Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01027

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01027

 

 

И.Х - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00782 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И.Х - ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр И.Х - ХХК-аас 725 390 182 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Т.Оюунтөмөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020609 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж, 85А байрны 202 тоот хаягт байршилтай, 89 м.кв талбай бүхий орон сууц, мөн уг байрны 33 тоот хаягт байрлах 10 м.кв талбай бүхий авто зогсоолд үнэлгээ хийлгэсэн. Хариуцагч байгууллага нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1764 дугаартай мэдэгдлээр дээр дурдагдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 219 985 000 төгрөгөөр үнэлэгдсэн, хуульд зааснаар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 153 989 500 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдсэн. Төлбөр төлөгч И.Х - ХХК-ийн зүгээс үнэлгээчний гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан хэдий ч уг дүгнэлтийг хуулбарлан авах хүсэлтэй байгаагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хэлэхэд хуулбарлан өгөх боломжгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр төлөгч иргэний хэргийн материалтай танилцах эрхтэй гэж тайлбарлан хуулбарлан өгөхөөс татгалзсан. Төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, барьцааны хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс дордуулсан байх тул гомдолтой байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийг 219 985 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дугаар шийдвэрээр И.Х - ХХК-аас 725 390 182 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоот зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай 179 м.кв, 18 м.кв талбай бүхий Ү-2206020631, №000436047 гэрчилгээний дугаартай орон сууц, авто зогсоолын хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж 85а байр 202 тоот г85 барилгын 33 тоот хаягт байршилтай 89 м.кв, 10 м.кв талбай бүхий Ү-2206020609, №000285904 орон сууц, авто зогсоолын хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2447 м.кв талбайтай ГД000318515, нэгж талбар 18648310995741 газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 74 тоот хаягт байршилтай 1208,3 м.кв талбайтай Ү-2204035723 үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч И.Х - ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19280740/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19280740/02 дугаар хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд үнэлгээг 219 985 000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1764, 4/1763 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч мэдэгдэл хүлээн авснаас хойш 31 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч И.Х - ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2020/02884 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У давж заалдах гомдолдоо: Шинжээч Виннэр вэй ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж, 85-а байрны 202 тоот хаягт байрлах, 89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон уг байрны 33 тоот хаягт байрших 10 м.кв талбай бүхий авто зогсоолд хийсэн шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцээгүй, харьцуулалтын аргаар харьцуулсан объектууд нь дээрх орон сууц, автозогсоолтой ижил биш байна. Мөн байршил зүйн хувьд өөр өөр бүсчлэлд байгаа хөрөнгүүдийн зар мэдээтэй харьцуулж үнийг тодорхойлсон байдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүүрэн үнэлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна..

Нэхэмжлэгч И.Х - ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6085 дугаар захирамж, мөн өдрийн 436 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч И.Х - ХХК-ийн барьцаа хөрөнгө болох иргэн Т.Оюунтөмөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, 85а байр, 202 тоотод байрлах 89 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны 33 тоотод байрлах 10 м.кв автомашины зогсоол зэргийг тус тус битүүмжлэн, хураан авсан байна. /хх50-51,54-56/

Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүйн улмаас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэжээ. /хх-61, 65-81/ Энэ үйл баримтыг хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-22-117, 126-127/ Зохигчид дээрх ажиллагаанд маргаангүй, шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд шинжээч Виннэр вэй ХХК нь иргэн Т.Оюунтөмөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, 85а байрны 202 тоотод байрлах 89 м.кв талбай бүхий орон сууцыг 204 981 000 төгрөг, мөн байрны 33 тоот хаягт байрлах 10 м.кв автомашины зогсоолыг 15 004 000 төгрөг, нийт 219 985 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх65-91/ Тэрээр шинжилгээ хийхдээ үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт байрлах тус бүр 3 орон сууц болон авто зогсоолыг сонгон авч харьцуулан зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлагын аргыг сонгон үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад тус тус нийцжээ.

Мөн эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг хуулиар тогтоосон хугацааг зөрчиж гомдлоо гаргасан гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2020/01984 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээнд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. /хх-8-9/ Уг шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч мөн өдөр хүлээж авсан гэдгийг эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боловч энэ нь шийдвэрийн агуулгад нөлөөлөхгүй буюу нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД