Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 135/2016/01269/и |
Дугаар | 001/ХТ2017/00375 |
Огноо | 2017-04-04 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2017/00375
Н.Сүхбаатарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1488 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Н.Сүхбаатар
Хариуцагч : Энэрэл цогцолбор сургууль
Нэхэмжлэлийн шаардлага : Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.12.03-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуульд сургалтын менежерээр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016.8.31-ний өдөр хүртэл ажилласан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй бөгөөд тус ажлыг авсан үеэс эхлэн ажилдаа сэтгэл зүтгэл гарган ажиллаж сургуулийн хэмжээнд учир дутагдалтай байсан ажлуудыг цэгцэлж хуулийн дагуу ажиллаж ирсэн. 2016.8.22-ны өдөр Ж.Маанийдаарий тус сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан үеэс эхлэн намайг ажлаа өг би өмнөх сургалтын менежер М.Соёл-Эрдэнийг авч ажиллуулна гэх зэргээр шахалт үзүүлэх болсон. Миний бие уг шаардлагуудыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл захирал 2016.8.30-ны өдөр Б/50 дугаартай багш хөгжлийн төвийн багшаар томилох тухай гэх тушаал 2016.8.31-ний өдөр ажлаас халах тухай гэх Б/53 дугаар тушаалуудыг тус тус гаргаж 2016.8.30-ны орой өрөөг минь лацдаж, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж Н.Сүхбаатар миний ажлыг хүчээр авсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажил олгогчийн 2016 оны Б/47, Б/50, Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Сүхбаатар нь хууль бусаар Энэрэл цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд томилогдсон. Захирал Б.Ганбаяр өмнөх сургалтын менежер М.Соёл-Эрдэнийг хууль бусаар ажлаас халсан нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 208 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг зөрчин Н.Сүхбаатарыг сургалтын менежерээр авахдаа сонгон шалгаруулалт зарлаагүй. Иймд Н.Сүхбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1488 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуульд холбогдох сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Н.Сүхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар магадлал гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Н.Сүхбаатарыг Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.256.316 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь Энэрэл цогцолбор сургуулийн захирлын 2016.8.30-ны өдрийн Б/50, Б/53 тоот тушаалуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Н.Сүхбаатарын 2016.8.30-ны өдрөөс 2016.11.18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуульд даалгасугай гэсэн 2 дугаар заалтыг нэмж, 2 дугаар заалтыг 3 гэж дугаарлан Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 51.000 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай гэж, 3 дугаар заалтыг 4 гэж дугаарлан тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Энэрэл цогцолбор сургууль нь сургалтын менежерийн нэг орон тоотой. Менежерийн ажлыг өмнө М.Соёл-Эрдэнэ албан ёсоор хийж байсан. Гэтэл Б.Ганбаяр захирал М.Соёл-Эрдэнийг 2015.12.03-ны Б/91 тоот тушаалаар халж, 2015.12.03-ны Б/92 тоот тушаалаар Н.Сүхбаатарыг ажилд авсан байдаг. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.01.25-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр Энэрэл цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд М.Соёл-Эрдэнийг эгүүлэн тогтоосон байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ М.Соёл-Эрдэнийг төсөвт суугдаагүй “бага ангийн сургалтын менежер” гэсэн байхгүй орон нэг тоо гаргаж, ажилд авсан дүр үзүүлэх гэж оролдсон. Тус шийдвэрийг М.Соёл-Эрдэнэ хүлээн зөвшөөрөөгүй. Тус сургуульд бага ангийн сургалтын менежер гэсэн орон тоо байхгүй учир төсөвт суугдаагүй илүүдэл орон тоон дээр түр ажиллах хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдаг. Гэтэл Б.Ганбаяр нь “...энэ ажлыг түр хийж бай. Төсөвт суугдаагүй ч гэсэн би цалин мөнгийг нь аргална. Аймгийн Засаг дарга Н.Сүхбаатарыг түр ажилуулж бай гээд намайг шахаж дарамтлаад байна. Тиймээс чиний ажлыг өгөх ямар ч боломжгүй учир түр хүлээж бай..." гэж учирлаж гуйсан ч М.Соёл-Эрдэнэ хүлээн зөвшөөрөөгүй. Б.Ганбаяр нь 2016.01.25-ны Б/10 тоот тушаал, 2016.02.15-ны Б/11 тоот тушаалуудыг нэг өдөр буюу 2016.02.15-ны өдөр гаргаж, М.Соёл-Эрдэнийг огт ажиллуулалгүйгээр хүсэлтээр нь чөлөөлсөн байдаг. Б.Ганбаяр М.Соёл-Эрдэнийн эрхийг дахин зөрчсөн, хууль бус тушаал шийдвэрийг дахин гаргасан байна. М.Соёл-Эрдэнэ нь анхан шатны шүүхэд гэрчээр орж энэ тухай тайлбар өгсөн. Төсвийн тухай хууль, Боловсролын болон хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн 2016.01.25-ны Б/10, 2016.02.15-ны Б/11 тоот тушаалуудыг 2016.08.30-ны Б/48 тоот тушаалаар хүчингүй болгосон. Н.Сүхбаатарыг сонгон шалгаруулалтгүй авснаас гадна байхгүй орон тоо дээр хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Иймд магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.Сүхбаатар нь Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах шаардлагыг хангасан байна.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “... өмнө ажиллаж байсан М.Соёл-Эрдэнэ хууль бусаар халагдсан нь шүүхийн 2016 оны 208 дугаар шийдвэрээр тогтоогдсон... түүнчлэн Н.Сүхбаатарыг сонгон шалгаруулалтгүй авч хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж байсан тул халсан...” гэсэн үндэслэл заажээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийхэд хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг дурдах шаардлагатай гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн захирал Б.Ганбаяр нь М.Соёл-Эрдэнийг сургалтын менежерийн ажлаас халж, Н.Сүхбаатарыг уг ажилд томилсон боловч шүүх М.Соёл-Эрдэнийг хуучин ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээ захирал Б.Ганбаяр М.Соёл-Эрдэнийг бага ангийн сургалтын менежерийн ажилд түр томилж нэг сарын дараа ажлаас нь чөлөөлсөн ба сургуулийн шинэ захирал Ж.Маанийдаарий М.Соёл-Эрдэнийг сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилж, Н.Сүхбаатарыг ажлаас нь халснаас маргаан үүссэн байна.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн захирал 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/07 дугаартай тушаал гаргаж, Н.Сүхбаатарыг сургалтын менежерийн ажилд /хх 4/ томилсон боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 208 дугаартай шийдвэр гаргаж, М.Соёл-Эрдэнийг Энэрэл цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн /хх 74-76/ тогтоожээ.
Ажил олгогч 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б/10 дугаартай тушаал гаргахдаа М.Соёл-Эрдэнийг шүүхийн шийдвэрт заасан ажилд бус, харин бага ангийн сургалтын менежерийн ажилд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс түр томилж, ажилтан хүсэлт гаргасан гэж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б/11 дугаартай тушаалаар /хх 67-68/ ажлаас нь чөлөөлсөн байна.
Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн захирал 2016 оны 8 дугаар 30-ны өдөр Б/47 дугаартай тушаал гаргаж, Н.Сүхбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар /хх 9/ болгож, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Н.Сүхбаатарыг багш хөгжлийн төвийн ажилд /хх 10/ томилсон боловч 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар ажлаас нь халж, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар М.Соёл-Эрдэнийг /хх 77/ сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилжээ. Н.Сүхбаатар нь сургалтын менежерийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж маргасан байв.
2. Шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой тул Н.Сүхбаатарын нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажил олгогчийн 2016 оны Б/47, Б/50, Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулах /хх 1/ нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан боловч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд хандаж /хх 83/ шаардлагаа “...сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх...” гэж багасгажээ.
Иймд Н.Сүхбаатар нь сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
3. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
а/. Ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 208 дугаартай шийдвэр гаргаж, М.Соёл-Эрдэнийг Энэрэл цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шийдвэрийг хариуцагч биелүүлж 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б/47 дугаартай тушаал гаргаж, Н.Сүхбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д нийцсэн тул хяналтын шатны шүүхэд гаргасан ажил олгогчийн гомдлыг хангах нь зүйтэй.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 208 дугаар шийдвэрийн дагуу М.Соёл-Эрдэнэ хуучин ажилдаа томилогдож байгаагүй, ажил олгогчийн 2016 оны Б/10, Б/11, Б/48 дугаар тушаалын талаар зохигчид маргаан үүсгээгүйгээс гадна эдгээр тушаалууд хүчин төгөлдөр тул ажил олгогчийн 2016 оны Б/10, Б/11 дүгээр тушаал Н.Сүхбаатарын нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамаарахгүй байна.
б/. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “....нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/50, Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлээс татгалзсан...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.
Н.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ /хх 83/ “...Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх...” болгон багасгасан /хх 1, 83/ буюу 2016 оны Б/50, Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх түүнийг уг шаардлагаас татгалзсан гэж үзсэн нь буруу.
Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаанд Н.Сүхбаатар биечлэн оролцохдоо нэхэмжлэлийнхээ агуулгыг шүүхэд бичгээр тодруулж өгсөн байхад /хх 83/ давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн бус, харин түүний өмгөөлөгчийн хүсэлтийг /хх 85/ үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 26 дугаар зүйлийн 26.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг зөрчсөн байна.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.
4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 51.600 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Б.УНДРАХ