Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2020/00005

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01294 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* иргэн *******ээс газрын гэрчилгээ салгаж авах гэж 4 жил гуйсан. 2018 онд нотариатаар ороод жил болж байна. Газрын албаар яваад гэрчилгээ гаргуулах гэсэн боловч эх хувь хэрэгтэй гээд гаргаж өгөөгүй. Би анх Улсын бүртгэлд очно гэдгийг мэдээгүй байсан. Өөрт нь хэлсэн боловч завгүй, чадахгүй, нотариат ороод л болдог гээд утсаа ч авахаа больсон. Би газар дээрээ байшин барьсан байгаа ******* нь гэрчилгээгээ Банк бус санхүүгийн байгууллагад /Бид финанс 3.17.32 тоот/ тавьсан байна. Энэ хүн барьцаанд тавьчихаад авч чадахгүй хаях буюу зарвал би хохирох гээд байна. Газрын гэрчилгээ гаргуулж өгнө үү? Миний бие анх Д.Эрдэнэцогт гэдэг хүнээс гэрээ хийхгүйгээр амаар тохирч 2010 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар багийн Даваат Ундарга 7-10 тоот 518.3 м.кв газрыг 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг газар нь 1.020 мкв талбайтай бөгөөд нөгөө үлдсэн газар дээрээ н.Эрдэнэцогт байшин барьчихсан амьдарч байсан. Би уг худалдаж авсан газар дээрээ монгол гэр барьж, амьдарч байгаад 2011-2013 оны хооронд өвлийн блокон байшин бариад түүндээ одоо хүртэл амьдарч байна. Би н.Эрдэнэцогтоос гэрчилгээ гаргаж өгөөрэй гээд байн байн шаарддаг байсан боловч өөрийн газраа зарна тэхдээ л салгаж өгье гэдэг байсан. Удалгүй Хишигдаваа гэдэг хүнд зараад бид хоёрт тус тусад нь газрын гэрчилгээ салгаж гаргаж өгнө гэсэн юм. Гэтэл гэрчилгээ гаргаж өгөхгүй удаад байхаар нь би Хишигдаваа, Эрдэнэцогт хоёроос шаардахад Хишигдаваа нь өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж аваад Хас банкны зээлийн барьцаанд тавьчихсан байсан. 5 жилийн дараа зээлийн гэрээний хугацаа дуусахад салгаж өгье гэж гуйсан. Би Эрдэнэцогттой хамт нэг дор ажилладаг болохоор түүнд итгээд хүлээсэн. Тэгээд байж байтал Хишигдаваагийнх 2015 онд гэнэт нүүгээд явчихсан байсан. Эхнэр нь над руу залгаад 1 дүгээр микрт байранд орсон, газраа зарчихсан шүү, та Хишигдаваатай яриад газраа салгаж аваарай гэж хэлсэн. Би Хишигдаваатай ярьсан чинь Одонцэцэг гэдэг хүнд зарсан. Энэ хүн газрын гэрчилгээг салгаж өгнөө гэсэн. Одонцэцэгийнх удахгүй нүүж ирсэн. Уулзаад ярьсан чинь бас л барьцаанд тавьсан гээд удахгүй, удахгүй гээд байсан. Тэгээд 2017 онд нөхөр маань нас барсан. Би нэг хэсэг энэ асуудлыг орхиод байж байснаа жилийн дараа шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгсөн чинь гэрчилгээ гаргаж өгөхөөр тохирсон. Тэгээд Одонцэцэг бид хоёр газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийгээд би гэрчилгээг авах гэхэд Одонцэцэг нь Энэ одоо чамд хэрэггүй ш дээ гэрээ хийчихсэн юм чинь болоо гээд яваад өгсөн. Би тэгээд Улсын бүртгэлийн газар очсон чинь гэрчилгээ байхгүй бол болохгүй гэсэн. Тэгээд би Одонцэцэгээс гэрчилгээг авах гэсэн чинь Анагаахад сурч байгаа зун очоод салгаж өгнө дөө гээд хашаа байшиндаа ирэхгүй байсан. Өөрийнх нь хашаа байшинд дүү нь гээд нэг эмэгтэй амьдардаг болсон. Тэгээд өнгөрсөн зун уулзах гэж олон удаа оролдсон боловч надаас зугтаад олдохоо больсон. Сураг сонссон чинь БИД ФИНАНС гэдэг нэртэй ББСБ-д барьцаанд тавьсан байна. Тэгээд л зугтаад байсан юм билээ. Энэ хүмүүс нөхрийг минь нас барсанаас хойш намайг бүүр дээрэлхэх болсон. Өмнө нь нөхрийг минь байхад за тэгье, удахгүй гэрчилгээг чинь салгаж өгнөө л гэдэг байснаа одоо хохь чинь гэх боллоо. Би маш их гомдолтой байна. Анхнаасаа намайг хууран мэхэлсэн байна гэж бодож байна. Иймд ******* бид хоёрын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн газар худалдах худалдан авах гэрээг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар багийн Даваат Ундрага 7-10 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 518.3 мкв газрын өмчлөгчөөр Цэнд-Аюуш овогтой Аптантүлхүүр намайг тогтоож, Улсын бүртгэлд бүтргэж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ууганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хандан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. ******* болон М.Одонцэцэг нарын хооронд газар худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй. Хэн нэгнээс газрын үнэ төлбөр аваагүй. Өөрийн өмчлөлийн газрыг бусдаас зохих үнийг нь төлж худалдаж авсан ба уг газрыг бусдад шилжүүлж өгөх боломжгүй. Нэхэмжлэгч ******* нь өөрийн газар дээрээ байшин барих эрхтэй болохоос бусдын газар дээр байшин барих эрхгүй. М.Одонцэцэг нь өөрийнхөө өмчлөлийн газрыг хэн нэг этгээдээс асуухгүйгээр бусдад барьцаалах, худалдах эрхтэй бөгөөд бусдаас хууль бусаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгааг таслан зогсоохыг шаардах, газраа чөлөөлүүлэх эрхтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. *******ийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. ******* нь Д.Эрдэнэцогт гэдэг хүнтэй тохиролцсон тохиролцоогоо хариуцагчид холбогдуулан үүрэг хүлээсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Газар худалдах худалдах авах гэрээг түүний дарамтанд орж, хүсэл зоригоос гадуур зурагдсан. Хариуцагч нь газраа худалдах хүсэлгүй байсан боловч *******ийг гуйгаад байхаар 4 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, улмаар гэрээгээ 1 500 000 төгрөг гэж бичиж гэрээ хийсэн. Тэгээд ч уг гэрээний дагуу ******* нь тохиролцсон газрын үнэ болох 4 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 142/ШШ2019/01294 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул Орхон аймгийн Баян-Өндөр сум, 20 дугаар баг Даваат Ундрага 7-10 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 518.3 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай хариуцагч *******т холбогдох нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 141\ШШ2019\01294 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.,106 дугаар зүйлийн I 106.1.-д заасан үндэслэлээр *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна.

Нэхэмжпэгч *******ийн нэхэмжлэлийн эхний шаардлага болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар баг Даваат Ундарга 7-10 тоот 518.3 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд уг газрын өмчлөгч мөн гэдгийг шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Эрдэнэцогт гэрчилсэн. Гэрч Д.Эрдэнэцогт үүнийгээ нотолсон баримт надад байгаа.алга болчихож магадгүй гээд би хуулбарыг нь өгч байна. Эх нь гадаа машинд байгаа гэхэд шүүгч уг 2 ш баримтыг хүлээж авч танилцахаар нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 1 зүгээс тэр баримтын эхийг гэрчээс гаргуулж хэрэгт хавсаргах хүсэлт тавихад өмнө нь гаргах боломжтой байхад гаргаагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж, захирамжинд гомдол гаргах эрхгүй гэсэн тул нэхэмжпэгчийн хувьд өмнө нь ийм баримт байгааг мэдээгүй үндэслэлээ тайлбарлаад ч хүлээж аваагүй. Мөн энэ баримттай холбоотойгоор гэрч н.Хишигдавааг шүүх хуралдаанд оролцуулъя. Хаягийг хариуцагч мэднэ гэж эх сурвалжийг нь заагаад ч хүлээж аваагүй. Хариуцагч нь гэрчээр оролцуулах гээд байгаа н.Хишигдаваа гэдэг хүнтэй хашаа, газрыг өөрийнхөө байраар сольсон гэдгээ хэлээд л байдаг. Энэ хүнийг гэрчээр оролцуулчих боломж байсаар байхад татгалзсан нь ойлгомжгүй байсан. Гэрчээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хурал дээр гаргасан нь үндэслэлтэй байхад хүлээж авахаас татгалзсан шалтгааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараа нь ойлгосон бөгөөд энэ нь шүүгч гэрч н.Эрдэнэцогтыг таньдаг маргаж буй газрыг ч мэддэг гэдгээ шүүх хурал дээр тайлбарлаж татгалзах эсэхийг талуудаас асууж байсан явдал юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дэх заалтыг баримталсан явдал байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр газар худалдах, худалдан авах авахаар тохирсон хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн боловч энэ хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг анхаарч үзээгүй. Ямар нэг дүгнэлт хийгээгүй. Шүүх талуудын тайлбарыг гэрчийн мэдүүлгийг үндэслэж бодит байдал дээр ******* нь гэрч н.Эрдэнэцогтоос анх хашааны газар худалдаж авсан тогтоогдож байгаа, дараа нь Д.Эрдэнэцогт нь өөрийн өмчлөлд үлдсэн газраа н.Хишигдаваад худалдсан. Н.Хишигдаваа нь 2 газрыг бүхэлд нь авч байгаа мэтээр Хас банкны барьцаанд тавьж н.Эрдэнэцогтод мөнгөө өгсөн, дараа нь н.Хишигдаваа өөрийн газрыг Ц.Одонцэцэгт худалдсан. Ц.Одонцэцэг Бид финанс ББСБ-ын барьцаанд тавьсан. Тэдний хооронд газар худалдах худалдан авах гэрээ байгуулж байж *******ийн газрыг шилжүүлж өгөх боломтой нөхцөл байдал байсныг анхаарч үзсэнгүй. Газар худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь *******ийн өмчлөлд газар шилжүүлэн өгөх явдал байсан гэдэг нь тогтоогдож байхад энэ хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж болох байсныг шийдвэрлэлгүй орхисон нь буруу. Бас нэг анхаарах зүйл бол Ц.Одонцэцэг өөрийн өмчлөлийн газрыг худалдсан юм бол яагаад бүтэн нэг болж байхад мөнгөө *******ээс нэхдэггүй юм бэ, шүүхэд яагаад сөрөг нэхэмжлэл гаргадаггүй юм бэ гэдэг асуудал байна. Хоёр өөр хаягтай, дундуураа хашаагаар тусгаарлагдсан хоёр газар дээр хоёулан дээр нь байшин бариад тэр байшиндаа талууд тус тусдаа амьдарч байгаа явдал нь газрын талыг нь Ц.Аптантүлхүүр өмчлөх эрхтэй гэдгийг нотолж байгаа юм. Шүүх хэрэв газар худапдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн юм бол *******ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх бүрэн боломжгой байлаа гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум 20-р баг Даваат Ундарга 7-10 тоот гэр бүлийн хэрэгцээний 518,3 м2 газрын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2010 онд Баян-Өндөр сум 20-р баг Даваат Ундарга 7-10 тоот хашааны 518,3 м2 газрыг Д.Эрдэнэцогтоос 1.500.000 төгрөгөөр худалдан авч байшингаа барьсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй. Д.Эрдэнэцогт Д.Хишигдаваад худалдсан. Д.Хишигдаваа *******т худалдсан газраа шилжүүлж өгөхгүй байсаар гэрчилгээ авах боломжгүй болсон гэсэн тайлбарт үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1020 м2 талбай бүхий газрыг байшингийн хамт Д.Хишигдаваагаас худалдан авсан мөнгийг нь төлсөн *******тэй хүсэл зоригоос гадуур гэрээ байгуулсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж хариу тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд маргаан бүхий 1020 м2 талбай бүхий газар нь анх Д.Эрдэнэцогтын өмчлөлд байсан бөгөөд 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Д.Эрдэнэцогт нь 510 м2 газраа *******т 1.500.000 төгрөгөөр худалдахаар амааар тохирч 1.500.000 төгрөг авсан, /Д.Эрдэнэцогт 800.000 төгрөгөөр худалдсан гэх/ 2010 оны 10 дугаар сарын 07-нд Д.Эрдэнэцогт өөрийн өмчлөлийн 1020 м2 газрын тал болох 510 м2 газраа байшингийн хамт Д.Хишигдаваад худалдсан. Хашаа байшингаа худалдахдаа 510 м2 газар нь *******ийнх болохыг Д.Хишигдаваад мэдэгдсэн. Д.Хишигдаваа нь хас банкны зээлийн барьцаанд тавьсан байснаас зээл төлөх хүртэл хүлээгдсэн гэсэн гэрч Д.Эрдэнэцогтын мэдүүлэг, Д.Хишигдаваа, ******* нарын хооронд хашаа, байшин, газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг газар *******ийн өмчлөлд шилжсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл үндэслэлгүй анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцжээ.

Зохигчдын хооронд анхнаасаа Баян-Өндөр сум 20-р баг Даваат Ундарга 7-10 тоот хашааны газрыг худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд хожим 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *******, ******* нарын хооронд хийсэн гэрээгээр тухайн газрыг худалдаж, худалдан авахаар тохиролцоогүй бодитоор хийгдээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээ байх тул *******ээс шаардах эрхийн үндэслэлгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн Иргэний хуулийн 56, 243 дугаар зүйлд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01294 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

С.УРАНЧИМЭГ