Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0260

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр

 

 

 

Дугаар 221/МА2018/0260

 

 

 

Улаанбаатар хот

 

Ж.Н, М.С нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд Б.М, Ш.Л, Б.С гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Г.Ж, Ц.Д нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Н, М.С нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ж.Н, М.С нар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.М 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон ………. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.М Г.М 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон ………. дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

“Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 12,13 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч М.С, Ж.Н нараас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Соёлын төвийн цогцолборыг З.М 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон ………. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг, З.М Г.М 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон ……… дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ц.Ц нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн хуулийн болон бодит үндэслэлийн талаар:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч нь 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэн З.М 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан мэдүүлгийг үндэслэн Соёлын төвийн дуусаагүй барилгыг мөн хуулийн 12, 13 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн Ү………… дугаарт бүртгэж, З.М гэрчилгээ олгосон нь хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хавтас хэрэгт авагдсан 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатчаас гэрчилсэн батламж, Дархан хотын Өмч хувьчлалын комиссоос олгосон 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 184 дүгээр эд хөрөнгө эзэмших гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна” гэсэн нь үйл явдлыг тоймлон бичсэн болохоос нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй байна. Тэдгээр нотлох баримтууд нь хууль бус байгааг дүгнэсэнгүй.

З.Мөнхтуяа 2001 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийн байгууллагад гаргасан гэх мэдүүлгүүдийн талаар 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар талд З.М үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан гэх мэдүүлэг авагдсан.

Улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргасан огноо нь 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр боловч тус мэдүүлгийн маягт нь Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан. З.М 2001 онд батлагдаагүй 2004 оны мэдүүлгийн маягтыг ашиглажээ.

Мөн тус маягтад 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэжээ.

Өөрөөр хэлбэл тус маягт нь 2003 оны Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш батлагдсан бөгөөд үүнийг 2001 онд З.М ашиглан мэдүүлэг гаргасан байх бодит боломжгүй билээ. Үүнээс үзэхэд З.М нь 2001 онд мэдүүлэг гаргасан гэдэг нь үгүйсгэгдэж байна. 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэн З.М 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан мэдүүлгийг үндэслэн Соёлын төвийн дуусаагүй барилгыг мөн хуулийн 12, 13 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн ……….. дугаарт бүртгэсэн, З.М 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ олгосон байх боломжгүй.

Нөгөөтэйгүүр З.М өөрийн нөхөр Г.М тухайн үл хөдлөх хөрөнгийг 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бэлэглэсэн хэмээн мэдүүлэг гаргасан боловч тус мэдүүлэг нь мөн эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан бөгөөд 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг агуулсан. З.М, Г.М нар 2001 онд батлагдаагүй байсан хуулиар мөн тухайн үед ашигладаггүй байсан /2004 оноос ашиглагдан/ маягтыг 2004 оноос авч хэрэглэн өмч хөрөнгийг олж авч, хоорондоо бэлэглэсэн байх ямар ч боломжгүйгээс үзэхэд Улсын бүртгэлийн байгууллагаас түүнийг нь бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус юм.

Нотариатчаас гэрчилсэн гэх батламжийн талаар 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатаар гэрчилсэн батламж авагдсан байдаг бөгөөд шүүхээс бүртгэлийн байгууллага энэхүү батламжийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн.

Тус батламж нь нэг хуудсан дээр зургаан заалтаас бүрдэх ба 3 дахь хэсэгт нь үл хөдлөх хөрөнгийг олж авсан үндэслэл, холбогдох шийдвэр, гэрээ, гэрчилгээний он, cap, өдөр, дугаар гэх мэт хавсаргасан баримт хуудас, нотариатчийн тэмдэглэгээ зэргийг тусгах ёстой байсан ч хоосон үлдээсэн.

Өөрөөр хэлбэл З.Мөнхтуяа тухайн үл хөдлөх хөрөнгийг хэрхэн олж авсан үндэслэл тодорхойгүй, холбогдох шийдвэр, гэрээ, гэрчилгээ байхгүй, үл хөдлөх хөрөнгийг олж авсан талаараа баримт хавсаргаагүй тул нотариатч энэ хэсэгт тэмдэглэгээ хийгээгүй байна.

Ийм учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 159 дүгээр дүгнэлтэд “Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутагт байрлах соёлын төвийн барилгыг улсын бүртгэлд анх З.М өмчлөлд бүртгэхдээ өмчлөх эрх нотлох баримт аваагүй нь тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн.

З.М өмчлөгчөөр бүртгэхдээ “Т” ББ компанийн эзэн З.М, З.М нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл авах шаардлагатай байсан байна” гэж дүгнэсэн. Тус нотариачаас гэрчилсэн батламж нь тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана” гэсний 1-д “Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт” гэжээ. Өөрөөр хэлбэл энэхүү нотариатчийн батламж гэх хоосон бланк нь З.М тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй тухай нотлохгүй бөгөөд үүнийг үндэслэн улсын бүртгэл хийгдсэн байх үндэслэлгүй юм.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “1/Үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт; 2/Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний овог, нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг, 3/Өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн регистрийн дугаар, хуулийн этгээдийг төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн овог нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг, 4/Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх болсон үндэслэл, 5/Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл, 6/Мэдүүлэг гаргасан огноо, 7/Улсын бүртгэлийг хаах тухай тэмдэглэл, үндэслэл, 8/Дээр дурдсан холбогдох бичиг баримтуудыг батлан гэрчилсэн нотариатчийн овог нэр, регистрийн дугаар, 9/Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ” гэж заасан шаардлагыг нотариатчийн батламж зэрэг нь хангахгүй байгаагаас үзэхэд З.М хуулийн дагуу мэдүүлэг гаргаагүй байна.

З.М тухайн хөрөнгийг хэрхэн олж авсан, ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх түүнд шилжихээр болсон талаархи баримт хавтас хэрэгт байхгүй, шүүхээс бүртгэлийн байгууллагад явуулсан үзлэгээр ч тогтоогдоогүй нь өмчлөх эрхийг бүртгэх хуулийн үндэслэл бүрдээгүй байжээ.

Нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тухай:

Анхан шатны шүүхээс хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Ж.Н, М.С нар 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр М.Т, М.Ш, Ц.Н нартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай …….. м.кв талбай бүхий, Спорт цогцолборын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан билээ.

Тус үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч нь “Т” ББ компани хувьчлан авсан нь Дархан хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хурлаар батлагдсан 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 184 дүгээр эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ, “Т” ББ компанийн дүрмээр тогтоогддог. Тус үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч болох “Т” ББ компанийн эзэн З.М 2005 онд өвчний улмаас нас барсан бөгөөд худалдагч тал буюу З.М хууль ёсны өв залгамжлагч болох түүний эхнэр Ц.Н, төрсөн хүүхэд М.Т, М.Ш нар 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Ж.Н, М.С нартай 260,000,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөр мөнгийг шилжүүлэн өгсөн.

Гэтэл З.М, Г.М нарын үйлдсэн бичиг баримт тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчин өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсаны улмаас Ж.Н, М.С нарын хууль ёсны дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгөний өмчлөх эрхээ авч чадахгүй 10 жил хууль шүүхийн байгууллагаар явж байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоол гарснаар мэдсэн бөгөөд дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодорхой дүгнэсэн нь хавтас хэрэгт байна. М.Т, М.Ш, Ц.Н нар өмчлөх эрхээсээ татгалзан З.М, Г.М нартай эвлэрсэн тухай захирамжийг гуравдагч этгээдийн зүгээс өгсөн. Энэ захирамжаар Ж.Н, М.С нар 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үед М.Т, М.Ш, Ц.Н нар өмчлөх эрхтэй байсныг нотолж байна.

Гэтэл З.М тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчин, ямар нэгэн бичиг баримтыг үндэслэхгүйгээр Дархан-Уул аймгийн 8 дугаар багийн нутагт байрлах соёлын төвийн барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, гэрчилгээ гаргуулсан, улмаар бэлэглэлийн гэрээгээр өөрийн нөхөр Г.М нэр дээр шилжүүлэн өгч мөн гэрчилгээ гаргуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүйгээр дүгнэж чадаагүй, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхой байхад зөрчигдөөгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад З.М, Г.М нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж хуулийг ноцтой зөрчсөн болох нь нотлогдсон байтал илэрхий үндэслэлгүй дүгнэлт хийлээ.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 09 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй, мөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг бөгөөд харин тэрхүү зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаарх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй боловч шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулахгүйгээр, одоогийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Тухайлбал нэр бүхий нэхэмжлэгчдийн хүчингүй болгуулахыг хүссэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах ……. м.кв талбай бүхий Соёлын төвийн цогцолборыг З.М 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн бүртгэл болон өмчлөх эрхийн ………. дугаар гэрчилгээ, З.М Г.М 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бүртгэл болон ……….. дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн зүгээс тус тус хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл эдгээр бүртгэлээс хойш Соёлын төвийн цогцолборыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр М.Т, М.Ш, М.М нарын өмчлөлд, Дархан-Уул аймгийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 606 дугаар тушаалаар Г.М өмчлөлд, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уг обьектын ……. м.кв талбайтай хэсгийг үйлчилгээний зориулалтаар, …… м.кв талбайтай хэсгийг хурлын заал буюу кино театрын зориулалтаар, ……. м.кв талбайтай хэсгийг спорт заалны зориулалтаар, …… м.кв талбайтай хэсгийг зоорийн зориулалтаар салган бүртгүүлж, улмаар 2015 оны 1 дүгээр сарын 14-ний болон 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус үндэслэн өмчлөх эрхийг Ш.Л, Б.С нарт шилжүүлэн бүртгэжээ.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд З.М, Г.М, Ш.Л, Б.С нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч Соёлын төвийн цогцолборын одоогийн хүчин төгөлдөр бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага байхгүй, иймд З.М, Г.М нарт холбогдох хүчингүй болсон бүртгэлийг дахин хүчингүй болгох боломж хууль зүйн хувьд байгаа эсэх, магадгүй хүчингүй болгосон тохиолдолд шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэж, улмаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх сэргэх үр дагаварт хүргэх эсэх нь тодорхойгүй байна.  

2.Соёлын төвийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх Ж.Н, М.С нарт байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Учир нь улсын бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн үндэслэл нь Соёлын төвийн цогцолборыг анхны өмчлөгч “Т” ББХ компанийн эзэн З.М хууль ёсны өв залгамжлагч Ц.Н, М.Т, М.Ш нартай 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан гэрээний дагуу худалдаж авсан гэх боловч энэхүү гэрээний худалдагч тал болох М.Т, М.Ш нар уг цогцолборын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсаныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 383 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэгч нараас одоогийн гуравдагч этгээд З.М, Г.М нарт холбогдуулан Соёлын төвийн барилгыг 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдөр З.М шилжүүлсэн үйлдлийг хууль бусад тооцуулах, З.М, Г.М нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11683 дугаар захирамжаар буцаасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН