Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 823

 

Б.Т, Г.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Т, Г.Э нарын өмгөөлөгч Б.Баярбаясгалан,

хохирогч Т.Манлайбаяр, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Т, Г.Э нарт холбогдох эрүүгийн 201725012235 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Олхонууд овогт Б.Т, 1989 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур хотхоны 129 тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ТК89021213/;

2. Бодонгууд овогт Г.Э, 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Зээст” ХХК-д борлуулагч ажилтай байсан, ам бүл 4, эх, дүү, охины хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүл 40-13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЖВ91081110/;

 

Б.Т, Г.Э нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Ибиза” баарны гадаа иргэн Т.Манлайбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Т, Г.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т, Г.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Т, Г.Э нарыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулахыг Б.Т, Г.Э нарт мэдэгдэж, хохирогч Т.Манлайбаяр нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Манлайбаяр гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлээгүй, хохирогч надад учирсан хохирол бүрэн барагдаагүй, намайг шүүгдэгч Б.Т, Г.Э нарт маш их гомдолтой байхад хэт нэг талыг барьж, хэрэг хийсэн хүмүүсийг бус намайг загнаж, өмгөөлөгч авах эрхийг минь хангалгүй, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх бус хохироосон, шүүгдэгч нарт хөнгөн ял шийтгэл оногдуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн шийтгэх тогтоолд хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2 удаа шүүх хурал хойшлуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл байдал болж байх тул шүүх хуралдааныг хойшлуулаагүй болно” гэжээ. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс өвчтэй гэж эмнэлгийн акт өгч, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж байсан, миний зүгээс М.Чимэдбадам өмгөөлөгчөөс татгалзаж, өөр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан байхад шүүх хуралдааныг хойшлуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Т.Манлайбаярын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн зүгээс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлхээр буцааж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт  хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд, шүүгдэгч нар хохирогчийг өшиглөж, цохиж, зодож байгаа нөхцөл байдал тогтоогддог. Харин хохирогч хэн нэгнийг цохиж, зодож байгаа байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтууд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр заасан байгаа. Жишээ нь, хэрэгт авагдсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан тоотод Б.Т нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 9-ны өдөр хүртэл ирж үзүүлээгүй байна” гэсэн нотлох баримт авагдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ гэж заасан байгаа. Мөн хохирлын баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг хохирогчийн зүгээс гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Т, Г.Э нарын өмгөөлөгч Б.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Хохирогчийн өмгөөлөгч тухайн хэрэгт хохирогчийн оролцоо байдаггүй гэж хэлж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Т.Манлайбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Учир нь, тухайн үед Б.Т-т гэмтэл учруулсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Т.Манлайбаярын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн өмгөөлөгчтэй оролцох эрх ашгийг хангаагүй гэж хэлж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар энэ хэргийн шүүх хуралдаан 2 удаа хойшилсон байдаг. Эхний удаа Чимэдбадам өмгөөлөгч өвчтэй байсан, дараагийн удаа хохирогч Т.Манлайбаяр өмгөөлөгчөөсөө татгалзаж байна, дахин өөр өмгөөлөгч авна гэсэн шалтгаанаар шүүх хуралдаан хойшилж байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Э.Шинэзориг өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцоно гэсэн асуудал яригддаггүй, тухайн үед гэрээ байгуулагдаагүй байсан. Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд “шүүх хуралдаан нэг үндэслэлээр хоёр удаа хойшлох юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа нөхцөл байдал бий болж байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хийнэ” гэж заасан байдаг. Хохирлын хувьд шүүхийн шатанд баримт нэмж гаргаж өгсөн. Эдгээр баримтууд нь нийлээд 953.000 төгрөг болсон. Шүүгдэгч нараас 2.000.000 төгрөг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэргийн хувьд анхан шатны шүүх хуралдаан 2 удаа хойшлогдоод, дараагийн удаа үргэлжлэн явагдсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн материал танилцуулаагүй гэж хохирогчийн өмгөөлөгч хэлж байна. Мөрдөн байцаалтын шатанд Э.Шинэзориг өмгөөлөгч байсан уу гэвэл байсан. Тухайн үед хэрэг шүүх рүү шилжих үед хохирогчийн зүгээс “Чимэдбадам гэдэг хүнийг өөрийн өмгөөлөгчаар авсан. Чимэдбадам өмгөөлөгчтэй энэ хэрэг дээр явж байгаа” гээд гэрээгээ үзүүлж байсан. Чимэдбадам өмгөөлөгч ч гэсэн тухайн үед хохирогчийг өмгөөлж байсан. Шүүхийн тогтоолд тодорхой дүгнэлт бичсэн байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа учраас шүүх хуралдааныг үргэлжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хохирогч өөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан. Шүүх хуралдаан завсарлаад хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ болсон бүх зүйлсийг дүгнэж шийдвэрлэсэн байсан. Хохирогч Т.Манлайбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаад 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгээрээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болгосон. Хяналтын камерын бичлэг нь тухайн зодооныг эхнээс нь авсан бичлэг биш, хэсэгчилсэн бичлэг байдаг. Нотлох баримтаар тооцогдсон эд зүйл байхгүй гэж шийтгэх тогтоолд дурдсан байсан. Нотлох баримтаар 1 ширхэг хяналтын камерын Сиди байгаа тул үүнд өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Т, Г.Э нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Ибиза” баарны гадаа иргэн Т.Манлайбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Манлайбаярын шүүгдэгч Б.Т, Г.Э нарт бүлэглэн зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан талаар тодорхой мэдүүлсэн /хх-42/ мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38/, гэрч Ч.Моломбаярын мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7802 тоот дүгнэлт /хх-48-49/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Хохирогч Т.Манлайбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлээгүй, өмгөөлөгч авах эрхийг минь хангалгүй, өмгөөлөгчөөс татгалзаж өөр өмгөөлөгчтэй оролцох талаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан байхад шүүх хуралдааныг хойшлуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаан 2 удаа хойшилж, 3 дахь удаа шүүх хуралдаан хийх явцад хохирогч Т.Манлайбаяр нь өмгөөлөгчөөсөө татгалзаж дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3-т зааснаар шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Хохирогч Т.Манлайбаярын гаргаж өгсөн хохирлын баримтуудаас /хх-75-78, 179-185/ анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг зөв тооцож дүгнэснээс гадна анхан шатны шүүх хуралдааныг хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр 2 удаа хойшлуулж байсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Т, Г.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүгдэгч Б.Т, Г.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохиролд 2.000.000 төгрөг төлж, улмаар цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Анхан шатны шүүх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиний талаар шийдвэрт заалгүй орхигдуулсан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтад энэ талаар оруулж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Т.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Цаашид анхан шатны шүүх хэн гэдэг гэрч, хохирогчийн ямар мэдүүлгийг нотлох баримтаар үнэлснээ шийтгэх тогтоолд тодорхой зааж байхыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдааны явцад оролцогчоос гаргасан аливаа хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Т.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ