Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 232

 

З.Г, Э.Ш нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, З.Г, Э.Ш нарт холбогдох 1821001700336 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, шүүгдэгч З.Г нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар З.Г гэх нэрээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дзх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгэгдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамруулж эдлээгүй үлдсэн 6 жил 03 cap 16 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдсан,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Батзоригийн Ганжигүүр нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай магадлалаар зүйлчлэл өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт З.Г,

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн баривчлах ял,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны дүгээр сарын 05-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Э.Ш нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “З.Г, Э.Ш нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар

З.Г-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Ш-г 2 жил  хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 16 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 cap 16 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Гээс нийт 555,080 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д 280,680 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Ү-д 75,000 төгрөг, хохирогч Ц.Ү-д 199,400 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 16 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 cap 16 хоног хорих ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг гурван жил дөрвөн cap арван зургаа хоногийн хорих ялаар тогтоосугай” гэж өөрчлөн,

шүүгдэгч З.Г-ээс гаргуулж хохирогч Ц.Ү-д олгохоор шийдвэрлэсэн 199,400 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ц.Ү-н Хаан банк дахь дансанд шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр гаргаж өгсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Ш гаргасан гомдолдоо “...Миний бие согтуу унтаж байхад гэртээ З.Г 2018 оны 03 дугаар сарын 18-19-ний өдрийг шилжих шөнө архи зардаг Ц.Үнэнмаагийн дэлгүүрт очиж хаалга, цонхыг цохиод онгойгоогүй боловч миний бие дэлгүүргийн гадна үлдэж З.Г архи худалдаж авахаар хашааны хаалгаар орсон. З.Г нь 2 шил архи барьж гарч ирээд энийг авч бай, худалдагч миний 50,000, 60,000 төгрөгийн тооцоон дээр ажиллаад мөнгө дутаагаад байна гэж хэлээд буцаж ороход нь би согтуурахаад камерыг нь хагалж, эд зүйлийг нь гэмтээсэн байсан. Үүнийхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулсан. З.Г-г хулгай хийж эд зйл авч байсныг мэдээгүй, мэдэх ч боломжгүй согтуу байсан. Ц.Үнэнмаа нь камераа шүүж үзээд дэлгүүрийн гадаа зогсож байсан бичлэг харсан. Намайг Ц.Ү таних болохоор манайд цагдаатай хамт ирээд чамтай очсон хүн дэлгүүрээс хулгай хийсан байна, тэр хүнээ олж өг гэж хэлэхээр нь юуны хулгай вэ гэж хэлээд З.Г-г зааж өгөхөөр очсон. Дэлгүүрээс алдсан эд зүйлс бүгд З.Г-ээс гарсан. Мөрдөн байцаалтын явцад дээрх хэргийн үйл баримт бичигдсэн камерын бичлэг нь хавтаст хэрэгт авагдаагүй алга болсон. Уг бичлэг нь Э.Ш-н хулгайн хэрэгт оролцсон эсэх, гэм буруутай эсэхийг тогтооход хамгийн их чухал ач холбогдолтой нотлох баримт байсан. Мөн тухай бичлэгийг үзсэн Ц.Ү-с мэдүүлэг авах зорилгоор шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн бусдын эд зүйлийг устгаж, гэмтээсэн үйлдлийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байсныг далимдуулан хорьж, дарамтанд оруулж хүссэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хулгай хийсэн үйлдэлд бүлэглэн ороцлцсон болгож гэм буруу тохож байна. Камер хагалсан юм бол хэргээ нуун далдлах зорилготой байж таараа гэж хэт дотоод итгэл сэжиг таамагтаа хөтлөгдөн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь хөдөлшгүйгээр нотлоогүйгээр үл барин миний гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудалд хөнгөн хандаж буруутгаж буйд гомдолтой байна. З.Г миний эрх зүйл байдлыг дордуулж шууд нэг талыг барьж шийдсэн шүүхийн шийдвэр, надад холбогдох хэргийн нотлох баримтыг гүйцэт шалгаагүй. Хэргийг бодит байдлаас харж болох байсан. Хоёр хэрэг үйлдлийг нотлох болон камерийн бичлэгийг алга болгосон, зориуд санаатай устгасан байхад огт авч үзэхгүй байгаа. Хүний эрх зүйн байдлыг санааны зоргоор дордуулж байдаг мөрдөгч нараа хаацайлж байгаа прокурорууд нэг талыг харсан шийдвэрийг үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна” гэсэн байна.

 

Шүүгдэгч Э.Ш-н өмгөөөгч Б.Хүрэлсүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ш-г хулгайн хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн. Шүүгдэгч Э.Ш-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч З.Г нь 2018 оны 03 дугаар сарын 18-19-ний шөнө Э.Ш-н гэрт ирэхэд тэрээр баяр тзмдэглээд согтуу байсан ба согтууруулах ундаа уух зорилготой гарч шөнийн цагаар архи зардаг Ц.Ү-н дэлгүүрт очиж цонхыг нь цохиход онгойлгоогүй байдаг. Э.Ш нь дэлгүүрийн гадаа үлдэж шүүгдэгч З.Г нь архи авах зорилготойгоор хашааны хаалгаар нэвтэрч дэлгүүрийн арын хаалгаар ороход хаалга нь түгжээгүй онгорхой байсан. Мөн доторхи хүмүүс нь унтаж байсан учир архи, пиво зэрэг зүйлсийг бусдад мэдэгдэлгүйгээр хулгайлан авсан байдаг. Энэ үед дэлгүүрийн гадаа хүлээгээд зогсож байсан шүүгдэгч Э.Ш-д З.Г нь 2 ширхэг архи барин гарч ирээд энийг авч бай, худалдагч миний 50,000-60,000 төгрөгийн тооцоон дээр ажиллаад мөнгө дутаагаад байна гэж хэлээд буцаж ороход нь З.Шинэбадрах нь согтуурхаж, дургүй нь хүрсэндээ гадна камерийг хагалж бусдын эд зүйлийг эвдэж гэмтээсэн. Үүнийхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба тухайн үед З.Г-н хулгай хийж эд зүйл авч байсныг мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. Э.Ш, З.Г нар нь Ц.Ү-н дэлгүүр шөнийн цагаар архи зардаг болохыг мэддэг, өмнө нь архи авч байсны хувьд тэнд очиж, нууцаар биш хаалга цонхыг нь балбаж хүн ирснийг мэдэгдэх үйлдлийг хийсэн боловч хаалгаа онгойлгоогүй юм. Хохирогч Ц.Ү урьд нь шөнийн цагаар 1-2 удаа архи авч байсан талаар мэдүүлсэн байдаг. Э.Ш нь З.Г-тэй хулгай хийх талаар үгсэн тохиролцсон ямар ч асуудал байгаагүй ба үйлдлээрээ санаатай нэгдэж хулгай хийх үйлдэлд оролцоогүй, хулгай хийснийг ч мэдээгүй юм. Мөн шүүгдэгч Э.Ш нь шүүгдэгч З.Г-н хулгай хийж буйг мэдээгүйгээ шүүх хуралдаанд тодорхой хэлсэн мэдүүлэг, шүүгдэгч З.Г-н мэдүүлгээр давхар нотлогдож байхад хохирогч Ц.Ү-н мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн дүгнэлт нь Э.Ш-г хулгайн гэмт хэрэгт бүлэглэн оролцсоныг шүүх хуралдаанаар нотлох баримтаар нотлогдоогүй байсаар атал анхан шатны шүүх нь гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн мөрдөн байцаалтын явцад Э.Ш-г Ц.Ү-н гэрт орсон талаарх гэмт хэргийн газраас олдож бэхжүүлж авсан ул мөр, гар, хурууны хээ зэрэг нотлох баримт хавтаст хэрэгт хөдөлбөргүй нотолсон нотолгоо байдаггүй. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл явц бичигдсэн камерийн бичлэг нь хэрэгт хавсаргагдаагүй, алга болсон нь Э.Ш-н хулгайн хэрэгт оролцсон эсэх, гэм буруутай эсэхийг тогтооход хамгийн ач холбогдолтой нотлох баримт юм. Мөн дээрх камер, түүнд бичигдсэн бичлэгийн талаар хохирогч Ц.Ү-с мэдүүлэг авах зорилгоор шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүгч хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуульд “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлд “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан. Гэтэл Э.Ш нь З.Г-тэй хулгайн гэмт хэрэг үйлдэхэд үгсэн тохиролцож санаатай нэгдэж үйлдээгүй. Харин тухайн нөхцөл байдлыг ойлгож мэдээгүй ба шөнийн цагаар архи зарахдаа хэт өндөр үнээр зардаг, согтуугаар далимдуулан мөнгө төгрөгний тооцоон дээр ажилладагт хорсон, уурлаж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн байдаг. Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Э.Ш үйлдсэн байхад бусдын орон байранд нэвтэрч хулгай хийхэд бүлэглэн оролцсон гэж зүйлчилсэн нь хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж нь харагдаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар; хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан байдаг. Энэ санаатай үйлдэл нь хохирогчийн хууль бусаар согтууруулах ундааг шөнийн цагаар зардаг, хэт өндөр үнээр борлуулдаг, согтуу хүнийг далимдуулан архи авч уух хүсэл сонирхол дээр нь дөрөөлж тооцоон дээр нь ажиллаж хохироож байсныг нь санаж дургүй нь хүрсэндээ бусдын эд зүйлийг санаатайгаар эвдэж гэмтээсэн байдаг. Үүнийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд санаатай хамтран оролцсон үйлдлээ нуун далдлах төдийгүй үйлдлээрээ нэгдэн санаатайгаар хулгай хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Камерийн бичлэгт дэлгүүрийн цонх, хаалга тогшиж байгаа болон Э.Ш-н дэлгүүрийн гадаа зогсож З.Гийг хүлээж байгаа, дотогш нэвтэрч ороогүй талаар бүх зүйл бичигдсэн байсан. Э.Ш-н бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ чадан ядан зурдаг байдлыг нь далимдуулан бичиг үсэг мэддэг болгон удаа дараа мэдүүлэг авч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн. Шүүгдэгч Э.Шинэбадрах, З.Г нарын мэдүүлгүүдийг нотлох баримтуудаар тооцож Э.Ш-г гэм буруутайд тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон. Мөн хорьж цагдана гэх зэргээр дарамтанд оруулж, гарын үсэг зуруулсан. Камер хагалсан юм чинь хэргээ нуун далдлах зорилготой байж таараа гэж хэт дотоод итгэл, сэжиг таамгандаа хөтлөгдөн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь нотлоогүй. Иймд Э.Шинэбадрахад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр Э.Шинэбадрахад хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч З.Г гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2015 онд Улаанбаатар хотод хэрэгт холбогдон Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж, гадуур шалгагдаж байх үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байсан. Тухайн хэрэгт надтай хамт гэмт хэрэг үйлдсэн Нямхүү овогтой Батжаргал гэх хүн олдохгүй байгаа гэх үндэслэлээр шийдэгдэхгүй шалгагдаж байсан. Харин 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний бие Дорнод аймагт өөрийн гэртээ байж байтал Э.Шнад руу руу залгаж “анд уулзая, өнөөдөр баярын өдөр шүү дээ” гэж хэлэхээр нь өөрийн ууж байсан 2.5 литрийн хэмжээтэй пивоо бариад Э.Ш-н гэрт очиход тэрээр их согтолттой хэвтэж байсан. Э.Шинэбадрахад пиво өгөхөд би архи уумаар байна гэхээр нь түүнийг дагуулж гараад манай гэрт ирж мөнгө аваад шөнө архи зардаг дэлгүүрийн гадаа ирж цонхыг нь тогшиход онгойлгохгүй болохоор нь араараа зарж байгаа юм байна гэж таамаглаад арын хаалгаар гэрт нь орсон. Гэтэл худалдагч Ц.Үнэнмаа нь ширээ дэрлээд суугаагаараа унтаж байсан. Түүний хажууд зарж байсан архи, пиво, ундаа гэх мэт бараанууд байсан. Би түүний унтаж байгаа байдлыг нь далимдуулж 2 шил архи сэмхэн авч гараад Э.Шинэбадрахад үүнийг авч бай, би ороод ирье гэж хэлээд эргэн орж Ц.Үнэнмаагийн хажууд байсан гар утас, зурагтны хажууд байсан гар утас зэргийг авч цаасан хайрцагтай бараанаас 3 ширхэг 2.5 литрийн пиво авч хашаанаас гартал Э.Шнь гар хоосон зогсож байсан. Би түүнээс архи яасан бэ гэж асуухад найз нь камер эвдэх гээд камер руу нь шидээд хагалчихсан гэж хэлэхээр нь чи ямар тэнэг юм бэ гэж хэлээд бид буцаж харьсан. Улмаар нэг пивоо задалж амсаад би гэр рүүгээ явсан. Өглөө нь 2 цагдаа, Э.Шинэбадрах, Базараа, Ц.Үнэнмаа  нар манайд ирээд намайг баривчлаад цагдаагийн газар дээр очсон. Энэ үед Дорнод аймаг дахь цагдаагийн эрүүгийн хэлтсийн дэд дарга, дэд хурандаа Баянжаргал надтай уулзаад “мөрөөрөө байж чадахгүй бол хот руу зайл, хотод очиж хэргээ шийдүүл хотоос чамайг байнга асууж байна, энэ хэргийг чинь нэгтгүүлнэ, чи энд зөндөө тааваараа байлаа, тэгэхээр манай төлөөлөгчтэй уулзаад хэдэн хэрэг аваад яваарай, тэгэхгүй бол энэ хэрэг дээр чинь дуудлагаар авч ирж байгаад ял нэмүүлнэ шүү, хугацаагаагүй тогтоолоор хорино шүү” гэж сүрдүүлж байсан. Улмаар миний эрх зүйн байдлыг дордуулж хуулийн байгууллага хэт нэг талыг барьж байна. Нэг яллах дүгнэлтээр хоёр хэргийг маань нэгтгэн шийдэх боломж байсан. Дэлгүүрийн араар гэрт орж хулгай хийхэд огт хашаа давж ороогүй гэдгийг бүгд гэрчилдэг. Э.Шбид хоёрыг гэмт хэрэгт хамтран оролцсон болгох, хохирогч Ц.Үнэнмааг шөнө архи зардаг байсныг нуух зорилгуудаар камерийн бичлэгийг зориудаар хэн нэгэн устгасан. Мөн Мустанг баарнаас би огт хулгай хийгээгүй. Гэтэл энэ хэргийг намайг өөрөө хүлээсэн гэдэг. Хэргийн газрын үзлэгээр олж авсан гутлын мөр болон унадаг дугуй зэргийг миний өмсөж байсан гутлын мөртэй тулгаж шалгаагүй. Таньж олуулах ажиллагаанд Байгальмааг оролцуулалгүй Готов гэх хүнийг оролцуулсан. Мустанг баар нь камерын бичлэгтэй боловч мөн л түүнийг мөрдөгч нь миний нүдэн дээр устгасан. Тиймээс надад холбогдох хэргийг бодит байдалд нийцүүлэн зүйлчилж, нэг яллах дүгнэлтээр гэм бурууд минь тохирсон шийтгэл оногдуулах зарчмыг баримталж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Г, Э.Ш нарт холбогдох хэрэг нь хоёр үйлдэлтэй бөгөөд шүүгдэгч Э.Ш нь хулгайлах гэмт хэрэгт санаатай нэгдэж оролцсон. Хэргээс харахад хулгайн үйлдлийг ул мөрийг балласан нөхцөл байдал уншигдаж байна. Цагдаагийн ажилтан З.Г-г “Мустанг” бааранд үйлдэгдсэн хэргийг хүлээлгэхээр шахаж шаардсан гэх асуудал мөрдөн байцаалтын шатанд яригдсан бөгөөд мөрдөн байцаагч нь эрүүдэн шүүсэн зүйл байхгүй талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Мустанг баарнаас алдагдсан гэх унадаг дугуйг шүүгдэгч З.Г “манай дүүгийн унадаг дугуй” гэх боловч түүний нагац эгч ямар нэгэн зүйл авч ирээгүй талаар мэдүүлсэн. Шүүгдэгч З.Г нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял эдэлж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар татагдсан. Дорнод аймагт үйлдэгдсэн хэрэг нь 2018 оны 03 дугаар сарын 01-02, 18-19-нд үйлдэгдсэн буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байхад илэрсэн байна. Тэгэхээр шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж шйдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, шүүгдэгч З.Г нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.Шинэбадрах, З.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч З.Г, Э.Ш нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет" хүнсний дэлгүүртэй залгаа байрлах хохирогч Ц.Ү-н гэрт нэвтрэн орж, хоёр гар утас, хоёр ширхэг “Боргио” пиво, хоёр хайрцаг “Параламент” тамхи, таван хайрцаг “Улаан шонхор” тамхи, хоёр ширхэг “Ерөөл” архи, нэг ширхэг “Улаанбаатар” архи, нэг хос гоёлын ээмэг, бэлэн 130,000 төгрөгийг хулгайлж нийт 599,400 төгрөгийн хохирол, улмаар тус дэлгүүрийн гадна орчны хяналтын гурван камерийг эвдэж 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.Г нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” бааранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч, архи, ундаа, пиво, шоколад, унадаг дугуй зэрэг хохирогч Г.Б-н 480,680 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг, мөн уг байранд хадгалагдаж байсан иргэний нэхэмжлэгч Ц.Ү-н эзэмшлийн 75,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинжний хослол хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Г, Э.Ш нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нарын зүгээс Э.Ш нь З.Г-тэй хамтран хулгайлах гэмт хэрэгт оролцсон нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн агуулга бүхий гомдол нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой давхцаж байх бөгөөд уг гомдлын үндэслэлийг хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хангалттай няцаан үгүйсгэжээ.

 

Гэмт этгээд нь санаа, зорилгоо бусдад илтэд илэрхийлэх, энэ талаар баримт сэлт үйлдэх зэргээр нотлох баримт үлдээгээгүй тохиолдолд түүний үйлдлийн шинж байдал, зорилго мөн чанар, гэмт хэрэгтэй уялдаж буй байдлаар нь сэдэлтийг тогтоох нь мөрдөн шалгах ажиллагааны хуулиар зөвшөөрөгдсөн арга, тактикт хамаарч шүүн таслах ажиллагаанд түгээмэл хэрэглэгддэг нотлох ажиллагааны стандарт юм. 

 

Шүүгдэгч З.Г, Э.Ш нар нь хохирогч Ц.Ү-н дэлгүүрт хууль бусаар нэвтрэхээр очих үед Э.Ш үүдэнд үлдэж байрны гадна орчны хяналтын камеруудыг эвдэж буй, улмаар хулгайлсан эд зүйлсийг тосон авч зөөж буй үйлдэлд дүн шинжилгээ хийж Э.Ш-г гэмт хэргийн ул мөрийг далдлах, хулгайн эд зүйлсийг зөөх, шилжүүлэх байдлаар энэ гэмт хэрэгт гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцсон гэж прокурор, шүүх үзсэн нь объектив байдалд тулгуурласан бодит оюун дүгнэлт байх бөгөөд үүнийг таамгийн шинжтэй субъектив гэж өмгөөлөгч гомдолдоо бичсэн нь үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч З.Г нь “өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, 2018 оны 03 дугаар сард үйлдэгдсэн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, дэлгүүрийн араар гэрт орохдоо огт хашаа давж ороогүй тул бусдын орон байранд хууль бусаар нэвтрээгүй” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд үйлчлүүлэгчдэд зориулсан хаалга түгжээтэй, дэлгүүр хаасан байхад шүүгдэгч нар үйлчлүүлэгчид зориулагдаагүй арын хаалгаар нэвтэрч энэ үедээ гэмт халдлагаас хамгаалж хянах, бичлэг үйлдэх төхөөрөмжүүдийг эвдэлж буй нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулсан гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч З.Г-ийн 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” бааранд нэвтэрч, Г.Б-н 480,680 төгрөгийн, Ц.Ү-н эзэмшлийн 75,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийн зарим хохирогч нар эд зүйлээ таньж хүлээн авсан, хулгайлагдсан унадаг дугуйны гарал үүслийн талаар шүүгдэгчийн хийсэн тайлбар няцаагдсан байхад уг гэмт хэргийг үйлдээгүй талаар З.Г гомдол гаргасан нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгааг харуулж байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

З.Г нь дээрх гэмт хэргүүдийг  үйлдэх үед түүний 2015, 2016 онуудад үйлдсэн үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргүүдийн мөрдөн байцаалт дуусаж яллах дүгнэлт үйлдэгдсэн байх тул мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацааны хувьд сүүлд үйлдсэн хэргүүдийг нэгтгэх боломжгүй байсан байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж, З.Г-т энэ хэрэгт нь 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний 684 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 10 cap 16 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 cap 16 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, шүүгдэгч З.Г нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, шүүгдэгч З.Г нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН