Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00012

 

Ч.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1990 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Ч.Л

           Хариуцагч: Ххолбогдох

           Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Л, нарийн бичгийн дарга С.Боролдой  нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн сайдын 2014 оны Б/17-р тушаалаар Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2015-05-21-с захирлаар томилогдсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017-01-25-ны өдрийн Б/37-р тушаалаар намайг  чөлөөлсөн, 28-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн.  Намайг  өөрийнх нь  хүсэлтээр чөлөөлсөн мэт тушаалдаа заасан. Би  чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт болон өргөдөл хэн нэгэнд хандан гаргаагүй болно. Иймд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017-01-25-ны өдрийн Б/37-р тушаалыг хүчингүй болгож,  ажилд эгүүлэн тогтоож, 2017-01-25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг  шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө  Засгийн газрын тухай хуулийн 24.1.4, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.4.13-г үндэслэсэн. Төрийн албаны тухай хуулийн 9.1, 9.1.2-р Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч болохыг хуулиар тогтоосон. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 11.5-р Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. Засгийн газрын 2007 оны 354-р тогтоолын 3-р хавсралтын 4-т политехник коллежийн захирал нь ТҮМБ-7 зэрэглэлд хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаал. Нэхэмжлэгч нь хэдийгээр төрийн үйлчилгээний албан хаагч хэдий ч Төрийн албаны тухай хуулиар эрх зүйн байдал нь тодорхойлогддог, төсвийн  шууд захирагч юм. Иймд уг маргаан  захиргааны  шүүхэд харьяалагдах маргаан гэж үзэж байна. Түүнчлэн, Төрийн албаны хуульд зааснаар уг маргааныг Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд тусгайлан заасан маргаан юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч ажлаасаа гарах талаар ажил олгогчтой амаар тохирсон зүйл байдаг. Амаар ажлаас гарах тухай хэлснийг ажлаас гарах өргөдөл гаргасан гэж үзнэ гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн Б/37 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Ч.Лийг Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Улсын ХНХЯ-наас Ч.Лд 7 450 517 төгрөг гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны Ч.Лгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу нөхөн төлөхийг ХНХЯ-ны удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 134 158,27 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 06-ны өдрийн 1990 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагч хяналтын гомдолдоо: “...Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө цаасан дээр бичгээр гаргаагүй боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нартай уулзаж  хүсэлт гаргаж байсан нь тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад шүүх өргөдлийг зөвхөн  бичгээр гаргах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч уг үйл баримтыг үгүйсгэдэггүй, баримтыг гаргаагүй байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачлагаар чөлөөлөөгүй бөгөөд ажилтны өөрийх нь санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ажилтан ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг ямар хэлбэрээр гаргахыг хууль нарийвчлан заагаагүй. Харин бичгэн хэлбэрээр гаргах нь нотолгооны ач холбогдолтой байдаг.  Энэ тохиолдолд ажилтан хүсэлтээ гаргасан бүрэн нотлогдож байна. Эдгээр нөхцөл байдлыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, баримтыг үнэлэх боломжгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх  хууль  зөрчөөгүй гэж дүгнэжээ. Гэтэл утсанд үзлэг хийлгэх асуудлыг анх нэхэмжлэгч тавьсан, хариуцагч тал үүнийг нь дэмжиж мөн хүсэлт гаргасан юм. Гэтэл зохигчид хүсэлтээсээ татгалзах, шүүх хүсэлтийг хангахгүй орхих зарчмын хувьд ялгаатай зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн утсаар бичиж буй мэссежүүдийн агуулга нь “... тохирсныхоо дагуу намайг сургалтын албаны даргын ажлын байраар хангах юу болсон бэ, сургалтын албаны даргаар томилохгүй байна” зэрэг агуулгатай гэж нэхэмжлэгч тал үзлэг хийлгэх хүсэлтийг хэлэлцэх үед тайлбарлаж байсан юм. Хэрэв дээрх үзлэгийг хийсэн тохиолдолд нэхэмжлэгчийн анхны хүсэл зоригийн илэрхийлэл давхар нотлогдох ёстой байсан.  Мөн шүүх иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол гаргах боломжит хувилбаруудаас зөвхөн бичгээр хандах ёстой гэж үзсэн нь хууль тогтоомжийг явцууруулж тайлбарласан гэж үзэж байна.  Иймд ...шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б/37 дугаар тушаал /хх 3, 52/ гаргаж, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1.4, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.4.13-г баримтлан Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Ч.Лг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ч.Л нь ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах шаардлага тавьжээ./хх 1/  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна. 

      Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд зааснаар ажилтан санаачилсан бол  хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хуульд заасан хугацаанаас өмнө цуцалж болно.

       Хуулийн уг зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахад ажилтан өргөдөл гаргасан байх шаардлагатай байна. 

       Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл...” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгодог.

      Хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлт гаргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/37 дугаар тушаалын үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

       Нэхэмжлэгч нь Дархан-уул аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлаас халагдах хүсэлт гаргасан нь нотлогдоогүй  байна.

       Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээнэ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1990 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ