Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2020/00049

 

Д.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух И овогт Д-ын Аийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч А.С, хариуцагчийн өмгөөлөгч К.Жнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 7178184.00 төгрөг гаргуулах тухай.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 709855.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0389 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд намайг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч миний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.060.280.00 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Гэхдээ миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхэлж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг хариуцагчаас гаргуулмаар байна. Миний бие сарын 897.273.00 төгрөг авдаг байсан ба үүнийг ажилгүй байсан хугацаа болох 8 сараар бодоход 7.178.184.00 төгрөг болж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7.178.184.00 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Д.Аийн тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаартай шийдвэрээр мэргэжилтний албан тушаалд томилж ажиллуулахыг даалгасан боловч Д.А нь манай газарт ажиллаж байх хугацаандаа бусдаас авлига авч, улмаар үйлдэл нь нотлогдож Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно, 22.1.3-т Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, 47 дугаар зүйлийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасны дагуу Д.А нь манай газарт ажиллах эрхгүй болсон ба нэгэнт төрийн албанд ажиллах эрхгүй болсон Д.А нь цалин хөлс нэхэмжлэх эрхгүй болно. Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэртэй, Д.Аийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг Д.А гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхээс тогтоосонтой холбоотойгоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргах бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хандана. Иймд дээрх үндэслэлээр Д.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 7178184 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд: Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаартай шийдвэрээр маргаан бүхий орон тоо буюу аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажилласан хугацаанд албан тушаалын цалинд 540033 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 27002 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 91806 төгрөг, нийт 658841 төгрөгийн цалин хөлс авдаг байсныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож шийдвэрлэхээр тогтоосны дагуу Д.Ат 4060280 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгаж авахгүйгээр бүхэлд нь олгосон байна. Д.А нь 709855 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлөхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх ба манай газар нь 709855 төгрөгийг Д.Ат олгох үүрэг үүсээгүй болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу Д.Аээс шаардах эрхтэй. Иймд Д.Аээс 709855 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт: Хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон ажилгүй байсан хугацааны цалингийн олговор болох 4060280 төгрөгөөс 709855 төгрөгийн татварын болон шимтгэлийн суутгал хийгээгүй байна хэмжээн үзэж уг 709855 төгрөгийг надаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Миний бие хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж авсан нь үндэслэлгүй байна. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг буюу шүүхийн шийдвэрийн дагуу цалин биш цалингийн олговор авсан юм. Өөрөөр хэлбэл цалингийн олговроос аливаа суутгал хийгдэх ёстой байсан талаарх нотлох баримт авагдаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Хэрэв татгалзах боломжгүй гэвэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 4611887 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан Даниялын Ат олгож, илүү нэхэмжилсэн 2566297 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Д.Аээс 709855 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гомдлын үндэслэл: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байсан нэхэмжлэгч Д.А нь бусдыг ажилд томилох шийдвэр гаргасны төлөө 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 сая төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 сая төгрөг, нийт 4 сая төгрөгийн хахууль авсан болох нь Баян-өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаар тогтоолоор тогтоогдсон. Д.А нь төрийн алба хааж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн, үүнийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэх боломжгүй байсан. Хэрэв захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн бол Д.Аийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байсан. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн Д.Аийн төрийн алба хаах, төрийн албан хаагчийн хувьд эдлэх эрх хамгаалагдахгүй, түүнийг шүүх хамгаалж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно, 22.1.3-т Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, 47 дугаар зүйлийн 47.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасныг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно гэж заасны дагуу Баян-өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаар тогтоол нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хуульд заасны дагуу Д.Аийн төрийн алба хаах эрх дуусгавар болсон ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа нь хүчинтэй болсноос гомдол, эсэргүүцэл бичих хүртэлх хугацаа буюу албадан гүйцэтгэх хугацаа тул шийтгэх тогтоол хүчинтэй болох хугацаа биш юм. Иймд дээрх үндэслэлээр Баян-өлгий аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас 4,611,887 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гомдлын үндэслэл: Д.А нь 709855 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлөхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр 4060280 төгрөгийг Д.Ат олгохоор шийдвэрлэсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж тайлбарласан байна. 4060280 төгрөгийн цалин хөлсний орлогоос Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаад үлдсэн дүнг Д.Ат олгох байсан ба Д.А 4060280 төгрөгийг авах эрх анхнаасаа үүсээгүй. Төрийн байгууллагыг хохироосон, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн, Д.Ат илт давуу байдал олгосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хуулийн зүйл заалт дурдахгүйгээр энэ талаар иргэн бүрийн мэддэг зүйл байхад ийм шийдвэр гаргасанд гайхаж байна. Иргэний хуулийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу 709,855 төгрөгийг Д.Аээс шаардах эрхтэй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 7178184.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулаагүй тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд намайг томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, миний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.060.280.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байх ба ажил олгогчоос уг шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гарсан өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Д.А нь захиргааны хэргийн шийдвэрээр аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажилласан хугацаанд албан тушаалын цалинд 540.033.00 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 27.002.00 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 91.806.00 төгрөг, нийт 658.841.00 төгрөгийн цалин хөлс авдаг байсныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож шийдвэрлэхээр тогтоосны дагуу Д.Ат 4.060.280.00 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгаж авахгүйгээр бүхэлд нь олгосон байх тул түүнээс 709.855.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны олговорт 4611887.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, илүү нэхэмжилсэн 2566297.00 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэн гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 5600000.00 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна. Хэдийгээр нэхэмжлэгч Д.А нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор авлигын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан гэм буруугийн зарчмыг удирдлага болгон түүнийг уг шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг авах, энэ талаар шүүхэд мэдүүлэх эрхтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ат холбогдуулан, дээрх шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад түүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан /хассан, түдгэлзүүлсэн/ ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно. гэж, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 41.1 дэх хэсгийн 47.1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн албанаас хална гэж тус тус хуульчилсан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ялаар шийтгэсэн зэргийг үндэслэн, түүний ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэр гарсан өдрөөс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, нийт 6 сар ажлын 14 хоногоор тооцох нь хуульд нийцнэ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Д.Аийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахдаа сарын дундаж цалин хөлсийг 658841.00 төгрөгөөр тооцсон, түүнийг дахин нотлох, тогтоох шаардлагагүй тул нэхэмжлэгч Д.Аийн нэг сарын дундаж цалин хөлсийг 658841.00 төгрөгөөр тооцож /6 сар х 658841.00 төгрөг = 3953046.00 төгрөг, ажлын 14 хоног х 30643.00 төгрөг = 429002.00 төгрөг/ нийт ажилгүй байсан хугацаанд олгох олговрын хэмжээ 4382048.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2796136.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4060280.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Д.Ат олгож шийдвэрлэсэн, уг олговрыг хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу олгосон болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль бус болжээ.

 

Ажил олгогч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрийг биелүүлж, Д.Ат 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4060280.00 төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлөхдөө нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын ашгийн татварыг суутгалгүйгээр шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, хариуцагчийн энэхүү үйл ажиллагаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зөрчсөн, хууль бус болжээ. Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Д.Аээс хүн амын орлогын албан татварт 250047.00 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 459008.00 төгрөг, нийт 709855.00 төгрөг гаргуулж, хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, харин үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтын 4611887 төгрөгийг гаргуулан гэснийг 4382048.00 /дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга дөжин найм/ төгрөгийг гаргуулан гэж, 2566297 төгрөгийг хэрэгсэгүй болгосугай гэснийг 2796136.00 /хоёр сая долоон зуун ерөн зургаан мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 25.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Аийн төлбөл зохих хувь хүний орлогын албан татварт 250.047.00 төгрөгийг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.1 дэх заалтыг баримтлан нийгмийн даатгалын шимтгэлд төлбөл зохих 459.008 төгрөгийг, нийт 709.855.00 төгрөгийг нэхэмжлэгч Д.Аээс гаргуулж хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгож, хуульд заасан үүргийнхээ дагуу зохих дансанд тус тус шилжүүлэхийг хариуцагчид үүрэг болгосугай. гэж,

3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12980100 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 85062.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 21.586.00 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

Д.КӨБЕШ