Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 161

 

“Пром-импорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Минжирмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гандолгор, гуравдагч этгээд “Ай энд Юу Тур” ХХК-ийн төлөөлөгч Л.Шүрэнцэцэг, өмгөөлөгч Д.Түвшинтамир, гуравдагч этгээд “Монхангай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, Л.Батцагаан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 980 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0155 дугаар магадлалтай, “Пром-Импорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 980 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030465 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Пром-Импорт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0155 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасныг баримтлан “Пром-Импорт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 36 дугаар барилгын 1 дүгээр давхрын В хэсгийн 24 м.кв талбайтай (шатны хэсэг) үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Ай энд Юу Тур” ХХК-ийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030465 дугаар бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Гуравдагч этгээд “Ай энд Юу Тур” ХХК-ийн өмгөөлөгч Д.Түвшинтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, мөн хуулийн 14.1.3-т заасныг баримталж захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг “маргааны гол асуудал болох анх барилгыг барихдаа шатны зориулалтаар барьсан хэсгийг тусад нь “үл хөдлөх эд хөрөнгө” гэж үзэж өмчлөгчөөр бүртгэсэн нь хуульд нийцсэн эсэх, уг бүртгэлийн улмаас 2 дугаар давхрын өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй” гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болжээ.

Учир нь “Ай энд Юу Тур” ХХК-ийн өмчлөлд анхнаасаа үйлчилгээний зориулалттай 360 мкв талбайн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгө хамаарна” гэж заасны дагуу тухайн барилгын талбайд хамаарах бүхий л хэсэг үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.

Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон өмчлөгч нар нь үйлчилгээний талбайн 2 шатны зүүн хэсэг буюу “Ай энд Юу Тур” ХХК-ийн өмчлөлийн талбайд хамаарах шатыг хааж битүүлэн, иргэн Д.Мөнхөөгийн өмчлөлийн хэсгийн шатыг зориулалтын дагуу ашиглуулахаар хэлцэл байгуулсан байдаг.

Тодруулбал, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “3 дугаар хорооллын үйлчилгээний төвийн байранд өөрчлөлт хийх тухай хэлэлцээний протокол”-ын 2 дахь заалтаар “Өөрсдийн эзэмшлийн зүүн талын 1-р давхраас доошоо -1 дүгээр давхар руу орсон шатыг нурааж хаахаар, 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмэлт гэрээний 3.2 дахь заалтаар 00 түвшингийн шатыг нурааж битүүлэх зардлыг /зүүн талын / “Ай энд Юу Тур” ХХК, иргэн Д.Мөнхөө нар хамтарч гарган, “Пром-импорт” ХХК-д төлөхөөр хэлцэл байгуулж, энэхүү нөхцөлийг “Пром-импорт” ХХК зөвшөөрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Талууд дээрх байдлаар өөр өөрийн өмчлөлийн талбайг хэрхэн ямар зориулалтаар ашиглах эсэх асуудлаа шийдвэрлэсэн нь тухайн үедээ хэн алиных нь эрх ашиг сонирхлыг хөндөхгүй байсан учраас уг хэлцлийг байгуулж, үүний дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэл хийлгэхээр мэдүүлэг гаргасан тул энэхүү ач холбогдолтой нотлох баримтыг огт үнэлээгүй нь давж заалдах шатны шүүхийн алдаа болсон гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “Ай энд Юу Тур” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 336 мкв талбайгаа иргэн Ё.Хандмаад шилжүүлж, үлдэх 24 мкв талбайг өөрийн нэр дээр үлдээх хүсэлт, мэдүүлгийг хүлээн авч, Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй, учир нь 360 мкв талбай нь “Ай энд Юу Тур” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар бий болсон үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд тухайн эд хөрөнгөд хамаарах хэсгийг дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “Ай энд Юу Тур” ХХК-ийг 2011 оноос 24 мкв талбайн өмчлөгч гэдгийг мэдэж байсан атлаа иргэний хэргийн шүүхэд гэрээнээс үүдэлтэй маргаан гарсны дараа нийтийн эзэмшлийн шатны хэсэгт өмчлөх эрхийн улсын бүртгэл хийсэн нь хуульд нийцэхгүй байна гэж бүтэн 6 жилийн дараа захиргааны байгууллагыг буруутган маргаж байгааг давж заалдах шатны шүүх огт анхаарсангүй.

Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрх буюу нийтийн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийг дангаар өмчлөхөөр мэдүүлэг гаргасан этгээдийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь хууль бус байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууцны дундын өмчлөлд байна” гэж зааснаас үзэхэд “Ай энд Юу Тур” ХХК-ийн өмчлөлийн 24 мкв талбайг дундын өмчлөлийн зүйлд хамааруулж үл хөдлөх хөрөнгө биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.3-т заасныг баримтлан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээс бусад эрхийг бүртгүүлснээр мэдүүлэг гаргасныг хүлээн авахаас татгалзах үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх зарчмыг баримталж мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримт бичгийг үндэслэн, 15 дугаар зүйлийн 15.1-т заасны дагуу “Ай энд Юу Тур” ХХК-ийн нэр дээр 360 мкв үйлчилгээний зориулалттай өмчлөх эрхийн бүртгэлийг хийж, гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн бүртгэл байсан бөгөөд өөрийн өмчлөлийн талбайгаас тодорхой хэсгийг бусдад бэлэглэж үлдсэн хэсгийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн ч холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй юм.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “Пром-импорт” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл муутай болжээ. 

Нэхэмжлэгч “Пром-импорт” ХХК нь “...нийтийн эзэмшлийн талбайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олгосон..., ...дээш доошоо гарах, буух шатны хэсгийг нийтээрээ ашиглах боломжгүйд хүрч эрх зөрчигдөж байна ...” хэмээн маргаж, 24 м.кв талбайн хэсгийг “Ай энд Юу Тур” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэл гаргасан байна.  

 “Пром-импорт” ХХК, иргэн Д.Мөнхөө, “Ай энд Юу Тур” ХХК нарын хооронд байгуулсан 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн“Хамтран ажиллах” гэрээний дагуу энэ хэргийн гуравдагч этгээд “Ай энд Юу Тур” ХХК нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт баригдсан “Үйлчилгээний төв бүхий орон сууцны барилга”-ын 1 давхрын 360 м.кв талбайг тус тус өмчлөхөөр харилцан тохиролцсон, 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр түүний өмчлөх эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлийн Ү-2205030465 дугаарт бүртгэсэн, “Ай энд Юу Тур” ХХК болон иргэн Ё.Хандмаа нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг үндэслэн Ү-2205030465 дугаар бүртгэл дэх бүртгэлийн 336 м.кв талбайн хэсгийг Ё.Хандмаагийн, 24 м.кв талбай бүхий хөрөнгийг “Ай энд Юу Тур” ХХК-ийн нэр дээр тус тус салгаж бүртгэсэн талаарх нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. 

“Ай энд Юу Тур” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн 24.м.кв талбайн хэсэг нь анх гэрээний талууд тохирсны дагуу энэ компаний өмчлөх эрх бүхий 360 м.кв талбайд хамарч байгааг болон энэ нь шатны хонгилын зориулалтаар ашиглагдаж байгаа, барилгын зурагт анхнаасаа шатны зориулалтаар ашиглагдахаар төлөвлөгдсөн, уг зурагт өөрчлөлт ороогүй зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоныг анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж зааснаас үзвэл мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй нөхцөлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь мөн  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...барилга байгууламж...зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх”-ээр заасны дагуу өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу нотолж, мэдүүлгээ гаргасан этгээдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй байна.

Иймээс хариуцагч захиргааны байгууллага “Ай энд Юу Тур” ХХК болон иргэн Ё.Хандмаа нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу гаргасан мэдүүлгийг үндэслэн “Ай энд Юу Тур” ХХК-ийн нэр дээр 24 м.кв талбай бүхий хөрөнгийг шилжүүлэн бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8-д заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх” журмыг зөрчөөгүйг болон дээрх бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

Гэтэл давж заалдах шатны шүүх “...шатны хэсэг, ...Ё.Хандмаад шилжүүлсэн 336 м.кв талбайгаас салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө гэж үзнэ ...” хэмээн захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна. 

Мөн тус шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заагдаагүй “...гэрээ, протокол, түүний биелэлтийн талаарх баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан мэдүүлэгтээ хавсаргаж өгөөгүй...” гэж  хариуцагчийг буруутган хуулийг буруу тайлбарлажээ.

Тодруулбал, дээр дурдсан дагуу Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь “өмчлөх эрх”-ээ нотолсон этгээдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй.

Харин энэ маргааны тухайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өмнө нь нэгэнт баталгаажсан “Ай энд Юу Тур” ХХК нь өөрийн өмчийн хөрөнгийн зарим хэсгээ бусдад, зарим хэсгийг өөртөө үлдээхээр өмнөх улсын бүртгэлийг салгаж, шилжүүлэн бүртгэхэд захиргааны байгууллага тухайн этгээдүүдийн хооронд хийгдсэн “хэлцэл”-ийг гол үндэслэл болгон шилжилтийг бүртгэхээс бус маргаж буй “хонгилын шат”-ыг хэн нэгэнд өмчлүүлж болох эсэхийг дүгнэх, шийдвэр гаргах шаардлагагүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн, маргаанд хамаарал бүхий Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай гуравдагч этгээд “Ай энд Юу Тур” ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

Захиргааны хэргийн шүүх өөрийн харьяаллын дагуу зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн эсэхийг дүгнэсэн, харин “...өмчлөх эрх, ...орц гарц хаагдсан гэх болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүдэлтэй маргаан...” зэрэг харьяаллын бус асуудлаар дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.  

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0155 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Л. АТАРЦЭЦЭГ