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбар нь нэгж талбарын дугаар болон газрын хэмжээ өөрчлөгдөөгүй байдлаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх ба 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбар нь устгагдсан байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны 88 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Б Э С Э Ө” ХХК-д газар эзэмшүүлэх үед нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч “А” ХХК-ийн ашиглах эрх бүхий 20000 м.кв газар нь бүртгэлтэй байсан атал хариуцагчаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан хэрнээ нэхэмжлэгчийг “...эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг хүлээлгэх өгөх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангаас нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй бүртгэгдсэн нэгж талбар нь 2012 оны 02 дугаар сарын архивын зурган мэдээлэл устгагдсан, одоо бүртгэлгүй байгаа нь хариуцагч нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий актуудыг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд хууль ёсны дагуу газраа эзэмшиж буй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан үндэслэлээ зөвхөн “бусдын эзэмшиж байгаа газартай давхцалтай” гэж тайлбарласан, харин бүрдүүлбэл зохих бүрдүүлбэр дутуу эсэх талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                     

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН