Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00969

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00969

 

 

 

З.Г -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00550 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Г -ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч З.Г - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар З.Г - нь Д.Ф ХХК-д төлбөр төлөхөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг.

НШШГГ- нь С.И ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчнээр томилж барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Хариуцагч нь үнэлгээний талаар хуульд заасны дагуу мэдэгдээгүй. Миний бие үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авахгүй, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С.И ХХК-ийн тогтоосон үнээр дуудлага худалдаанд оруулахаар болсон. Гэтэл С.И ХХК нь зөвхөн Үнэгүй.мн сайтад тавигдсан 2, 3 зар дээр тулгуурласан, борлуулсан үнэлгээний талаар дурдагдаагүй гэж үзэж байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6068 дугаар захирамжаар З.Г -аас 216 207 821 төгрөгийг гаргуулж, Д.Ф ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч З.Г - нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, шинжээчээр үнэлүүлсэн. Барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч З.Г - болон өмчлөгчид шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болон оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн мөн үнэлгээний талаар тус газарт гомдол гаргаагүй бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г -ын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Г -ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн гэж байгаа боловч шуудангаар хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь шууданг хүлээн авснаас хойш 2 өдрийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацаа зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж маргасан байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор эд хөрөнгийн үнэлгээний талаар шинжээч томилуулах, үзлэг хийлгүүлэх хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж зохигчийн эрхийг тэнцвэртэй хангаагүй нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Г - нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6068, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШЗ2019/01597 дугаартай захирамжуудыг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4357 дугаар захирамж болон мөн өдрийн 315 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн барьцаа хөрөнгүүд болох З.Г -ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, 43 байрны 8 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий орон сууц, З.Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 69 байрны 6 тоотод байрлах 30 м.кв орон сууцнуудыг /цаашид үл хөдлөх хөрөнгүүд гэх/ тус тус битүүмжлэн, хураан авсан байна. /хх 37-38,40-41, 43-44, 46-47/ Мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүйн улмаас шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Дээрх ажиллагаанд зохигчид маргаагүй, хөрөнгийн үнэлгээ нь маргааны зүйл болжээ.

Хэргийн баримтаас үзэхэд шинжээч С.И ХХК нь төлбөр төлөгч З.Г -ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, 43 байрны 18 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий орон сууцыг 98 653 320 төгрөгөөр, иргэн З.Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 69 байрны 6 тоотод байрлах 30 м.кв орон сууцыг 85 594 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Нэхэмжлэгч ... орон сууцны үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн... гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж маргажээ. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/21377 дугаар үнэлгээ тогтоосон мэдэгдлийг нэхэмжлэгч З.Г -ын оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. /хх58-59/

Нэхэмжлэгч З.Г -ын мэдэгдлийг шуудангаас хүлээн аваад 2 хоногийн дараа гомдол гаргасан гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг дээрх мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн нэхэмжлэгч талын шинжээч томилуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасанд нийцэж байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ч.ЦЭНД