Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 167

 

Б.Л, Б.Ч нарын нэхэмжлэлтэй,

УБЕГ-т холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         М.Батсуурь,

                                                     Б.Мөнхтуяа,

                                                     Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   С.Баяртуяа,

Нэхэмжлэлийн шаардлага: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ““НП” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн болон гүйцэтгэх удирдлага томилсон” тухай бүртгэлийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0886 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч О.Майцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, гуравдагч этгээд Б.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0886 дугаар шийдвэрээр: 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.4, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “НП” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарын УБЕГ-т холбогдуулан гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “НП” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, үүсгэн байгуулах баримт бичиг уг хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон тохиолдолд л улсын бүртгэлээс татгалзах”-аар заасан бөгөөд дээрх үндэслэл бий болоогүй тул хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэхдээ хуулийн 19.1.1 дэх хэсэгт заасан “баримт бичгийн бүрдэл дутуу” мөн 19.1.2-т заасан “баримт бичиг уг хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэсэн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу баримт бичгийн бүрдэл гэдэгт юуг ойлгох, бусад хууль тогтоомжид тавьсан шаардлага байгаа эсэхийг тодорхойлоогүй байна. Бүртгэл хийгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийг дараах байдлаар тусгажээ. Өөрөөр хэлбэл 23.3-д “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 23.3.1-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 23.3.2-т “эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчид шийдвэр” 23.3.3-т “дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт”, 23.3.4-т “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ”, 23.3.5-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж заажээ. Уг зохицуулалтын 23.3.2 дахь хэсэгт заасан эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр нь “НП” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Баяраагийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаар шийдвэр болно. Давж заалдах шатны шүүх уг шийдвэр гарсан байгаа бөгөөд уг шийдвэрийг хүчингүй болгосон аливаа шийдвэр байхгүй тул бүрдэл хангагдсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл буюу тухайн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөөгүй байна. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тохиолдол бөгөөд энэ тохиолдолд уг шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг компанид хүлээлгэсэн байна. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3-т “Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулсан бол тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ” гэж зохицуулсан байдаг. Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд дээр дурдсан бүртгүүлэх хугацааг сунгах талаар зохицуулалт огт байхгүй тул Компанийн дүрэмд орох аливаа өөрчлөлтийг зөвхөн хуульд заасан хугацаанд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор хуулиар зохицуулсан байдаг.

5. Өөрөөр хэлбэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй гэдэгт хуульд заасан хугацааны дотор гаргасан хувьцаа эзэмшигчийн шийдвэр хамаарах бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол бүрдүүлбэр хангаагүй гэж үзнэ. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.1 дэх хэсэгт заасан энэ хууль болон бусад хуульд заасан шаардлага гэдэгт уг хуулийн 11.3 болон Компанийн тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасан бүртгэл хийлгэх хугацааны хувьд тавьсан шаардлагыг хамруулан ойлгоно. Гэтэл “НП” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Баяраагийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаар шийдвэрийг хуульд заасан хугацаа өнгөрснөөс 2 жилийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.1, 19.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх уг заалтуудад нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6. Түүнчлэн захиргааны эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн зарчим үйлчилдэг ба хууль нэгэнт хэлбэржиж буусан бол заавал хэрэгждэг байх нь төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Хуульд заасан хугацааг захиргааны байгууллага өөрчлөх, баримтлахгүй байх эрхгүй бөгөөд захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа хуульд заасан хугацаанд л явагдах учиртай. Материаллаг болон процессын хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуулийн дагуу явуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль ёсны гэж үзнэ. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад бүртгэл хийсэн нь дээрх зарчмыг зөрчиж, хуулиар эрх олгоогүй үйл ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Магадлалын хянавал хэсэгт “С.Баяраа нас барснаар “НП” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ноос өөр этгээд өргөдөл гаргах боломжгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй” гэж дүгнэсэн нь хуульд үндэслээгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт улсын бүртгэлд өргөдөл гаргах эрх бүхий этгээдүүдийг нэрлэн заасан байдаг. Үүнд: 16.1.1-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, 16.1.2-т “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч”, 16.1.3-т “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан”, 16.1.4-т “хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга” гэж заасан.

8. Дээр дурдсан этгээдүүдээс өөр этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах өргөдөл гаргах эрхгүй. Компанийн хувийн хэрэгт авагдсан баримт бичгээс харахад 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар компанийн гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь С.Баяраа байсан болох нь нотлогддог төдийгүй Б.Нид эрх олгосон аливаа итгэмжлэл байдаггүи. С.Баяраа нас барснаар түүний хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг нь эрх шилжих процессын хүрээнд түүний өвлөгч нарт шилжсэн болно. Өөрөөр хэлбэл, өв нээгдэх үед талийгаачийн нэр дээр байсан “Намнан пропертиз” ХХК-ийн 100 хувийн хувьцаа нь өвлөгдөх хөрөнгийн жагсаалтад хамаарна. Тиймээс тухайн хөрөнгөтэй холбоотой аливаа шийдвэрийг талийгаачийн өвлөгч нар өв хөрөнгийг хүлээн авсны дараа гаргах ёстой. Тиймээс анхан шатны шүүх гуравдагч этгээд Б.Н нь өргөдөл гаргах эрх бүхий этгээд биш байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1 дэх хэсгийг хэрэглээгүй, хуульд үндэслээгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

9. Нэхэмжлэгч нар нь “НП” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч С.Баяраагийн төрсөн хүүхдүүд бөгөөд С.Баяраа 2015 оны 12 сарын 5-ны өдөр нас барснаар түүний хууль ёсны өвлөгчид болсон. Иргэний хуулийн 518.1 дэх хэсэгт заасны дагуу өвлүүлэгч нас барсан өдрөөс эхлэн өв нээгдсэн гэж үзнэ. Өв нээгдэх үе буюу 12 сарын 5-ны өдөр “НП” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч С.Баяраа байсан тул тухайн хувьцаа нь өвлүүлэгч нарт ногдох өв хөрөнгөнд тооцогдоно. Тиймээс хуулийн этгээдийн улсын бүртгэл нь хууль зөрчиж, нэхэмжлэгч нарын өвлөх хөрөнгөнд ногдох хувьцааг бусдын эзэмшилд шилжүүлэх тухай бүртгэлийг хийсэн нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

10. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 189 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгчээс “2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “НП” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд уг бүртгэлээр “НП” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаас С.Баярааг хасч, Б.Нийг нэмж, гүйцэтгэх захирлаар Б.Нийг томилсон байна.

13. Нэхэмжлэгчээс “2015 оны өөрчлөлтийг 2017 онд хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад бүртгэсэн, компанийг төлөөлөх эрхгүй этгээд мэдүүлэг гаргасан тул татгалзах байсан” гэж, хариуцагчаас “хувьцаа эзэмшигчийн хүсэл зоригийн дагуу бүртгэл хийсэн, хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзах хуулийн зохицуулалт байхгүй” гэж тус тус маргажээ.

14. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн /2015 оны/ тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 19.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 19.1.3-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд захиргааны байгууллага хууль зөрчөөгүй, бүртгэхээс татгалзах үндэслэл үүсээгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

15. 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх 15/03 тоот гэрээгээр “НП” ХХК-ийн 100% хувьцааг С.Баяраагаас Б.Нид бэлэглэсэн. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигч С.Баяраа нас барж, үүний дараа Б.Нийн мэдүүлгээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “НП” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, хувь нийлүүлэгчээс С.Баярааг хасч, Б.Нийг нэмж бүртгэсэн байна. Энэ тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх тусгайлан нэрлэж заасан баримт бичиг бүрэн байсан, “хуурамч эсхүл хуульд заасан шаардлага хангаагүй” гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

16. Нэхэмжлэгчийн “компанийн мэдээллийн өөрчлөлтийг хуулийн дагуу бүртгүүлэх хугацаа дууссан, энэ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх зарчимтай. Энэ тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” зохицуулалт нь маргааны үйл баримтыг зохицуулах тусгайлсан хууль байх тул Компанийн тухай хуулийг хэрэглэхгүй.

17. Нэхэмжлэгчийн “улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхгүй этгээдийн мэдүүлгээр бүртгэл үйлдсэн, итгэмжлэл олгогдоогүй” гэх гомдлоор маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, гэрээгээр Б.Н нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болсон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, С.Баяраа хувьцаа шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх асуудал захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээнд хамааралгүй.

18. Харин энэхүү 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэл нь нэхэмжлэгчийн өвлөх эрхэд саад болох үндэслэл болохгүй бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С.Баяраа нас барснаар тухайн үед тухайн иргэний өмчлөлд байсан хөрөнгийг өвлөх эрхэд 2017 оны бүртгэл нөлөөлөхгүй, компанийн үүсгэн байгуулагч хэн байхаас үл хамааран өв залгамжлалын асуудал тусдаа шийдвэрлэгдэхээр байна.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан, энэ тохиолдолд маргаан бүхий улсын бүртгэлээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

20. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 189 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

         ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ