Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 980

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “П” ХХК,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: “А” ХХК, “М” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, гуравдагч этгээд А ХХК-ийн захирал П.Ш*******, түүний өмгөөлөгч Д.Т, гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.З******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ХХК-ийн захирал Х.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ““П” ХХК, “А” ХХК, иргэн Д.М нар хамтран Б дүүргийн р хорооны нутаг дэвсгэрт “Үйлчилгээний төв бүхий орон сууцны барилга” барих зорилгоор 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу 3 талт “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан ба гэрээний дагуу манай компани тус барилгыг барьж, 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 205/008 тоот актаар улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулснаар гэрээ дуусгавар болсон.

Хамтран ажиллах гэрээний 3.1-д “А тал “А” ХХК нь барилгын -1-р давхрын 0 м.кв талбай, 1-р давхрын 0 м.кв талбайг, Б тал “П” ХХК нь 2-р давхрын 720 м.кв талбайтай үйлчилгээний хэсэг ба 3, 4, 5, 6, 7-р давхрын 40 айлын орон сууц, -2-р давхрын 15 машины гарааш, Д тал иргэн Д.М -1-р давхрын 0 м.кв, 1-р давхрын 0 м.кв талбай, 1-р давхрын -0 м.кв талбайг дундаа хэсгээр өмчлөхөөр харилцан тохиролцсоны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн ногдох талбайг өөрсдийн өмчлөлдөө авсан.

“А” ХХК нь гэрээний дагуу өөрт ногдох талбайгаа “Монхангай” ХХК болон иргэн Ё.Х нарт худалдсан ба өнөөдрийн байдлаар тухайн барилгад эзэмшиж, ашиглаж, өмчилсөн ямар нэгэн талбай байхгүй. Гэтэл нийтийн эзэмшлийн шатны талбайд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариуг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхэд хандаж байна.

Энэхүү нийтийн эзэмшлийн шатны талбайд өмчлөх эрх олгосон нь 2 давхар руу гарах, буух гарц, доошоо -1-р давхар болон “Монхангай” ХХК-ийн супермаркет руу орох, гарах гарц хаагдахад хүрч, улмаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрэм, стандарт зөрчигдөж байна. Ийнхүү хууль зөрчиж “А” ХХК-д улсын бүртгэлийн Ү-22******* дугаар гэрчилгээ олгосон нь тухайн барилгын 3-аас дээш давхарт амьдарч байгаа оршин суугч, -1-р давхарт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний супермаркет, 1, 2 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдийн эрх зөрчигдсөөр байна.

Иймд бусдын эрх болон хууль зөрчин нийтийн эзэмшлийн шатны талбайд олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, дугаар бүхий үйлчилгээний 24 м.кв талбайтай нэгдүгээр давхрын В хэсэг Ү-22******* улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн өмчлөгчөөр “А” ХХК бүртгэлтэй байна.

“А” ХХК нь 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, дугаартай гүйцэтгэл дуусаагүй барилгын үйлчилгээний зориулалттай 0 м.кв талбайтай нэгдүгээр давхрын хэсгийн өмчлөх эрхээ баталгаажуулахаар гаргасан хүсэлтийн дагуу тус байгууллага нь 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09/1001 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар захирамж, “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрэм, иргэний үнэмлэхний хуулбар, Барилга хот, байгуулалт төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт мэдээллийн хэлтсийн хаягийн тодорхойлолт, 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн БД/00 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 14, 14 дугаартай техникийн нөхцөл, Пром-импорт ХХК-ийн гэрчилгээ, тухайн эд хөрөнгийн план болон фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 58 дугаартай гэрчилгээг олгож бүртгэсэн.

Мөн “А” ХХК нь 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, дугаартай, үйлчилгээний зориулалттай 0 м.кв талбайтай нэгдүгээр давхрын хэсгийн өмчлөх эрхээ баталгаажуулахаар /100 хувь/ гаргасан хүсэлтийн дагуу тус байгууллага нь 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/0903 тоот албан бичиг, Х банкны 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/867 тоот албан бичиг, 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205/228 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрэм, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн газрын байршлын кадастрын зураг, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4 дугаар захирамж, 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3 дугаар захирамж, 2006 оны 0р сарын 17-ны өдрийн Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн БД/00 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 14, 42******* дугаартай техникийн нөхцөл, тухайн эд хөрөнгийн план зураг болон фото зураг, үйлчилгээний хураамж төлсөн баримт зэргийг үндэслэж өмнөх бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай өмчлөх эрхийн 7******* дугаартай гэрчилгээг шинээр олгож, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэсэн байна.

“А” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01******* тоот албан бичигт тус компани нь өөрийн өмчлөлийн Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, дугаартай, үйлчилгээний зориулалттай 0 м.кв талбайтай нэгдүгээр давхрын хэсгээс иргэн Ё.Хд 3 м.кв талбайг бэлэглэж байгаагаа бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ба 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/0501 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, тухай эд хөрөнгийн фото зураг, үйлчилгээний хураамж төлсөн баримт, мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг үндэслэн “А” ХХК-ийн өмчлөх эрхийн 7******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, дугаар бүхий барилгын нэгдүгээр давхрын В хэсэгт байршилтай 24 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар үлдээж, гэрчилгээг олгосон.

Дээрх хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас харахд бүртгэл холбогдох хуулийн дагуу хийгдсэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бусад эрхийн бүртгэлийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг буцаах үндэслэл байхгүй тул бүртгэлийг хийсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бусад эрхийн бүртгэлийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заажээ.

Иймд бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал П.Ш*******, түүний өмгөөлөгч Д.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““П” ХХК нь “А” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу ногдох талбайг өмчлөлдөө авсан, ногдох талбайгаа “М” ХХК болон иргэн Ё.Х нарт худалдсан ба өнөөдрийн байдлаар тухайн барилгад эзэмшиж, ашиглаж, өмчилсөн ямар нэгэн талбай байхгүй атлаа нийтийн эзэмшлийн шатны талбайд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан гэж огт үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. 

“А” ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б дүүргийн р хорооны нутаг дэвсгэрт орших 815 м.кв талбайтай өөрийн эзэмшлийн газар дээр “П” ХХК, иргэн Д.М нартай хамтран үйлчилгээний болон орон сууцны зориулалттай барилга барихаар харилцан тохиролцож, 01/0808 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд “П” ХХК нь уг гэрээний дагуу барилгын 1 болон -1 дүгээр давхарт тус бүр 0 м.кв талбайг манай компани өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.

Гэвч гэрээг хэрэгжүүлэх явцад “П” ХХК, иргэн Д.М нар нь манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр бидний өмчлөлийн хэсэгт техникийн бүх шийдлийг /лифт, ариун цэврийн өрөө, шат, гол хаалга гэх мэт/ байрлуулсан зураг төсөл гаргаж, ашигтай талбай багассан учраас талууд харилцан зөвшилцөж, барилгын -1 дүгээр давхрын үйлчилгээний талбайн зүүн талын шат буюу нийтийн эзэмшлийн талбайг хааж битүүлэн, ашигтай талбай болгон өөрчилж, иргэн Д.Мгийн өмчлөлд хамаарах баруун талын шатыг нийтийн эзэмшилд ашиглуулахаар тохиролцон, дараах байдлаар баталгаажуулсан.

Иргэн Д.Мтэй 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “3-р хорооллын үйлчилгээний төвийн байранд өөрчлөлт хийх тухай хэлцлийн протокол”-ыг үйлдэн уг протоколын 2 дахь заалтаар “Өөрсдийн эзэмшлийн зүүн талын 1 дүгээр давхраас доошоо -1  дүгээр давхар руу орсон шатыг нурааж, хаахаар, мөн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмэлт гэрээний 3.2 дахь заалтаар 00 түвшингийн шатыг нурааж битүүлэх зардлыг зүүн талыг “А” ХХК, иргэн Д.М нар хамтарч гарган, “П” ХХК-д төлөхөөр тусгасан. 

Дээрх тохиролцооны дагуу “А” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр барилгын зүүн талын шатны 24 м.кв талбайн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгүүлж, 00******* дугаар гэрчилгээг авсан.

Гэтэл “П” ХХК нь уг барилгад үйл ажиллагаа явуулдаггүй, тус компанийн өмчлөлд хамаарах талбай тухайн барилгад огт байхгүй атал гэрээ хэлцлээр олгогдсон эрхийн хүрээнд барилгын 1 дүгээр давхрын шатны хонгилын 24 м.кв талбайг өөрсдийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан манай компанийг буруутгаад зогсохгүй улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаанаас үүдэн “П” ХХК-ийн эрх ашиг сонирхол хохирсон мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “П” ХХК-ийн эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн “П” ХХК нь “Барилгын нийтийн эзэмшлийн талбайд өмчлөх эрх олгосон нь 2 давхар руу гарах гарц, -1 давхар болон Монхангай ХХК-ийн супермаркет руу орох, гарах гарц хаагдахад хүрч байна” гэж бодит байдалд нийцэхгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Учир нь иргэн Д.М нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлийн дагуу өөрийн өмчлөлд хамаарч буй барилгын баруун талын 1 дүгээр давхрын шатны хэсгийг нээж, нийтийн эзэмшилд ашиглуулах үүргээ биелүүлэхгүй байгаагаас бид өмчлөх эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүй байгаа бөгөөд “П” ХХК нь иргэн Д.Мгөөс талуудын харилцан тохиролцсоны дагуу нийтийн зорчих шатыг зориулалтын дагуу ашиглахыг шаардах ёстой атал ийм үүрэг хүлээгээгүй манай компанийн өмчлөлийн талбайн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь зүйд нийцэхгүй байна.

Манай компани өөрийн өмчлөлийн -1 дүгээр давхрын 0 м.кв талбайг “М” ХХК-д, 1 дүгээр давхрын 0 м.кв талбайгаас 3 м.кв талбайг 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ё.Хд “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдох бөгөөд үлдсэн 24 м.кв талбайг өөрсдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд “П” ХХК нь 2011 онд манай компанийг шатны хонгилын 24 м.кв талбайг өөрсдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай мэдэж байсан нь манай компаниас “П” ХХК болон иргэн Д.М нарт 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн 10******* тоот албан бичиг, 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01******* тоот албан бичгүүдээр нотлогдоно. 

Иймд “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.З******* шүүхэд болон шүүх хуралд гаргасан тайлбартаа: “М ХХК нь “А” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 07/04 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан тухайн баригдаж буй байрны -1 давхрын 720 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийн худалдан авч, , дугаар байрны -1 давхрын 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон бөгөөд уг үл хөдлөх хөрөнгөнд Миний сүлжээ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийн дээд талын давхар буюу Б дүүргийн р хороо, , дугаар бүхий байрны 1 давхрын манай дэлгүүр рүү ордог шатны хэсэг болох 24 м.кв талбайг дугаар байрыг бариулсан “А” ХХК нь 00******* тоот гэрчилгээний дугаартай Ү-22******* тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан, шатыг хааж, барилгын хийцэд өөрчлөлт оруулж, манай компанийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нөхцөл байдал бий болоод байна. 

“А ХХК, “П” ХХК, иргэн Д.М нарын байгуулсан 2007 оны “Хамтран ажиллах гэрээ”-ний нэмэлт протокол нь манай компанитай гэрээ байгуулснаас хойш буюу 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шатыг хаахаар тохиролцсон нь манай компанийг анхнаасаа хохироох, залилан мэхлэх шинжтэй үйлдэл хийсэн гэж хардах үндэслэлтэй байна. 

Өмнө нь ч Д.М, “А ХХК-тай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан гарч, 2-3 жил шүүх, цагдаагийн байгууллагаар явж, хэрэг эцэслэж шийдвэрлэгдэж байсан.

“А ХХК нь анх гэрээ байгуулж байх үедээ шат битүүлэх талаар тохиролцоогүй, харин ч зүүн, баруун 2 шат гарцтай байх барилгын батлагдсан зураг төслийг бидэнд үзүүлж, танилцуулсныг бид худалдааны төв, супермаркетын үйл ажиллагаа явуулахад иргэд, үйлчлүүлэгчид олон урсгалаар чөлөөтэй нэвтэрч үйлчлүүлэх боломжтой байдал, тухайн нутаг дэвсгэрийн зах зээлийн судалгаа, галын болон осол аваарын гарц зэргийг тооцож судалж үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж байсан. Тус шатны зориулалтаар баригдан ашиглаж буй 24 м.кв талбайд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгож, бүртгэснээс шалтгаалан “А ХХК нь шатны талбайг битүүлж, үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргаад байгаа бөгөөд энэ нь манай компанийн хувьд супермаркет, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, дэлгүүрийн борлуулалт буурч, компанид ихээхэн хохирол учрах эрсдэлтэй юм.

“А ХХК, “П” ХХК, Д.М нарын байгуулсан 2007 оны хамтран ажиллах гэрээний нэмэлт протокол нь манай компанитай гэрээ байгуулснаас хойш буюу 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хаахаар тохиролцсон нь манай компанийг анхнаасаа хохироож, бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Шат нь барилга байгууламжийн хувьд зориулалтын дагуу ашиглахад туслалцаа үзүүлэх барилгын үндсэн бүтэц, нийтийн эзэмшлийн хэсэг байдаг бөгөөд шатыг хаах асуудал нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.7, 16, 20 дугаар зүйлүүдийн холбогдох заалт, Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байх тул “А ХХК-д улсын бүртгэлийн газраас олгосон гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгуулах тухай П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК нь тус шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт  холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэх, уг бүртгэл, гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгсөн болно.

1. Анх  2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “А” ХХК, “П” ХХК, иргэн Д.М нар нь “Хамтран ажиллах гэрээ”  байгуулсан байх бөгөөд гэрээний 1.1-т зааснаар гэрээний талууд хамтран Б дүүргийн р хорооны нутаг дэвсгэрт “А” ХХК-ийн эзэмшил газар дээр үйлчилгээний барилга, орон сууцны 6 давхар барилга барьж дундаа хэсгээр өмчлөхөөр, гэрээний 1.2-т зааснаар “А” ХХК нь газар эзэмших эрхээ гэрээний талуудын дундын эзэмшилд шилжүүлэхээр, “П” ХХК нь эдийн хөрөнгө ба үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр барилгыг барьж ашиглалтад оруулахаар, иргэн Л.М нь 1000.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр, гэрээний 3.1-д зааснаар хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгөнөөс “А” ХХК нь барилгын үйлчилгээний зориулалттай 1 дүгээр давхрын 0 м.кв талбай, -1 дүгээр давхрын 0 м.кв талбайг, “П”  ХХК нь 2 дугаар давхрын 720 м.кв талбайтай үйлчилгээний хэсэг буюу 3, 4, 5, 6, р давхрын 40 айлын орон сууц, 2 дугаар давхрын 15 машины гараашийг,  иргэн Д.М нь  барилгын 1 дугаар давхрын 0 м.кв талбай, -1 дүгээр  давхрын 0 м.кв талбайг тус тус хэсгээр хамтран өмчлөхөөр тохиролцжээ. Улмаар “А” ХХК нь иргэн Д.Мтэй 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “3 дугаар хорооллын үйлчилгээний төвийн байранд өөрчлөлт хийхээр харилцан тохиролцож, протокол  үйлдсэн байх бөгөөд уг протоколын 2 дахь заалтаар өөрсдийн эзэмшлийн зүүн талын 1 дүгээр давхрын  доошоо /1 дүгээр давхар руу/ орсон шатыг нурааж хаахаар тохиролцжээ. Түүнчлэн гэрээний талууд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 3.2 дахь заалтаар 00 түвшингийн зүүн талын шатыг нурааж, битүүлэх зардлыг иргэн Д.М, “А” ХХК нар нь “П” ХХК-д төлөхөөр тохиролцож байжээ.

“А” ХХК нь дээрх гэрээгээр өөрт хуваарилахаар тохиролцсон Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, , дугаар байрны 0 м.кв талбайтай нэгдүгээр давхрын барилгын /95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын/ хэсгийн өмчлөх эрхээ баталгаажуулахаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд хүсэлт гаргасан байх бөгөөд дээрх хүсэлтийг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, 000058 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгож байжээ. 

Улмаар 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дээрх барилга буюу үйлчилгээний төв бүхий 40 айлын орон сууц /18 автомашины дулаан гарааштай/-ийг барьж дуусган, ашиглалтад оруулсан байх бөгөөд “А” ХХК нь 2009 оны 03 дугаар сарын 09-ний  өдөр гэрээгээр өөрт хуваарилахаар тохиролцсон Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, , дугаар байрны 0 м.кв талбайтай нэгдүгээр давхрын барилгын /100 хувийн гүйцэтгэлтэй/ хэсгийн өмчлөх эрхээ баталгаажуулахаар  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд хүсэлт гаргаж,  дээрх хүсэлтийг үндэслэн 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, 00007*******  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Үүний дараа 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “А” ХХК нь иргэн Ё.Хтай “Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-г байгуулж, үйлчилгээний зориулалттай 3 м.кв талбай бүхий барилгыг /А хэсэг/ иргэн Ё.Хд бэлэглэн, үлдэх 24 м.кв талбайн /1 дүгээр давхрын В хэсэг/ өмчлөх эрхээ баталгаажуулахаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд хүсэлт гаргасан байх бөгөөд дээрх хүсэлтийг үндэслэн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- 22******* дугаарт бүртгэж, 00******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгожээ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... нийтийн эзэмшлийн шатны талбайд өмчлөх эрх олгосон нь 2 давхар руу гарах, буух гарц, -1 давхар руу орох, “М” ХХК-ийн супер маркет руу орох, гарах гарц хаагдахад хүрч, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэг, Барилгын тухай хууль, барилгын норм, дүрэм, стандарт зөрчигдсөн,  ... байгууллага, иргэдийн эрх зөрчигдсөөр байна” гэж тодорхойлж, маргажээ. Харин хэргийн оролцогчид барилгын талбайн хэмжээний талаар маргаагүй болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь “... улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан”-аар баталгаажих бөгөөд 4.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ёстой.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд  2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “А” ХХК, “П” ХХК, иргэн Д.М нар нь “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээгээр “барилга барьж дуусган, ашиглалтад өгч, дундаа хэсгээр өмчлөх эрхээ талууд өөрийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл гэрээний хугацаа үргэлжлэхээр тохиролцсон” байх бөгөөд “А” ХХК нь 2009 оны 03 дугаар сарын 10-ны  өдөр гэрээгээр өөрт хуваарилахаар тохиролцсон Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, , дугаар байрны 0 м.кв талбай бүхий 1 дүгээр  давхрын барилгын хууль ёсны өмчлөгчөөр /100 хувийн гүйцэтгэлтэй/ эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгүүлсэн, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг болох үйлчилгээний зориулалттай 3 м.кв талбай бүхий барилгыг /А хэсэг/ иргэн Ё.Хд бэлэглэн, үлдэх 24 м.кв талбайн /1 дүгээр давхрын В хэсэг/ өмчлөх эрхээ өөрийн нэр дээр  баталгаажуулжээ. 

Дээрх маргааны үйл баримтуудаас үзэхэд “А” ХХК-д  тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх хуульд заасан журмаар баталгаажсан байх тул “А” ХХК-ийг маргаан бүхий барилгын хэсгийг дундаа хэсгээр өмчлөгч этгээд  гэж үзэхгүй. 

Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, , дугаар байр нь хойд тал /ертөнцийн зүгээр/ болон урд талаасаа / орон сууцны айл болон “Миний зах” супер маркет руу/ орох орц, гарцтай байх бөгөөд хойд талын зүүн тал болох 0 м.кв талбай бүхий барилгын 1 дүгээр давхрын В хэсэгт байрлалтай 24 м.кв талбай нь шатны хонгилын зориулалттайгаар ашиглагдаж  байгаа, уг талбай нь өмнө нь “А” ХХК-ийн өмчлөлийн барилгын талбайд хамаарагдаж байсан, уг байрны 1 давхрын баруун тал болох иргэн Д.Мгийн эзэмшил талбайд хамаарагдах шатны хонгилын зориулалттай 15.7 м.кв талбай нь одоогоор битүүлэн ашиглагдахгүй байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, талбайн хэмжилт хийсэн шинжээчийн 2014 оны 14/66, 14/95 дугаар дүгнэлт , шүүхийн үзлэгийн тэмдэглэл  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх ...”, 24.3-т “Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй”, 24.8-т “Энэ үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол ... эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” хэмээн хуульчилжээ. 

Хариуцагч нь өмчлөх эрх шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, хүсэлтийг үндэслэн өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, өмнөх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс үлдэх хэсэг болох 24 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр “А” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт баримтыг үндэслэн өмчлөгчийн эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэсэн, хууль ёсны өмчлөгчийг тодорхойлсон гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь “бүртгэл үнэн, зөв байх” зарчмыг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглахтай ... холбоотой харилцаанд үйлчилнэ”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн ... явган шат, шатны хонгил .. тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж тус тус заажээ. 

Маргааны зүйл болох 24 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй, харин  “А” ХХК-ийн өмчлөлийн /явган хүний шат, шатны хонгил/ эд хөрөнгө болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “ ... нийтийн эзэмшлийн талбайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олгосон “ гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...  гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “ нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар  ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж тус тус зааснаас үзэхэд “нэхэмжлэгч” нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, өөрийн нэрийн өмнөөс эрхээ сэргээлгэхээр  “нэхэмжлэл гаргагч этгээд” байх юм.

Хариуцагч захиргааны байгууллага нь Б дүүргийн р хороо, 3 дугаар хороолол, , дугаар барилгын 1 давхрын В хэсэгт байршилтай 24 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч “П” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хөндөөгүй байна.

Иймд дээрх дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Харин талууд барилгын орц, гарцыг чөлөөлүүлэх асуудлаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх бүртгэлийг хүчингүй болгуулах асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 8/16752 дугаар албан бичгээр “бүртгэлийн талаарх маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг хүргүүлсэн, түүнчлэн “А” ХХК нь шатны хонгилын 24 м.кв талбайг өөрсдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлснийг нэхэмжлэгч 2011 онд мэдэж байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ талууд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.

 

           Захиргааны хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 4р зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.БАТСҮРЭН