Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 000124

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

      Улсын яллагч Л.Оюунтуяа

        Шүүгдэгч  Б.Э, Ч.Ө, С.М   

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Ч.Ө, С.М нарт холбогдох эрүүгийн 1825001020096 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багт оршин суудаг, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай магадлалаар оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Х овгийн Б-ын Э

 

           Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжид оршин суудаг, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан Х овгийн Ч-ийн Ө

           

          Монгол Улсын иргэн Увс аймагт төрсөн, 19 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 10-20 тоотод оршин суудаг урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдсэн Ш овгийн С-ийн М

 

Шүүгдэгч Б.Э, С.М, Ч.Ө нар нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт  хобогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр энэ түүхий эдийг Улаантолгойгоос түүгээд цаасанд ороож татаж үзсэн. Энэ үед Ө, М хоёртой явсан. Ахиж ийм үйлдэл хийхгүй, гэм буруугаа зөвшөөрч ойлгож байна. Би мансууруулах төрлийн өвс татаж эхлээд 8 орчим сар болж байна. 2017 оны 08 дугаар сарын сүүл 09 дүгээр сарын эхээр өвс хүнд өгсөн гэж цагдаад баригдаад 2017 оны 11 дүгээр сард энэ ургамлыг бэлтгэсэн гэж шүүхээр шийтгүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр найз Ө, М нартай уулзаж хоорондоо юм ярьж байгаад мансуурах өвсөнд явах уу? гээд гурвуулаа санаа нэгдээд Жаргалант сум руу явсан. Айлын өвөлжөөнд хадсан өвснүүд дундаас хайж байгаад мансуурдаг өвс түүгээд цагаан гялгар уутанд хийгээд цүнхэндээ хийсэн. Өвснөөсөө бага зэргийг татсан. Эрдэнэтэд ирээд Ө-ын гэр рүү явж байгаад цагдаад баригдсан. Энэ ургамлыг татахаар толгой л өвдөөд байсан гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ч.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Эрдэнэтээс Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд М, Э хоёртой суугаад Улаантолгойд буугаад ургаш айлын өвөлжөөнөөс мансууруулах өвс түүсэн. Би 2017 оны 10 сард анх удаа түүгээд нэг л удаа хэрэглэж байсан. Бид 3 ярьж байгаад Улаантолгой явсан. Би сонирхоод л дагаад явсан юм гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч С.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 23-нд Жаргалант сумаас өвсийг түүсэн нь үнэн. Уг өвсийг Э таньж түүсэн. Би өвс түүдэг өдрөө шүдэнзний хайрцаг эвдэлж байгаад цаасанд ороож нэг удаа татсан гэсэн мэдүүлэг,

 

         -Гэрч Р.Б-ийн: 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцсан багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Дэнж баг Баруун дэнжийн 8 дугаар гудамжны орчим сэжиг бүхий 3 этгээд явж байсан бөгөөд М гэгчийн үүрч явсан саарал өнгийн үүргэвчинд үзлэг хийхэд цагаан өнгийн гялгар уутанд хатаасан өвсний ургамал, шүдэнз, асаагуур ороох гялгар цаас байсан. Тухайн үед 3 этгээд мансуурсан зүйл байгаагүй гэх мэдүүлэг /хх 15 ху/

 

          -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 1689 дугаартай: 1.2.3 ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарагдана гэх шинжээчийн дүгнэлт /хх 18-19 ху/

 

           -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 1688 дугаартай.

           1. Шинжилгээнд ирүүлсэн Б овогтой Э гэж хаягласан шээс, Ч овогтой Ө гэж хаягласан шээс тус бүр шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн С гэж хаягласан шээс шинжилгээнд тэнцэхгүй байна.

             2.Шинжилгээнд ирүүлсэн  Б овогтой Э РД: ГК98091310 гэж хаягласан шээс, Ч овогтой Ө РД: гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол илэрч байна.

             3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Жич шинжилгээнд ирүүлсэн С овогтой М гэж хаягласан шээс нь 30 мл хэмжээтэй ирүүлсэн бөгөөд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд хүрэлцэхгүй тул боломжгүй байна гэх дүгнэлт / хх-ийн 21-22 ху/

 

     -Илтгэх хуудас /хх 2 ху/

 

         -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 5-6 ху/

     

         -Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл /хх 7 ху/

     

           -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 8-11 ху/

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /43,47, 52 ху/

 

-Б.Э, Ч.Ө, С.М нарыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 27-35 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтанд хамааралтай байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт  хийхэд хангалттай байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э, С.М, Ч.Ө нар нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг Дельта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э, Ч.Ө, С.М нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Б-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцсан багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Дэнж баг Баруун дэнжийн 8 дугаар гудамжны орчим сэжиг бүхий 3 этгээд явж байсан бөгөөд М гэгчийн үүрч явсан саарал өнгийн үүргэвчинд үзлэг хийхэд цагаан өнгийн гялгар уутанд хатаасан өвсний ургамал, шүдэнз, асаагуур ороох гялгар цаас байсан гэх мэдүүлэг, дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1689 дугаартай дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Иймд   шүүгдэгч  Б.Э,  С.М, Ч.Ө  нарт  2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг Дельта-9 тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ч.Ө, С.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх, шүүгдэгч Б.Э нь энэ төрлийн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх зан үйлээ засахыг даалгаж үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдний хувийн байдал, тухайн ургамлын нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ч.Ө, С.М нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Эийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн тортой 0.334 грамм нунтаг өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ховгийн Б-ын Э, Х овгийн Ч-ийн Ө, Ш овгийн С-ийн М нарыг сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Өыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Мыг 1 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Эд өмнөх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай шийтгэх  тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Ч.Ө, С.М нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.334 грамм нунтаг өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бүтүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ