Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00970

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00970

 

 

 

"Г" -ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00675 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "Г" ХК-ийн хариуцагч Г.А.Ү - ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангид 38 945 776.32 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Г" ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А.Ү - ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд орших өөрийн эзэмшлийн эмнэлгийн зориулалттай барилгын 930 м.кв талбайг түрээсийн төлбөрийг 14 880 000 төгрөгөөр тохиролцож 10 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Г.А.Ү - ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу уг гэрээг цуцалсан. Гэтэл Г.А.Ү - ХХК нь оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээний хугацаанд буюу 2019 оны 7, 8 дугаар саруудын түрээсийн төлбөр, хэрэглээний төлбөрт 29 925 853,95 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагчаас түрээсийн төлбөрийг төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч одоог хүртэл төлөөгүй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээний 4.2-т түрээсийн төлбөр болон хэрэглээний төлбөрүүдээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр заасны дагуу түрээслэгч нь алданги 9 019 922,37 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч Г.А.Ү - ХХК-аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 29 925 853,95 төгрөг, алданги 9 019 922,37 төгрөг нийт 38 945 776,32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.А.Ү - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Г" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь "Г" ХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Тухайн түрээсийн барилга нь эмнэлгийн зориулалттай байгаагүй учир манай байгууллага нэг ч өдөр үйл ажиллагаа явуулаагүй, нүүж ороогүй тул хэрэглээний төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.А.Ү - ХХК-аас 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүрэг, ашиглалтын зардал, алдангид нийт 38 945 776,32 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч "Г" ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352 679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г давж заалдах гомдолдоо: Талууд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан. Түрээслэгчийн хүсэлтийн дагуу 1 сарын хугацаанд барилгад засвар хийх болсон учраас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байдаг. "Г" ХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу байрыг шилжүүлэх үүргээ биелүүлж, талууд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээлцэж акт үйлдсэн. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Г.А.Ү - ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу уг гэрээг цуцалсан. Гэтэл Г.А.Ү - ХХК нь түрээсийн төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй, үүргийн зөрчил үүсгэсэн.

Уг 930 м.кв талбай бүхий түрээсийн байр нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 17042, Чингисийн өргөн чөлөө 67 дугаарт байршилтай 4928 м.кв үл хөдлөх хөрөнгөнд хамаардаг бүрэлдэхүүн хэсэг тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хууль зүйн боломжгүй юм. Энэ тухай нэхэмжлэгч талаас ийнхүү шүүхэд мэдүүлж, холбогдох нотлох баримтыг өгсөн боловч нэг талыг барьсан шийдвэр гаргаж, нотлох баримтыг зөв үнэлээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Г.А.Ү - ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19, мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгүүдээс үзвэл хариуцагч нь санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж засвар хийж чадаагүй, үйл ажиллагаагаа явуулаагүй болно. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн дээрх албан бичгүүдийг шүүх Хариуцагч түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байх тул түүний төлбөр төлөх хугацааны талаар гаргасан албан бичгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүх үйл баримтыг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг зөв үнэлээгүйг илтгэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хариуцагчийн албан бичгийн талаар дүгнэхэд хэрэглэсэн нь буруу. Талууд албан бичгийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, санхүүгийн баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс Түрээсийн гэрээтэй холбогдуулан хариуцагч байгууллага ямар нэгэн төлбөр төлөөгүй болохыг нэхэмжлэгч тал тайлбарлаж, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэж дүгнэлт хийж буй нь шударга бус байна. Хариуцагч нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах баримт бичиг бүрдүүлэх зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд үүнийг шүүх шууд хүлээн авч, нэхэмжлэгч тал үгүйсгэж, няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага нь бичгээр хийх шаардлагад огт хамааралгүй бөгөөд хоёр өөр ойлголт байдаг тул Иргэний хуулийн 42 дугаар 42.10 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч "Г" ХК нь хариуцагч Г.А.Ү - ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 38 945 776 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2,26/

Талууд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч "Г" ХК нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлалтай барилгын 930 м.кв талбайг эмнэлгийн зориулалтаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2029 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэх, түрээслэгч Г.А.Ү - ХХК сарын түрээсийн хөлс 14 880 000 төгрөгийг дараа сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх8-9/ Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоожээ. Зохигчид гэрээ байгуулсан, Г.А.Ү - ХХК түрээсийн объектыг хүлээн авсан талаар маргаагүй, харин гэрээ хуульд заасан шаардлага хангасан эсэх, мөн түрээсийн объектын доголдлын талаар маргажээ.

Түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус, харин түүний нэг хэсэг болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000057460 дугаар гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх42/ Тодруулбал, талуудын түрээслэхээр тохиролцсон 930 м.кв талбай бүхий объект нь "Г" ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 4928 м.кв талбай бүхий 7 давхар барилгад хамаарч байна. Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зохицуулсан боловч талуудын хооронд үүссэн дээрх харилцаанд энэхүү заалт хамаарахгүй юм. Иймд дээрх гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг тодорхойлон байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэгэнт зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргийг шаардах, гэрээнээс татгалзах эрхтэй.

Хариуцагч тал 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг цуцлах санал нэхэмжлэгчид хүргүүлснээр тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан Г.А.Ү - ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/5А07 дугаар албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. Хариуцагч Г.А.Ү - ХХК нь гэрээ цуцалсан үндэслэлээ ... түрээсийн барилга нь эмнэлгийн зориулалтын бус байсан учраас манай байгууллага нэг ч өдөр үйл ажиллагаа явуулаагүй ... гэж тайлбарлажээ. /хх-26/

Түрээсийн объектыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр талууд акт үйлдэн хариуцагч хүлээн авсан байна. /хх-13/ Тэрээр 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А8/19-01, мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/5А07 тоот албан бичгүүдээр санхүүгийн хүндрэлээс шалтгаалан төлөвлөсөн хугацаанд засвараа хийж түрээсийн байранд орох боломжгүй байгааг дурдаж, 7, 8 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөхийг хүссэн, мөн дээрх хүндрэлээс шалтгаалан түрээсийн гэрээг цуцалж, 8, 9 дүгээр сарын тооцоогоо төлж барагдуулах агуулга бүхий хүсэлт нэхэмжлэгч "Г" ХК-д хүргүүлж байжээ. /хх-33-34/

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн буруугаас түрээсийн гэрээ цуцлагдсан гэх хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн зүйлийг ашигласан хугацааны хөлсийг хариуцагч Г.А.Ү - ХХК нь төлөх үүрэгтэй. Хариуцагч тал түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч "Г" ХК нь түрээсийн гэрээг цуцлах тухай хариуцагчийн санал ирүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр гэрээг цуцалсанд тооцон, 7, 8 дугаар сарын түрээсийн хөлс нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж хариуцагч Г.А.Ү - ХХК-аас 29 760 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин алданги болон хэрэглээний төлбөрт хамаарах нийт 9 185 776.32 төгрөгийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгч тал алданги тооцон шаардах эрхгүй болно. Мөн хэргийн 15 дахь талд авагдсан бичгийн баримт нь хариуцагчийн түрээсэлж байсан объектын ашиглалтын зардалд хамааралтай гэдгийг эргэлзээгүйгээр нотлохгүй байна.

Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00675 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.А.Ү - ХХК-аас 29 760 000 /хорин есөн сая долоон зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Г" ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 185 776.32 /есөн сая нэг зуун наян таван мянга долоон зуун далан зургаан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээн, хариуцагч Г.А.Ү - ХХК-аас 306 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Г" ХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Г" ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 679 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД