Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01054

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01054

 

 

Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00512 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох

 

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь 2013 оны 03 дугаар сарын 12-оос эхлэн тус банкны Дотоод аудитын газрын аудитороор ажиллаж байсан ба 2013 оны 09 дүгээр сарын 27-нд Дотоод аудитын газрын үйл ажиллагааны хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд дэвшин ажилласан. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/301 тоот тушаалаар Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 07 дугаар сарын 07-ны өдөр Б/878 тоот тушаалаар Мөнгөний төвийн захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд ажиллаж байтал 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заасныг үндэслэн 30 хоногийн дараа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг үндэслэн мэдэгдэж байна гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь мэдэгдэл хүлээн авсан талаар гарын үсэг зураагүй болно. Мэдэгдэл хүлээн авснаас хойш 1 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэн, Мөнгөний төвийн захирлын ажлыг авч, ажилтан Ц.Дамдинсүрэнд шахалт үзүүлэн, хөдөлмөрлөх эрхийг зөрчих болсон. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалаар Төрийн банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэлээр Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгон цуцалж, чөлөөлсүгэй гэсэн. Тус тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор мөрдөж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус банкны Мөнгөний төв гэдэг байгууллага татан буугдаагүй, өдөр тутмын үйл ажиллагаа хэвээр явагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д болон Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар орон тоо хасагдах гэдэг нь тухайн ажил, албан тушаал байхгүй болохыг ойлгодог. Гэтэл Мөнгөний төвийн ажилтны орон тоо хэвээр хадгалагдаж байгаа. Тухайн салбар нэгж татан буугдсан гэх эрх зүйн үндэслэл байхгүй. Мөнгөний төвийн гол зорилго нь банкны бэлэн мөнгөний тасралтгүй байдал, хангалт, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод Мөнгөний төвийн захирал гэсэн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа нь нотлогдож байна. Хариуцагч тал өмнө нь байсан Улаанбаатар салбарын Мөнгөний төв гэх нэгжийг байхгүй болгосон гэж тайлбарласан. Гэтэл уг нэгж салбар нь Аюулгүй байдлын хэлтэстээ шилжсэн. Аюулгүй байдлын хэлтэс нь салбар нэгжүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангах ажлыг хариуцан зохион байгуулдаг. Орон тоогоор мөнгө хураагч, мөнгө хянагч, мөнгө тоологч, мөнгөний зөөвөр хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо бүгд хэвээр байна. Аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдуулж 2016 оны 09 дүгээр сард гаргасан эрх зүйн актаар Мөнгөний төвийн үйл ажиллагааг тус хэлтэстэй уялдуулж өгсөн бүтцийн өөрчлөлт гарсан болохоос Мөнгөний төв татан буугдсан үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. 1 сарын өмнө мэдэгдсэн атлаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж, ажлыг нь булааж авсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан үйл явдал болсон гэж үзэж байна. Мөн тушаал нь хуульд нийцсэн байх ёстой. Уг тушаал гарсны дараа ажил хүлээлцэх акт үйлдэх ёстой гэж үзэж байна. Төрийн банк үүнийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь актыг үйлдсэн он, сар, өдрөөр тогтоогдож байна. Хариуцагч тайлбартаа бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт өөрчлөгдсөн гэдэг нэр томъёо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Төрийн банк ХХК нь Сангийн яам, Хадгаламж даатгалын корпораци нарын хувь нийлүүлсэн төрийн өмчит хуулийн этгээд юм. Төрийн банкны эрх барих бүрэн эрхийг ТУЗ хэрэгжүүлдэг. Хувь нийлүүлэгч болох Сангийн яамнаас Төрийн банк ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах тухай чиглэл өгч, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б-1/5765 тоот албан бичгийг манай банкинд ирүүлсэн. Уг албан бичигт банкны бүтцийн өөрчлөлт хийх, боловсон хүчний зардлыг бууруулах, цалингийн шатлалыг оновчтой боловсруулах, дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоох, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх тухай чиглэл өгсөн байдаг. Төрийн банкны ТУЗ дээрх байдлыг нарийвчлан судалж, банкны зохистой байгууллага, бүтцийн оновчтой давхцалгүй, газар хэлтэс, албадын ажлын уялдаа холбоонд түшиглэсэн удирдлагын зөв тогтолцоог бий болгох бөгөөд ингэснээр ажилчдын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох, байгууллагын зардлыг зохистой болгох зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Уг тогтоол батлагдсантай холбоотойгоор өмнөх бүтэц, зохион байгуулалтын бүтэц нь хүчингүй болсон. Ц.Дамдинсүрэнгийн өмнө нь ажиллаж байсан Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирал гэх албан тушаал нь дээрх 118 тоот тогтоолоор бүтцээс хасагдсан юм. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан байдаг. Тухайн үеийн зохион байгуулалтын бүтцээр уг Мөнгөний төвийг шууд харъяалан удирдах газар нь Улаанбаатар салбарын удирдлагын газар байсан бөгөөд ерөнхийлөн харъяалах албан тушаалтан нь Бизнес хөгжил хариуцсан дэд захирал байсан юм. Бизнес хөгжил хариуцсан дэд захирал нь гүйцэтгэх захирлын орлогчийн өмнө ажил албан үүргээ тайлагнадаг, гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд шууд харъяалагддаг бүтэц зохион байгуулалттай байсан. Гэтэл 118 тоот тогтоолоор Мөнгөний төвийн захирлыг шууд харъяалан удирдах албан тушаалтан нь Аюулгүй байдлын газар, ерөнхийлөн харъяалан албан тушаалтан нь үйл ажиллагаа хариуцсан захирал юм. Үйл ажиллагаа хариуцсан захирал нь гүйцэтгэх захирлын орлогчид ажил үүргээ тайлагнадаг бөгөөд гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд шууд харъяалагдан ажил үүргээ тайлагнадаг байхаар шинэчлэн батлагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн урьд эрхэлж байсан Мөнгөний төвийн захирал гэх албан тушаал нь шинэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр шууд харъяалах шат дараалсан газар, албан тушаалтан, шатлал бүтцийн харъяаллаар өөрчлөгдсөн, шинээр бий болсон Мөнгөний төвийн захирал гэх албан тушаал юм. Үүнтэй холбоотойгоор ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдсэн ба тухайн ажлын байран дахь ажилтанд тавигдах шаардлага нь ажлын байрны онцлогтой холбоотой шинэчлэгдсэн байдаг. Иймд Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 30 хоногийн дараа цуцлах болсон тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 17-нд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Ажилтан Ц.Дамдинсүрэнд ажил олгогчийн зүгээс өөр ажлын байр санал болгосон боловч саналыг хүлээн авахаас татгалзсан. Иймд Төрийн банкны Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрыг хүлээн авахаас татгалзсан тул Мөнгөний төвийн захирал Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 73/6-р хурлын шийдвэр гарсан. Уг шийдвэр болон мэдэгдэх хуудасны хугацаа дууссан, мөн хуульд заасан үндэслэлээр Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалаар Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан болно. Ингэж цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу банкны зүгээс тэтгэмж олгосон бөгөөд ингэхдээ 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 30 хоногийн мэдэгдэх хугацааны цалингийн хамт нийт 12 759 740 төгрөг олгосон. Хариуцагчийн зүгээс Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1.-Д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнг Төрийн банк ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 1 896 193 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн Б/1415 тоот "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Ц.Дамдинсүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45 289 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Э.Жавхлан нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт дурдагдсан үндэслэлүүдэд холбогдуулан гомдлол гаргаж байна.

НЭГ. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар тогтоолоор тухайн үеийн Улаанбаатарын салбарын удирдлагын газрын харьяанд Мөнгөний төв байсан нь ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар Төрийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол түүний хавсралтаар Улаанбаатарын салбарын удирдлагын газар түүний харьяанд байсан Мөнгөний төв нь хасагдаж батлагдсан. Улмаар тус тогтоолоор Аюулгүй байдлын газар, түүний харьяанд Мөнгөний төв шинээр байгуулагдаж батлагдсан болно.

Энэ нь аж ахуй нэгж, байгууллагын харьяалал өөрчлөгдөж байгаа ойлголт биш бөгөөд Төрийн банкны дотоод салбар нэгжид бүтцийн өөрчлөлтийг Төрийн банкны ТУЗ-аас өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчлөн шинэчлэн байгуулж байгаа ойлголт юм. Төрийн банкны өмнөх ТУЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар тогтоолын бүтцэд байсан Улаанбаатар салбарын удирдлагын газар түүний харьяанд байсан Мөнгөний төв нь тусдаа орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд биш болно. Иймд шүүх бүрэлдэхүүн Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

 

Хавтаст хэрэгт Ц.Дамдинсүрэнгийн ажлын байрны тодорхойлолт авагдсан бөгөөд Төрийн банкны өмнөх ТУЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоол, хавсралт, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар тогтоолын бүтцэд байсан Улаанбаатар салбарын удирдлагын газар түүний харьяанд байсан Мөнгөний төвийн захирал ямар үндсэн чиг үүрэгтэй байсан нь нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн ажлын байрны тодорхойлолтын "Ажлын байрны үндсэн зорилго" хэсгээс тодорхой харагдана.

Харин Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар Төрийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол түүний хавсралтаар шинээр бий болсон Аюулгүй байдлын газар, түүний харьяа Мөнгөний төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтын "Ажлын байрны зорилго" хэсэгт /Банкны бэлэн мөнгөний тасралтгүй байдал, хангалт, Олон улсын банк хоорондын /ОХУ, БНХАУ, БНСУ/ бэлэн мөнгөний гүйлгээ, хэлцэл, зузаатгалыг зохих журам, шийдвэрийн дагуу аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй шуурхай зохион байгуулах. Банкны ажилтнуудад валют, төгрөгийн нууцлал таниулах, Мөнгөний төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна/ гэж заасан байдаг.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь зөвхөн Банкны бэлэн мөнгөний тасралтгүй байдал, хангалтыг хариуцан өөрийн чиг үүргийн хүрээнд ажиллаж байсан байна. Харин шинэ бүтцийн дагуу шинээр бий болсон Аюулгүй байдлын газар, түүний харьяа Мөнгөний төвийн захирал А.Болор-Эрдэнэд Олон улсын банк хоорондын /OХУ, БНХАУ, БНСУ/ бэлэн мөнгөний гүйлгээ, хэлцэл, зузаатгалыг зохих журам, шийдвэрийн дагуу аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй шуурхай зохион байгуулах, банкны ажилтнуудад валют, төгрөгийн нууцлал таниулах зэрэг цоо шинэ чиг үүргүүд нэмэгдсэн байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэлж дүгнээгүй, адилтгах боломжгүй бүтцийн харьяалал, чиг үүрэг, авч буй цалингийн шатлал өөр ондоо ажлын байр албан тушаалыг адилтган үзэж шийдвэр гаргасан гэж хариуцагчийн зүгээс дүгнэж байна.

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн Төрийн банк ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажилд бус Улаанбаатар салбарын удирдлагын газрын Мөнгөний төвийн захирлын үүрэгт ажлыг хашиж байсан. Хэрэв шүүхийн шийдвэр хэрэгжих тохиолдолд нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнг аль ажил албан тушаалд эгүүлэн томилох нь тодорхой бус байна. Одоогийн хүчинтэй мөрдөгдөж байгаа Төрийн банкны зохион байгуулалтын бүтцээр Улаанбаатар салбарын удирдлагын газар, түүний харъяа Мөнгөний төв гэх орон тоо байхгүй байгаа болно.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд Ц.Дамдинсүрэнгийн эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрыг А.Болор-Эрдэнийн ажил, албан тушаалын ажлын байртай шууд адилтган үзэж, шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрт найруулгын хувьд зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 07ы өдрийн Б/878 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнг тус банкны Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирлаар томилон ажиллуулж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тогтоол, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн уг тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна.

 

Төрийн Банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар тогтоолоор батлагдсан тус банкны зохион байгуулалтын бүтцээр Мөнгөний төв нь бизнес хөгжил хариуцсан дэд захирлын харьяа Улаанбаатар салбарын удирдлагын газарт байсныг тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан банкны зохион байгуулалтын бүтцээр Үйл ажиллагаа хариуцсан захирлын харъяа Аюулгүй байдлын газарт харъяалагдсан байна.

 

Дээрх бүтцийн өөрчлөлтөөр Мөнгөний төвийн харъяалал өөрчлөгдсөн хэдий ч нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн гүйцэтгэж байсан ажлын байр хэвээр байх ба энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн ажиллаж байсан гэх Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирал болон Аюулгүй байдлын газрын Мөнгөний төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд тус төвийн захирлын гүйцэтгэх үүрэгт Олон улсын банк хоорондын бэлэн мөнгөний гүйлгээ, хэлцэл, зузаатгалыг зохих журам, шийдвэрийн дагуу аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй шуурхай зохион байгуулах, банкны ажилтнуудад валют, төгрөгийн нууцлалыг таниулах ажил нэмэгдсэнээс, ажлын байрны гүйцэтгэх үүрэг, үндсэн зорилго өөрчлөгдөөгүй, уг ажлын байр, албан тушаал тухайн байгууллагад байхгүй болсон, орон тоо хасагдсан, бүтцээс гарсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Төрийн банк ХХК нь нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгохыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлыг нь хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, ажил хүлээлцсэн актаар нотлогджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан тул нэхэмжлэгчтэй 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цуцалсан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн банк ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажилд гэж ажил албан тушаалыг буруу тодорхойлсныг зөвтгөж Төрийн банк ХХК-ийн Аюулгүй байдлын газрын Мөнгөний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох гэж зөвтгөх нь зүйтэй.

 

Н 㿿 , Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 1 896 193 , 뿿, зөв байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлага нь бие даасан шаардлага биш бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтыг бодитой үнэлж дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан, хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй талаар дээр дурдсан болно.

 

Харин нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн Төрийн банк ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажилд бус Улаанбаатар салбарын удирдлагын газрын Мөнгөний төвийн захирлын үүрэгт ажлыг хашиж байсан, одоо уг орон тоо байхгүй болсон гэх гомдол үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөнө.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00512 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын гэснийг Аюулгүй байдлын газрын Мөнгөний төвийн захирлын гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 289 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

, د Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

د Д.ЦОГТСАЙХАН