Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0990

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Н.Гэрэлтуяа, улсын яллагч А.Сайнбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярбаясгалан,  хохирогч Т.М, шүүгдэгч Б.Т, Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Т, Б овогт Г.Э нарт холбогдох эрүүгийн 201725012235 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 12-ны өдөр …  төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, … тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жил тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, О овогт Б.Т, /РД:… /

Монгол Улсын иргэн, 19.. оны 08 дугаар сарын 11-ний өдөр … төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “…” ХХК-д борлуулагч, … тоотод ээж, дүү, охины хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.Э, /РД:… /,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Б.Т, Г.Э нар нь бүлэглэн  2017 оны 06 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хороо, “...” баарны гадна иргэн Т.М-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хэрэг гардаг орой 2-3 найзтайгаа машин дотор пиво ууж байгаад дэлгүүр хаасан учир баар луу пиво авах гэж орж байгаад үүдэнд нь 2 бүсгүйтэй таарсан. Халамцуу байсан учир өдөж хоргоогоод юм хэлсэн чинь зайл өлөн писда гэж ярихаар нь бид хоёр хоорондоо ямар аймаар атаман муухай охидууд вэ гэж ярьсаныг тэр охидууд сонсоод араас орж ирж үс толгойноос маажиж хувцаснаас татаж байсан. Хамгаалагч нар гарцгаа та нар гэж хэлсэн. Тухайн үед хохирогч болох М найз нартайгаа өөдөөс ирсэн. Хоёр охин нь над руу дайраад байсан. Би хоёр охиноос зугтаж байхад Т-г М 2-3 найзтайгаа нийлээд цохиж байсан. Тэгээд би булан тойроод машин дээрээ оччихоод буцаж ирэхэд Т наанаас ирж М араас нь ирж байсан. Төгөлдөр эргэж хараад М-г цохиж унагасан, би бас очиж М-г нэмж цохьсон. Ийм л зүйл болсон. Би гэм буруугийн хувьд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

            Шүүгдэгч Б.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би болсон асуудлын талаар охидуудтай маргалдаагүй. Найзын хувьд дагаад явж байсан. Баар луу ороод гарч ирэх явцад шууд араас эхэлж зодуулж эхэлсэн. Цохьсон үйлдэлдээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр найз Г-тэй явж байгаад найз охин болох нэрийг нь мэдэхгүй байна хамт баар луу орсон. Машин барьж байсан дүүгээ гэр лүүгээ явуулаад утас аваад ир гээд явуулсан байсан. Тэр хугацаанд “Эмпиза” гэж бааранд хүлээгээд сууж байсан. Дүүг ирэхээр бид нар гарахаар болсон. Г машинд унтах гээд түрүүлээд гараад явсан. Манай дүү болох М орж хэдүүлээ гарцгаая гээд гарч байсан чинь энэ хэдэн залуучууд орж ирсэн. Хажуугаар орж ирэхдээ Г-гийн найз охиныг янхан гээд мөрлөж гарахаар нь би та нар эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ гэж хэлэхэд чи юу юм бэ, чи хэн юм бэ гээд янз бүрийн үгээр намайг доромжилсон. Тэгээд гадаа гараад би цохиулаад ухаан алдаад унасан байсан. Тэгээд маргааш өглөө нь гэмтэлд ухаан орж сэрсэн. Өөр зүйл санахгүй байгаа. Гомдолтой байна. Жилийн хугацаанд энэ хоёр хүн нэг ч удаа уучлалт гуйгаагүй, эм тариандаа хэрэглээрэй гэж 100 төгрөгч өгөөгүй. Би хойноос нь залгаж байгаад 2017 оны намар нэг удаа уулзахад энэ эмчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн зүйл энэ хоёр хүн ярьсан. Би тухайн үед 10.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад сая 27-ны өдөр шүүх хуралдаан болохын өмнө 2.000.000 төгрөг өгье гэж өгсөн. Гомдолтой байна гэв. 

Яллагдагч Т.М  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн ... УНС улсын дугаартай Тоёота королла машинаа 10 цагийн үед угаачихаад найз Г-гийн хамт гол гархаар яваад замдаа цайзын ойролцоо байдаг Г-н найз эмэгтэйн гэрт очход манай найз хамт явна гэхээр нь найзыг нь аваад явсан. Туул гол руу явсан. Замаараа пиво ундаа болон идэж уух юм дэлгүүрээс авсан.Гол дээр очоод тэр хэд ууж эхэлсэн би жолоо барьж байсан болохоор нь уугаагүй. Голоос 19.00 цагийн орчим хөдлөөд, бааранд орж ирээд булангийн ширээнд суусан. Бид нар пиво захиалж уусан, хэсэг хугацааны дараа Г машинлуу гараад явсан байсан. Бид 3 араас нь гарах гээд үүдрүү явж байхад үүдээр 2-3 залуу орж ирж байсан.Хамт явж байсан хүүхнүүдийг янхан гэж тэр залуучууд хэлсэн.Хамт явсан өндөр охин уйлахаар нь би тэр залуучуудад та ингэж болохгүй гэж хэлчээд тэр залуучуудтай маргалдаж байгаад баарнаас гарснаа санаж байна, нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн.Миний баруун чихийг эмч оёж байсан...”/хх-ийн136-138/

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.2017 оны 06 дугаар сарын 11-12-ны өдөрт шилжих шөнө би найз Г.Э-н хамтаар Ибиза нэртэй бааранд орсон. Ингээд бааранд орох үед Г.Э үүдэнд 2 эмэгтэй хүн зөрхөөр нь өдөж, үг сольсон.Тэгтэл араас нөгөө 2 эмэгтэй бааранд орж ирээд Э-н 2 талаас орилоод байсан тэгтэл баарны хамгаалагч нар салгасан. Ингээд баарнаас гарч учираа ол гээд гаргахад нөгөө 2 эмэгтэйтэй явж байсан бололтой 3 залуугийн нэг нь араас түлхээд баруун хавирга хэсэгт нэг удаа өшиглөж толгой, хөл, гарлуу цохисон. Ингээд би зодуулж байгаад зугтаагаад баарны хойд тал руу гүйтэл араас нөгөө намайг цохисон залуу хөөхөөр нь би эргэж хараад 1 удаа эрүү хэсэгт нь цохитол уг залуу унаад өгсөн, тэгэхээр нь би гар мөр хэсэг рүү нь нэг удаа өшиглсөн. Миний цохисон залуу унаад өгхөөр нь Э  1 удаа нүүр толгой руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг \хх-ийн 125-127\

Гэрч Г.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 11-12-ны өдөрт шилжих шөнө Ибиза нэртэй бааранд орохдоо би баарны гадаа 2 эмэгтэйтэй зөрж, бага зэрэг халамцсан байсан тул сайн уу, юу байна гэх зэргээр өдсөн юм. Тэгтэл дээрх 2 эмэгтэй намайг өлөн... нтр гэхээр нь би дургүй хүрээд хамт явсан Б.Т-д худлаа гэх зүйл ярихад араас ирээд намайг өшиглөөд хэрүүл хийгээд зодсон. Ингээд бааранд бужигнатал хамгаалагч нь ирээд салгаад гаргаад боль, гарч учраа ол гээд  хоёр эмэгтэйн хамт  гартал цаанаас гурван эрэгтэй хүн нийлээд орж ирсэн ба  Б.Т-г бужигнаад л зодоод эхэлсэн.  Би яг хэн нь Б.Т-н биед хөнгөн хохирол учруулсан талаар хараагүй. Мэдэхгүй байна, юутай ч гурван залуу нийлж зодох явцдаа Б.Т-н биед хөнгөн хохирол учруулсан гэдгийг мэдэж байна..” гэх мэдүүлэг \хх-ийн 129\  

        7802 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Т.М-н биед доод эрүүний ооч ба зүүн булангийн 2-лосон далд хугарал, тархи доргилт, тархины зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн, баруун  нүдний дотор булан, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.     

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

            4.Дээрх доод эрүүний ооч ба зүүн булангийн 2-лосон далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            5.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй./хх-н 50-49/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 53, 55, 139 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54, 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Т, Г.Э нар нь бүлэглэн  2017 оны 06 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хороо, “Ибиза” баарны гадна иргэн Т.М-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Т, Г.Э нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна Иймд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Т, Г.Э нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Т.М-н өмгөөлөгч И.Ч нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд биеийн эрүүл мэндийн байдлаас болоод шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 6 сарын 27-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Гэтэл 6 дугаар сарын 27-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нараас хохиролтой холбоотой нотлох баримтаа авч ирж амжаагүй учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг мөн  хойшлуулан  хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 5-ний өдөр хийхээр товлосон болно. Гэтэл хохирогч Т.М нь шүүх хуралдаанд өмгөөлөгч И.Ч-н хамт хүрэлцэн ирсэн боловч өмгөөлөгчөөсөө татгалзаж байна, иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно. Шүүх хохирогч Т.М болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл 2 удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл байдал болж байх тул шүүх хуралдааныг хойшлуулаагүй болно. Шүүгдэгч Б.Т нь хохирогч Т.М-д 500.000 төгрөг, Г.Э нь 1.500.000 төгрөг, нийт 2.0 сая төгрөгийг 2018 оны 6 сарын 27-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь бичгийн баримтаар нотлогдож байна. Хохирогч нь 953.150 төгрөгний нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгч нар нь хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Т.М нь эрүү гэмтсэнээс үүдэн шүд хийлгэх шаардлагатай байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж шүүх  үзлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн байх тул тэдгээрт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. О овогт Б.Т, Б овогт Г.Э нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Т, Г.Э нарыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,эрүүгийн хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулахыг Б.Т,Б.Э нарт мэдэгдсүгэй. 

            4. Хохирогч  Т.М нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг  дурьдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Төгөлдөр, Г.Эрхэмзаяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.