Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00149

 

2022           02            15                                          001/ХТ2022/00149

“ЖДҮХС” УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлалтай,

“ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

“З” ХХК-ийн холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 807,850,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхорол, Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “З” ХХК-иас 807,850,145 /найман зуун долоон сая найман зуун тавин мянга нэг зуун дөчин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХСд олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “З” ХХК-ийн захирал Гомбын Зоригтын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө 24/1 тоот дахь үйлчилгээний зориулалттай 67 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, Гомбын Зоригтын өмчлөлийн Булган аймгийн Дашинчилэн сум, 4 дүгээр баг, Цэцэрлэг хороо, 4 дүгээр гудамжинд байрлах, Улсын бүртгэлийн Ү-0000000000тоот гэрчилгээтэй, 262,8 м.кв талбай бүхий дэлгүүр, 128 м.кв талбай бүхий агуулах, Гомбын Баянмөнхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, /16051/ 40 дүгээр байрны 13 тоот дахь 115 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаар гэрчилгээтэй хувийн орон сууц, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаар гэрчилгээтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхрын 3 тоот гараж зэрэг барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 4,197,200 төгрөг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татварын хэлтэс/ оруулж шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 716 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалаас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан тухай 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “Нэхэмжлэгч “ЖДҮХС” нь 2017 онд тус шүүхэд хандан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 532,011,693 төгрөг, алданги 174,465,543 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 10,000 төгрөг, нийт 706,487,236 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гарган, хэргийг шүүх хэлэлцэхээр товлон зарласан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйн улмаас 2017.03.28-ны өдрийн 102/Ш32017/04379 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт, зааснаар нэхэмжлэлийг нь буцаасан байна. /хх-43/” мөн “...тийнхүү нэхэмжлэлийг буцааж байгаа нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа бус, харин шүүхээр шийдвэрлэлгүй нэхэмжлэгчид буцааж буйг хэлэх бөгөөд, уг шаардлага дахин гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхэд саад болохгүй юм” хэмээн үзсэн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэгч талд хэт ашигтай байдлаар тайлбарлаж, дүгнэсэн байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл Шүүхийн өмнө эрх тэгш байх мөн хуулийн 6 дугаар зүйл Мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан шүүхийн шийдвэр гарсан. Учир нь нэхэмжлэгч “ЖДҮХС” нь хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй л бол хэдий ч нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь бий бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх хугацаан дээр маргаагүй гагцхүү 2013.10.16-ны өдрийн 2013/06 тоот Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т дараах нөхцөлд гэрээг хугацаанаас өмнө цуцална гэж заасны 10.2.2-т Зээлдэгч зээлийг хуваарийн дагуу төлөөгүй гэсэн байна. Хариуцагч “З” ХХК нь 2016.08 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлөөгүй гэдгийг /хх-18,19 тал/ нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт мөн хариуцагчийн банкны хуулга /хх 63-139 тал/ зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч “ЖДҮХС” 2017.03 дугаар сард гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч байгууллагын зүгээс мэдэгдэх хуудас хүргүүлснээр 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг бөгөөд эндээс үзвэл дээрх хугацаанд гэрээг цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл шүүхээс 2020.02.18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, алданги зэргийг олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийн дагуу гэрээ цуцлах болон татгалзах үр дагавар хэрхэн шийдвэрлэх талаарх дэлгэрэнгүй байхад анхан шатны шүүхээс ийнхүү шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “Тиймээс “...зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулах...” тухай ЖДҮХСгийн 2017 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй тул талуудын байгуулсан Зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл болохгүй ба, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ дуусах хүртэлх хугацааны хүү, алдангийг шаардах эрхтэй” хэмээн үзсэн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч компани Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг байгуулахдаа чөлөөт байдлын зарчим баримталж байгуулсан бөгөөд гэрээг цуцлахдаа Зээлийн гэрээг баримталж цуцалдаг. Тус зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4-т “Гэрээг цуцалсан нөхцөлд Сан зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу эхлүүлэх бөгөөд энэ тухай зээлдэгчид мэдэгдэнэ” гэж заасны дугаар гэрээ цуцлах тухай хоёр мэдэгдлийг хариуцагч “З” ХХК-д хүргүүлсэн тухай нэхэмжлэгч байгууллага шүүх хуралдааны явцад мэдэгдэг. Ийнхүү хоёр тал гэрээний чөлөөт байдлын дагуу гэрээг байгуулж, нэг тал нь цуцлах болсон тухай мэдэгдээд байхад шүүхээс цуцалсан гэж үзэхгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр. Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...” гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т “Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын тусгайлан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн доод хэсэгт тусгаж өгснийг хүсэлт гэж ойлгож иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалаас 59,861,227.7 /тавин есөн сая найман зуун жаран нэгэн мянга хоёр зуун хорин долоон төгрөг 7 мөнгө/ төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГ, хариуцагч “З” ХХК-аас зээлийн үүрэгт 807,850,145 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч 643,734,148 төгрөг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

7. Талуудын байгуулсан 800,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлэх агуулга бүхий 2013.10.16-ны өдрийн гэрээг зээлийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчөөгүй байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

“ЖДҮХС” УТҮГ гэрээний дагуу “З” ХХК-д 800,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн бол “З” ХХК нь гэрээгээр тохирсон  хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2016.08 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй байна. Гэрээний хугацаа 2018.10.16-ны өдөр дууссан ба  хариуцагч нь үндсэн зээл 800,000,000 төгрөг төлөхөөс 278,924,075 төлж 521,075,925 төгрөгийг төлөөгүй, зээлийн хүүд 110,071,051 төгрөг төлөхөөс 80,868,411 төгрөгийг төлж 26,221,257 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 6.1.1-д “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл 0.1 хувийн алданги тооцно” гэж зааснаар алданги 260,537,963 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. /хх-7, 11, 63-139/

Талуудын хооронд зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр тул шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

8. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй татгалзахдаа нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан учир үүнээс хойш зээлийн хүү, алданги тооцон шаардах эрхгүй гэх үндэслэл заасан, энэ үндэслэлээр хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж хяналтын журмаар гомдол гаргасан.

8.1. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж, зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд ирээгүйн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.28-ны өдрийн 102/ШЗ2017/04379 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасан баримт хэрэгт авагджээ. /хх-41/ Энэ баримтыг дүгнэвэл, нэхэмжлэгч гэрээг цуцалж буй үндэслэлийг илэрхийлсэн боловч хариуцагч зээлийг ашигласан хэвээр, төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч 2019.10.19-ний өдөр шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргахдаа гэрээний хугацаагаар хязгаарлаж, үүргийг шаардсан үйл баримтаас үзвэл агуулгын хувьд гэрээг цуцалсан нэг талын хүсэл зориг хэрэгжсэн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч гэрээний хугацааг дууссаны дараа нэхэмжлэл гаргасан байна. Хоёр шатны шүүх хуульд зааснаар гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй талаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

8.2. Хариуцагч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий ЖДҮХС /цаашид “Сан” гэх/ байна.”,11.2-т “Сангийн хуульд заасан чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.”, 11.4-т “Санд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.” гэж зааснаас үзэхэд “ЖДҮХС” УТҮГ нь төсвийн байгууллагын нэгэн адил Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 457,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН  

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД