Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01026

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01026

 

 

 

 

Т.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00901 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.К ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ болон эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрэзр Т.К ХХК-аас 114 317 500 төгрөг гаргуулж Э.Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдээгүй ажиллагаануудыг явуулж манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байна. Т.К ХХК-ийн хувьд бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд жил болгоны 5-11 дүгээр cap хүртэл улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай үйлдвэрлэлд шууд ашиглагддаг зуурмагийн 3 автомашиныг 2019 оны 6 дугаар сард хураан авч компанийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон. Манай компанийн хувьд 5-6 газарт 190 000 000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байгаа ба компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байж дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчиж манай компанийн хөрөнгүүдийг хэзээ, ямар үнэлгээний компаниар үнэлүүлснийг болон үнэлгээний тайланг төлбөр төлөгчид огт танилцуулаагүйн зэрэгцээ үнэлгээг хэт доогуур тогтоолгосон байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэхэд хүргэж байна. Иймд Т.К ХХК-ийн эзэмшлийн зуурмагийн автомашинуудыг хураасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18260808/10 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, үнэлгээг хүчингүй болгож, тус автомашинуудыг чөлөөлөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрээр Т.К ХХК-аас 114 317 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 729 537 төгрөгийг гаргуулж Э.Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эзэмшлийн Зүүмлион /Zoomlion/ ZLJ5257 маркийн 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, В.В ХХК-иар үнэлгээ тогтоолгоход Зүүмлион /Zoomlion/ ZLJ5257 маркийн 90-14 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 72 349 000 төгрөг, 74-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 69 905 000 төгрөг, 90-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 72 168 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 15 минутад В.В ХХК-аас хүлээн авч мөн өдрийн 4/14507 дугаартай үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Т.К ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ц т гардуулан өгч, үнэлгээний тайланг танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг зөрчиж гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА улсын дугаартай Zoomlion ZLJ5257 маркийн тусгай зориулалттай бетон зуурагч /миксер/ автомашинуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 18260808/10 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, автомашинуудыг чөлөөлөхийг даалгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн мөн сарын 30-ны өдрийн 15164 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар шийдвэрт огт дурдалгүй мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийг үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдээгүй болохыг дурдсан. Тийм ч учраас шүүх өөрийн санаачлагаар Монгол шуудан ХХК-иас үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч талд хүргэгдсэн эсэхийг тодруулсан болно.

Шинжээчийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8,9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байгаа төдийгүй жишиг үнийн аргаар хийсэн гэх боловч үнэлэх гэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, тухайн харьцуулалт хийсэн эх сурвалжийн мэдээлэл тайланд тусгагдаагүй. Виннэр Вэй ХХК-ийн хийсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, тухайн хөрөнгийн зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18260808/10 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, автомашинуудыг чөлөөлөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Т.К ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө хураасан тогтоол, эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулж, автомашинуудыг чөлөөлөхийг даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 125 дугаар тогтоолоор Т.К ХХК-аас 114 317 500 төгрөгийг гаргуулж төлбөр төлөгч Э.Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /1хх35-45/

Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт зохицуулсан. Уг бүлгийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөөс төлбөрийг суутгахаар, энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж заажээ. Мөн хуулийн 94 дүгээр зүйлд төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгал хийх дарааллыг тогтоосон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт иргэн аж ахуй эрхлэх эрхтэй бөгөөд хуулийн дараалал тогтоосон дээрх заалт нь хүний Үндсэн хуулиар баталгаажсан хамгаалах зорилго бүхий заалт гэж үзэхээр байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/05788 дугаар захирамж, мөн өдрийн 541 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Т.К ХХК-аас төлбөр гаргуулахдаа дээрх хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материал, үнэт зүйлийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулалгүйгээр, бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг нэхэмжлэгч компанийн ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий хөдлөх хөрөнгө /74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА, 90-31 УНА улсын дугаартай Зүүмлион /Zoomlion ZLJ5257/ маркийн тусгай зориулалттай бетон зуурагч автомашинууд/-үүдийг битүүмжлэн, хураан авч, үнэлгээ тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хэргийн материал, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогджээ./1хх 32-34, 51-52, 58-59, 72-121/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч тал нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.1-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18260808/10 дугаар эд хөрөнгө хураах тогтоол болон шинжээчийн үнэлгээг тус тус хүчингүй болгож, 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА улсын дугаар бүхий Зүүмлион /Zoomlion ZLJ5257/ маркийн тусгай зориулалттай бетон зуурагч автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлж нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д заасанд нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчснөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6, 55.7 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00901 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18260808/10 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 74-51 УНЕ, 90-14 УНА, 90-32 УНА улсын дугаар бүхий Зүүмлион /Zoomlion ZLJ5257/ маркийн тусгай зориулалттай бетон зуурагч автомашинуудыг үнэлсэн үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг хөлдөх хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.К ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ч.ЦЭНД