Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01028

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01028

 

 

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй хариуцагч " З" ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 807 850 145 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь " З" ХХК-д 2013 онд 800 000 000 төгрөгийг жилийн 4,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу болон гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 521 075 925 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 26 221 257 төгрөг, алданги 260 537 963 төгрөг, нийт 807 850 145 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 3.1-т хэсэгт заасан барьцаа хөрөнгө болон түүний өмчлөлийн бусад хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү. Иргэний хэрэг үүсгээд нэхэмжлэлийг буцаасан нь алдангийг зогсоох хууль зүйн үндэслэл болохгүй учраас энэ нэхэмжлэлийг гаргах хүртэл алдангийг тооцож гаргасан, хүү, алдангийг багасгах боломжгүй. Зээлийн хүүг гэрээ байгуулснаас эхлээд зээлийн гэрээ дууссан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцсон. Гэрээний хугацаа дууссанаас хойш хүүгийн төлбөр шаардаагүй. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлж шаардсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний талаар маргаангүй. Зээлийн гэрээний 10.2.2-т заасны дагуу гэрээ цуцлагдсан. " З" ХХК-ийн хувьд зээлийн гэрээний үүрэгт нийт 359 792 486 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн. Сүүлийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сард хийсэн. Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг гэрээний 10.2.2-т заасны дагуу гэрээг цуцлаад төлбөрөө нэхэмжилсэн гэж үзэж байна. Шүүх иргэний хэрэг үүсгэсэн хугацаанаас биш нэхэмжлэлийг буцаасан хугацаанаас гэрээнд зааснаар алдангийг тооцно. Зээл төлсөн сүүлийн хугацаа болох 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зээл төлөөгүй хоногийг тооцвол 210 хоногийн алданги 111 722 455.53 тооцогдож байгаа. Хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах хүртэлх хугацааны хүү, үндсэн зээлийн төлбөр, алдангиас нийтдээ 7 сарын хүү, 7 сарын алдангид нийт 359 792 486 төгрөг төлснийг хасч, нийт 643 734 148.53 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч " З" ХХК-иас 807 850 145 /найман зуун долоон сая найман зуун тавин мянга нэг зуун дөчин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгон, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар " З" ХХК-ийн захирал Гомбын Зоригтын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө 24/1 тоот дахь үйлчилгээний зориулалттай 67 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-2205033775 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, Гомбын Зоригтын өмчлөлийн Булган аймгийн Дашинчилэн сум, 4 дүгээр баг, Цэцэрлэг хороо, 4 дүгээр гудамжинд байрлах, Улсын бүртгэлийн Ү-0407000031 тоот гэрчилгээтэй, 262,8 м.кв талбай бүхий дэлгүүр, 128 м.кв талбай бүхий агуулах, Гомбын Баянмөнхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, /16051/ 40 дүгээр байрны 13 тоот дахь 115 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-2205028798 дугаар гэрчилгээтэй хувийн орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205028822 дугаар гэрчилгээтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхрын 3 тоот гараж зэрэг барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 4,197,200 төгрөг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татварын хэлтэс/ оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан зарчмыг алдагдуулсан гэж үзэж банйа.

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан нь хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад хэдийд ч нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь бий бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх хугацаан дээр маргаагүй гагцхүү 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2013/06 тоот зээлийн гэрээний 10.2.2-т зээлдэгч зээлийг хуваарийн дагуу төлөөгүй гэсэн байна. Хариуцагч " З" ХХК нь 2016 оны 8 дугаар сараас зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлөөгүй гэдгийг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт мөн хариуцагчийн банкны хуулга зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан 2017 оны 3 дугаар сард гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, алданги зэргийг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг байгуулахдаа чөлөөт байдлын зарчим баримталж байгуулсан бөгөөд гэрээг цуцлахдаа зээлийн гэрээг баримталж цуцалдаг. Тус зээлийн гэрээний 10.4-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээ цуцлах мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн. Гэрээний нэг тал нь гэрээ цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдэж байхад шүүхээс гэрээг цуцалсан гэж үзэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын тусгайлан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн доод хэсэгт тусгаж өгсөнийг хүсэлт гэж ойлгож иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 111 722 455.53 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч " З" ХХК нь нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 807 850 145 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 643 734 148.53 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2013/06 дугаартай зээлийн гэрээний дагуу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь " З" ХХК-д 800 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Гэрээний талууд харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байх ба хариуцагч " З" ХХК нь уг хуваарийг зөрчиж, 2016 оны 8 дугаар сараас хойш зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлын талаар маргаангүй, харин нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан учир үүнээс хойш зээлийн хүү, алданги тооцон шаардах эрхгүй гэх үндэслэл заан маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд шүүхэд хандаж, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэхээр товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүйн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/04379 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-гийн хариуцагч " З" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцааж байжээ./хх-41/ Энэ нь талуудын хоорондын гэрээг хуульд зааснаар цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийг гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, мөн үүргийн зөрчилд алданги тооцон шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шүүх, зохигчдын хооронд үүссэн барьцааны гэрээний харилцааг зөв тодорхойлж, уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Хариуцагч " З" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим, шүүхийн өмнө эрх тэгш байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн, хариуцагч " З" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэхдээ мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь энэ талаар хүсэлт гаргах шаардлагагүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 716 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ч.ЦЭНД