Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00506

 

 

 

 

 

 

    “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00675 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 970 дугаар магадлалтай,

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

“Г А Ү” ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангид 38,945,776.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Наранцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Г” ХК нь “Г А Ү” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангид 38,945,776.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00675 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Г А Ү” ХХК-аас 2019-06-01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүрэг, ашиглалтын зардал, алдангид нийт 38.945.776,32 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Г” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352.679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 970 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00675 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г А Ү” ХХК-аас 29 760 000 /хорин есөн сая долоон зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 185 776.32 /есөн сая нэг зуун наян таван мянга долоон зуун далан зургаан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын “56.1” гэснийг 56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээн, хариуцагч “Г А Ү” ХХК-аас 306 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 679 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч М.Наранцэцэг хяналтын гомдолдоо: ...Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж хариуцагчийн зүгээс үзэж энэхүү хяналтын гомдлыг байна. “Г А Ү” ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Г” ХК-тай 2019.06.01-ний өдөр түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь уг байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглах, стандарт шаардлагыг нь хангаж, эрүүл мэндийн яам болон мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авах зөвшөөрлийг авах зорилгоор зурсан. Учир нь уг барилга нь эмнэлгийн зориулалттай биш байсан, шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Үүнийг “Г” ХК-ийнхан мэдэж байсан тул түрээсийн обьектуудыг бус хэдэн түлхүүр хүлээлгэж өгсөн байдаг бөгөөд хариуцагч тал уг түлхүүрүүдийг нь 2019.07 дугаар сард наадмын дараа буцааж өгсөн /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ж.Бат-Эрдэнэ мэдүүлсэн байдаг./ байтал давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дэх талд “Хариуцагч тал түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тухайн обьект нь шууд эмнэлгийг зориулалтаар ашиглах боломжгүй, дотор нь Христийн сүмийн зориулалтаар ашиглаж байсан усан бассейн зэргийг нурааж дахин засах гэх мэтээр их хэмжээний засварын ажлыг хийх шаардлагатай гэдгийг талууд мэдэж байсан учраас гэрээний 2.2 дахь хэсэгт “Түрээслэгч нь гэрээний барьцаа болон 1 сарын түрээсийн төлбөрийг урьдчилж төлснөөр энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн заалт оруулж, гэрээг хэзээ хүчинтэй болохыгоо тохиролцсон. / хх 8-9 дэх тал/ Түрээслэгч талын зүгээс “гэрээний барьцаа болон 1 сарын түрээсийг төлбөрийг төлөөгүй тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус байтал давж заалдах шатны шүүх хэдэн түлхүүрийг хэд хоног эзэмшилдээ байлгасны төлөө 29,760,000 төгрөг төл гэж магадлал гаргаж байгаа нь шударга бус байна. Өөрөөр хэлбэл: Эмнэлгийн зориулалттай бус барилгыг түрээслэгч тал өөрийн буруугаас ашиглаагүй гэж дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр болсон. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 дахь талын хамгийн доод талын параграфад “Уг 930 м.кв талбай бүхий түрээсийн байр нь Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо үйлдвэр 17042, Чингисийн өргөн чөлөө 67 дугаарт байршилтай 4928 м.кв үл хөдлөх хөрөнгөнд хамаардаг бүрэлдэхүүн хэсэг нь тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хууль зүйн боломжгүй юм. Энэ тухай нэхэмжлэгч талаас ийнхүү шүүхэд мэдүүлж, холбогдох нотлох баримтыг өгсөн боловч нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн бичсэн гомдол үндэслэлгүй бөгөөд 2 давхар тусдаа барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4. Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан тул уг гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна гэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх тул “хүчин төгөлдөр бус гэрээ”-ний улмаас түрээслэгчид үүрэг ногдуулах боломжгүй байх тул түрээслүүлэгчид шаардах эрх байхгүй байхад шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа гэрээнд дурьдсан “гэрээ хүчин төгөлдөр болох” зүйл заалтад дүгнэлт хийгээгүй, “Г А Ү” ХХК-аас албан бичиг хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх хүрээнд хянаад, хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч “Г А Ү” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 38,945,776 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, эмнэлгийн үйл ажиллагаа явуулахын тулд гэрээ байгуулсан, уг барилга нь эмнэлгийн зориулалтын бус байсан учраас манай байгууллага нэг ч өдөр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээний 2.2-т Түрээслэгч нь гэрээний барьцаа болон 1 сарын түрээсийн төлбөрийг урьдчилж өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно” гэж тохирсон, гэрээ хүчинтэй болоогүй байсан, ...нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шүүх хариуцагчаас 29,760,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг хэрэгт байгаа баримтын хэмжээнд бүрэн эрхийн дагуу үнэлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулжээ.

9. Талууд 2019.06.01-ний өдөр гэрээ байгуулж, “Г” ХК нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлалтай барилгын 930 м.кв талбайг эмнэлгийн зориулалтаар, 10 жилийн хугацаагаар түрээслүүлэх, “Г А Ү” ХХК түрээсийн төлбөрт сар бүр 14,880,000 төгрөгийг дараа сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүргийг тус тус хүлээсэн, “Г А Ү” ХХК түрээсийн обьектыг хүлээн авсан боловч 2019.09.05-ны өдөр гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгчид хүргүүлснээр гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогджээ. Хариуцагч нь түрээсийн төлбөр төлөөгүй байна.

10. Түрээсийн зүйл нь “Г” ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 4928 м.кв талбай бүхий 7 давхар барилгын 930м.кв талбай, уг эд хөрөнгө нь тусдаа, өмчлөх эрхийн бүртгэлгүй тул шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан зохицуулалтаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Талууд гэрээг цуцалсан үйл баримтыг маргаагүй бөгөөд цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэхийг маргажээ.

11. Хариуцагч “Г А Ү” ХХК нь 2019.08.19-ний өдрийн А8/19-01, мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/5А07 тоот албан бичгүүдээр “санхүүгийн хүндрэлээс шалтгаалан төлөвлөсөн хугацаанд засвараа хийж түрээсийн байранд орох боломжгүй байгааг дурдаж, 7, 8 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөхийг хүссэн, мөн дээрх хүндрэлээс шалтгаалан түрээсийн гэрээг цуцалж, 8, 9 дүгээр сарын тооцоогоо төлж барагдуулах агуулга бүхий хүсэлтийг нь /хх-33-34/ “Г” ХК-д хүргүүлсэн баримтад үндэслэн давж заалдах шатны шүүх 7, 8 сарын түрээсийн төлбөр 29,760,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг  зөрчөөгүй байна. Нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй юм.

12. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсчээ. Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх гомдлыг энэ хэсгийн 10-т заасан үндэслэлээр хангахгүй орхив. Түрээсийн гэрээний агуулгыг тодорхойлсон Иргэний хуулийн зохицуулалтад түрээслүүлэгч гэрээний зүйлийн өмчлөгч байхыг шаардаагүй бөгөөд хэрэв өмчлөх эрхийн гэрчилгээтэй бол гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хуулийн шаардлага байдаг. Харин тухайн түрээсийн зүйл нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй, бүртгэл байхгүй бол хуулийн дээрх шаардлага хэрэгжих боломжгүй, шүүх талуудын хүсэл зориг, гэрээний зорилго, эд хөрөнгийг эзэмшил ашиглалтад шилжүүлсэн үйл баримтад тулгуурлан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль зөрчихгүй юм.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж, 292 дугаар зүйлийн 292.4-т “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.” гэж тус тус заасан байдаг тул хариуцагч “Г А Ү” ХХК түрээсийн зүйлийг ашиглаагүй нь тогтоогдож байгаа боловч түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

Түүнчлэн түрээсийн гэрээний 2.2-т “Түрээслэгч нь гэрээний барьцаа болон 1 сарын түрээсийн төлбөрийг урьдчилж өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно” гэж тохирсон нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ тохиролцоо нь агуулгын хувьд гэрээний хугацаа, төлбөр хийхтэй холбоотой нөхцөл болохоос гадна хариуцагчийн өөрийнх нь нэхэмжлэгчид хандаж байсан албан бичгээр гэрээний үүргээ хүлээсэн, үүргийг багасгах хүсэлтийг гаргаж байснаар татгалзал нь үгүйсгэгджээ. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 970 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 306,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД