Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00396

 

                                                    Б.Наранбатын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг,   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01006 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Наранбат

Хариуцагч : Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Төрийн өмчийн хорооны 2015.10.08-ны өдрийн 614 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, контракт  цуцлагдсан. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Тус тогтоолд Зам, тээврийн сайдын 2015 оны 01/4140, 01/4327 тоот албан бичгүүдийг үндэслэсэн байна. Зам, тээврийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 01/4327 тоот бичигт Б.Наранбат захирал томилогдсоноос хойш Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний үүрэг болон байгууллагын дүрмийн дагуу хариуцсан ажлын авто замын барилгын ажлын хяналтыг хариуцлагагүй зохион байгуулж, удирдах албандаа хангалтгүй ажиллаж ирсэн гэж дурдсан. Засгийн газрын 2016.01.04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлсэн. Ийнхүү Төрийн өмчийн хороо нь дээрх нөхцөл байдал үүссэн эсэхийг үндэслээгүй зөвхөн Зам, тээврийн сайдаас ирүүлсэн албан бичгээр ажлаас халсан явдал нь хууль бус болсон. Иймд Зам, тээврийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын ажилд  эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалын дэвтэрт  бичилт хийж, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 2015.4.09-ний өдрийн 220 дугаар тогтоолоор Б.Наранбатыг Зам, тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилж, 2015.10.08-ны өдрийн 614 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактын гэрээг цуцалсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын захирал удирдана. Захирлыг Төрийн өмчийн хороо, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилж, өөрчилнө гэж заасан байдаг. Төрийн өмчийн хорооны 2015.10.08-ны өдрийн 614 дүгээр тогтоолд Зам, тээврийн сайдын 2015.10.06-ны өдрийн 01/4327 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн байна. Уг албан бичигт Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь авто замын салбарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй авто зам, гүүр, улсын болон олон улсын чанартай Авто замын сүлжээний байнгын бэлэн байдлыг хариуцан ажилладаг. Б.Наранбат нь захирлаар томилогдсоноос хойш байгуулсан гэрээний үүрэг болон байгууллагын дүрмийн дагуу хариуцсан ажлын хүрээнд доорх авто замын барилгын ажлын хяналтыг хариуцлагагүй зохион байгуулж, удирдах талаар хангалтгүй ажиллаж ирсэн. Үүнд: -Хэнтий аймгийн Баянмөнх сумын 217,2 урт метр төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын явцад хийц, эдлэлийн чанар, бат бөх алдагдаж хийгдсэн бетоны ажил техникийн шаардлага ноцтой зөрчиж, дахин засварлах их хэмжээний үргүй зардал гарч байгаа нь шалгалтын явцад илэрсэн ба 2015 оны хөндлөнгийн хяналтын А-38 тоот дүгнэлтээр батлагдсан болно. -Мөн аймгийн нутагт баригдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын ажил 2014 онд чанарын шаардлага хангахгүй хийгдсэн. Гэвч 2015 онд дээрх замд улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй техникийн шаардлага хангуулахад дутагдалтай ажилласан. -Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын ажилд итгэмжлэгдсэн лаборатори ЛАБО ХХК-ийн гаргасан шинжилгээний дүгнэлтийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад, 2015.9.17-ны өдөр л гүйцэтгэгч Чайна гео инженеринг групп компанид хүлээлгэн өгснөөр засварын ажлыг 2 cap саатуулснаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захиралтай байгуулсан гэрээний 3.1 дэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэж ажиллах, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын дүрмийн 4.1, 4.1.1, 4.1.4 дэх заалтуудыг хангаж ажиллаагүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлнө үү. Мөн түүнчлэн, Б.Наранбаттай байгуулсан гэрээний 8.4-ийн в-д Захирал хууль, тогтоомж болон үйлдвэрийн газрын удирдан зохион байгуулах үүргээ зөрчсөн, түүнд өгсөн удирдамж, зааврыг биелүүлээгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ажлаас чөлөөлөх нь Төрийн өмчийн хорооны эрх байхаар зохицуулсан байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01006 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Наранбатыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлын ажилд  эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  9.440.900 төгрөг гаргуулж Б.Наранбатад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг   хэрэгсэхгүй болгосон байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчаас 10.370.134 төгрөг гаргуулж, Б.Наранбатад олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн заалтад мөн өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд эргүүлэн томилсон боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг контрактын гэрээ дууссан үндэслэлээр дутуу олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бүхэлдээ биелэх нөхцөл бололцоогүй болгосон. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулсан боловч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2016.5.16-ны өдөр буюу дахин шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч төлөх үүрэггүй гэж шийдвэрлэснийг нэгэнт ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон тул бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Үндэслэлгүй халагдсаны улмаас зөрчигдсөн хөдөлмөрлөх эрх урьд ямар байсан тэр чигээрээ сэргэх ёстой. Контрактын гэрээг үндэслэлгүйгээр цуцлаагүй бол өнөөдөр миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байх байсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн үндэслэлгүй тушаал гарсантай холбоотой тул энэхүү үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Зам, тээврийн хөгжлийн төв" бол компани биш бөгөөд Аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай юм. Хэрэв компани байсан бол захирлыг томилж, чөлөөлөх асуудлыг Компанийн тухай хуулийн  76.1.8-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлөх учиртай. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.1-г үндэслэн  үйлдвэрийн газрын захирлыг томилж, чөлөөлөх асуудлын хувьд хуулийн дээрх заалт шууд хамааралтай зохицуулалт нь болдог. Өөрөөр хэлбэл, захирлыг томилж, чөлөөлөх асуудалд харьяа яамны саналгүйгээр дангаараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэрлэх эрхгүй гэсэн хуулийн зохицуулалт юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйл /2015.11.26 -ны өдөр хүчингүй болсон/-д зааснаар төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага юм. Зам, тээврийн яам бол авто зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага юм. Авто замын тухай хуулийн 14.1,14.2.3-р олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь  авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  ба авто зам, замын байгууламжийг барьж байгуулах засвар, арчлалт хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны үндсэн дээр ажил зохион байгуулах, техникийн хяналт хийх, гүйцэтгэлийг санхүүжүүлэх эрхтэй. "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ нь авто замын салбарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй авто зам, гүүр, улсын болон олон улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдлыг хариуцан ажилладаг байгууллага юм. Иймд Зам, тээврийн сайдын 2015.10.06-ны өдрийн 01/4327 дугаар  албан бичигт заасан ноцтой зөрчлийн тухай мэдээлэл нь салбарын яамны хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээний асуудал байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн хороо салбарын яамны мэдээлэлд эргэлзэх үндэслэлгүй бөгөөд зөрчил илэрсэн эсэхийг Төрийн өмчийн хорооноос дахин шалгаж тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь сайдын 2015 оны 01/4327 тоотын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс буюу 2015.11.06-ны өдрөөс мэдсэн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл зөрчлийн талаар салбарын яаманд хандаагүй, гомдол гаргаагүйг шүүхээс үнэлж, дүгнэлгүйд гомдолтой байна. Б.Наранбаттай Төрийн өмчийн хороо контрактын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа 2016.4.09-ний өдөр дуусгавар болох байсан. Өөрөөр хэлбэл, Б.Наранбатын хувьд гэрээ ёсоор 1 жилийн хугацаанд хөдөлмөрлөх, гэрээгээр тохиролцсон цалин хөлс авах эрхтэй. Энэ эрх нь хугацаанаасаа өмнө зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх Б.Наранбатыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан цалин хөлсийг тооцохдоо гэрээний хугацаа дууссан өдрөөр биш шүүхийн шийдвэр гарч буй өдрөөр, мөн гэрээнд заасан цалин хөлсөөр бус НДД-ээр тооцож, гэрээний чөлөөт байдалд халдсан шийдвэр гаргасан нь буруу. Аливаа гэрээний хугацаа дуусгавар болсноор тухайн гэрээ дуусгавар болдог. Гэрээний хугацаа дуусмагц гэрээг дүгнэж, алдаа дутагдалгүй ажилласан бол сунгах эсэх шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргах байсан. Гэтэл Б.Наранбат гэрээний хугацаа дуусахаас өмнө үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс болж салбарын яамнаас хариуцлага тооцох санал ирүүлж, ажлаас халагдсан. Б.Наранбатын ажлын алдаа дутагдлын бодит факт байхад Төрийн өмчийн хороо цааш гэрээг сунгахгүй нь тодорхой. Гэтэл шүүх ажил олгогчийн эрхэд халдаж, ажлын алдаа дутагдал гаргасан хүнийг гэрээг нь үргэлжлүүлэн сунгаж ажилуулах, нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцон цалин хөлс олгохыг ажил олгогчид даалгаж байгаа нь үндэслэлгүй юм. Угтаа Б.Наранбатын 1 жилийн хугацаанд авах байсан цалин хөлснөөс аваагүй цалин хөлсийг олгосноор эрх нь шүүхээр сэргэх боломжтой гэжээ. 

ХЯНАВАЛ :

Б.Наранбат нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөгийн хамт гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага тавьсан байна.  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, Б.Наранбат ажлаас халагдсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс контрактын гэрээний хугацаа дуусах 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртлэх хугацааны олговорт 9.440.900 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа олговорыг нэхэмжлэл гаргасан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс шийдвэр гарах 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас 10.370.134 төгрөг гаргуулж, шийдвэрийн 3, 4 дэх заалтыг өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо нэхэмжлэгч “...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговорыг шүүх дутуу бодсон...” гэж,  хариуцагч “...контрактын гэрээний хугацаа дууссан... ажилтан зөрчил гаргасан учир халагдсан... халах шийдвэрийг хариуцагч яамтай зөвшилцөж гаргасан...” гэж мэтгэлцсэн  байна.  

Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчийн Үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын талаар 

Төрийн өмчийн хороо нь “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын захирлаар томилогдсон Б.Наранбаттай 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр контрактын гэрээ байгуулсан боловч 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 614 дүгээр тогтоол гаргаж ажлаас нь чөлөөлсөн /хх 11, 14-20/ ба энэ талаарх шүүхийн дүгнэлтийг хариуцагч зөвшөөрөхгүй хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.    

Ажил олгогч нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг цуцлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3.6, 18 дугаар зүйлийн 1.3, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 05/6073, Зам тээврийн сайдын 2015 оны 01/4140, 01/4327 тоот албан бичгийг үндэслэсэн гэх боловч Авлигатай тэмцэх газрын 2015 оны 05/6073, Зам тээврийн сайдын 2015 оны 01/4140 албан бичгийг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ хэсэгт холбогдох тушаалын үндэслэлийг ажил олгогч нотлоогүй байна. 

Зам тээврийн сайдын 2015 оны  01/4327 дугаар албан бичигт /хх 84/ Б.Наранбат нь  гэрээний үүрэг болон байгууллагын дүрмийн дагуу ажил хийгээгүй, автозамын барилгын ажлын хяналтыг зохион байгуулах талаар хангалтгүй ажилласан гэх боловч Зам, тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит Үйлдвэрийн газрын дүрэм хэрэгт авагдаагүй, контрактын гэрээний аль заалтыг нэхэмжлэгч зөрчсөн нь тодорхойгүй тул хариуцагч контрактыг цуцалсан нь үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.  

Харин шүүх Б.Наранбатын нэхэмжлэлээс “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангасан нь үндэслэл муутай болжээ.     

Төрийн өмчийн хороо нь “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын захирлаар томилогдсон Б.Наранбаттай 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр контрактын гэрээ байгуулсан ба гэрээний 9.1-т зааснаар контарктын хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дууссан /хх 20/ байна. Контрактын хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дууссанаас хойш нэг сарын дараа Б.Наранбат 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр /хх 1/ шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрх бүхий этгээд контрактыг дүгнээгүй талаар гомдоогүйгээс гадна “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын захирлаар Б.Мандатыг сонгох тухай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 614 дүгээр тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгох шаардлага гаргаагүй буюу уг заалт хүчинтэй байхад шүүх нэхэмжлэгчийг “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын захирлыг ажилд эгүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.4-т нийцээгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийг “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоосныг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна. 

Б.Наранбат шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн эсэх талаар хариуцагч гомдоогүй тул энэ талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.  

2. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагатай холбоотой зохигчдын гомдлын талаар 

Анхан шатны шүүх Б.Наранбатад  олгох  олговорын хэмжээг гэрээнд заасан үндсэн цалингаас бодсон, харин давж заалдах шатны шүүх олговорыг нэхэмжлэл гаргасан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугаацаагаар тооцсон нь тус тус Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул энэ нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нэг үндэслэл болно. 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд олговор олгох бөгөөд олговорыг “цалин хөлс”-с тооцох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан байхад анхан шатны шүүх гэрээнд заасан цалингийн хэмжээнээс тооцсон  нь буруу.

Олговорыг ажилгүй байсан бүх хугацаагаар тооцох талаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлд заасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргасан өдрөөс тооцсон нь үндэслэлгүй. 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Б.Наранбат нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс  2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай  ажиллах талаар тохиролцсон боловч 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон учир Б.Наранбат “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт  2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 6 сар 2 хоног хамаарч байна. Иймд хариуцагчаас олговорт нийт 10.364.232 төгрөг /1.701.000 төгрөг х 6 сар 2 хоног/ гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  бичилт хийхийг даалгана.

Дээр дурдсан үндэслэлээр Б.Наранбатын нэхэмжлэлээс “...Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит Үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох мөн  өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг  гаргуулах...” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 10.364.323 төгрөг гаргуулж Б.Наранбатад олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг  хариуцагчид даалгаж, хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох Б.Наранбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

2 дахь заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 10.364.323 төгрөг гаргуулж Б.Наранбатад олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай...” гэж,

3 дахь заалтыг “...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  2.000.000 төгрөг гаргуулах тухай Б.Наранбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж

4 дэх заалтын “...166.004 төгрөг...” гэснийг “...180.238 төгрөг...” гэж тус тус өөрчлөн,  шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Б.Наранбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Зохигчид хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй  болохыг дурдсугай.

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ