Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 188

 

“ИБ БШС” ТББ-ын нэхэмжлэлтэй,

АМГТГ, тус газрын КХ-ийн даргад тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       М.Батсуурь

                                       Б.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:               П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “ГС” ХХК-д ашиглалтын MV-020634 дугаар тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0911 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 149 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Л.Бор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд, Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр, С.Дашдаржаа, гуравдагч этгээд Б.Бат-Очир, өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарыг оролцуулж,

Хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0911 дүгээр шийдвэрээр: Цөмийн энергийн тухай хуулийн 112 зүйлийн 112.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ИБ БШС”-аас АМГТГ, тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “ГС” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 149 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Х.Оюунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ГС” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын М\/-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 9 дүгээр сарын 18-нд дахин олгосон АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага алдаагаа зассан гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Шүүх энэ талаарх баримтыг хариуцагчаас шаардсан мөртөө “биелэлтийг хангаж шаардагдах баримтуудыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шаардлагыг биелүүлээгүй байна” гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс, дарааллын дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг сүүлийн байдлаар тодруулж, нэмж цуглуулах нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч тал шинээр нэмж гаргаж өгөх болон шүүхийн журмаар цуглуулах, гаргуулах нотлох баримт байхгүй гээд, энэ талаар хүсэлт тавьж хэлэлцүүлээгүй. Хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан зүйл байхгүй. Мөн “ГС” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд бичигдсэн хугацааны техникийн алдааг Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т нийцүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу засварлаж, 2019 оны 9 дүгээр сарын 18-нд дахин олгосон. Геологи уул уурхайн кадастырн систем нь хатуу ашигт малтмалд зориулагдсан учир тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 30 жилээр бичигдэн гардаг бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийг хэвлэн гаргах үед механик засвар хийж гаргалгүй техникийн алдаа гаргасан байсныг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлын тэмдэглэлд тусгуулан ойлгомжтой тайлбарласан. MV-020634 тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд нийцүүлэн засварлаж шинээр дахин олгосон гэрчилгээг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн байдаг. Орд ашиглах гэрээ нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд үйлчилж хэрэгждэг тусгай зөвшөөрлийн дагавар баримт бичиг юм. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д шаардлагыг биелүүлээгүй байна гэж үзэж шийдвэрийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “ГС” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо “хуурамч баримт бичигт үндэслэн хууль зөрчиж олгосон, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүд хүрээлэн буй орчинтой холбоотой гэж үзэхээр байх тул дээрх үндэслэлүүдэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгч бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй... гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн, шаардлага тус бүрт ач холбогдол өгч хууль зүйн учир холбогдлыг зөв тайлбарлаж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх тул дээрх үндэслэлүүдэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгч бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

6. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээд “ГС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Нэхэмжлэгч “ИБ БШС” ТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээс “ГС” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо “хуурамч баримт бичиг үндэслэн хууль зөрчиж олгосон”, “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүд хүрээлэн байгаа орчинтой холбоотой гэж үзэхээр байх тул дээрх үндэслэлүүдэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгч бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх “эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр гаргаагүй, хуурамч эсэхийг захиргааны байгууллага болон захиргааны шүүх тогтоох боломжгүй” гэсэн явцуу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй болно...” гэжээ.

8. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” мөн “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах..." тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох...”, “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохгүй байх үндэслэл АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад огт байгаагүй байх нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай юм.

9. Хэрэв “хуурамч баримт бичиг үндэслэн хууль зөрчиж олгосон”, “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бол тухайн хуурамч баримт бичиг үйлдсэн нөхцөл байдал зайлшгүй тогтоогдсон байж, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгоно. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж улмаар шүүх өөрөө хуурамч бичиг баримт мөн эсэхийг тогтоож түүний дараа нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоох ёстой гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Ямар баримт бичиг хуурамчаар үйлдсэн, ямар шаардлагыг зөрчсөн талаар нэхэмжлэлийн агуулга шаардлагад тодорхойгүй байдаг бөгөөд манай компанийн тухайд ямар нэгэн бичиг баримт хуурамчаар үйлдээгүй, ашиглалтын үйл ажиллагааг эхлээгүй байхад тусгай зөвшөөрлийн шаардлагыг зөрчсөн байх боломжгүй билээ.

10. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 19.1.5-д “байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө”, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заасан бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ” гэж тодорхойлжээ. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл цацраг идэвхт ашиг малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ заавал хийлгэсэн байхыг шаардсан бөгөөд хэрэгт авагдсан 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт нь “Ураны эрэл, хайгуулын ажил эрхлэх төсөл"-д хийгдсэн байгаа нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа гаргаж өгсөн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна..." гэжээ.

11. Манай компани нь Байгаль орчны ерөнхий үнэлгээ 2011 онд 2011/0075 тоот Байгаль орчны ерөнхий үнэлгээг хийлгэсэн. Уг үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийгдсэн бөгөөд уг үнэлгээг хуурамч эсэх үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай. Хэрэв хуурамч гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа бол ямар нотлох баримтыг үндэслэн хуурамч гэж үзэж байгааг тодорхойлох шаардлагатай. Мөн хайгуулын ажилд хийгдсэн үнэлгээ гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү ерөнхий үнэлгээгээр ашиглалтын өмнөх хайгуулын үйл ажиллагаанд хамаарах үйл ажиллагаанд байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоосон болно. Ашиглалтын үйл ажиллагааг эхлэхэд, өөрөөр хэлбэл төсөл эхлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх бөгөөд одоогийн байдлаар төсөл эхлээгүй байгаа болно.

12. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “ГС” ХХК нь нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийгээгүй, усыг задгайлж хаясан, цацрагийн түвшин өндөр газруудад анхааруулах тэмдэг тавиагүй, ураны “шар нунтаг” гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан нь гүний усыг цацраг болон химийн бодисоор хордуулсан байх магадлалтай, Бумбатын хаагдсан нүүрсний уурхайн орчимд цацрагийн идэвхжил өндөр байгаа нь тус компанийн үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарлажээ. Энэ тохиолдолд маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу “ГС” ХХК цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулснаар тухайн орон нутагт амьдарч байгаа хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, байгаль орчинд ноцтой хор хохирол учрах болзошгүй байдал үүсэх эсэхийг, мөн Бумбатын хаагдсан нүүрсний уурхайн орчимд цацрагийн идэвхжил өндөр байгаа нь гуравдагч этгээдийн үйл ажиллагаатай холбоотой эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай...” гэжээ.

13. Мөн “анхан шатны шүүхийг Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын Ерөнхий газар болон Цөмийн энергийн газрын чиг үүргийг хэрэгжүүлж улмаар “...ураны “шар нунтаг” гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан нь гүний усыг цацраг болон химийн бодисоор хордуулсан байх магадлалтай...” нөхцөл байдлыг тогтоох мөн Бумбатын хаагдсан нүүрсний уурхайн орчимд цацрагийн идэвхжил өндөр байгаа нь гуравдагч этгээдийн үйл ажиллагаатай холбоотой эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай...” гэж дүгнэжээ.

14. Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа нь Цөмийн энергийн хуулийн дагуу маш олон байгууллагын хяналт доор явагддаг. Тухайн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд хяналт тавьдаг бөгөөд хэрэв ураны “шар” гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан бол энэ нь эрүүгийн хэрэг болно.

15. Давж заалдах шатны шүүх ямар ч нотлох баримт байхгүй, зөвхөн нэхэмжлэгч нарийн тайлбар дээр үндэслэн ийм дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Мөн энэхүү нөхцөл байдлыг тогтоох нь нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэгт хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байгаа бол АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга дээрх нөхцөл байдал тогтоогдсоор байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй байх нөхцөл байдал тогтоогдох шаардлагатай. Ямар нэгэн нотлох баримт байхгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж улмаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

16. Хэрэв “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байна гэж үзвэл шүүх заавал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгах хуулийн үндэслэл байхгүй. Ийнхүү давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийж улмаар анхан шатны шүүхээс тогтоох боломжгүй нөхцөл байдлыг тогтоох шаардлага тавьж хэргийг буцаан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

18. Нэхэмжлэгч “ИБ БШС” ТББ-аас 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “ГС” ХХК-д ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-нд дахин олгосон АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага гаргасан.

19. Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутаг дахь Өлзийт нэртэй 10665,22 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “ГС” ХХК-д олгосон байна.

20. Нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас “хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, гүний усыг задгайлж орхисон, устай ойрхон цацрагийн хэмжээ 5 дахин их тунтай гарсан, ноцтой нөлөөтэй байхад арга хэмжээ аваагүй, уран ашиглах шав тавьсан газрыг сумын Засаг дарга иргэдэд мэдэгдээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, хүн малын өвчлөл ихэссэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, байгалийн тэнцвэрийг алдагдуулсан, хог хаягдлыг хуулийн дагуу хаяагүй, овоолж орхисон нь салхинд хийсэж бид хордох аюултай байна, Байгаль орчны үнэлгээний тайлан тавиагүй, санал сонсоогүй” гэж, хариуцагчаас “холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “ГС” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах шаардлагыг хангасан гэж үзэж тусгай зөвшөөрөл олгосон, татгалзах үндэслэл байгаагүй” гэж, гуравдагч этгээдээс “манай байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд талбайгаа жил бүр орон нутагт хүлээлгэн өгч байсан, орд ашиглах гэрээ байгуулагдаж холбогдох судалгаанууд хийгдэж байгаа, уурхай байгуулагдаагүй ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй байгаа тул байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, байгаль орчинд хохирол учруулаагүй” гэж тус тус маргажээ.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.

22. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

23. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах ажиллагаа явуулна” гэж заасан, хариуцагчаас “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл байгаагүй” гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

24. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Х/858 дугаар албан бичгээр “Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд 1017Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Хайрхан, 1021Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Хараат, 1018Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ГС, 1068Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Өлзийт зэрэг цацраг идэвхт ашигт малтмалын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “ГС” ХХК-д олгох асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”-ийг Ашигт малтмалын газрын даргад даалгажээ. Энэ дагуу захиргааны байгууллага ямар ажиллагаа явуулсан, хууль тогтоомжийн дагуу яаж шийдвэрлэсэн, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилласан нь тодорхойгүй байна.

25. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/594 дүгээр албан бичгээр ““ГС” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгоход татгалзах зүйлгүй. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “ГС” ХХК-д олгосон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийн дагуу бичиг баримтыг шинэчлэн боловсруулж, хянуулсны үндсэн дээр олгоно” гэж заасан, улмаар энэ дагуу баримт бичгийг хэрхэн шинэчилж боловсруулсан, үүнийг захиргааны байгууллага яаж хянасан тухай баримт хэрэгт байхгүй байна.

26. Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/546 дугаар албан бичигт “Чех-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “ГС” ХХК-ийн Дундговь, Сүхбаатар аймгуудын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ХҮ-1017, ХҮ-1018, ХҮ-1021, ХҮ-1068 дугаартай талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй холбоотойгоор судалж үзэхэд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” болон Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн зохих шаардлагыг бүрэн хангаагүй байна. Тухайлбал, дээрх компани нь Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагуудыг бүрэн хангаагүй байх тул Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжих боломжгүй байна” гэжээ.

27. Захиргааны байгууллагаас “шаардлага хангаагүй” тухай асуудлаар ямар дүгнэлт хийсэн, яагаад хангалттай гэж үзсэн талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

28. Цөмийн энергийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах шаардлагыг биелүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1.2-т “тусгай зөвшөөрөл хүсэгч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг бүрэн хангасан байх” гэж заасан, гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Цацрагийн хэмжилтийн протокол, дүн” гэх хэмжилтэд “ГС” ХХК-ийн Дэлгэрхаан багийн нутаг дахь цооногт цацрагийн хэмжилт хийхэд тунгийн чадал 0,19-0,34, гадаргуугийн бохирдол Rn-226 гэж дүгнэсэн, нэхэмжлэгчээс “хайгуулын үйл ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн” гэж маргасан, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, иймээс гуравдагч этгээдийн “давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальсан” тухай гомдол үндэслэлгүй байна.

29. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06/6629 дүгээр албан бичгээр ““ГС” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумдын нутагт орших Өлзийт талбайд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тухай материал тус яамны архивын мэдээллийн санд байхгүй байна” гэжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 09 дүгээр арын 03-ны өдрийн 06а/6085 дугаар албан бичигт ““ГС” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан сумын нутагт орших 1017Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2009/J156 дугаартай байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулж, нарийвчилсан үнэлгээг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага “Эко трейд” ХХК-д гүйцэтгүүлэн 2010 онд тус яамаар батлуулсан байна” гэжээ.

30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан, дээрх байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэг асуудлаар хоёр өөр утга бүхий нотлох баримт ирүүлж байхад, эдгээр нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй байна.

31. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Энэ хуулийн 15 дугаар зүйлд /цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах/ заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ”: 19.1.4-т “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 19.1.5-д “байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд цацраг идэвхт, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн байх шаардлагатай. Иймээс гуравдагч этгээдийн “нэхэмжлэлийн шаардлагаас хальсан ашиглалтын үйл ажиллагааг эхлэхэд, өөрөөр хэлбэл төсөл эхлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэнэ” гэх тайлбар хуульд нийцэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

32. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “ГС” ХХК-д хүргүүлсэн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 6/4146 дугаар албан бичигт “Танай компанийн боловсруулж ирүүлсэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт Өлзийт нэртэй газарт орших 1068Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул хийх төсөлд “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн дагуу үнэлгээ хийв. Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр уг төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэжээ. Эндээс Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр шаардсан нөхцөл болзлыг хэрхэн хангасан тухай баримт хэрэгт байхгүй байна.

33. Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-т “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх”, 28.4.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.2 /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулах/, 37.2, 38.1/байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах/, 48.8 /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлэх/-т заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

34. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2010, 2011 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан боловч түүнээс хойш эрэх, хайх ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөл эзэмших үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй, захиргааны байгууллага “ямар баримтад үндэслэн 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон” нь тодорхойгүй байна.

35. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай, тодруулбал, “2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлагууд нь нэг агуулгатай, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасантай нийцээгүй, тодорхой захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагатай зэрэгцэн хүчингүй болгохыг даалгах шаардлага гаргах хууль зүйн боломжгүй юм.

36. Нөгөө талаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай, нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа тул нийтийн ямар эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй, энэ нь ямар хууль зөрчигдөж байгаа талаар тодруулах шаардлагатай.

37. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 149 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

                    ШҮҮГЧ                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ